| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0152/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/152 |
| Огноо | 2021-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/152
2021 05 07 2021/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ овогт Бад холбогдох эрүүгийн 2121000000174 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................ ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ............................... тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ................... овогт Б /РД: .................../
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ................... овогт Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн орчим Дорнод аймгийн ........................... тоотод Г.Ш-тай маргалдан улмаар гараараа нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн орчимд гэртээ эхнэр, хүүхэд мөн найз Г-ийн хамт байсан. Тэгээд Г бид хоёр хашаандаа гагнуур хийж байтал гаднаас найз Мөнхсүх, манай хүргэн С, Б нар машинтай манай хашаанд орж ирсэн. Г манай грашны урд сууж байхад Б машинаас бууж ирээд Г-ийг зодох гээд дайраад байх шиг байсан. Г Б-д “эрүүл, согтуу хоёрын ааш хэзээ ч нийлдэггүй юмаа” гэж хэлээд холдуулахад Б машиндаа суусан. Харин би Г-ээс тамхи авч асаагаад хоорондоо юм ярьж байхад Б дахин машинаасаа бууж ирээд “Ш хөгшөөн” гээд дуудахаар нь би “аан” гээд өндийхөд миний нүүр рүү гараараа нэг удаа цохичихоод буцаад машиндаа суугаад явсан. ... Намайг өөр зодож цохисон хүн байхгүй. Миний зүүн нүдний ухархай яс цөмөрч хавдсан байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4, 5/
Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн орчимд найз Ш-ын хашаанд гагнуур хийж байтал гаднаас 3 танихгүй залуу машинтай орж ирсэн. Тэгээд Б гэх залуу нь надад “хөөе залуу чи юу хийгээд байгаа юм бэ, царайгаа харуул” гэхээр нь би “өөрөө бууж ирээд харахгүй юу” гэхэд машинаасаа бууж ирээд надтай маргалдсан. Тэгэхээр нь би согтуу хүнтэй маргалдахгүй гэхэд Б машиндаа суусан. Намайг найз Ш-тай тамхи татаад юм яриад байж байхад Б машинаасаа бууж ирээд Ш-ын нүүр рүү гараараа шууд цохичихоод эргээд машиндаа суусан. Тэгэхээр нь би найзыгаа өмөөрч “чи яагаад зүгээр байсан хүн зоддог юм” гээд барих гэтэл Ш намайг хэрэггүй ээ, цагдаад дуудлага өгье гэхээр нь дуудлага өгсөн. Өөр ямар нэгэн юм болоогүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
Шүүгдэгч Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ байж байхад найз С, М нэр 3 шил 0.5 граммын савалгаатай архитай ирсэн. Тэгээд бид гурав манайд архиа ууж дуусгаад орой 1 дүгээр баг .................. тоотод найз Ш-ын гэрт очсон. Гэрт нь очиход Ш найз Г-ийн хамт байсан. Би нилээн согтчихсон нэг мэдсэн чинь Г-тэй маргалаж байсан. Тэгээд Г-ийг цохих гэж байгаад найз Ш-ын нүүр рүү нь цохичихсон. Ингээд гэртээ очоод амарсан. Би Ш-ын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 229 тоот дүгнэлтэд:
1. Г.Ш-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал болон цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхт гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүссэн тул гэмтэл тус бүрээр гэмтлийн зэрэг тогтоохгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 14-15/
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч Б нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ...................... тоотод хохирогч Г.Ш-ын нүүр рүү нь гараараа цохиж, биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал болон цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Г.Ш, гэрч Б.Г нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 229 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Хохирогч Г.Ш-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал болон цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 229 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ............... овогт Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Б гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ш-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүхийн мэдэгдэх хуудсанд хохирогч нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........... овогт Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА