Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 513

 

103

 

 

 

 

 

 

 

Б.Бид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

хохирогч Э.Э,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Эийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Бид холбогдох 1705015010025 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овогт Б-н Б, 1987 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, СУИС-ийн сургалтын албаны мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .................,

Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 18-нд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хархорин” захын авто зогсоол дээр хохирогч Э.Этай автомашины зогсоолоос болж маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Тайж овогт Б-н Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 36 сард хэсэгчлэн буюу сар тутамд 277.778 төгрөг төлөхөөр тооцож нийт торгох ялыг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Б.Боос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 2.600.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Эт олгож,

Хохирогч Э.Э цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Боос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б намайг зодсоноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа уучлалт гуйгаагүй, гэм буруугаа хүлээгээгүй. Надад учруулсан хохирлоо дутуу барагдуулсан. Шүүх хуралдааны дараа хохирлыг нэхүүлж байж дутуу өгсөн. Б.Б өөрийн гэм бурууг үнэн зөвөөр хүлээгээгүй атлаа намайг гүтгэсэн. Өөрийн гэм бурууг бүрэн ойлгож, хүлээсэн гэж үзэхгүй байна...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийг эмнэлгээс гарсан байхад араас нь утсаар яриад уулзах гэж үзсэн. Тэгээд шүүх шийдвэрлэх байх гээд тухайн үед нь уулзаагүй. Хохирогчийг түлхсэн нь миний буруу...” гэв.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхэд авагдсан баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж байгаа. “Иргэн хүний хувьд биед нь учруулсан гэмтлийг яагаад учруулсан гэдгийг нь ойлгохгүй байна” гэж Б.Б мэдүүлсэн. Би толгойд хүрч цохисон зүйл байхгүй. Гэхдээ нэгэнт хавтаст хэрэг цугларсан нотлох баримтаар намайг яллагдагчаар татаад оруулаад ирж байгаа учраас би энэ хэргийг хүлээн зөвшөөрч байна. Учирсан бүх хохирлыг барагдуулна гээд шүүхийн шатанд 3.000.000 төгрөгийг өгсөн. Шүүхээс 2.600.000 төгрөгийн цалинг олго гэсэн. Шүүх хуралдааны дараа 2.500.000 төгрөгийг, 100.000 төгрөгийг сүүлд нь өгч барагдуулсан. Хохирлыг бүгдийг нь барагдуулсан. Бага насны 2 хүүхэдтэй, багшийн ажил эрхэлдэг. Урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тодорхой оршин суух хаягтай. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг холбогдсон зэргийг харгалзаж үзээд шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулсантай санал нэг байна. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь нотлох баримтад бодитой дүгнэлт хийж, ялын талаар зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх бүх нөхцөл байдлыг харгалзан үзээд улсын яллагчийн зүгээс 10.000.000 төгрөгийн торгох ялын санал тавьсан. Үүний дагуу шүүх улсын яллагчийн саналыг хүлээж аваад, 10.000.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд хохирогчид хавтаст хэрэгт цугларсан 3.092.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Шүүх хуралдааны өмнө шүүгдэгч, хохирогч 2 хоорондоо 2.600.000 төгрөгийн төлнө гэсэн гэрээ байгуулсан байсан. Түүний дагуу тэр төлбөрөө төлөөд, одоогийн байдлаар 5.700.000 төгрөгийн хохирол төлсөн. Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хархорин” захын авто зогсоол дээр иргэн Э.Этай автомашины зогсоолоос болж маргалдан, улмаар түүний цамцаар нь хоолойг нь боож нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж газарт унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгч Б.Бийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон” улсын яллагчийн санал болгосноор арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байх боловч энэ нь шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанарт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн зарчимтай нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хохирогч Э.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бид холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бид холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Ц. ОЧ