Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2017/00141

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дүгээр багт оршин суух, У овогт Сын Д ы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гэрч Е.Х, Г.К, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 1984 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Тосонцэнгэлийн барилга угсралтын конторт, 1988 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Увс аймгийн Өмнөговь сум дахь барилга угсралтын конторт, 1990 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Техник туслалцааны төвийн 4 дүгээр трестэд тус тус сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

Хүсэлт гаргагч С.Д шүүхэд гаргасан хүсэлтэд: С.Д би сантехникч мэргэжлийн дагуу 1984.2.21-ний өдрөөс 1985.06.08-ны хүртэл Тосонцэнгэлийн барилга угсралтын конторт, 1988.06.20-ний өдрөөс Увс аймгийн Өмнөговь сум дахь Барилга угсралтын конторт, 1990.04.06-наас 1993.06.15-ны хүртэл ТТ-ын барилгын 4-р трестэд тус тус сантехникчээр ажиллаж байсныг зохих нотолгоог үндэслэн тогтоож өгнө үү. Тосонцэнгэл болон Өмнөговийн барилга угсралтын контор нь аймгийн Техник туслалцааны 4-р трестийн харьяанд байсан бөгөөд уг конторуудын тушаалууд архивд тушаагаагүй юм байна гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Сын Ды итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. С.Д нь сантехникч мэргэжилтэй барилгын байгууллагад олон жил ажилласан хүн. Ажилласан байгууллагын зарим материал архивд шилжээгүй тул архиваас лавлагаа авах боломжгүй тул ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Энэ нь ямар байгууллага вэ гэвэл Баян-Өлгий аймаг дахь Техник туслалцаа трестийн харьяа барилга угсралтын 3-4 контор байсан. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд, Увс аймгийн Өмнөговь суманд контор байсан. Контор ажилчдаа ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалаа өөрсдөө бие даан гаргадаг байсан бөгөөд тухайн үед эдгээр конторууд архивд материалаа шилжүүлээгүй тул шүүхэд хүсэлт гаргасан. Харин Барилгын 4-р трестийн зарим материалууд аймгийн төв архивд байдаг юм байна. Тэрнээс холбогдох материалуудыг авч хавтаст хэрэгт хавсаргасан. С.Д нь 1984 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ний өдөр хүртэл Тосонцэнгэлийн барилга угсралтын конторт сантехникчээр 1 жил 3 сар 15 хоног ажиллаж байгаад 1985 оны 06 дугаар сард цэрэгт татагдаад 1988 оны 06 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. 1988 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Увс аймгийн Өмнөговь сум дахь Барилга угсралтын конторт 1 жил 9 сар 16 хоног ажилласан. Тэгээд Өмнөговь дахь ажил дууссаны дараа 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь барилга трестэд шилжиж ирсэн. Тэгээд 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээгээр Казахстан улс уу нүүх хүртэл 3 жил 2 сар 9 хоног сантехникчээр ажилласан байна. Энэ нь миний шүүх хуралдаанд гаргаж өгсөн диплом, баярын бичиг, аймгийн 50 жилийн баяраар өгсөн дурсамж болон гэрч нар болох Катран, К нарын мэдүүлгээр нотлогдох байх гэж үзэж байна. Тийм учраас хүсэлт гаргагчийн 1984 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ний өдөр хүртэл Тосонцэнгэлийн Барилга угсралтын конторт сантехникчээр, 1988 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Увс аймгийн Өмнөговь сум дахь Барилга угсралтын конторт сантехникчээр, 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл аймгийн төв дэх Барилгын 4-р трестэд сантехникчээр ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Д нь 1984 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Тосонцэнгэлийн барилга угсралтын конторт, 1988 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Увс аймгийн Өмнөговь сум дахь барилга угсралтын конторт, 1990 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Техник туслалцааны төвийн 4 дүгээр трестэд тус тус сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 403 дугаартай архивын лавлагаанд Тосонцэнгэлийн БУКонтор, Өмнөговь дахь БУКонторын баримтыг архивд тус тус шилжүүлээгүй тул иргэн С.Д д холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэх боловч хүсэлт гаргагч Сын Д нь 1984 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Тосонцэнгэлийн барилга угсралтын конторт, 1988 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Увс аймгийн Өмнөговь сум дахь барилга угсралтын конторт, 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Техник туслалцааны төвийн 4 дүгээр трестэд тус тус сантехникчээр ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Сын Д ы 302111 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд 01. 1984.02.21 Сантехникийн слесариар авч ажиллуулав. Тосонцэнгэл дахь БКонторын даргын 1984.02.21-ний 08-р тушаал, 2. 1990.04.06 Өмнөговь дахь БУК-аас шилжиж ирсэн тул сантехникчээр авч ажиллуулав. ТТБ-ын 4-р трестийн даргын 1990 оны 4-р сарын 06-ны өдрийн 49 тоот тушаалаар, 6-7 дугаар хуудсанд 03. 1993.06.20 Казакстан улсад гэрээгээр ажиллах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэх бичилтүүд,

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 218 дугаартай Саулет ХХК-ны 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 70 тоот тушаалаар Казакстан улсад гэрээгээр ажиллах болсон тул С.Д ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна гэх архивын лавлагаа,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Э.Хы Эгиманы Х миний бие барилгын байгууллагад олон жил хөдөлмөрлөсөн бөгөөд Сын Д тай хамт аймгийн Техник туслалцааны 4-р трестийн харьяа Тосонцэнгэлийн барилга угсралтын конторт 1984 оны 2-р сараас 1985 оны 6-р сар хүртэл сантехникчээр хамт ажиллаж байсан. С.Д 1985 оны 6-р сард цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдсаны дараа 1988-1990 онд Увс аймгийн Өмнөговь сум дахь Барилга угсралтын конторт мөн хамт сантехникчээр ажиллаж байгаад 1990 онд ажил дуусаж аймгийн ТТБ-ын 4-р трестэд шилжин ирж ажилласан болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Х.Кн Хабидолда овогтой К миний бие барилгын байгууллагад олон жил хөдөлмөрлөсөн бөгөөд Сын Д тай хамт аймгийн Техник туслалцааны 4-р трестийн харьяа Тосонцэнгэлийн барилга угсралтын конторт 1984 оны 2-р сараас 1985 оны 6-р сар хүртэл сантехникчээр хамт ажиллаж байгаад С.Д 1985 оны 6-р сард цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдсаны дараа 1988-1990 онд Увс аймгийн Өмнөговь сум дахь Барилга угсралтын конторт мөн хамт сантехникчээр ажиллаж байгаад 1990 онд ажил дуусаж аймгийн ТТБ-ын 4-р трестэд шилжин ирж ажилласан болохыг тодорхойлов. Бид хамтдаа мэргэжлийн дагуу сантехникчээр ажиллаж байсан болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

ТТ-ны барилгын 4-р трестийн захиргаанаас 1989 оны 07 дугаар сарын 20-ний өдөр олгосон Сантехникч С.Д танаа. Ардын хувьсгалын ойн баяраар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хүчит бөхийн барилдаанд түрүүлж Сумын заан цол хүртэж байгууллагын нэр хүндийг өндөрт өргөсөн таныг нэг сарын дундаж цалингаар шагнаж баярын бичиг дурсгав гэх баярын бичиг,

Баян-Өлгий аймгийн ТТБ-ын 4-р трестийн захиргаанаас 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүндэт С.Д танд. Казахстан улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар нүүж байгаа танд болон танай гэр бүлд аз жаргал, сайн сайхныг хүсье. Таныг 1984 оноос эхлэн тус трестийн харьяа Тосонцэнгэл Өмнөговь дахь БУК-т үр бүтээлтэй хөдөлмөрлөж, үндэсний бөхөөр амжилт гаргаж байсныг бид дурсах болно гэх диплом,

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Е.Х, Г.К нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч Е.Х, Г.К нарын мэдүүлгийг үндэслэн хүсэлт гаргагч С.Д нь 1984 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Тосонцэнгэлийн барилга угсралтын конторт, 1988 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Увс аймгийн Өмнөговь сум дахь барилга угсралтын конторт, 1990 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Техник туслалцааны төвийн 4 дүгээр трестэд тус тус сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний цэргийн алба хааж байсныг улсад ажиллаж байсан байдалд тооцож шүүхээс тогтоох боломжгүй бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Монгол улсын Батлах хамгаалахын төв архивын 2010 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 4556 дугаартай архивын лавлагаа нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримт байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У овогт Сын Д нь 1984 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Тосонцэнгэлийн барилга угсралтын конторт, 1988 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Увс аймгийн Өмнөговь сум дахь барилга угсралтын конторт, 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Техник туслалцааны төвийн 4 дүгээр трестэд тус тус сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН