Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 00458

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1965 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 25-12 тоотод оршин суух, РТ65010868 дугаар регистртэй, Боржигон овогт Жамбалдоржийн Нарангэрэлийн

Талийгаач нөхөр Б.Төмөрсүхийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2017/00352/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Ж.Нарангэрэл нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Нарангэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаач нөхөр Б.Төмөрсүхтэй 1988 онд гэр бүл болж байсан. Бид хамт амьдарч байхдаа 7 хүүхэд төрүүлж өсгөсөн ба одоо хамгийн бага 2 хүүхэд маань дунд сургуульд суралцдаг. Нөхөр маань 2016 оны 10 сард нас барсан. Тухайн үед би даралт харваж бие муудсан болохоор саяхан хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах талаар хөөцөлдөхөд шүүхээр талийгаач нөхөр Б.Төмөрсүхийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэсэн хариу өгсөн. Манай талийгаач нөхөр Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Булнайн амралтанд 1988 оны 06 сард малчнаар ажилд ороод 1997 оны 10 сар хүртэл хугацаанд үхэрчнээр тасралтгүй ажиллаж байсан. Би мөн хамт мал маллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр авсан боловч алга болгосон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна. 1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлөх ёстой ч төлөгдөөгүй байсныг сая мэдлээ. Тухайн үед хувьчлал болно гээд цалин хөлсөө өгөхгүй, бид цалингүй ажиллаж байгаад Булнайн амралтын газар нь 1997 онд хувьчлагдаж байсан юм.

Иймд миний талийгаач нөхөр Б.Төмөрсүхийн Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Булнайн амралтанд 1988 оны 06 сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Нарангэрэл нь талийгаач нөхөр Б.Төмөрсүхийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх хүсэлтийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талийгаач Б.Төмөрсүх, Ж.Нарангэрэл нар гэр бүл болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Монгол Улсын иргэн РТ64062472, нөхрийн овог Зэлмэ, эцгийн нэр: Банзадноров, нэр Төмөрсүх, Монгол Улсын иргэн рт65010868, эхнэрийн овог Боржигон, эцгийн нэр Жамбалдорж, нэр Нарангэрэл нарын 1988/05/12-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 02-рт 1989/02/13 өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа” гэх бичилттэй 00/002002 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч А.Даваабаярын “...Б.Төмөрсүх 60 орчим тооны үхэр маллаж, эхнэр Нарангэрэл нь саальчин хийж байсан...” гэх мэдүүлэг, гэрч И.Төртогтохын “...Б.Төмөрсүх нь үхэрчин, малчнаар ажиллаж байсан. Эхнэр нь саальчнаар ажилладаг, гэр бүлээрээ л ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр  нотлогдож байна.

Б.Төмөрсүх 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын иргэн РТ64062472, Зэлмэ овогт Банзадноровын Төмөрсүх 2016/10/01-нд нас барсныг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2016/10/07-ны өдрийн 6761000020-рт бүртгүүлсэн нас барсны бүртгэл байгаа” гэх бичилттэй нас барсны бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.       

Б.Төмөрсүх Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Булнайн амралтанд 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Ж.Нарангэрэлийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “1. Булнайн амралтын үхэрчнээр Балзадноровын Төмөрсүхийг 6-р сарын 01-нээс...тус тус томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажилчдыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” №85 дугаартай тушаалын хуулбар, 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “1. Малчид ногоочдын 1989 оны ээлжийн амралтыг 1-р хавсралтаар, бусад ажилчид албан хаагчдынхыг 2 дугаар хавсралтаар баталсугай...” гэх бичилттэй “Ээлжийн амралт олгох тухай” №113 дугаартай тушаалын хуулбар болон тус тушаалын “Булнайн амралт: ...30. Б.Төмөрсүх” гэх бичилттэй хавсралтын хуулбар, 1991 онд Б.Төмөрсүхийн “Булнайн амралтын газрын 3 үхэрчин, 2 саальчин нарын хамт” авахуулсан гэрэл зураг, 1994 оны 10 сард “Булнайн амралтын ажилчид намрын бэлтгэл ажилд гарах гэж байхдаа” авахуулсан гэрэл зураг, гэрч А.Даваабаярын “...Б.Төмөрсүх нь Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Чандмань-Өндөр суманд байрлах Булнайн амралтад 1988 оны 11 сараас 1995 он хүртэл хугацаанд үхэрчин, малчнаар ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан. Амралтын газрын үхэр малладаг байсан... Бид хамт ажиллаж байсан учир сайн мэдэх юм... би тус Нэгдэл дундын үйлдвэрийн Булнайн амралтад малчин хийж байсан. 1981 оноос 1995 он хүртэл мөн үхэр маллаж байсан. Манай эхнэр саальчин хийж байсан...” гэх мэдүүлэг, гэрч И.Төртогтохын “...Б.Төмөрсүх нь Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн салбар Чандмань-Өндөр суманд байрлах Булнайн амралтад 1988 оны 11 сараас 1995 он хүртэл хугацаанд үхэрчин, малчнаар... тасралтгүй ажиллаж байсан. Амралтын газар нь 3 үхэрчинтэй, 9-10 саальчинтай байсан. Тэр 3 үхэрчний нэг нь Төмөрсүх юм... Би Нэгдэл дундын үйлдвэрийн Булнайн амралтад 1985 оноос жолоочоор ажиллаж байсан. ЗИЛ-131 машин барьдаг, аж ахуйн материал зөөх, амралтын хүмүүс зөөх гээд техник хөдлөх бүх ажилд оролцож байсан. 1995 он хүртэл ажиллаад тэгээд тарсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.  

Харин Б.Төмөрсүх Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Булнайн амралтанд 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай  хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь гэрч А.Даваабаяр, И.Төртогтох нарын “...Б.Төмөрсүх нь 1995 он хүртэлх хугацаанд үхэрчин, малчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, түүний  1996-1997 онуудад ажиллаж байсан талаар нотлох баримт байхгүй зэргээс дүгнэхэд Б.Төмөрсүх дээрх хугацаанд ажиллаж байсан талаар нотлогдохгүй байна.

Иймд талийгаач Б.Төмөрсүхийн Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Булнайн амралтанд 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б.Төмөрсүхийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Тус аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оноос хойшхи онуудын тушаал байхгүй бөгөөд 1989-1991 оны тушаалд Б.Төмөрсүхийг ажлаас чөлөөлсөн тушаал, мөн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн цэс тус тус байхгүй тул холбогдох лавлагаа, цалингийн тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/155 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэлээ.

 Ж.Нарангэрэл нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагад  улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар талийгаач Зэлмэ овогт Банзадноровын Төмөрсүхийн Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Булнайн амралтанд 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Булнайн амралтанд 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА