Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1180

 

 

Б.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/01126 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч З.Ариунзаяад холбогдох,

 

2 420 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Энхцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Ариунзаяатай 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч З.Ариунзаяа нь зээлийн төлбөрөө төлөөгүй.

Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож, 22 хоногийн алданги 220 000 төгрөг, үндсэн зээл 2 000 000 төгрөг, түүний хүү болох 200 000 төгрөгийн хамт нийт 2 420 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлээ өгөхдөө 1 сарын хүүгээ суутгаад 1 800 000 төгрөг бэлнээр өгсөн.

З.Ариунзаяа нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлбөрөө төлөөгүй тул дахин 1 сарын хүү тооцоод мөн гэрээний хугацаа дууссан тул алданги тооцсон гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулсан талаар маргахгүй. Зээлийн хүүг суутгаад 1 800 000 төгрөг өгсөн. Хариуцагч нь 180 000 төгрөгийг бэлнээр буцаан төлсөн. Гэхдээ баримт байхгүй. Иймд 1 620 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З.Ариунзаяагаас 2 220 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч З.Ариунзаяа нь 2016 оны 12 дугаар сард иргэн Б.Энхцэцэгээс 2 000 000 төгрөг зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Гэвч тухайн үед Б.Энхцэцэг нь хариуцагчид 2 000 000 төгрөгийг бүрэн шилжүүлээгүй бөгөөд 1 800 000 төгрөг өгсөн.

Иргэний хуульд зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ 1 800 000 төгрөгөөс бус 2 000 000 төгрөгөөс хүү, алданги тооцон 2 220 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймээс алданги болон хүүг 1 800 000 төгрөгөөс тооцох ёстой тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь хариуцагч З.Ариунзаяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 420 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчидын хооронд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, зээлийн гэрээгээр хариуцагч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөхөөр тохиролцсон талаар маргаангүй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх зөв дүгнэжээ.

 

            Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь Хас банкны өөрийн нэр дээрх данснаас 2 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж хариуцагч З.Ариунзаяад 2 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн боловч тухайн өдрөө хариуцагч зээлийн хүү гэж 200 000 төгрөгийг буцаан өгсөн, нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч байх тул З.Ариунзаяа нь 200 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу ашигласан гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийн шилжүүлэн өгсөн хэмжээнд буюу 1 800 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.

 

Зээлийн гэрээгээр талууд зээлийн хүү, алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дууссан, гэрээг бичгээр сунгаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацаанд хүү тооцох эрхгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

            Хариуцагч З.Ариунзаяа нь зээлийн хүүд 180 000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзал, тайлбараа нотлоогүй.

 

            Иймд хариуцагч үндсэн зээлд 1 800 000 төгрөг, 1 сарын хүүд 180 000 төгрөг, 22 хоногийн хугацааны алданги 217 800 төгрөг /1.800.000+180.000*0.5%*22 хоног/ нийт 2 197 800 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/01126 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “2 220 000” гэснийг “2 197 800” гэж, “200 000” гэснийг “222 200” гэж ,

2 дахь заалтын “50 150” гэснийг “50 115” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА