| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0040/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/51 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Б.Амармөрөн,
Шүүгдэгч: Г.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Батжаргал /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөнгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Г.С холбогдох 2129000130013 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын могой багийн нутаг дэвсгэрт 32-28 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үед тээврийн хэрэгсэл жолоодсон, 12.2-д заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж зорчигч С.Мөнхтамгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөнгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Г.С холбогдох эрүүгийн 2129000130013 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ: “Би 2020 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө Мөнхтамга, Анхтуяа бид 3 хамт явсан. Анхтуяа жолоо бариад би хажууд нь сууж явсан. Ажлаа зохицуулах гээд тэндээ үлдээд байж байтал Анхтуяа, Мөнхтамга хоёр ажил дуусчихлаа явъя гээд намайг дуудаад тэгээд явсан. 2-3 км яваад Анхтуяагийн нойр хүрээд байна, чи машин бариадхаач гэж хэлсэн. Тэрний дагуу машин бариад 40-50 км цагийн хурдтай явж байсан. Харанхуй болж байсан. Замын тэмдэглэгээ надад харагдаагүй. Гэнэт замтай чацуу замын шуудай гарч ирээд аваар осол гараад тухайн үед цочролд орсон байсан. Тэгээд ID-39-ийн Амраа гээд залууг дуудаад анхан шатны тусламж үзүүлээд эмнэлэг явсан. Маргааш өдөр нь Улаанбаатар хот 4 руу яаралтай явж Мөнхтамгыг эмнэлэгт хэвтүүлээд өөрсдөө эмчилгээ хийлгэсэн. Одоогоор Мөнхтамгыг биеийн байдал маш сайн байгаа. Одоо ажлаа хийж байгаа. Эмчилгээнд гарсан зардлыг шийдэж, хохиролгүй болгож өгсөн. Тухайн үед жолоо барьж байхдаа ийм аваар осол болно гэж бодоогүй. Мөрдөн байцаагч хурдаа сааруулах ёстой гэж хэлсэн. Би шуудуу гарч ирэхээр нь зогсох арга хэмжээ авсан. Хийсэн үйлдэлдээ гэм буруугаа ойлгож мэдэж байна. Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна.” гэв.
2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-16-р хуудаст/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 17-25-р хуудаст/,
Гэрч Ч.Амарболдын: “...төмөр замын 66 дахь км-т байх гүүрний баруун талд засмал замын хойд талын далангийн шороог мөргөсөн байдалтай Тоёота Харрьер загварын тээврийн хэрэгсэл байсан” гэх мэдүүлэг /хх-н 29-р хуудаст/,
Гэрч Ч.Амарболдын: “...осол болсон газар очиход С, Мөнхтамга, Анхтуяа нар машиндаа сууж байсан. Машин нь засмал замын далангийн хажуу налуу шороо мөргөсөн байдалтай машины урд талын хэсэг эвдэрч чихэгдсэн байдалтай тэгээд машины баруун талын хаалгыг нээхэд жолооны ард С суусан, уруулнаас нь цус гарсан байдалтай байсан. урд талын зүүн гар талын суудал дээр Анхтуяа сууж байсан. Зүүн талын хойд суудал дээр Мөнхтамга сууж байсан. Харанхуйд ямар байдалтай байсныг хараагүй. Намайг ослын газар очиход осолд орсон хүмүүсийн ухаан санаа болон биеийн байдал гайгүй байсан болохоор шууд суулгаад эмнэлэг оръё гэж бодсон. Мөнхтамгын хоёр хацар болон уруул нь хавдсан байсан, С уруулнаас цус гараад цаасаар дарсан байдалтай байсан. Анхтуяагийн биеийг харахад гаднаас нь ил харагдаг шарх байгаагүй” гэх мэдүүлэг /хх-н 30-р хуудаст/,
Хохирогч С.Мөнхтамгын: “...Би 2020 оны 11 сарын 30-ны өдөр Бодь Интернэшнэл ХХК-ийн төв кемп дээр 11 сарын 29-ний орой хүртэл гүйцэтгэл бичээд тэгээд 01-02 цагийн үед өөрийн байрлаж байсан Ухаалаг замын 1 дүгээр кемп рүү буцахаар болоод хөдлөхөд Анхтуяа машин барьж хөдлөөд жаахан явж байгаад ядраад байна чи машин барьчих гээд С жолоогоо шилжүүлсэн тэгээд Сайнсөр машин бариад Анхтуяа урд нь суугаад би арын суудалд нүдээ аньчихсан явж байтал нээх удалгүй гэнэт би урагшаагаа жолоочийн сандлын дэрийг мөргөсөн тэгээд бага зэрэг ухаан балартаад сэрсэн тэгээд байж байтал Пүүжээ гээд манай ID 39 ажиллаж байгаа ажилтан бид нарыг ирж аваад Цогтцэций сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн тэгээд шөнө дунд эмнэлэг дээр хоноод маргааш өглөө нь Улаанбаатар хот руу явсан” гэх мэдүүлэг /хх-н 38-40-р хуудаст/,
Гэрч Ц.Анхтуяагийн: “...тухайн өдөр “Бодь Интернэшнэл” ХХК-ийн кемп дээр Мөнхтамга бид хоёр ажлаа хийж байгаад 2020 оны 11 саырн 30-ны 01 цаг 30 минутын үед “Бодь Интернэшнэл” ХХК-ийн кемпийн байрлалаас ажлаа хийж дуусаад кемрүүгээ буцах гээд гарсан. Би 32-28 УБР улсын дугаартай машин унаад Мөнхтамга арын суудал дээр суугаад С жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан тэгээд тэндээсээ хөдлөөд 2 орчим км яваад би ядраад С жолоо шилжүүлсэн тэгээд С унаад би жолоочийн хажуугийн суудал дээр суусан цаашаа хөдлөөд явж байгаад нээх удаагүй байтал гэнэт шуудуу гарч ирээд машин урагшаа шороо мөргөөд зогссон С кемп 3 руу залгаж машин дуудаад тэгээд Цогтцэций сумын эмнэлэг рүү явж очоод эмчилгээ хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх-н 46-48-р хуудаст/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай “1. С.Мөнхтамгын биед баруун гайморын хөндийн урд ханын хоёрлосон хугарал, баруун гайморын хөндийн дотор хана, хажуу ханын зөрөөгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, эрүү ясны хоёрлосон хугарал, түүшинд сэртэнгийн хугарал, 31, 41, 42-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. С.Мөнхтамгын биед учирсан баруун гайморын хөндийн урд ханын хоёрлосон хугарал, баруун гайморын хөндийн дотор хана, хажуу ханын зөрөөгүй хугарал, эрүү ясны хоёрлосон хугарал, түүшинд сэртэнгийн хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт 31, 41, 42-р шүдний булгарал 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 4. Хүндэвтэр гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 69-70-р хуудаст/,
2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар: “...Тоёота Харрьер загварын 32-28 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г овогтой С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үед тээврийн хэрэгсэл жолоодсон, 12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан” гэх магадалгаа /хх-н 71-р хуудаст/,
Шүүгдэгч Г.С хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 86-97, 119-131-р хуудаст/,
Г.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 84-р хуудас/,
Г.С арван хурууны дардас /хх-н 83-р хуудас/,
Г.С Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 107-114-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.С холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Г.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын могой багийн нутаг дэвсгэрт 32-28 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үед тээврийн хэрэгсэл жолоодсон”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч С.Мөнхтамгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болон эрх бүхий албан тушаалтан Д.Өлзийбаярын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “... TOYOTA Harrer маркийн 32-28 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г овогтой С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үед тээврийн хэрэгсэл жолоодох.” Мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” /хх-н 71 дүгээр хуудас/ гэх магадлагаагаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.С нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Г.С үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна. Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ. Шүүгдэгч Г.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр /хх-ийн 125 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.С нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хохирогч С.Мөнхтамгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал нь шүүх хуралдаанд “... шүүхэд шилжүүлсэн Г.С холбогдох хэргийг цагаатгах байр сууринаас оролцоно. Авто замын тухай хуулиар холбогдох тэмдэг, тэмдэглэгээ байршуулаагүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадаагүй, хуулийн этгээд уг үүргээ биелүүлээгүй, хүний эрүүл мэндэд хохирол учирсан бол хуулийн этгээд хариуцах үүрэгтэй гээд хуульчилсан байгаа. ... миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Хавтаст хэрэг авагдаж шинжлэн судлагдсан зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “... Б цэгээр ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүг рүү чиглэсэн сайжруулсан шороон замын баруун талд байрлах улаан хүрээн дотор 20 гэсэн тэмдэглэл бүхий замын тэмдгийг тэмдэглэсэн ба А цэгээс Б цэг хүртэл хэмжихэд 60 метр байв.” /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /11-16 дугаар хуудас/, зэрэг баримтуудаар шороон замын хажуу хэсэгт замын тэмдэг байршуулсан болох нь тогтоогдож байна. Мөн Г.Сайнсөр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “... 40-50 км цагийн хурдтай явж байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож болохгүй гэдгийг мэднэ.” гэх мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 08 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч С.Мөнхтамга, гэрч Ц.Анхтуяа, П.Сүххуяг, Ч.Амарболд нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.С нь гэм буруутай болох нь нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн цагаатгаж, хэрэгсэхгүй болгох саналыг шүүх хүлээн аваагүй болно.
Шүүгдэгч Г.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Toyota Harrier маркийн 32-28 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.2, 12.3 дугаар зүйлүүдэд заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хохирогч С.Мөнхтамгын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Уг зам тээврийн ослын улмаас хохирогч С.Мөнхтамгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай “1. С.Мөнхтамгын биед баруун гайморын хөндийн урд ханын хоёрлосон хугарал, баруун гайморын хөндийн дотор хана, хажуу ханын зөрөөгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, эрүү ясны хоёрлосон хугарал, түүшинт сэртэнгийн хугарал, 31, 41, 42-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. С.Мөнхтамгын биед учирсан баруун гайморын хөндийн урд ханын хоёрлосон хугарал, баруун гайморын хөндийн дотор хана, хажуу ханын зөрөөгүй хугарал, эрүү ясны хоёрлосон хугарал, түүшинт сэртэнгийн хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт 31, 41, 42-р шүдний булгарал 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 4. Хүндэвтэр гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хх-н 68-70 дугаар хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 81 дүгээртэй автомашин техникийн үнэлгээний тайлангаар 3228 УБР улсын дугаартай Toyota Harrier маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь 4.900.000 төгрөгөөр тогтоогдсон байна. /хх-ийн 54-55 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Төмөрчөдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... Уг машин миний нэр дээр бүртгэлтэй байдаг нь үнэн тэгтээ манай хүргэн ах Г.С эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Надад ямар нэг гомдол санал байхгүй, уг машин нь миний нэр дээр байдаг Г.С ахын өөрийнх нь эзэмшлийн машин байгаа юм.”, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.С нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “... Таны жолоодож явсан тээврийн хэрэгсэл хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм бэ? гэх асуултад хариулахдаа Миний эзэмшилд байдаг. Гэхдээ нэр нь манай эхнэрийн дүүгийн нэр дээр байдаг.” гэх мэдүүлгээр Г.С нь 3228 УБР улсын дугаартай Toyota Harrier маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь тогтоогдож байна.
Хохирогчид хохирол нөхөн төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч хохирол, хор уршгийг шүүгдэгч нөхөн төлсөн болох нь хохирогч С.Мөнхтамгын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хяналтын прокурорт гаргасан хүсэлтдээ “... Тухайн үед Г.С яаралтай арга хэмжээ авч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эмнэлэгт хүргүүлэн, тус эмнэлгээс анхан шатны яаралтай тусламж авч улмаар тэр даруй Улаанбаатар хот руу очиж Гэмтэл согог судлалын эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн. Тухайн үед шинжээч эмчийн дүгнэлтээр миний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж гэмтлийн зэрэг тогтоогдсон. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр тооцоо гарсан зардлыг Г.С өгсөн билээ. Одоогоор миний бие сайжирч 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ажлаа хийж эхэлсэн. Г.С нь миний бүх хохирлыг барагдуулсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Мөн миний бие шүүх хуралдаанд оролцох шаардлага байхгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна. С.Мөнхтамга миний бие Төслийн менежер Г.С хамтран Монгол Улсын түүхэнд бичигдэх төмөр замын анхны урт 430 метр урттай гүүрийг бүтээн байгуулахад туслалцаа үзүүлж уг хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Иймд шүүгдэгч Г.С бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Хохирогч С.Мөнхтамга цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдаж, хохирогч С.Мөнхтамга нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.С үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.С тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.С тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.С тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг сануулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ... эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан байх тул шүүгдэгчид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Г.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.С тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.С тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Г.С нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Мөнхтамга цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч С.Мөнхтамга нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ