| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0153/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/153 |
| Огноо | 2021-05-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/153
2021 05 07 2021/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ овогт Эод холбогдох эрүүгийн 2121000000164 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1964 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ....................... тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ................. овогт Э /РД: ....................../
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ............ овогт Э нь хохирогч Х.Н-н гээгдүүлсэн ХААН банкны виза картыг олж улмаар 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Шүр” худалдааны төвд байрлах Хас банкны АТМ-аас нийт 370.000 төгрөг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Х.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай хүүхдүүдийн эх орны хишиг болох 300.000 төгрөг Төрийн банкны дансанд орсон. Ингээд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр бид 2 гэрээсээ гарч Төрийн банкнаас 1.200.000 төгрөгөө аваад 7 дугаар багийн ХААН банкны АТМ-ээр эхнэр өөрийнхөө дансанд мөнгөө хийсэн. ... би 6 дугаар багт байрлах гар утасны дэлгүүрт өртэй байсан бөгөөд эхнэрийн данснаас өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж аваад ХААН банкны теллер охиныг гуйгаад гар утасны үлдэгдэл төлбөрөө АТМ ашиглаж шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлээд бид яарч гарахдаа картаа авахгүй гарсан байсан. Шүр захын Цогт хоолны газар хоол идээд тооцоогоо хийхдээ карт байхгүй гэдгийг мэдсэн. Картаа хаячиж гэж бодоод явж байтал миний данснаас 370.500 төгрөгний зарлага гарсан бөгөөд тухайн өдөртөө цагдаагийн газар өргөдөл гаргасан. Хэд хоногийн дараа цагдаагийн газраас миний картыг ашигласан хүнийг олж тогтоосон. Тэр хүн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай эхнэртэй уулзаад 380.000 төгрөг бэлнээр өгсөн. АТМ-д гүйлгээ хийж байхад миний ард зогсож байсан хүн миний нууц дугаарыг сонссон юм шиг байна лээ. ...Э гэх хүн намайг картаа орхиод гарахаар миний нууц дугаарыг сонссон болохоор картыг маань ашигласан байна. Надад гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 14/
Шүүгдэгч Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрээсээ гараад 10 цагийн үед Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах ХААН банкны салбар руу орсон. Миний хувьд эх орны хишиг 300.000 төгрөг дансанд орсон эсэхийг шалгах зорилготой байсан юм. Намайг дараалалд зогсож байхад миний урд байсан залуу теллер охинд нууц дугаараа хэлж байхыг сонсож байсан. Ингээд тэр залуу гүйлгээгээ хийгээд гараад явсан. Би картаа АТМ-д хийх гэтэл миний өмнө үйлчлүүлсэн залуугийн карт гараад ирсэн. Би картыг аваад Хас банкны АТМ рүү очиж үлдэгдэлийг нь шалгахад 370.000 төгрөг байсан бөгөөд би мөнгийг авч 270.000 төгрөгөөр нь машин засуулсан төлбөрөө төлөөд үлдэгдэлийг нь хадгалж байсан. Ингээд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр над руу цагдаагийн газраас залгасан. Би хохирогч Х.Н-д 380.000 төгрөг бэлнээр өгч хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/
ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 08/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч ............... овогт Э нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Х.Н-н гээгдүүлсэн ХААН банкны виза картыг олж улмаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Шүр” худалдааны төвд байрлах Хас банкны АТМ-аас Х.Н-н картыг ашиглан түүний данснаас 370.000 төгрөг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн “...би нууц дугаарыг нь сонсож байсан бөгөөд картыг нь аваад Хас банкны АТМ-аас 370.000 төгрөгийг уншуулж авсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Х.Н-н мэдүүлэг, хохирогч Х.Н-н депозит дансны харилцагчийн монгол хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Эыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн зорилго, гэм буруугийн болон шудрага ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Хохирогч Х.Н нь шүүгдэгч Э-д “...хохирлоо бүрэн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Хатагин овогт Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Эын ...................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................ овогт Эыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Эын ....................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА