Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1179

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/01179

 

 

 

Б.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/00638 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Энхтуяа, Э.Элбэрэл нарт холбогдох,

 

Хохиролд 42 912 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Н.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 9 дүгээр сард үеэл эгч болох Н.Энхтуяа “охин Э.Элбэрэлийг гадаадад сургуульд явуулах боллоо, мөнгө дутаад байна туслаач” гэж гуйсны дагуу өөрийн эзэмшлийн, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1-65А болон 1-65 тоот хаягт байршилтай 2 амины орон сууц, 2 газрын хамт, нийт 4 ширхэг гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг “АБТС” ББСБ-д зээлийн барьцаанд тавих итгэмжлэл хийн өгч 12 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулсан юм.

Гэвч хариуцагч Н.Энхтуяа нь гэрээнийхээ үүргийг хугацаандаа барагдуулаагүйн улмаас 2013 оны 12 дугаар сард “АБТС” ББСБ-аас Н.Энтуяа бид хоёрыг шүүхэд өгч хариуцагчаар татсан. Улмаар 2015 оны 01 дүгээр сарын 15-ны дотор мөнгөө бүрэн төлнө гэсний дагуу “АБТС” ББСБ болон Н.Энхтуяа бидний хооронд эвлэрлийн гэрээ хийгдэн миний эзэмшлийн, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1-65 тоотод байрлах амины орон сууц, газрыг зээлээс чөлөөлж, харин Малчны 1-65А тоотод байрлах амины орон сууц, газрыг Н.Энхтуяаг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны дотор зээлээ төлөхөөр чөлөөлөхөөр тохиролцсон.

Ингээд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6013 дугаар захирамжаар эвлэрлийг баталсан. Хариуцагч нар нь эвлэрлээр тохирсон төлбөрөө төлөөгүй улмаас манай хашаа, байшин газрыг 15 752 223 төгрөгийн төлбөрт 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр битүүмжлэн, улмаар 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “АБТС” ББСБ-ын нэр дээр шилжиж миний бие нөхөр, 4 хүүхдийн хамт орох оронгүй болж үлдсэн.

 Дээр дурдсан амины сууц, газрын хамт 42 400 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Мөн миний бие Дорнод аймагт 2013 оны 10 дугаар сараас нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд амьдарч байсан бөгөөд одоогоор Ховд аймагт оршин сууж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор Дорнод аймаг, Улаанбаатар хотын хооронд ирж буцсан замын зардал 322 200 төгрөг, “АБТС” ББСБ-д хөрөнгө шилжүүлэхдээ хөрөнгийн үнэлгээний хөлс 150 000 төгрөг, дуудлага худалдааны хөлс 40 000 төгрөг, амины орон сууц, газрын үнэ 42 400 000 төгрөг, нийт 42 912 200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Энхтуяа болон хариуцагч Э.Элбэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Долгорсүрэнгийн хашаа байшингийн гэрчилгээг барьцаалан 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “АБТС” ББСБ-аас 12 000 000 төгрөгийн зээл авсан. Гэрээний дагуу миний бие сарын 705 000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад төлөх үүрэгтэй байсан бөгөөд 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 69 000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1 410 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 705 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 270 000 төгрөг тус тус төлсөн байдаг.

“АБТС” ББСБ-ын нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрлийн гэрээ байгуулан барьцаалсан эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамж, 65 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201028864 дугаарт бүртгэгдсэн 60 м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын Г-2201013132 дугаарт бүртгэлтэй 700 м.кв газрыг барьцаанаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамж, 65А тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201019160 дугаарт бүртгэлтэй 158 м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын Г-2201010272 дугаарт бүртгэлтэй газрыг барьцаанд хэвээр үлдээсэн.

Миний зүгээс тус эвлэрлийн гэрээгээр 2015 оны 02 дугаар сарын 15-ны дотор 13 324 354 төгрөгийг төлөх, 2015 оны 05 дугаар сарын 01-ний дотор үлдэгдэл 2 192 336 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн юм.

Би 2015 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст Б.Долгорсүрэнгийн гаргасан гомдлоор шалгагдаж байхдаа 2 000 000 төгрөг, 1 800 000 төгрөгөөр нийт 3 800 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн байцаагчийн хэлснээр үлдэгдэл     7 000 000 төгрөгийг яаралтай олж өг гэсний дагуу хүргэн ах Р.Соёлсайханаас 5 000 000 төгрөг, өөрийн төрсөн эгч Н.Ганчимэгээс 2 000 000 төгрөг зээлэн авч 2015 оны 4 дүгээр сарын сүүлчээр Бөмбөгөр худалдааны төвд Б.Долгорсүрэнд аваачиж өгсөн.

Үүнээс хойш бид уулзаагүй, надтай дахиж холбоо бариагүй, нэхэмжлэлд дурдсан хөрөнгө битүүмжилсэн, төлбөр авагчид хөрөнгийг шилжүүлэн өгсөн талаар мэдээгүй. Яагаад надад хэлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдэгдэл өгөөгүйг гайхаж байна. Мөн “АБТС” ББСБ нь эд зүйлийг хүлээн авч худалдан борлуулснаа болон ямар үнээр худалдсанаа мэдэгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйл, 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Энхтуяагаас 11 716 690 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Долгорсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31 195 510 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Э.Элбэрэлд холбогдох хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 511 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Н.Энхтуяагаас 202 417 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Долгосүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх уг маргааны болон уг болсон үйл явдлын бодит үнэнийг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг "АБТС" ББСБ-д Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 613 дугаар шийдвэрт дурдсан 15 516 690 төгрөгийн төлбөрт шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/17 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/24 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоол, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 08/11 дугаартай байр орон сууцнаас албадан гаргах тогтоол, төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай тогтоолуудаар нотлогдож байна" гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн барьцаанд үлдээсэн гэх хувийн сууц, газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны захиалгаар хөрөнгийн үнэлгээний "Мөнх-Оргил трейд" ХХК-иас 42 400 000 төгрөгөөр тооцсон байхад 15 516 690 төгрөгийн төлбөрт дүйцүүлсэн нь хэтэрхий байна.

Хариуцагч Н.Энхтуяа нь бодит хохирлыг төлөх ёсгүй мэт тайлбар өгч байгааг шүүх хүлээн авч бусдад учирсан хохирлыг учирсан хөрөнгийн үнэлгээгээр нь гаргуулалгүй 11 716 690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр, илт хууль бус болсныг харуулж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь хариуцагч Н.Энхтуяа, Э.Элбэрэл нарт холбогдуулах хохиролд 42 912 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Н.Энхтуяа, Б.Долгорсүрэн нар нь “АБТС” ББСБ-аас 12 000 000 төгрөгийг зээлэхдээ зээлийн барьцаанд Б.Долгорсүрэнгийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамж, 65 тоотод байрлах улсын бүртгэлын Ү-2201028864 дугаарт бүртгэгдсэн 60 м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын Г-2201013132 дугаарт бүртгэлтэй 700 м.кв газар, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамж, 65А тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201019160 дугаарт бүртгэлтэй 158 м.кв талбайтай, хувийн сууц, нэгж талбарын Г-2201010272 дугаарт бүртгэлтэй газрыг барьцаалсан, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 104 дүгээр дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, хариуцагч Н.Энхтуяа мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан талаар талууд маргаангүй байна.

 

            Дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6013 дугаар захирамжаар Н.Энхтуяа, Б.Долгорсүрэн нар нь 15 728 242 төгрөгийг “АБТС” ББСБ-д төлөхөөр тохиролцжээ.

 

            Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.12 дахь хэсэгт зааснаар “АБТС” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.Долгорсүрэн, Н.Энхтуяа нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байсан ба нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь хариуцагч Н.Энхтуяагаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

            Нэхэмжлэгчийн өмчлөлийн, барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үнэлгээний тайлангаар 45 400 000 төгрөгөөр тогтоосон, Дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6013 дугаар захирамжид дурдсан 15 516 690 төгрөгийн төлбөрт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон.

 

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны доод үнийг тогтооход чиглэгддэг бөгөөд албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тохиолдолд төлбөрт тооцуулан төлбөр авагчид шилжүүлэх замаар хөрөнгө өөрөөр үнэлэгдэх боломжтой юм.

 

            Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хариуцагч Н.Энхтуяаг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах явцад тэрээр 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 800 000 төгрөгийг, 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2 000 000 төгрөгийг тус тус төлснийг цагдаагийн байгууллага нь Б.Долгорсүрэнд хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаангүй. Энэ мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөх төлбөрт шилжүүлэн өгөөгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар түүний үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт шилжүүлсэн ажиллагаа хийгдэхэд нэхэмжлэгч өөрөө буруутай байна.

 

            Харин хариуцагч дээр дурдсан мөнгөн дүнгээс гадна нэхэмжлэгчид 7 000 000 төгрөгийг өгсөн гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзал, тайлбараа нотлоогүй.

 

            Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор замын зардалд 322 200 төгрөг, дуудлага худалдааны болон хөрөнгө үнэлсэн зардал 190 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

            Иймд нэхэмжлэгчийн хохирлыг 15 516 690 төгрөгөөр тогтоож, хариуцагчаас өгсөн  3 800 000 төгрөгийг хасч 11 716 690 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31 195 510 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн зөв байна.

 

            Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 8 дугаар зүйлийг баримталсан байгаа нь уг маргаанд хамааралгүй тул хасч, хариуцагч Э.Элбэрэлд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байтал хэргийг хэрэгсэхгүй болгож буруу шийдвэрлэсэн, хуулийн нэрийг буруу бичсэн байгааг залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/00638 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “8 дугаар зүйл” гэснийг хасч, “хариуцагч Э.Элбэрэлд холбогдох хэсгүүдийг” гэснийг “хариуцагч Э.Элбэрэлд холбогдох нэхэмжлэлийг” гэж өөрчилж, 

2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн тухай хуулийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 313 927 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА