| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2021/00013/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2021-04-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, Нарийн бичгийн дарга: Н.Наранцай, Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч Б.Г-г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох 2133000000019 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хот тохижилтын газарт засварчнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн Сэртэнгийн 1-3 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Б-н Г-г /РД:МЙ00000000/ гэв. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г-г нь 2021 оны 03 сарын 20-ны өдрийн 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Портер маркийн тээврийн хэрэгслээс шунахай сэдэлтээр П.Шаравсамбуугийн өмчлөлийн Самсунг Нөт-8 редми загварын гар утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн П.Шаравсамбууд 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.Г-гийн өгсөн: “…2021 оны 03 дугаар сарын 20-ны хавьцаа байсан байх гэж бодож байна. Би 19 цагийн алдад дэлгүүр орох санаатай явж байсан. Гэтэл айлын хашааны гадаа гудамжинд хөх өнгийн портер зогсож байсан. Тэгээд хажуугаар нь өнгөрөхдөө хальт харсан чинь хаалга нь онгорхой. Жолооч талынх нь суудал дээр гар утас байсан. Тэгээд эргэн тойронд хүн байхгүй болохоор нь авчихсан. Утсыг нь аваад цааш явахдаа унтраагаад халаасандаа хийсэн. 2021 оны 04 дүгээр сарын 01-нд утсыг нь буцааж өгсөн. Утаснаас нь гадна 200,000 төгрөг хохирогчид өгсөн байгаа...” гэх мэдүүлэг, Эрүүгийн 2133000000019 тоот хавтаст хэргээс Хохирогч П.Шаравсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үйл явдал 2021 оны 03 сарын 21 бил үү 22-нд болсон асуудал байгаа юм. Би яг хэдэнд гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Би утсаа эргүүлээд Г-г гэх залуугаас авсан. Миний утас ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтээгүй байсан. Мөн Г-г гэх залуу надаас уучлалт гуйгаад 200,000 төгрөгийг манай эхнэрт өгсөн байсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /Хх-ийн 60 дугаар хуудас/, Гэрч Ж.Ганцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 04 сарын 01-ний өдөр санагдаж байна. 12 цагийн орчимд 2 дугаар байрны тэнд харих гээд явж байсан чинь нутгийн найз Г-гтэй таараад мэнд мэдээд байж байсан чинь Г-г надад чи утас засдаг байх аа нэг утас байна үзээд өгөөч кодыг нь тайлж чадахгүй байна гэхээр нь үзье л дээ гэсэн чинь кодтой байсан тэгээд болохгүй юм байна тэгэхдээ “Найс” худалдааны төвийн төвд суудаг Төрөө гээд залуу код гаргаж магадгүй дээ гэсэн чинь чи таньдаг бол оруулаад тайлуулаад өгөөч гэхээр нь би Найс руу аваад явсан. Тэгээд Төрөө гээд залуу дээр очоод энэ утасны кодыг гаргаж чадах уу манай найз олсон юм гэнэ ээ гэсэн чинь энэ утас чинь бүртгэлтэй утас байна болохгүй гэхээр нь би муу санаалаад гарч ирээд Г-гт буцааж өгөөд энэ чинь бүртгэлтэй утас гээд байна болохгүй утас юм биш үү олсон юм бол хүн амьтныг нь олоод буцаагаад өгөөрэй гэж хэлээд явсан....” гэх мэдүүлэг /Хх-ийн 23 дугаар хуудас/, Гэрч Э.Төрмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 04 сарын 01-ний өдөр санагдаж байна ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан чинь манай Хөтөлийн нэрийг нь сайн мэдэхгүй өндөр туранхай шар залуу орж ирээд хар өнгийн Нөт-8 редми маркийн гар утас барьчихсан кодыг нь тайлуулмаар байна гэхээр нь тайлах гэж байгаад ер нь сонин санагдаад ямар учиртай утас юм бэ асуудалтай юм биш үү гэсэн чинь хөгшөөн 100,000 төгрөгөөр авчихсанюм гэхээр нь би цагдаад мэдэгдэнэ ээ наадах чинь хулгайн утас байна гэсэн чинь гараад явчихсан. Дахиж орж ирээгүй....” гэх мэдүүлэг /Хх-ийн 26 дугаар хуудас/, Гэрч Б.Отгонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Г-г нь төлөв даруу зантай ажил төрөлдөө сайн хамт олон дундаа нэр хүндтэй хүн байгаа юм. Г-г нь эхнэр хүүхдийн хамтаар Сайхан сумын 2 дугаар багт амьдардаг юм. Эхнэр нь Гавшгай ус ХХК-д ажилладаг юм. Охин нь 2 настай жаахан хүүхэд байдаг юм...” гэх мэдүүлэг /Хх-ийн 31 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 1 дүгээр хуудас/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 2-4 дүгээр хуудас/, Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хх-ийн 5 дугаар хуудас/, Капитал зууч ХХК-ийн 2021 оны 04 сарын 06-ны өдрийн “...Самсунг редми нөт-8 маркийн 64 GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг... Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 03 дугаар сарын байдлаар 450,000 төгрөг /дөрвөн зуун тавин мянган төгрөг/ байна...” гэх шинжээчийн дүгнэлт /Хх-ийн 11 дүгээр хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 44-48 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн засаг даргын 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 544 тоот “...Тус сумын иргэн Батжаргал овогтой Г-г /МЙ88081111/ нь Гавшгай 2 дугаар багийн Сэртэн хорооллын 1-5 тоотод ам бүл 3 оршин суудаг нь үнэн болно...” гэх тодорхойлолт /Хх-ийн 51 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 52 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Сайхан сум дахь Прокурорын газарт ирүүлсэн Б.Г-гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй талаарх тодорхойлолт /Хх-ийн 56 дугаар хуудас/, Хохирогч П.Шаравсамбуугийн “Шаравсамбуу миний бие Г-гт гомдол санал байхгүй. Утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Г-гээс 200,000 авсан үнэн. Г-гийн хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү. Өөр гомдол санал байхгүй” гэх тодорхойлолт /Хх-ийн 68 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хот тохижилтын газрын даргын 2021 оны 04 сарын 15-ны өдрийн “Хот тохижилтын газрын засварчин ажилтай Б.Г-г нь үндсэн цалин 467,374 төгрөгийн цалинтай ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /Хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Г-г нь 2021 оны 03 сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Портер маркийн тээврийн хэрэгслээс шунахай сэдэлтээр П.Шаравсамбуугийн өмчлөлийн Самсунг Нөт-8 редми загварын гар утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн П.Шаравсамбууд 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2021 оны 03 дугаар сарын 20-ны хавьцаа байсан байх гэж бодож байна. Би 19 цагийн алдад дэлгүүр орох санаатай явж байсан. Гэтэл айлын хашааны гадаа гудамжинд хөх өнгийн портер зогсож байсан. Тэгээд хажуугаар нь өнгөрөхдөө хальт харсан чинь хаалга нь онгорхой. Жолооч талынх нь суудал дээр гар утас байсан. Тэгээд эргэн тойронд хүн байхгүй болохоор нь авчихсан. Утсыг нь аваад цааш явахдаа унтраагаад халаасандаа хийсэн...” гэх шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч П.Шаравсамбуу, гэрч Ж.Ганцогт, гэрч Э.Төрмөнх нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууцаар өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүгдэгч Б.Г-гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Г-г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайшийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Г-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Шаравсамбууд 450,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч Б.Г-г “Шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль эрх зүйн туслалцаа авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г-г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Шаравсамбуу нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйл 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б- Г-г /РД:МЙ00000000/-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай
.3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Г-т шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаад шүүх хуралдааныг хаав.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА