Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 0101

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Хас” банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангиртын бригадад газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг “ТКТ” ХХК-ийн захирал Боржигон овогт Гомбын Төмөрбаатар/Рд: ТА /, Хэрэйд овогт Дэжхүүгийн Гантулга/Рд: ТИ-/ нарт холбогдох банкны зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10.993.205 төгрөг гаргуулах   тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Марта, хариуцагч Г.Төмөрбаатар, Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Цэнд-Аюуш нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Марта шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Гомбо овогтой Төмөрбаатар нь тус банкнаас 2016 оны 04-р сарын 13-ны өдөр 1340010501 тоот гэрээгээр 10.000.000 төгрөг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 2.05 хувийн хүүтэй зээлэн авсан.

Зээлдэгч Г.Төмөрбаатар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн  төлөх хуваарийг зөрчин зээлийн төлөх хуваарийг хэтрүүлэн 2016 оны 09-р сарын 23-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй хугацаа хэтрэн зээл хэвийн бус ангилалд шилжсэн байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж зээлдэгчид утсаар мэдэгдэж биеэр уулзан зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй зээлийн төлөх санаачилга гаргахгүй байна. Иймд зээлдэгч Г.Төмөрбаатарын 1340010501 тоот зээлийн гэрээний төлвөл зохих зээлийн төлбөр нь нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2017 оны 02-р сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь  10.000.000 төгрөг, хүү 9586520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34684.94 төгрөг, нийт 10.993.205 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Марта шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.Төмөрбаатар, Д.Гантулга нар нь Хас банкны Хөтөл тооцооны төвөөс 2016 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр 10.000.000 төгрөгийг  ургацын зээлийн зориулалтаар 01 жилийн хугацаатай сарын 2 хувийн хүүүтэй зээл байгаа. Зээл авснаас хойш 2016 оны 06 дугаар сарын 21, 08 дугаар сарын 15, 09 дүгээр сарын 12 гээд 3 удаа хүүгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш хуваарийн дагуу зээлийн төлөлт хийгдээгүй. Тухайн үед манай эдийн засагчтай зээлийн гэрээ байгуулаад энэ 2 хүн нь хамт байлцаж гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуран зээлээ авсан. Энэ зээл нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул нэг талын санаачлагаар цуцалж зээлийн гэрээний  үүрэгт 10.993.205 төгрөгийг төлүүлж өгнө үү.  Гантулгын хувьд 5.500.000 төгрөгийн сарын 2 хувь нь 110.000 төгрөг болж байна. 2016 оны 04 дүгээр сарын 13-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр хүртэл жилд 365 хоногоор бодож үзэхэд 6.820.000 төгрөг болж байна. Үлдсэн 4.173.300 төгрөгийг Төмөрбаатар төлөх юм байна. Тохиролцсон хугацаанд 2017 оны 07-р сарын эхээр төлөхийг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Д.Гантулга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 6.820.000 төгрөг төлнө. Хамгийн гол нь цаг хугацааны асуудал байна. Тариа будаа ургаад ирэхээр хүмүүс урьдчилгаа зээл өгдөг. Тэр үеэр төлнө гэвэл 08 дугаар сарын эхээр өгөх боломжтой байна.

Хариуцагч Г.Төмөрбаатар шүүх хурадаан дээр гаргасан тайлбартаа: Би 4.173.300 төгрөг төлөхийг  хүлээн зөвшөөрч байна. 08 дугаар сарын эхээр өгөх боломжтой байна  гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдааны явцад Хас банкны нэхэмжилсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10.993.205 төгрөгийг хариуцагч Д.Гантулга  нь 6.820.000 төгрөг, Г.Төмөрбаатар нь 4.173.300   төгрөгийг төлөхийг  тус тус хүлээн  зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар  Хас банкны  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190842 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гантулгаас 47711төгрөг ,Г.Төмөрбаатараас 47711 төгрөг тус тус  улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан Хас банкинд олгож, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцагчид хуваан хариуцуулсан болно.    

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д.Гантулга  нь 6.820.000 төгрөг, хариуцагч Г.Төмөрбаатар нь 4.173.300 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн  зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар “Хас” банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190842 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гантулгаас 47711төгрөг ,Г.Төмөрбаатараас 47711 төгрөг тус тус  улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан Хас банкинд  олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.САРАНТУЯА