Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Б.Э

Шүүгдэгч:Э.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б овогт Б.Э, Б овогт Э.А нарт холбогдох 2029002090039 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн: 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, мандал-Овоогийн 31-29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Борх овогт Э.А /РД:УС88111411/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э, Э.А нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг арвин индусириал” ХХК-ийн хангамжийн агуулахаас 2020 оны 08-р сарын 28-ны өдөр “Caterpillar 773” маркийн өөрөө буулгагч механизмын 14 ширхэг инжекторыг хулгайлж, бусдад 12,936,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би А луу залгаад 500,000 төгрөг байна уу? гэж асуухад А одоохондоо мөнгө байхгүй байна. Эхнэр  хагалгаанд ороод эмнэлэгт хэвтэж таараад надад яаралтай мөнгө хэрэг болчхоод тэгээд яаж мөнгө олох уу? гээд А ярилцаад 14 ширхэг хуучин инжектор байгаа гэсэн. Тэгээд ярилцаж тохиролцоод зарахаар шийдсэн. Яаж уурхайгаас гаргах уу? гэж ярилцаад Түвшинбат гэх туслан гүйцэтгэх компанийн ажилтанд 14 ширхэг инжектор боож өгсөн. Тэгээд тэр уурхайн хашаанаас гаргасан. Маргааш нь надад 500,000 төгрөг дансаар орж ирсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: “2020 оны 8 сарын 27-ны өдөр Сүхээ залгаад мөнгөний асуудалтай байна. Мөнгө зээлэх үү? гэсэн. Тухайн үед мөнгө байгаагүй. Тэгээд хоёулаа мөнгө олох тухай ярилцаж байгаад 14 ширхэг хуучин инжекторийг зарахаар тохиролцоод би авдаг хүн байна уу? гэж судалж үзсэн. Зарын дагуу хайж үзээд Энхманлай гэх хүнтэй холбогдоход хүнээс асууж өгье гэж хэлээд надад 88014515 дугаарыг өгөөд холбогдоход авдаг юм уу? гэж асуухад авна үзэж харж байгаад болно гэсэн. Тухайн өдөр 3 дахь өдөр машин явдаггүй өдөр байсан. 9 өнгөрөөгөөд хаана уулзах уу? гэж асуухад Хан-Уул дүүргийн механик инженерийн сургуулийн хойд талын зогсоол дээр уулзаад тэр хүндээ үзүүлээд болно авна гээд өгсөн. Тухайн хүнд хулгайн эд зүйл гэж хэлээгүй. Харин ашиглахаа больсон зүйл байгаа юм гэж хэлээд 960,000 төгрөгөөр худалдаад дансаар мөнгийг нь шилжүүлнэ гээд эхнэрийнхээ дансыг өгсөн. Эхнэртээ энэ тухай хэлээгүй. Нийт 960,000 төгрөг дансаар шилжүүлж аваад 500,000 төгрөгийг нь Сүхээ рүү шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь өөртөө авч үлдээд хувьдаа ашигласан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Компаниасаа уучлалт гуйсан. Хохирлоо төлж барагдуулсан” гэв.

Хохирогч Ц.Алтанхуягийн: “... Манай “Хишиг арвин индусириал” ХХК-иас 2020 оны 09-р сарын 03-ны өдөр ажлын хэсэг гарч эд аж ахуйн тооллого хийхэд хангамжийн агуулахаас “Caterpillar 773” маркийн өөрөө буулгагч механизмын 14 ширхэг инжектор алга болсон нь тогтоогдсон.” гэх мэдүүлэг /хх-н 49-р хуудаст/,

Гэрч Б.Түвшинбатын: “... 2020 оны 08-р сарын 28-ны өдөр байхаа сайн санахгүй байна Э.А, Улаанбаатар хотоос над руу утсаар яриад “хот руу сэлбэг яаралтай явуулах гэсэн юм, та агуулах дээр очоод Э уулзаад сэлбэг аваад хот руу явах унаанд дайгаад өгөөч Э мэдэж байгаа та очоод уулзчих” гэсэн. Тэгээд би 2020 оны 08-р сарын 29-ний өдөр агуулахын байран дээр очоод Э уулзахад цаасан хайрцгийг скочоор ороосон 2 хайрцаг /яг хэмжээг нь сайн мэдэхгүй байна нүдний баримжаагаар харахад 20х30х15 см орчим хэмжээтэй байсан 2 хайрцаг байсан гэх/ надад өгсөн. Тэгээд би Э “энэ хайрцагтай эд зүйл юу юм, ямар хүнд юм бэ” гэж асуутал Э надад юм хэлээгүй /магадгүй намайг асуухад сонсоогүй байж магад гэх/ тэр 2 хайрцгийг өгчхөөд явсан. Би тэр 2 хайрцгийг Э гэх хүнээс аваад Өмнөговь аймгийн Цогтцэций сум дээр очоод хот руу явах шууданд дайгаад явуулсан.” гэх мэдүүлэг /хх-н 56-р хуудаст/,

Гэрч Д.Энх-Амарын: “... миний төрсөн ах Энхманлай над руу залгаад нэг утасны дугаар өгсөн /тухайн дугаарыг санахгүй байна гэх/ энэ дугаар луу залгаад 14 ширхэг инжектор зарах уу гэж асуугаад зарна гэвэл очоод авчих гэхээр нь би тухайн дугаар луу нь өөрийнхөө 88014515 гэсэн дугаарын утсаар яриад “механик инженерийн сургуулийн хажууд хүрээд ир үзэж хараад авъя” гээд дуудсан тэгээд орой 22-23 цагийн үед инжектор зарах хүн ирээд тухайн инжекторыг ярьж тохироод худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хх-н 57-58-р хуудаст/,

Э.А гэрчээр өгсөн: “... би 2020 оны 08-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод байхад хамт ажилдаг байсан хангамжийн сэлбэгийн нярав Эрдэнэсүх гэх залуу над руу залгаад мөнгө байна уу? эхнэр хагалгаанд орох гээд мөнгөний хэрэг байна гэж асуусан. Тэгэхээр нь надад мөнгө байхгүй байна гэж хэлээд Э бид 2 хоорондоо мөнгө олох талаар ярилцаж байгаад компанийн хуучин сэлбэгийн агуулахаас ажиллахгүй байгаа инжектор гаргаж зарахаар ярилцаж тохиролцсон. Тэгээд би хуучин инжектор авдаг газар хайж зар дээрээс үзэж байгаад нэг хүний дугаар олоод залгахад хуучин инжектор худалдаж авна нэг ширхгийг нь 60,000 төгрөгөөр авдаг гэж хэлсэн. Тэгээд Э хэлэхэд агуулахаас 14 ширхэг инжектор гаргаж бэлдээд замын унаанд хийгээд над руу явуулсан. Би тухайн инжекторыг Улаанбаатар хотод шуудангийн автобусаар ирэхэд нь тосож аваад машин дотроо байлгаж байгаад 88014515 гэсэн дугаарын утас руу залгаж 2020 оны 08-р сарын 29-ний орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн механик инженерийн сургуулийн ард талын зогсоол дээр уулзахад туранхай, өндөр бор залуу байсан. Тухайн залууг танихгүй тэгээд би ийм инжекторууд байгаа гээд үзүүлсэн тэгтэл тэр залуу за за гэж хэлээд машиндаа ачсан тухайн үед би тэр залууд хулгайн эд зүйлгэж огт хэлээгүй зарсан. 14 ширхэг инжектороо 960,000 төгрөгөөр зараад мөнгийг нь эхнэр Болорцэцэгийн 5925283527 гэсэн данс руу авсан. 500,000 төгрөгийг нь Э өгсөн. Эхнэр Болорцэцэг энэ талаар огт мэдээгүй би дансыг нь мэддэг болохоор тухайн үед инжекторын мөнгийг хийлгэсэн юм.” гэх мэдүүлэг /хх-н 60-р хуудаст/,

Б.Э гэрчээр өгсөн: “... би 2020 оны 08-р сарын 27-ны өдөр А  луу залгаж мөнгө байна уу? байвал түр зээлээч гэж асуусан тэгэхэд мөнгө байхгүй гэхээр нь яаж мөнгө олох уу? гэж хоорондоо ярилцаж байгаад компаниас хуучин сэлбэгээс нь инжектор хулгайлж гарган зарж мөнгө олъё хэмээн шийдэлд хүрсэн. Тэгээд би компанийн хангамжийн агуулахаас 14 ширхэг инжекторыг 2 хувааж скочоор ороож байгаад манай компанийн туслан гүйцэтгэгч “Замайн” ХХК-ийн ажилтан засварчин Түвшинбатын хариуцдаг  машинд нөгөө инжекторуудаа хийж компанийн хашаанаас гаргасан. Тэгээд Түвшинбат Улаанбаатар хот руу шуудангийн автобусанд инжектор хийгээд А тосож хүлээж аван зарж борлуулсан.” гэх мэдүүлэг /хх-н 66-р хуудаст/,

Хөрөнгө үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 09-р сарын 18-ны өдрийн №728 дугаартай “14 ширхэг инжекторын зах зээлийн үнэ 12,936,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-н 70-р хуудаст/,

Шүүгдэгч Б.Э хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 35-42, 90, 92-93, 95-96, 105, 107107-110, 114 -р хуудаст/,

Б.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 100-р  хуудаст/,

Б.Э арван хурууны дардас /хх-н 115-р хуудаст/,

Шүүгдэгч Э.А хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 28-33, 91, 94, 97-98, 101-104, 111-113, 116 -р хуудаст/,

Э.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 99-р  хуудаст/,

Э.А арван хурууны дардас /хх-н 117-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э, Э.А нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Э, Э.А нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг арвин индустриал” ХХК-ийн хангамжийн агуулахаас 2020 оны 08-р сарын 28-ны өдөр caterpillar 773 маркийн өөрөө буулгагч механизмын 14 ширхэг инжекторыг хулгайлж, бусдад 12,936,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд “Хишиг арвин индусириал” ХХК-ийн “Caterpillar 773” маркийн өөрөө буулгагч механизмын 14 ширхэг инжекторыг хулгайлж,  тус компанийн эд хөрөнгөнд хохирол учирсан нь шүүгдэгч Б.Э, Э.А нарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхэнд халдаж эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Шүүгдэгч Б,Э., Э.А нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Э, Э.А нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 728 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтээр catpiller 773 машины 14 ширхэг инжекторын нийт үнэлгээг 12.936.000 төгрөгөөр тогтоосон байна. /хх-ийн 70 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Э, Э.А нар нь “Хишиг арвин индустриал” ХХК-д хохирол, хор уршигт 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 121 дүгээр хуудас/

 “Хишиг арвин индустриал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батхишигийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/198 тоот албан бичигт “... Б.Э, Э.А нар нь манай компанид учирсан нийт хохирол болох 12,936,000 төгрөгийг өөрсдийн цалингаас 7.440.403 төгрөгийг суутгуулан төлж, дансаар 5,495,597 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болно. гэжээ. /хх-н 118 дугаар хуудас/ Шүүгдэгч нар нь “Хишиг арвин индустриал” ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь албан бичиг болон мөнгөн шилжүүлгийн баримтуудаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байна.

Хохирогч Ц.Алтанхуягаас 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр прокурорын байгууллагад гаргасан хүсэлтдээ “... холбогдогч нарыг олж тогтоон байгууллагыг хохиролгүй болгосон тул хэргийн материалтай танилцах шаардлагагүй, шүүх хуралд оролцох шаардлагагүй тул харгалзан үзэж хэргийг хялбар журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. /хх-ийн 131 дүгээр хуудас/

Иймд шүүгдэгч Б.Э, Э.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

 

Шүүгдэгч Б.Э, Э.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.Э, Э.А нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон тэдний хувийн байдал, прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э, Э.А нар нь урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 99, 100 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Э, Э.А нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хулгайлсан эд зүйлийг хохирогчид нөхөн төлсөн, өөрсдийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул тэдний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Э.А нарыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Э.А нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Э, Э.А нарт сануулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э, Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь хохирогчид 12.936,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Э, Э.А нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Алтанхуяг нь  байгууллагыг хохиролгүй болгосон талаарх хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Э.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Э, Б овогт Э.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Э, Б овогт Э.А нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Э.А нарыг  тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

4. Шүүгдэгч Б.Э, Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь хохирогчид 12.936,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Э, Э.А нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Алтанхуяг нь  байгууллагыг хохиролгүй болгосон талаарх хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Э, Э.А нарт сануулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Э.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ