Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2017/00024/И |
Дугаар | 130/ШШ2017/00143 |
Огноо | 2017-02-23 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2017/00143
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын * дүгээр багт оршин суух, утас *********, РД:БЛ***********Ш овогт Б ийн Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газар /дарга Б.Е , утас ***********/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, С.Н, хариуцагч Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е , орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус сумын ЗДТГ-ын даргын 2005 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Ажилд томилох тухай 15 дугаар тушаалаар ЗДТГ- ын жолоочоор томилогдон 11 жил тасралтгүй жолоочоор ажилласан ба энэ хугацаанд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, бусад хууль тогтоомжид заасан ажил үүргийг чанд биелүүлэн үр бүтээлтэй ажиллаж ирсэн ба ямар нэгэн зөрчил гаргаагүй болно. Гэвч цагдаагийн газраас намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үндэслэлээр миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж, 384000 /гурван зуун нян дөрвөн мянган/ төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулсан ба ажил олгогч 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халсан болно. Ажил олгогч буюу ЗДТГ-ын даргын Б/12 дугаар тушаал нь дараах байдлаар хууль зөрчсөн үндэслэлгүй эрхийн акт гэж үзэж байна. Үүнд:
1.Миний бие 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан ба уг гэрээний 20 дугаар заалтад гэрээг /ажил олгогчийн санаачилгаар/ цуцлах үндэслэлүүдийг тусгаж, харилцан тохиролцсон болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийн талаар зохицуулсан байдаг. Гэтэл миний бие хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гараагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг баримтлаагүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь хууль бус байна.
2.Ажил олгогчийн Б/12 дугаар тушаал нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эрхийн акт бөгөөд аливаа этгээд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах талаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт хуульчилсан байна. Харин ажил олгогч надад урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл хүргүүлэх, тайлбар гаргуулах зэрэг ажиллагаа явуулаагүйгээр шууд тушаал гарган ажлаас чөлөөлсөн нь ажил олгогч Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 25, 26, 27 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн хэрэг байна. Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх ба хуульд нийцээгүй тушаал, шийдвэрийг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэл болно. Иймд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ЗДТГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б.Бийг ажлаас чөлөөлөх тухай Б/12 дугаар тушаал нь дээрх үндэслэлүүдээр хуульд нийцээгүй тул үүнийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Цэнгэл сумын ЗДТГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие анх 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажилд ороод Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор 11 жил ажилласан. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2016 онд сумын Засаг дарга солигдсоны дараа намайг заавал солино гээд дарамт, шахалт үзүүлсэн. Засаг дарга бол миний машинд суухаа больсон. Мөн Засаг даргын Тамгын газрын дарга Е бас намайг ажлаас гаргана гэж ярьж байсан. Намайг зөвхөн Цэнгэл сумаас Өлгий сум руу болон түргэн тусламжийн машин байхгүй үед явуулдаг болсон. Цагдаа нар байнга намайг явж байхад зогсоож багажаар үлээлгэдэг байсан. Нэг удаа өвчтэй хүүхдийг замаасаа суулгаж аваад явж байхад илүү хүн авч явсан гээд жолооны үнэмлэхийг хурааж аваад буцаж явах замдаа эргүүлж өгч байсан. 2016 орны 12 дугаар сарын 23-ны өдөр шүд маань маш ихээр өвдөхөөр нь эмчид үзүүлсэн. Гэтэл эдгэрэхгүй байхаар бензинээр хүртэл зайлж үзсэн. Тэгээд шаналаад гэртээ сууж байхад хөдөөнөөс манайд хүн ирээд та ажлын бус цаг юм чинь спиртээр шүдээ зайлаад үзээч гэсэн. Тэр хүн нэг шил архи авч ирэхээр нь 100 гр архи уусан. Тэгээд шөнөжингөө өвдөөд унтаагүй. Дараа нь өглөө 7 цагт Засаг дарга аймаг явна гэсэн. Тэгэхээр нь ня-бо Абил, мал үржлийн тасгийн мэргэжилтэн Муратбек, Санхүүгийн албаны дарга Табигат, Засаг даргын Тамгын газрын дарга Е нарыг аваад аймаг явсан. Бид нар Цэнгэл сумаас гараад Улаанхус сумд 9 цагт ирсэн. Ирэхдээ цагдаа нар ажлаасаа буух гэж байсан. Тэгээд намайг гэртээ оруулаад үлээлгэсэн. Үлээлгэхэд тодорхой хэмжээний согтолттой гэж гарч ирсэн учраас эмчилгээний журмаар хэрэглэсэн юм гэж хэлсэн. Миний араас мал, үржлийн тасгийн мэргэжилтэн Муратбек орж ирсэн. Тэр хүн жолооны үнэмлэхтэй байсан учраас машинаа энэ хүнд хүлээлгэж өгөөрэй гэхээр нь машин хүлээлгэж өгсөн. Ингээд Цэнгэл сумд ирээд 4 хоног өнгөрсний дараа Улаанхус сумын цагдаа Талгат гэдэг хүн дуудсан. Тэгээд машин хөлсөлж очоод уулзахад таны машин жолоодох эрхийг 6 сараас хасна, мөн 384000 төгрөгийн торгууль ногдуулсан гэсэн. Уг 384000 төгрөгийн торгуулийг Улаанхус сумын ХААН банканд тушаасан. Тэр үед дарга маань чи одоо ажлаас халагдана, чи манаачаа хийгээд чиний оронд манаач хүн жолооч болно гэхээр нь за тэгье гээд зөвшөөрсөн. Дараа нь тасгийн дарга Асылбек гэдэг хүнтэй уулзахад жолооны эрх хассаныг мэдэгдсэн. Тэгээд Цэнгэл сумд ирсний дараа Засаг даргын Тамгын газрын нарийн бичгийн дарга дуудаад таны ажлаас чөлөөлсөн гээд тушаалыг гардуулж өгсөн. Намайг тагнаж, дарамталсны улмаас ийм байдалд хүрлээ. Надаас 2,3 удаа торгуулийн арга хэмжээ авсан. Тэгээд манаачаар солино гэж байсан учраас энэ бүгдийг хүлээн зөвшөөрсөн. Эхнэр бид хоёр хоёулаа цалингийн зээлтэй, оюутан сургаж байгаа. Ингээд манаачийн ажилд орно гэж бодож байсан. Тэгээд нэг өдөр манаачийн ажлаа авах гээд очиход манаачийн ажлыг өгөхгүй гэсэн. Би өглөөний 8 цагаас оройн 17 цаг хүртэл ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Би ажлын бус цагаар архи уусан. Гэхдээ намайг шууд ажлаас халахгүйгээр 6 сар цалингүй ажиллуулж болох байсан. Би 11 жил ажиллахдаа 2011 онд байгууллагын аварга ажилтан болж байсан. 2015 онд Цэнгэл сумын 90 жилийн ойгоор онц тээвэрчин тэмдгээр шагнуулж байсан. Тийм учраас хар цагааныг дэнслүүлэхээр хуулийн байгууллагад хандаж байгаа юм гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байсан Б.Бээр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр машиныг жолоодуулан ЗДТГ-ын Мал Эмнэлэг Үржлийн Тасгийн дарга Х.Муратбек, нягтлан бодогч Ш.Абил, Санхүүгийн албаны дарга Х.Табигат нарын хамт аймагт явж байх замд Улаанхус сумын Согогийн гүүрийн наад талд эсгий гэр барин эргүүлд ажиллаж байсан тус сумын цагдаагийн ажилтнууд биднийг зогсоон жолоочийн бичиг баримтыг шалгаж мөн согтуурлыг шалгасан юм. Энэ үеэр манай жолооч архи уусан нь тогтоогдож согтуурлын зэрэг нь 0,61 болж тогтоогдлоо гэж хурлын тэмдэглэл хөтлөн, машиныг хураан авч хамт явж байсан Х.Муратбект хүлээлгэн өгч явуулсан юм. Тэгээд цагдаа нар бидэнд одоо энэ жолооч машин барих эрхгүй болсон, эрхийг хассан бичгийг тусдаа хүргүүлэх болно гэж хэлээд биднийг явуулсан. Энэ бүгдийг жолооч Б.Б хамт байж хүлээн зөвшөөрч машинаа Х.Муратбект өгч машины арын суудалд сууж аймагт очиж оройд нь сумд очиход машины бусад дамкрат болон багаж хэрэгслийг хүлээлгэж өгсөн. Дараа нь Б.Б миний конторт хамт байж одоо хэцүү юм боллоо, намайг одоо нэг манаач юм уу нэг ажилд аваарай гэж ярилцаж түүнчлэн түүний хуучин барьж байсан БӨА 74-08 машиныг давуу эрхээр өөрт нь олгож өгөхийг хүсэж, өөрийн гаргасан алдаандаа гэмшиж ажлаас гарах болсныг ойлгосон байсан. Тэгээд би чи одоо ажлаас гарах болж байна хэцүү юм боллоо цаашдаа сургууль болон цэцэрлэгийн аль нэгэнд манаач болон бусад ажилд оруулж өгөх талаар тусалъя гэж тохиролцож ярилцсан юм. Гэтэл Б.Б нь юу ч үзээгүй, мэдээгүй гэж байгаа нь харамсалтай байна. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанхус сум дахь Цагдаагийн хэсгийн албан мэдэгдэл ирсэн ба үүний дагуу би Б.Бэд хэлж ажлаас чөлөөлөх болсон тухайгаа мэдэгдсэн. Цагдаагийн хэсгийн албан мэдэгдэлд Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байх тул цаашид тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх зэрэг заалтуудыг үндэслэн Б.Бийг ажлаас чөлөөлсөн явдал ямар ч хуулийн заалтыг зөрчөөгүй үйлдэл гэж үзэж байна. Б.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаагүй гэж байгаа нь ичгэвтэр асуудал болжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж хөдөлгөөнд архи ууж оролцсон жолоочийг өршөөх асуудал хэрхэвч байж болохгүй гэдгийг аль ч тал ойлгож, хүндэтгэж Б.Бийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Ерөнхий асуудлыг нэхэмжлэгч өөрөө тодорхой ярилаа. Б.Б манайд жолоочоор ажилладаг байсан. 24-ний өдөр аймаг руу явж байхад пост зогсоож шалгаад машинд сууж байхад намайг дуудсан. Яагаад дуудсан юм бол гээд очиход энэ хүний согтуурлын зэргийг шалгаж, бичиг баримтыг хурааж авсан байсан. Тэгээд жолооны үнэмлэхтэй хүн байвал тэр хүнээр машинаа бариулаад яваарай гэсэн. Урьд нь хамт ирж байхад архи уусан байсныг мэдээгүй байсан. Ийм байдлаар энэ хүний машин жолоодох эрх нь хасагдсан. Тэгээд 29-ний өдөр Улаанхус сумын Цагдаагийн тасгаас мэдэгдэл ирсэн. Энэ хүний согтуурлын хэмжээ нь 0,61 хувьтай байсан. Энэ бол зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа учраас машин жолоодох эрхийг 6 сараар хасаж, ийм төгрөгөөр торголоо. Энэ хүнд цаашид машин бариулж болохгүй гэсэн утгатай мэдэгдэл ирсэн. Үүний дагуу энэ хүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн. Тэгээд Б.Б хэцүүдлээ гэхээр нь манаачийн ажлыг хийлгэе гэж ярилцаж байсан. Тэгээд манаачтай ярихад би хөгшин хүн байна, жолооч хийж чадахгүй гэж татгалзсан учраас энэ хүнийг манаачаар ажиллуулах боломжгүй болсон. Уг нь Б.Б нь ямар нэгэн зөрчил, дутагдал гаргадаггүй хүн байсан. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш учраас хуулиа хүндэтгэх ёстой. Үүний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж заасан. Хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага гэдэг бол энэ хүний жолоодох эрхийг хасаж буй цагдаагийн байгууллагыг ойлгоно. Цагдаагийн газраас албан бичиг ирсэн. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар жолооны үнэмлэхтэй эрх бүхий хүн машин жолоодох ёстой гэдгийг тодорхой заасан байдаг. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно гэж заасан. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас харамсалтай нь Б.Б нь цаашид ажиллах боломжгүй болсон. Үүнийг хэн хэн нь зөв ойлгох ёстой. Түүнээс биш энэ хүнд өс хонзон санаж зайлуулъя гэсэн бодол байхгүй. Засаг дарга бол улс төрийн хүн учраас жолоочийн оронд өөр хүнийг ажиллуулах санал тавьж байсан. Уг нь манаачаар ажиллуулъя гэсэн боловч манаач маань жолоочоор ажиллахаас татгалзсан. Иймээс хуулийн дагуу жолооны үнэмлэхтэй хүн машин барих учраас, энэ хүний ажлын байранд тавигдах шаардлага нь хасагдсан учраас ажлаас чөлөөлсөн юм гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг Даргын Тамгын Газрын даргын 2005 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаартай тушаалаар Б.Бийг тус сумын ЗДТГ-ын жолооч бөгөөд нярваар авч ажиллуулан, одоогийн байдлаар ажил олгогч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг Даргын Тамгын Газрын дарга Б.Е , ажилтан Б.Б нар хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 2-т албан тушаалын нэр гэдэгт жолооч гэсэн ба тус Цэнгэл сумын Засаг Даргын Тамгын Газрын нярваар өөр хүн ажиллаж байгаа талаар зохигчид хоорондоо маргаагүй болно.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг Даргын Тамгын Газрын дарга Б.Е нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар Б.Бийг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хуульд нийцсэн байна. Учир нь,
1. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Улаанхус сум дахь Цагдаагийн хэсгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5 дугаартай албан мэдэгдэлд: Цэнгэл сумын 9 дүгээр багийн иргэн ЗДТГ-ын жолооч Б.Б нь Тоуоtа маркын Ланд Крузер 80 маркийн 1612 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг согтуурлын зэрэг шалгагч багажаар үлээлгэж шалгахад багажны заалт 0,61%-аар тогтоосон тэмдэглэл, зөрчил гаргагчийн өөрийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3-д заасныг удирдлага болгон Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сарын сарын 29-ний өдрөөс эхлэн 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, В,С ангиллын №106522 тоот үнэмлэхийг хүчингүй болгож, эрх хассан талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийг төвд хүргүүлэв... Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байх тул цаашид тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг мэдэгдэе гэсэн байна.
2. 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн тэмдэглэлээр Б.Б нь Цэнгэлээс Өлгий сум руу явах замд Улаанхус сумын постод бичиг баримтаа шалгуулж, бүртгүүлэхэд жолооч Б.Б нь архи уусан болохыг тогтоож бичиг баримтыг хураан авч машиныг Х.Муратбект хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч Б.Б энэ тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
3. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цаг 10 минутад Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлээр Б.Бэд МЕТА алкотестер маркийн багажаар согтуурлын хэмжээг шалгаж үлээлгэхэд 0,61 промиллер зааж, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон ба Б.Б тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
4.Улмаар Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сарын сарын 29-ний өдрөөс эхлэн 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, В,С ангиллын №106522 тоот үнэмлэхийг хүчингүй болгож, 384000 төгрөгөөр торгосон нь Цагдаагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 289 дугаартай Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 29-ны Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн №************* дугаартай Шийтгэвэр, жолооны үнэмлэх хураан авсан тухай тэмдэглэл зэрэг захиргааны арга хэмжээ авсан материалаар нотлогдож байна.
Мөн ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч Б.Б 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан болох нь бичиг хэргийн журналд гарын үсэг зурснаар шүүхэд хуулийн хугацаанд гомдлоо гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч Б.Б нь механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй учир, түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн РД:БЛ***********Ш овогт Б ийн Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК