Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 16

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 114/2019/0005/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б дүгнэлттэй Дархан-Уул аймгиийн Татварын хэлтсийн татварын орлогын тасгийн татварын улсын байцаагч С.А, татварын улсын ахлах байцаагч Д.Г нарын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0292447 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлттэй гомдолд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын хяналтын улсын байцаагч С.А, татварын улсын ахлах байцаагч Д.Г нарын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр холбогдогч Б.Э-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.8 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар 0292447 дугаартай шийтгэлийн хуудсаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн гэжээ.         

                                                                         

Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын хяналтын улсын байцаагч С.А, татварын улсын ахлах байцаагч Д.Г нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Капитал банкны ажилтан Б.Э-д холбогдох зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.8 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар 0292447 дугаартай шийтгэлийн хуудсаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 711 дүгээр зүйлийн 711.2.1. “харилцагч татвар төлөгчийн татварын төлбөрийг татварын албанаас нэрлэсэн банкинд 12 цагийн дотор, уг төлбөрийг хүлээн авсан банк нь энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн өдөрт нь, хэрэв ажлын цаг дууссан бол дараагийн ажлын өдөрт нь багтаан татварын албаны харилцах дансаар дамжуулан төрийн сангийн дансанд шилжүүлэх” гэж заасан үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах байсныг хууль буруу хэрэглэн торгосон. Прокурорын шаардлагын дагуу зөрчил шалган шийдвэрлэхтэй холбогдон гарсан зөрчлийг арилган ажиллаж байна. Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна гэжээ.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б-с Татварын хэлтсийн татварын хяналтын улсын байцаагч С.А, татварын улсын ахлах байцаагч Д.Г нарт холбогдуулан “2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0292447 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Татварын хэлтсийн татварын хяналтын улсын байцаагч С.А, татварын улсын ахлах байцаагч Д.Г нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж заасан эрхийнхээ дагуу хяналтын прокурор Ч.Б-ийн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч нар нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б-н дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ  нь

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б-н дүгнэлттэй Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын хяналтын улсын байцаагч С.А, татварын улсын ахлах байцаагч Д.Г нарт холбогдох “2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0292447 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хариуцагч Татварын хэлтсийн татварын хяналтын улсын байцаагч С.А, татварын улсын ахлах байцаагч Д.Г нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.НАРАНТУЯА