Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/­­­­37   

 

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Б.Амармөрөн,

Хохирогч:Ц.А/онлайн/

Шүүгдэгч: Г.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөнгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г.Б холбогдох 2029002690012 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б  нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Жавхлант 3 дугаар баг Оюутолгой уурхай явах сайжруулсан шороон замын 16 дахь километрт 20-40 УБХ улсын дугаартай “Лексус-470” загварын тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн дүрмийн 12.1 “... жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг  харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Ц.Анхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирол төлбөрийн хувьд эд хөрөнгөд учирсан 5,740,000 төгрөгийн хохирлыг барагдуулчихвал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-15-р хуудаст/,

Хохирогч Ц.А: “... миний машинд байсан 3 пивоны нэгийг нь хувааж уугаад яриан дундаа Ханбогд сум явахаар болоод Б миний машины рүлийн ард сууж байсан чигээрээ машин бариад Ханбогд руу хөдлөөд ойрхон байдаг клонк дээр зогсож банкаа дүүргээд шууд Ханбогд руу 15 цагийн үед хөдөлсөн. Тэгээд явдал дундаа 2 пивоо хувааж ууж байгаад дууссан тэгээд Чойгийн тохой дөхөж байх шиг байсан би нэг мэдсэн унтсан байсан гэнэт юм мөргөөд сэрсэн тэгээд сэрээд хартал шороон замд эрэг шиг юм мөргөөд зогсчихсон Батзориг рүлийн ард сэрүүн байж байхаар нь түргэн дуудаарай хүзүү ерөөсөө хөдлөхгүй болчихлоо гэсэн.” гэх мэдүүлэг /хх-н 27-28-р хуудаст/,

Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний №858 дугаартай тайлангаар: “... 2000 онд үйлдвэрлэгдсэн “Лексус-470” загварын 20-40 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ 5,740,000 төгрөг” гэх тайлан /хх-н 33-35-р хуудаст/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13258 дугаартай “1. Ц.А-н биед хүзүүний 6-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 38-39-р хуудаст/,

Мөрдөгчийн 3 дугаартай магадалгаагаар: “... Г овогтой Б нь 20-40 УБХ улсын дугаартай “Лексус-470” загварын тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн дүрмийн 12.1 “... жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Ц овогт А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнл жолоогоо шилжүүлэх гэснийг тус тус зөрчсөнөөс болж осол гарсан.” гэх магадалгаа /хх-н 47-48-р хуудаст/,

Шүүгдэгч Г.Б хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 58-66, 83-р хуудаст/,

Г.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 57-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэсэн болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Жавхлант 3 дугаар баг Оюутолгой уурхай явах сайжруулсан шороон замын 16 дахь километрт 20-40 УБХ улсын дугаартай “Лексус-470” загварын тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн дүрмийн 12.1 “... жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг  харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Мөн дүрмийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Ц.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Шүүгдэгч Г.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна. Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ. Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай мөрдөгчийн магадалгаа, /хх-ийн 47-48 дугаар хуудас/ драгер багажаар согтолтын зэрэг шалгасан байдлын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Шүүгдэгч Г.Б нь “Лексус-470” маркийн 20-40 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Ц.А эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаардана.

Мөн дээрх гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Хохирогч Ц.А биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13258 дугаартай “1. Ц.А биед хүзүүний 6-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 38-39-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор Ц.А хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. /хх-ийн 24-25 дугаар хуудас/

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирол төлбөрийн хувьд эд хөрөнгөд учирсан 5,740,000 төгрөгийн хохирлыг барагдуулчихвал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ.

Хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.236.227 /нэг сая хоёр зуун гучин зургаан мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангажээ.  

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ц.А эмчилгээний зардалд 1.237.000 /нэг сая хоёр зуун гучин долоон мянга/ төгрөг төлсөн тухай баримтыг шүүхэд ирүүлсэн байна. /хх-ийн 98 дугаар хуудас/

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар 2040 УБХ улсын дугаартай, LEXUS LX 470 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч А.Оюунбат болох нь тогтоогдож байна. /хх-ийн 80 дугаар хуудас/

А.Оюунбат болон Ц.А нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Лексус-470” маркийн 20-40 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг нотариатчаар гэрчлүүлэн байгуулсан байна. /хх-ийн 68-69 дүгээр хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 858 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангаар 20-40 УБХ улсын дугаартай “Лексус-470” загварын тээврийн хэрэгсэлд учирсан техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь 5,740,000 /таван сая долоон зуун дөчин мянга/ төгрөгөөр тогтоогджээ. /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Б 5.740.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Анхбаярт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Ц.А 5.740.000 төгрөгийн төлбөртэй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Ц.А зүгээс цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх зүйтэй байна.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Г.Б үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж  зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцуулахыг хүсэж байх боловч шүүгдэгчийн үйлдэлд тохиолдлын шинжтэй нөхцөл байдал байхгүй болно. Учир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт субъект урьдчилан мэдэх, тооцоолох боломжгүй гэнэт үүссэн гадны обьектив хүчин зүйлүүдийн нөлөөнд автаж гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно. 

Шүүгдэгч Г.Б нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 57 дугаар хуудас/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Б тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх, 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Б сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Г.Б 288989 дугаартай  B, C, CE, D, M ангилалтай жолоочийн үнэмлэх хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн шүүгдэгч Г.Б жолоочийн B, C, CE, D, M ангиллын 288989 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ... хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан байх тул шүүгдэгчид оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Б тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

4. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Г.Б 288989 дугаартай  B, C, CE, D, M ангилалтай жолоочийн үнэмлэх хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Ц.Анхбаярын эмчилгээний төлбөрт 1.237.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Г.Б нь хохирогч Ц.А 5.740.000 төгрөгийн төлбөртэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Б сануулсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн шүүгдэгч Г.Б жолоочийн B, C, CE, D, M ангиллын 288989 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Б 5,740,000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Анхбаярт олгосугай.

9. Хохирогч Ц.А нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

10.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАТМӨНХ