Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0742

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Ч-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Ч.Ч,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/161 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”,

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 114/ШШ2022/0013 шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ч.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,

Хэргийн индекс: 114/2021/0011/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 114/ШШ2022/0013 шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ч-н нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01-А/161 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

2.2.Нэхэмжлэгчийн зүгээс Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" 01-А/161 дугаар захирамжийг дараах 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнд :

Газрыг 2 жил дараалан огт ашиглаагүй бус өнгөрсөн хугацаанд тус газар дээр орон сууцны барилга барих ажлын хүрээнд барилгын эскиз болон ажлын зураг төслийг зуруулж холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөл авч тус газар дээр баригдах барилгын бичиг цаас, зөвшөөрлийн ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийж ирсэн нь газрыг ашигласанд тооцогдох ёстой тухай.

Ч.Ч өөрийн болон өөрийн төрсөн эхийн эрүүл мэндийн шалтгааны улмаас 2019-2021 онуудад хагалгаанд орж, хүнд өвчтэй эхийгээ өөрөө асардаг мөн 2019-2021 оныг дуустал дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хязгаарлалтын дэглэм тогтоож, хил гааль хааж, барилгын ажлыг хэсэгчлэн зогсоож, ачаа бараа тээврийн ажил зам хаасантай холбоотой гацсан зэрэг хэн бүхэнд илэрхий нөхцөл байдлын улмаас барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тухай.

2.3.Дээрх 2 үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж тус нөхцөл байдлуудыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт эдгээр баримтуудыг хэрхэн үнэлсэн тодорхойгүй, ямар үндэслэлээр үнэлээгүй болохоо ч дурдаагүй байна. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт газар эзэмшигчийн өөрийнх нь хүсэл зоригоос ангид үүссэн нөхцөл байдлыг ойлгодог.

Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдох 3 үйл баримт байгаа болохыг шүүхэд нотолсон байдаг.

2018 оноос биед өвчний шинж тэмдэг илэрч 2019 оны 02 дугаар сард Ч.Ч нь тодорхой оноштойгоор мэс засалд орж 2021 оныг хүртэл гам барих эмчийн зөвлөгөөний дагуу барилгын ажлыг эхлүүлж чадаагүй,

2021 онд төрсөн эх нь мөн мэс засалд орж улмаар байнгын асрамжинд орж Ч.Ч хууль ёсоор асран хамгаалалтдаа авч өнөөдрийг хүртэл эхийгээ асарч хамгаалж байгаа.

2019-2021 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахал болох ковид 19 вирусийн халдварын улмаас улс оронд төр захиргааны байгууллагын шийдвэрээр тэг зогсолт, хөл хорио зэрэг онцгой нөхцөл байдлууд үүссэн байдаг.

Эдгээр нөхцөл байдлууд нь газар эзэмших эрхийг 2 жил газраа ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон цаг хугацаатай давхцаж байгаа бөгөөд дээрх үйл баримтыг нотлох баримтаа нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөөр байхад шүүх энэ баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байдлаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.4.Мөн нэхэмжлэгчээс үл шалтгаалах дараах 2 нөхцөл байдал үүссэн байдаг.

Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин гаргаж өгсөн байдаг.

“Дархан дулааны сүлжээ” ТӨХК-аас техникийн нөхцөл өгөх боломжгүй учир нь аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд дулаанд холбогдох боломжтой эсэх, хэдийгээр төвийн шугамд холбох зэрэг нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр техникийн нөхцөл өгөх эсэх асуудлыг шийдэх боломжтой гэсэн хариу өгсөн байдаг.

Энэхүү нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчээс бус төрийн байгууллагуудын хоорондын ойлгомжгүй, тодорхойгүй харилцаанаас үүссэн асуудал бөгөөд Архитектур төлөвлөлтийн даалгавар, дулаанд холбох техникийн нөхцөлгүйгээр барилгын ажлыг нэхэмжлэгч эхлүүлэх ямар ч боломжгүй юм. Ийнхүү нэхэмжлэгчээс өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлуудын улмаас барилгын ажлыг эхлүүлээгүй удааширсан байдаг.

2.5.Гэтэл шүүх хэт нэг талыг барьж хүндэтгэн үзэх шалтгаан гэх ойлголтыг хэт явцуу байдлаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд шүүх давж заалдах гомдлыг минь хүлээн авч Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 114/ШШ2022/0013 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад буруу дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Ч.Ч-с “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/161 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.Анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/129 дүгээр захирамжаар[1] тус аймгийн маргаан бүхий газарт  нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

3.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Комисс томилох тухай” А/244 дүгээр захирамжаар[2] тус аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 2017 онд зарлагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулалтыг хэлэлцэх комиссыг томилж, тус комиссын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлээр[3] төсөл сонгон шалгаруулалтын 8 дугаар нэгж талбарт Ч.Ч 479 оноогоор шалгарчээ.

4.Уг сонгон шалгаруулалтыг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/269 дүгээр захирамжаар[4] Дархан сумын 24 дүгээр хороололд 4506102727 нэгж талбарын дугаар бүхий 0,1 га газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 000662591 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ[5], газар эзэмшүүлэх гэрээг[6] байгуулсан байна.

5.Харин маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” 01-А/161 дугаар захирамжаар[7] хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тус аймгийн Засаг даргын 2017 оны А/269 дүгээр захирамжийн хавсралтын 7 дахь хэсэгт заасан *******т холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

6.Нэхэмжлэгчээс анх тус аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 24 дүгээр хороололд байршилтай 0,1 га газарт нийтийн орон сууцны зориулалтай барилга барихаар 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ТСШ-17/22 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг[8] батлуулжээ.

7.Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1944 дүгээр албан бичгээр[9] аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт “...байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг холбогдох хууль журмын дагуу хийлгүүлэх”-ээр хандаж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2017/64 дугаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг[10] хийлгэсэн.

8.Нэхэмжлэгч нь нийтийн орон сууцны цахилгаан хангамжтай холбоотойгоор 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №35/455-2021-09 дугаар техникийн нөхцөлийг[11], ТПП-100х2 хосын 1750 метр физик кабелийг татуулж, 405 метр сувагчлалыг 110 мм диаметртэй PVC хоолойгоор 1,0-1,2 метрийн гүнд сувагчлал суурилуулахаар 2021-B-30 техникийн нөхцөлийг[12] тус тус эрх бүхий байгууллагуудаар батлуулсан байна.

9.Түүнчлэн нэхэмжлэгчээс дахин 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архитектур төлөвлөлтийн 19/01 дугаар даалгаврыг[13] батлуулж, нийтийн орон сууцны зориулалтаар барилга барихаар “Нинж бар” ХХК-тай “Барилгын зураг төсөл ажил гүйцэтгэх” гэрээ[14] 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, “Лэнд Тест” ХХК-тай “Ажил гүйцэтгэх” гэрээ[15] 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, “Ноёдын туурь” ХХК-тай “Барилгын зураг төсөл ажил гүйцэтгэх” гэрээг[16] 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус тус байгуулсан болох нь тогтоогдож байна.

Улмаар маргаан бүхий газарт нийтийн орон сууцны барилга барих загвар зургийг эрх бүхий этгээдээр гүйцэтгүүлж, батлуулсан нь хэрэгт хавсаргасан баримтуудаар[17] нотлогдов.

10.Дээрхээс гадна нэхэмжлэгч Ч.Ч нь 2018 онд шулуун гэдэсний хорт хавдар өвчнөөр оношлогдсон төрсөн ээж Ц.Э-г асардаг болох нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1112, 1113 дугаар тодорхойлолтууд[18], Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02/1008 дугаар тодорхойлолт[19], Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 555 дугаар тодорхойлолтуудаар[20] тогтоогдож байна.

11.Мөн нэхэмжлэгч нь өөрөө өвчний улмаас 2019 оны 02 дугаар сарын дугаар сард мэс засалд орж, эмчилгээ хийлгэсэн болох нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/574 дугаар тодорхойлолт[21], эрүүл мэндийн бүртгэлийн маягт[22], мэс заслын тэмдэглэлүүдээс[23] тогтоогдож байна.

12.Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэл болгосон гэж тайлбарлаж буй Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 40/13, 41/14 дугаар албан шаардлагуудаар[24] газрыг гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу хоёроос дээш жил ашиглаагүй гэж дурдсан. Гэвч уг албан шаардлага гарсан өдөр нэхэмжлэгч газрыг гэрээний дагуу эзэмшиж эхэлсэн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хойш  2 жил өнгөрөөгүй байсан  болох нь тогтоогдож байна.

13.Газрын тухай хуулийн 40.1-д “Аймаг, ...-ийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэжээ.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1. 1-д “"барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг”, 4.1.4-д “"барилга байгууламжийн баримт бичиг" гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, илд далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг” гэж заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заажээ.

Маргаан бүхий газар “нийтийн орон сууцны” зориулалттай байх тул нэхэмжлэгчээс зориулалтын дагуу ашиглахад Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжийн баримт бичгүүд шаардахаар байна.

“Нийтийн орон сууцны” зориулалттай барилга барих тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг авч үзэхдээ Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжийн баримт бичгүүдийг авахаар нэхэмжлэгчээс эрх бүхий этгээдэд хандаж байсан эсэх, эрх бүхий этгээдээс аливаа шийдвэр гаргасан эсэх, уг баримт бичиг бүрдүүлэхэд 2 жил түүнээс дээш хугацаа шаардагдсан эсэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэв нэхэмжлэгчээс шалтгаалахгүй шалтгаанаар хуульд заасан 2 жилийн хугацаа өнгөрсөн байвал үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлтэй юм.

Маргааны тохиолдлын хувьд нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс маргаан бүхий акт гарсан өдөр хүртэл барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж, барилга барихтай холбоотой зарим техникийн нөхцөлийг батлуулсан, архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2 удаа батлуулж, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулж, барилгын эскиз болон ажлын зургийг батлуулж, барилгын ажил эхлэхтэй холбоотой гэрээнүүдийг байгуулж байсан, эрх бүхий этгээдээс аймгийн хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр төвийн шугамд холбогдох боломжтой эсэхийг тодруулж дулааны техникийн нөхцөл өгөх асуудлыг хойшлуулсан зэрэгт тодорхой хугацааг зарцуулсан нөхцөл байдал  хэрэгт авагдсан баримтаас тогтоогдож байх тул энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаар гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг ашиглаагүй гэж үзэхээр байна.

Дээрхээс гадна нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс маргаан бүхий акт гарсан өдөр хүртэл хугацаатай ижил цаг хугацаанд өөрийн хамт амьдардаг шулуун гэдэсний хорт хавдар оноштой төрсөн ээжээ 2018 оноос асардаг, өөрөө 2019 оны 02 дугаар сард мэс засалд орж, эмчлүүлж байсан зэрэг нөхцөл байдал мөн хэрэгт авагдсан баримтаас нотлогдож байгааг нэхэмжлэгчээс хамаарахгүй шалтгаанаар нэхэмжлэгч эзэмшлийн газраа 2 жил дараалан ашиглаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар нэхэмжлэгчийн хувьд ач холбогдолтой дээр дурдсан эзэмшлийн газраа 2 жил дараалан ашиглаж чадаагүй хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг судлан тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзэмшлийн газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдож байтал анхан шатны шүүхээс “дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас өмнө төлөвлөсөн объектоо барьж байгуулах боломжтой байсан байна гэж шүүх үзлээ,...дээрх хугацаанд зураг төсөл, бичиг цаасны ажил хийгдээд явж байсан, нэхэмжлэгч болон түүний ээжийн биеийн байдал тодорхой хугацаанд эрүүл мэндийн шалтгаантай, ээжийгээ асардаг байсан, цар тахлын улмаас техникийн нөхцөл батлуулах ажил удааширсан, дулааны сүлжээ компаниас техникийн нөхцөл гаргаж өгөөгүй гэх үндэслэлүүд нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй” гэж маргааны үйл баримтыг буруу үнэлж, дүгнэжээ.

Энэхүү шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцэхгүй байх тул уг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 114/ШШ2022/0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Ч-с Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/161 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/161 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 40 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 41 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 42-45 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 47-48 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 50 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 51-52 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 137 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 97-98 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 54 дэх тал

[10] Хэргийн 1-р хавтас 55-56 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 9 дэх тал

[12] Хэргийн 1-р хавтас 10-12 дахь тал

[13] Хэргийн 1-р хавтас 57-58 дахь тал

[14] Хэргийн 1-дүгээр хавтас 115-117 дахь тал

[15] Хэргийн 1-дүгээр хавтас 119-121 дэх тал

[16] Хэргийн 1-дүгээр хавтас 122-124 дэх тал

[17] Хэрэгт хавсаргасан зургууд, Хэргийн 75-98 дахь тал

[18] Хэргийн 1-р хавтас 126-127 дахь тал

[19] Хэргийн 1-р хавтас 187 дахь тал

[20] Хэргийн 1-р хавтас 186 дахь тал

[21] Хэргийн 1-р хавтас 128 дахь тал

[22] Хэргийн 1-р хавтас 129 дэх тал

[23] Хэргийн 1-р хавтас 130-131 дэх тал

[24] Хэргийн 1-р хавтас 145-146, 149-150 дахь тал