Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                 Хэргийн индекс: 114/2018/0008/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Гомдол гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сум 12 дугаар баг, 6 дугаар хороолол “Цуурай-Цо” ХХК-ийн захирал Б. Ц-н гомдолтой,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч С. Ц-д холбогдох

 

Гомдлын шаардлага: Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газарын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн  “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2018 оны 06-р сарын 27-ны өдрийн 0063459 дугаар шийтгэлийн хуудасыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд:

  Нэхэмжлэгч                                                                Б.Ц

  Хариуцагч                                                                  С.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч “Цуурай-Цо” ХХК-ийн захирал Б.Ц шүүхэд гаргасан гомдолдоо болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 7 дугаар хороолол 1 дүгээр байрны 4 тоотод суух иргэн Б.С-н гомдлын дагуу Барилгын хяналтын улсын байцаагч С.Ц зөрчлийн хэрэг бүртгэл явуулж 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 010/0063459 дугаартай шийтгэлийн хуудсаар “Цуурай-Цо” ХХК-ийг 10,000,000.00  төгрөгөөр торгосныг

эс зөвшөөрч дараахь үндэслэлээ гомдол гаргаж байгааг минь хянан шийдвэрлэж өгнө үү. Үүнд: Гомдол гаргагч Б.С-н суугаа байр нь манай хашаанаас 2 м зайтай баригдаж 2013 онд манай хашаа, обьект баригдсанаас хойш ашиглалтанд орсон болох нь бүрэн нотлогдох бөгөөд барилга хоорондын зай нь барилгын хууль тогтоомжийг зөрчиж баригдсан болох нь илэрхий нотлогдож байна.

 Гомдол гаргагч Б.С-н шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрч хашааныхаа нэмэлт өрлөгийг буулгаж хуучин байрлалд оруулсан болохыг гомдол гаргагч хүлээн зөвшөөрсөн учир дахиж гомдол хүсэлт гаргаагүй болно.

 Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж хуульчилсаныг Улсын байцаагч шийтгэл ноогдуулаагүй, түүнчлэн Компаний дүрэм, хөрөнгө зарцуулах журам, хамтран өмчлөгчдийн эрхийг хүндэтгэн судалж харгалзан үзэхгүйгээр компаний болон хамтран өмчлөгчидийн эрх зүйн байдлыг хэт дордуулж компанийг 10,000,000.00 төгрөгөөр торгосон нь хэт хүнд шийтгэл болсон тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа:  

“Цуурай-Цо” ХХК нь хашаандаа зөвшөөрөлгүй том агуулга барьсан байна үйл ажиллагааг нь зогсоож өгнө үү гэж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас надад утсаар мэдэгдсэн. Би Б.Ц-т “Газрын албанаас надруу ярьсан. Хашаандаа зөвшөөрөлгүй барилга барьж болохгүй.” гэж хэлсэн. Гэтэл удалгүй Б.С-н гомдол ирсэн. Гомдлын дагуу шалгаж үзэхэд Б.Ц нь зөвшөөрөлгүй, зураггүй байж барилга барьсан байсан учраас Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т  “хуульд заасан байгууллагын ажлын зөвшөөрөл аваагүй” гэж заасны дагуу арга хэмжээ авсан. Б.Ц нь зөрчлөө арилгаж, 2 үе дээшээ блокоор барьсан өргөтлөө буулгаж хэвийн байдалд нь оруулсан эхлээд байгууллагын нэрээр нь бус иргэнийх нь хувиар сая төгрөгийг торгууль ногдуулъя гэж бодоод газартай холбоотой бичиг баримтуудыг нь шалгахад бүгд “Цуурай-Цо” ХХК-ийн нэр дээр байсан учраас компанийн нэр дээр арга хэмжээ авсан. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дархан-Уул аймгийн “Цуурай-Цо” ХХК-ийн захирал Б.Ц нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын хяналтын улсын байцаагч С.Ц-д холбогдуулан “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0063459 дугаар шийтгэлийн хуудасыг хүчингүй болгуулах” тухай гомдол  гаргасныг  тус  шүүх  2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр  хүлээн  авч  шүүгчийн

2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 111 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсныг шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаар захирамжаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болно.

           Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын хяналтын улсын байцаагч С.Ц нь иргэн Б.С-н 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргасан гомдлын дагуу 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1818000264 дугаартай зөрчлийн хэрэг нээж,  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд явуулан улмаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0063459 дугаар шийтгэлийн хуудсаар Барилгын өргөтгөлийн ажлыг зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн гэх зөрчилд “Цуурай Цо” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/  төгрөгөөр торгох торгуулийн шийтгэлийг оногдуулжээ.

        “Цуурай Цо” ХХК нь анх 2002 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороололд өөрийн байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн,  эзэмшлийн гэх 4952 м.кв газрын арын хашаагаа дагуулан 1-ээс 22 дугаар бүхий авто машины гараашууд барьж 2011 онд улсын бүртгэлийн Y-2003015189 дугаар бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байгаагаас үзэхэд  иргэн Б.С-ын орон сууц түүнээс хойш “Цуурай Цо” ХХК-ийн хашаатай ойр 2м зайд баригдсан болох нь гомдол гаргагч, хариуцагч нарын шүүхэд өгсөн тайлбар болон “Альфа Оргил” ХХК-ны  2012 оны 4 дүгээр сарын 29-ний тодорхойлолт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож  байна.

Мөн “Цуурай Цо” ХХК-ий захирал Б.Ц нь 13,14 дугаартай гараашийн дээврийг авч гараашийн арын хана буюу хашаагаа агуулах болгох зорилгоор  2 блокоор өндөрлөхдөө Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргаас хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасан барилга байгууламжийг өргөтгөх барилгын ажлын зөвшөөрөл аваагүй байхдаа уг ажлыг эхлүүлж иргэн  Б.С-ын орон сууцны 2 цонхыг хаасан буруугаа хүлээн зөвшөөрч өөрөөр хэлбэл 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээгдэж,  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед өндөрлөсөн хэсэгээ буулгаж хуучин хэвийн байдалд оруулсан нь зөрчлийн хэрэгт авагдсан 2018 оны 6 дугаар сарын 18, 20-ны өдөр хохирогч, холбогдогчоос авсан мэдүүлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 6 дугаар сарын 18, 27-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон байхад Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “Цуурай Цо” ХХК-ийг арван мянган  нэгжтэй  тэнцэх  хэмжээний  төгрөг буюу 10.000.000 /арван сая/  төгрөгөөр торгох

 

 шийтгэлийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр оногдуулсан нь буруу байна.

       Иймд гомдол гаргагчийн ” ...компаний болон хамтран өмчлөгчдийн эрх зүйн байдлыг хэт дордуулж компанийг 10,000,000.00 төгрөгөөр торгосон нь хэт хүнд шийтгэл болсон” гэх тайлбар үндэслэлтэй байх тул дээрхи үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн Зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2018 оны 06-р сарын 27-ны өдрийн 0063459 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Цуурай-Цо” ХХК-ийн захирал Б.Ц-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 0063459 дугаар шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагч “Цуурай-Цо” ХХК-ийн захирал Б.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулаж гомдол гаргагч Б.Ц-т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113. зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргагч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

                 

 

 

 

                   ШҮҮГЧ                                                 Ж.ОЮУНЧИМЭГ

 

.