Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/32

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Нямзаяа,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч О.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт О-ийн Жд холбогдох эрүүгийн 2117000000037 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 19-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, Найрамдал хотхоны ............ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт О-ийн Ж РД:/............./

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч О.Ж нь 2021 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтуугаар Сүмбэр сумын 3 дугаар баг, 8 дугаар байрны 1-3 тоот гэртээ эхнэр Э.Дыг нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлрүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Ж нь 2021 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтуугаар Сүмбэр сумын 3 дугаар баг, 8 дугаар байрны 1-3 тоот гэртээ эхнэр Э.Дыг нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлрүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  1. Шүүгдэгч О.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сард өдрийг нь санахгүй байна 2 найзын хамт Чойр уул явчихаад нилээн орой Сүмбэр сумын 3 дугаар баг 8-1-3 тоотод байх гэртээ очсон. Тэгээд хаалгаа нилээн удаан тогшоод гадаа зогсож байтал том охин Эгшиглэн хаалгаа нээхээр нь 1 удаа алгадаж, куртикээрээ шавхардсан. Тэгсэн эхнэр Э.Д цагдаа дуудахаар нь би 1 удаа өшиглөчихөөд гэрээсээ гарч явсан.  Өмнө нь охиндоо огт гар хүрч байгаагүй. Эхнэр Э.Д бид 2 маргалдсаны улмаас ганц нэг түлхсэн, цохисон зүйл байгаа тэрнээс гэмтэл учиртал зодож байсан зүйл байхгүй. 2020 оны 07 дугаар сард Дундговь аймгийн Цагаандэлгэр сум явах замдаа эхнэр Э.Дтай маргалдаад гараараа нүүрэн тус газар нь цохиход хамарлуу нь цохиж таарсан. Түүнээс хойш сая 02 дугаар сард Сүмбэр сум 3 дугаар баг 8-1-3 тоотод байх гэртээ 1 удаа өшиглөсөн. Цохисон эсэхийг санахгүй байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 75-76-р тал/

 

  1. Хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн

мэдүүлэгтээ: 2021 оны 02 дугаар сарын 21-ний өглөө манай нөхөр Ж нь 06 цагийн үед гэрээсээ гарч яваад ямар ч холбоогүй алга болчихсон. Би 18 цагийн үед гэрээсээ хог хаях гэж гараад найзынх нь эхнэртэй таараад Ж нар уул яваад ирсэн юм болов уу гэж асуухад ирсэн гэсэн. Тэгээд байж байтал манай нөхрийн найз нь эхнэрээ байгаа газраа хүрээд ир гээд утсаар ярихаар нь бид 2 цуг Сүмбэр сумын 2-р баг Сүмбэрийн эгнээнд айлд очсон. Тухайн үед тэнд Ж байгүй байсан. Тэгтэл 2 найз нь Жг дуудчихлаа гэж хэлээд удалгүй манай нөхөр хүрээд ирсэн. Манай нөхрийн найзууд Хонхор орж хонохоор болоод Ж 2 найзын хамт 8-р байрны урд талаасаа 2 дахь орцонд айлд орсон. Харин би нөхрийнхөө найзын эхнэртээ хамт өөрийнхөө гэрт очоод бууз жигнээд Ж нар дээр очсон. Тэндээс шөнө 01 цагийн орчимд Ж бид 2 гэртээ харьсан. Тухайн үед манай 2 хүүхэд хаалгаа нилээн нүдүүлж байгаад нээтэл Ж охин Эгшиглэнгийн толгойруу гараараа цохиж, өшиглөөд куртикээрээ шавхардсан. Би боль яаж байгаа юм бэ гэж хэлээд цагдаа дуудсан. Тэгтэл Ж миний баруун талын шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон. Зүүн хөлийн хонгоны доод хэсэгт өшиглөхөөр нь би зугтаагаад гараад явсан...Намайг 2012, 2015, 2016, 2018 онуудад зодож байсан. 2019 оны 08 сард машины цонх хагалаад намайг зодож байсан. 2020 оны 07 дугаар сард Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд надтай маргаж байгаад миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Тухайн үед хамарнаас цус гарч байсан. Одоо надад Жд холбогдуулж гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 15-16-р  тал/,

 

  1. Насанд хүрээгүй гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад

мэдүүлэхдээ: 2021 оны 02 дугаар сарын 21-ний шөнө гэртээ унтаж байтал түр тар гэх чимээ гарахаар нь сэрээд хөшгөө сөхөхөд манай аав Ж цонх нүдээд зогсож байсан. Гал тогоонд утас дуугарч байхаар нь хартал аав байсан. Тэгээд хаалга тавьж өгчихөөд ороо засаад зогсож байтал аав муухай орилоод чи яадаг хар мал вэ гээд толгойн ар хэсэгт гараараа 1 удаа цохиод гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд куртикээрээ шавхардсан. Тэгтэл ээж ингэж болохгүй цагдаа дуудлаа гээд цагдаатай утсаар ярьж байтал түлхээд цохисон билүү өшиглөсөн билүү сайн санахгүй байна тэгээд гараад явчихсан. Дараа нь нэг их удалгүй аав цонх нүдээд байхаар нь гэртээ оруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

 

  1. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад

мэдүүлэхдээ: Тухайн өдөр Сүмбэр сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал 2021 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн үед 8 дугаар байрны 1-3 тоотод нөхөр нь агсан тавиад байна гэсэн дуудлагын дагуу очиход агсан тавьсан гэх залуу гараад явчихсан байсан. Дуудлага өгсөн эмэгтэй намайг манай нөхөр цохисон, хүүхдээ зодох гэж дайраад гэж байсан. Мөн өмнө нь иймэрхүү байдал гаргаж байсан гэсэн. Би тэр эмэгтэйд хандаж нөхөр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг бол цагдаагийн байгууллагад хандаж хуулийн дагуу арга хэмжээ авахуулсан нь дээр, удаа дараа зодоод чимээгүй өнгөрөөгөөд байвал таны бие махбодид ямар хохирол учрахыг урьдчилан хэлэх боломжгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,

 

  1. Гэрч Э.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад

мэдүүлэхдээ: Э.Д нь Говьсүмбэр аймгийн татварын хэлтэст 2019 оны хавар ажилд ороод эдийн засагчаар ажиллаж байгаад 10 билүү 11 сард гарсан санагдаж байна. 2019 оны 08 сард манай ажлынхан гарцгаагаад би Дын машиныг гуйж аваад өглөө өгөхөөр болсон тэгсэн нөхөр нь хардаад уурлаад байсан. Маргааш нь машиныг нь Дад өгсөн тэгсэн нөхөр болох Жамъяансүрэн нь надруу залгаад уурлахаар нь би ажил дээр ирээд уулз гэж хэлсэн. Тэгсэн удалгүй ажил дээр ирээд надтай уулзсан. Тэгэхээр нь би чи чинь яагаад уурлаад байгаа юм, юу болсон юм гэсэн чинь чи яасан их даварч байнаа, миний машиныг авч явлаа гэж уурлаад цаашаа очоод Дыг машинаа цэвэрлэж байсан чинь толгойруу нь цохисон, тэгснээ чулуу аваад машиныхаа цонхыг хагалсан. Түүнээс хойш ажил дээр ирээд Дтай ажил дээрээ илүү цагаар ажиллалаа гээд маргалдаж байсан санагдаж байна. Тэгээд л удалгүй Д ажлаасаа гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,

 

  1. Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:

Д Говьсүмбэр аймгийн татварын хэлтэст 2019 оны 06 сард ажилд ороод удалгүй гарчихсан. 2019 оны 08 дугаар сард ажил дээрээ байж байгаад цонхоор хартал Д болон түүний нөхөр гадаа байсан. Тухайн үед Ж нь машиныхаа цонхыг хагалаад цаашаа явж байгаа харагдсан. Дыг зодож байхыг нь хараагүй тухайн үед Шинээ ах нөхөр нь ирээд уурлаад машиныхаа цонхыг хагалаад явлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,

 

  1. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:

Э.Д нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нөхөр болох Жд зодуулсан талаар Дын ах болох Э.М дуудлага өгч байсан. Уг дуудлаганд очих үед Э.Д нь Говьсүмбэр аймгаас гараад хөдөө гэрлүүгээ явж байх замдаа машин дотор нөхөр Жтэй банкны мөнгөнөөс болоод муудалцсан. Муудалцах үед манай нөхөр нүүрлүү цохисны улмаас нүд хамар хөхөрсөн гэж хэлж байсан. Тухайн үед Дыг эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд хамар гадна талаасаа хугарч гэмтсэн талаар мэдэгдэхгүй байх тул зургаа аймгийн төвд авахуулах шаардлагатай гэж байсан. Тухайн үед Д нь уг дуудлагыг би өгөөгүй манай ах Мөнхзаяа дуудлага өгсөн байсан. Би энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй, ямар нэгэн гомдол санал байхгүй, шалгуулахгүй угаасаа би энэ хүнээс салах гэж байгаа, урьд нь бас гар хүрч байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,

 

  1. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:

Ж  Д нар гэр бүл болоод 10-аад жил болж байгаа. Би Жтэй багаасаа найзалсан. Энэ хоёрын хоорндын харилцаа гайгүй байдаг. Муудлаа маргалдлаа гэж би сонсож байгаагүй. Э.Д нь 2020 онд шиг санаж байна Жтэй муудлаа гэж нэг удаа ярьж байсан тэрнээс зодсон талаар хэлж байгаагүй. О.Ж нь 1987 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, айлын ганц хүү. Сүмбэр сумын 2-р сургуульд суралцаж байсан. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Сүмбэр сумын 3 дугаар баг, 8-1-3 тоотод эхнэр Д, охин Ж.Э, Ж.Э нарын хамт амьдардаг. Зан байдлын хувьд төлөв даруу, хүнтэй зөв боловсон харилцаатай, янз бүрийн ааш байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/,

 

     9. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаартай дүгнэлтэд:

- Э.Дын биед баруун хацарт зулгаралт, зүүн гуянд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.  

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 58-р тал/

 

10.  Шүүгдэгч О.Жгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

/хх-ийн 84 дүгээр хуудас/

 

11. Аюулын зэргийн үнэлгээний маягт, амбулториор эмчлүүлэгсэдийн

картын хуулбар /хх-ийн 78-80, 95-98-р тал/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Д, гэрч Э.Ш, Б.С, Н.М, Б.А, М.Б, насанд хүрээгүй гэрч Ж.Э нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №92 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу  шүүгдэгч О.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Шүүгдэгч О.Ж нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р тал/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 2117000000037 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй байна. Хохирогч Э.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Одгэрэлийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч О.Ж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Жд урьд авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.АРИУНЖАРГАЛ