Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2023/0041

 

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2023/0041

Улаанбаатар хот

 “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа    

Давж заалдах гомдол гаргасан: “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Э нар

Нэхэмжлэгч: “Д” ХХК

Хариуцагч: АМГТГ-ын ГУУКХ

Нэхэмжлэлийн шаардлага: “XV-019147 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэлийн системд бүртгэх асуудлыг шийдвэрлэхийг даалгуулах” тухай;

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2022/0796 дугаартай

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Э, Т.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0478/3

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Д” ХХК-аас АМГТГ-ын ГУУКХ-т холбогдуулан “XV-019147 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэлийн системд бүртгэх асуудлыг шийдвэрлэхийг даалгуулах”-аар маргасан байна.

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 796 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан “Д” ХХК-аас АМГТГ-ын ГУУКХ-т холбогдуулан гаргасан “XV-019147 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэлийн системд бүртгэх асуудлыг шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Э нар давж заалдах гомдолдоо:

 

    1. “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГТГ-ын КХ-т  холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг зөв үнэлэх үүргийг биелүүлээгүй гэж үзэж байна.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагын дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлын улмаас хүндэтгэн үзэх шалтгаант нөхцөл байдал илэрхий байхад энэ баримтыг үнэлээгүй төдийгүй нэхэмжлэгч талаас АМГТГ-ын КХ-т хүргүүлсэн баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч талын олон жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулж ирсэн болон хайгуулын ажиллагаанд зарцуулж ирсэн бага бус хэмжээний хөрөнгийг үр дүнгүй болгож буй нь хууль шударга ёсонд нийцэхгүй.

 

    1. Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйл, 11.5 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлэх нь хариуцагч байгууллагын хувьд зайлшгүй биелүүлэх үүрэг. Нэхэмжлэгч байгууллага нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах ажиллагааг хийсэн, боломжийн хэмжээгээр хариуцагч байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн байдаг бөгөөд харин хариуцагч байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, 4.2.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч байгууллагад зохих журмын дагуу мэдэгдэх, оролцоог нь биелүүлээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үүссэн бүхий л албан байгууллага дагаж мөрдөж байсан давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд нэхэмжлэгч байгууллага орсон болох нь илэрхий байхад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагч байгууллага хүлээн авч шийдвэрлэх ёстой байсан. Нэхэмжлэгч байгууллага нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас бүх л аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй зогсонги байдалд орсонтой ижил үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор тогтохгүй нэхэмжлэгч байгууллагын эрх баригч этгээд болох захирал нь Монгол Улсын иргэн биш, БНХАУ-ын иргэн, мөн хоёр улсын хооронд тавьсан хилийн хоригийн улмаас Монгол улсад ирэх боломжгүй байснаас гадна БНХАУ-д цар тахлаас үүдэлтэй хол хорио нь манай улсаас ч илүү өргөн цар хүрээг хамарч БНХАУ-ын хот хооронд ч зорчих боломжгүйгээр хөл хорионы дэглэм үйлчилж байсан нь нийтэд илэрхий баримт болно.

 

    1. Ийм хүнд хэцүү нөхцөлтэй байснаа дурдан тоочиж хүсэлтээ хүргүүлсэн байхад хариуцагч байгууллага хүндэтгэн үзэх шалтгаан гэж хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг нь хүлээн авах нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй байсан. Өөрөөр хэлбэл “Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг баримтлан нэхэмжлэгч байгууллагын хүсэлтийг шийдвэрлэхэд хариуцагч байгууллага хууль ноцтой зөрчсөн ямар ч үйл баримт болохгүй байсан.

 

    1. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчид болон өмгөөлөгч энэ тухайд хангалттай тайлбарласаар байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйл, 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас АМГТГ-ын ГУУКХ-т холбогдуулан “XV-019147 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэлийн системд бүртгэх асуудлыг шийдвэрлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Нэхэмжлэгчээс “...цар тахал давагдашгүй хүчин зүйлстэй холбоотойгоор компанийн үүсгэн байгуулагч Монгол Улсад ирэх боломжгүй байсан ... компанийн бичиг баримт хариуцсан иргэн Б.Ариунаа нь ковид-19 халдвар авч, тухайн өвчин хүндэрсний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ... тухайн ажилтантай холбогдож компанийн тамга, Улсын бүртгэлийн гэрчилгээг явуулах боломжгүй байсан” гэж, хариуцагчаас эс зөвшөөрч “...тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс нэг сарын өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтыг хавсарган ирүүлнэ ...цаг үеийн нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэж байсан ...” гэж тус тус маргажээ.

2.3. “Д” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Урт нэртэй газарт 731.46 гектар талбайд XV-019147 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, уг тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан байна. /хх-ийн 12-15 дахь талд/

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Д” ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр АМГТГ-т 22/03 дугаар албан бичгээр “...хүндэтгэн үзэх шалтгаан болон давагдашгүй хүчин зүйлсийг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн, сунгалтыг хүлээн авах” тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 25 дахь талд/ хариуцагч 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1/442 дугаар албан бичгээр “... ашигт малтмалын хайгуулын ХВ-019147 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд гаргаагүйн улмаас ... 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр хүчин төгөлдөр хугацаа нь дуусаж тусгай зөвшөөрөл дуусгавар болсон ...” гэх хариу өгчээ. /хх-ийн 26 дахь талд/

2.5. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт;”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.”, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;” гэж тус тус заажээ.

 2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн ХВ-019147 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах өргөдлийг, хуулиар тодорхойлсон шаардлага хангасан холбогдох баримтуудыг хавсаргаж хариуцагчид гаргах ёстой.

2.7. Гэтэл нэхэмжлэгчээс хуульд заасан хугацааны дотор хайгуулын тусгай зөвшөөрөл хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байх бөгөөд даруй 4 сарын дараа буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсны дараа 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өргөдөл гаргасан байна. Ингэхдээ нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 21/1201-1 дугаартай албан бичгээр дээрх хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр эсэх лавлагаа гаргуулахаар мөн хандсан байна.

2.8. Хэдийгээр нэхэмжлэгч “Д” ХХК нь давагдашгүй хүчин зүйлсийг харгалзан үзэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх боловч тус компанийн ажилтан /бичиг баримт хариуцсан/ Б.Ариунаа нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаа, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн гарах үеийн эпикриз болон Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2-4в/1182, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2-4в/3121 дугаар албан бичиг Yu Yang, Badarihu нарын Монгол Улсын хилээр орсон, гарсан лавлагаа/, Монгол Улс дахь Улаанцавын бизнес холбооны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ... компанийн тамга, гэрчилгээ ирсэн” гэх 11 дугаартай тодорхойлолт, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт үйлчилгээний төлбөр төлсөн зэрэг үйл баримттай хариуцагч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргаагүй гэж үзэхээр байна.

2.9. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч “Д” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хавсаргавал зохих баримтуудын хамт хуульд заасан хугацааны дотор гаргаж өгөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.10. Тодруулбал, нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтуудыг бүрдүүлэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх дээр дурдсан шалтгаанаа нотолж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө хариуцагчид хүргүүлэхээр байжээ. Энэ талаарх хариуцагчийн “цаг үеийн нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэж байсан” гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн “Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баримтлан нэхэмжлэгч байгууллагын хүсэлтийг шийдвэрлэхэд хариуцагч байгууллага хууль ноцтой зөрчсөн ямар ч үйл баримт болохгүй байсан.” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.11. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар хуульд заасан хугацаанд холбогдох баримтуудыг бүрдүүлж өргөдлөө гаргаагүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч компаниас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан татгалзлыг хууль бус бөгөөд хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

2.12. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч компанийн захирал, үүсгэн байгуулагч Монгол Улсад ирээгүй байхад ч түүний төлөөлөгч нар тодорхой баримтыг бүрдүүлэн үйлчилгээний хураамж төлсөн байх бөгөөд тус үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас ч өмнө хэрэгжүүлэх боломжтой...” гэх дүгнэлт зөв бөгөөд үндэслэл бүхий байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2022/0796 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

                ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

                ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА