| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0053/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/58 |
| Огноо | 2021-04-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор:Б.Энхмэнд,
Хохирогч Б.Т,
Шүүгдэгч С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэндээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт С.Б холбогдох 2129000400053 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум, 1-р баг Баянхөөврийн 5-р гудамжны баруун талын шороонд замд Тоёта Пелтер маркийн 20-60 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй зорчино”, 10.10 “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж Б.Т жолоодон явсан улсын дугааргүй, ногоон өнгийн мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас иргэн Б.Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэндээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Б холбогдох эрүүгийн 2129000400053 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ:
“2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би баян хөөврийн гудамжаар гэр лүүгээ явж байхдаа гудмын завсраар баруун гар талаас зам тээврийн осол гаргаж бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т мэдүүлэхдээ:
“2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр найзтайгаа гэр лүү гээ мотоциклтой явж байгаад зам тээврийн осолд орсон. Осолд орчхоод босоод ирсэн чинь гар хугарсан байсан. Тэгээд түргэн дуудаад явсан. Тэгээд эмнэлэг дээр очоод аймаг явах шаардлагатай гэж хэлсэн. Өмнөговь аймаг руу тэр шөнө дөө явсан. Өмнөговь аймаг дээр очоод 1 хоноод энд хагалгаанд орох боломжгүй байна гээд хот руу явсан. Хотод очоод хагалгаанд ороод 1 сар болоод аппарат тавиулаад хугарсан гар доторх ясыг түүж аваад аппарат тавьсан. 2 дахь сар дээрээ дахиж хагалгаанд ороод ташааныхаа яснаас 4 сантиметр яс аваад гартаа хийсэн. Өмнөговь аймагт дахин хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Коронавирус гарсан учир хот руу явах боломжгүй болсон. Хотын эмч Өмнөговь аймагтаа хагалгаанд ороорой гэж хэлсэн. Тэгээд эмчлүүлэх зардлынхаа тавин хувийг Баянжаргалаас төлүүлж болох болов уу.” гэв.
Хохирогч Б.Т “... Баянхөөврийн гудамжаар баруун тийш явж байтал гэнэт нэг цагаан жижиг тэрэг гараад ирэхээр нь би тоормосоо гишгээд амжихгүй баруун талаас нь мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй ухаан самуураад босоод ирсэн чинь гар хугарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудаст/,
2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-17/
Гэрч Х.Данзанхүүгийн “... Т ирээд хамт нэг тийшээ явчхаад ирье гэхээр нь за гээд хамт явсан. Тэгээд явж байгаад Их булаг дэлгүүрийн зүүн өмнө нь цагаан жижиг тэрэгний хажуу талаас мөргөчихсөн...Тогтохжаргалын гар нь хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-45- хуудаст/,
2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай “...С овогтой Б нь 20-60 ӨМЭ улсын дугаартай Тоёота пелтер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.10 “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-н 19-р хуудаст/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 1259 дугаартай “1. Б.Т-н биед зүүн богтос, шуу ясны ил хугарал, зүүн шууны гадна хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 50-р хуудаст/,
С.Б гэрчээр өгсөн “... миний баруун гар талын гудамжнаас гэнэт ногоон мотоцикл хурдтай ирж яваа харагдсан. Тэгэхээр нь тоормосоо гишгээд хурдаа сааруултал нөгөө мотоцикл баруун гар талын хаалганы орчимд мөргөсөн. Тэгээд миний машин зүүн гар тийшээ цохигдоод цахилгааны шон руу тулаад ирэхээр нь шонг мөргөхгүй санаатай тэр чигээр нь зүүн гар тал руугаа дартал цахилгааны шонг урд талаасаа мөргөөд зогссон ...” гэх мэдүүлэг /хх-н 30-р хуудаст/
С.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 66-67-р хуудаст/
Шүүгдэгч С.Б хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 69-75-р хуудаст/
С.Б арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 77-88-р хуудаст/
С.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68-р хуудсанд
Хохирлын баримтууд /хх-91-99, 101-р хуудаст/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Б холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сум, 1-р баг Баянхөөврийн 5-р гудамжны баруун талын шороонд замд Тоёта Пелтер маркийн 20-60 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй зорчино”, 10.10 “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж Б.Тогтохжаргалын жолоодон явсан улсын дугааргүй, ногоон өнгийн мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас иргэн Б.Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Т “... Баянхөөврийн гудамжаар баруун тийш явж байтал гэнэт нэг цагаан жижиг тэрэг гараад ирэхээр нь би тоормосоо гишгээд амжихгүй баруун талаас нь мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй ухаан самуураад босоод ирсэн чинь гар хугарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-24-р хуудас/,
Гэрч Х.Данзанхүүгийн “... Т ирээд хамт нэг тийшээ явчхаад ирье гэхээр нь за гээд хамт явсан. Тэгээд явж байгаад Их булаг дэлгүүрийн зүүн өмнө нь цагаан жижиг тэрэгний хажуу талаас мөргөчихсөн...Тогтохжаргалын гар нь хугарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-45- хуудас/,
2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай “... С овогтой Б нь 20-60 ӨМЭ улсын дугаартай Тоёота пелтер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.10 “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчсөн.” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-н 19-р хуудаст/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 1259 дугаартай “1. Б.Т-н биед зүүн богтос, шуу ясны ил хугарал, зүүн шууны гадна хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 50-р хуудас/,
С.Б гэрчээр өгсөн “... миний баруун гар талын гудамжнаас гэнэт ногоон мотоцикл хурдтай ирж яваа харагдсан. Тэгэхээр нь тоормосоо гишгээд хурдаа сааруултал нөгөө мотоцикл баруун гар талын хаалганы орчимд мөргөсөн. Тэгээд миний машин зүүн гар тийшээ цохигдоод цахилгааны шон руу тулаад ирэхээр нь шонг мөргөхгүй санаатай тэр чигээр нь зүүн гар тал руугаа дартал цахилгааны шонг урд талаасаа мөргөөд зогссон ...” гэх мэдүүлэг /хх-н 30-р хуудас/
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Хоёр. Хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 1259 дугаартай “1. Б.Т-н биед зүүн богтос, шуу ясны ил хугарал, зүүн шууны гадна хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 50-р хуудас/, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай “... С овогтой Б нь 20-60 ӨМЭ улсын дугаартай Тоёота пелтер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.10 “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна.” /хх-н 19-р хуудас/ гэх магадалгаагаар тус тус тогтоогдож байна.
Хохирогч Б.Т нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “Биндэрмаа овогтой Т миний бие С.Б нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкны дансаар хүлээн авсан болно. Иймд тодорхой заасан хугацаандаа миний нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан тул Баянжаргалын асуудлыг түргэвчилсэн аргаар шийдэхэд миний зүгээс татгалзах зүйлгүй болно.” гэжээ. /хх-н 120-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Т цаашид гарах эмчилгээний зардлын тавин хувийг нөхөн төлөхөөр тохиролцсон гэж шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг тайлбар өгчээ.
Хохирогч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 530,815 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч С.Б 2.500.000 төгрөгийг /хх-ийн 118 дугаар хуудас/ хохирогчид нөхөн төлжээ.
Шүүгдэгч С.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Би Т эмчилгээний зардалд зориулж эхлээд 500,000 төгрөг, дараа нь 300,000 төгрөг өгсөн.” гэж мэдүүлсэн байна. Мөн хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад “... С.Б нь 800,000 төгрөгийг өгсөн.” гэж мэдүүлжээ. Шүүгдэгч С.Б хохирогч Б.Т эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 3,300,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хохирогч Б.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд С.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд
Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч С.Б үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг тал бүрээс харгалзан үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Б урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 68 дугаар хуудас/
Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.
Шүүгдэгч С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогч Б.Т эмчилгээний зардал болон бусад зардалд 3,300,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Тнь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан үзэж 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч С.Б иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С. Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Т эмчилгээний зардал болон бусад зардалд 3,300,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Т нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч С.Б иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ