Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 00415

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 05-02 тоотод оршин суух, ТВ74071076 дугаар регистртэй, эрэгтэй, Харидал овогт Банзрагчийн Сэргэлэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид холбогдох

Нассосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2017/00287/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Сэргэлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дулааны станцад анх нассосны машинчаар орсон бөгөөд үүрэгт ажлаа алдаа зөрчилгүй, ажил таслахгүй сайн хийж ирсэн боловч 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үед хэсэг ажилчдын хамт захирал Б.Мөнхсайхан өрөөндөө дуудаж групп авдаг учраас ажлаас чөлөөлөх тухай бидэнд хэлсэн. Энэ тухай Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Баярдалайтай уулзаж асуухад ийм шалтгаанаар халахгүй, бид байгууллагын захиргаатай ярина, шаардлагатай бол хэлэлцээ байгуулна гэсэн. Гэвч 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас халагдах мэдэгдэл өгч 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халж байгаа тухай мэдэгдсэн. Байгууллагын захиргаа бүтэн орон тоог цөөрүүлэхдээ групп авдаг, хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үндэслэл барьж ажлаас чөлөөлж байгаа нь буруу тул нассосны машинчийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Мөнхсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар Б.Сэргэлэнг ажлаас чөлөөлсөн юм. Б.Сэргэлэнд №05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай “албан мэдэгдэл”-ийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө хүлээлгэн өгсөн болно. Эрчим хүчний яам, компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу 7 дугаар дулаан дамжуулах төв дээр техникийн өөрчлөлт шинэчлэл хийгдэж үүнтэй холбогдуулан орон тоог цөөрүүлэх тухай мэдэгдэл хүргүүлэн зохих тэтгэмжийг өгч ажлаас нь чөлөөлсөн учир ажил олгогчийн зүгээс хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Сэргэлэн шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: Б.Сэргэлэн миний бие тус шүүхэд “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авна уу. Би нэхэмжлэлээсээ татгалзснаар дахин тус асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно гэдгийг ойлгож байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Сэргэлэн нь “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан нассосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Зохигчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан нассосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Б.Сэргэлэнгийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ОТГОНБЯМБА