Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 514

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ход холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганчимэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Ход холбогдох 1803000010061 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Г-н Х, 1998 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

Г.Х нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 04.00 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “BSB” дэлгүүрийн урд замд “Ниссан Блюүбёрд” загварын 05-91УБН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Бг автомашинаар мөргөж, амь насыг хохироогоод хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Г.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигон овогт Г-н Хыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Ход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялтай дүйцүүлэн 60 хоногийн хорих ялыг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 8 сар хорих ялд нэмж нэгтгэн, Г.Хын биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 10 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Г.Ход оногдуулсан 1 жил 10 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Г.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж, 1124968 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хоос 3.186.751 төгрөг, иргэний хариуцагч Б.Өсөхбаяраас 3.186.751 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганчимэгт олгож, иргэний хариуцагч Б.Өсөхбаяр нь өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ниссан Блюүбёрд” загварын, 05-91УБН улсын дугаартай автомашины эд зүйлийн хагархай хэсгүүдийг устгаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганчимэг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчид ногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй байна. Шүүгдэгч Г.Хүдэрболдын үйлдсэн хэргийн улмаас миний бие 12 жил ханилсан хань ижлээ алдаж, хоёр бага насны хүүхэдтэй үлдлээ. Г.Х нь хүн дайрсан атлаа түүнийгээ мэдсээр байж, цагдаагийн байгууллага, эмнэлгийн тусламж дуудалгүйгээр хэргийн газраас зугтсан. Хэрэг болсон явдлаас хойш бүтэн 5 сарын хугацаанд өөрийн зүгээс нэг ч төгрөг төлөөгүй, даатгалын байгууллагаас өгсөн 5.000.000 төгрөгийг шүүгдэгч өөрөө хохирлоо барагдуулсан мэтээр шүүх үнэлж дүгнэсэнд гомдолтой байна. Хүний амь насыг хохироож, гэр бүлийг хагацуулж, үр хүүхдийг минь өнчрүүлж зугтаасан этгээдэд шүүх шударга ёсыг харуулж чадсангүй гэж үзэж байна. Хэрэг болсноос хойш шүүгдэгч, түүний ар гэрийнхэн нэг ч удаа ирж уулзаагүй, сэтгэл санаагаар тусалж дэмжээгүй. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийг “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа” гэж үзсэнд гомдолтой. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хууль шударга ёсонд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Хын эрхийг зөрчсөн. Шинжээч томилохдоо 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр шинжээч томилох тогтоолыг гаргасан байдаг боловч Г.Ход танилцуулаагүй. 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хэргийн материалтай танилцахад шинжээч томилох тогтоолтой танилцаад тухайн өдөр нь танилцсан он сараа өдрөө тэмдэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах зэрэг эрхээр нь хязгаарласан. Шинжээч нь жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөн гэдэг. Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтад жолооч зогсоох арга хэмжээ авах ёстой гэж заасан. Жолооч зогсоох арга хэмжээ авсан гэдэг нь гэрч Мандуул шүүх хуралдаанд “Жолооч зогсох шахаад явсан” гэж мэдүүлдэг. Мөн жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн. Жолооч нь хэдэн км цагийн хурдтай явж байгааг тодорхойлоогүй байж Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт буюу замын нөхцөл байдалд хурд тохируулж яваагүй гэсэн. Харин шүүгдэгч нь өөрөө хэргийн газраас зугтааснаа үйлдлээ “Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Би гэм буруугаа хүлээж байна” гэж хэлдэг. Өмгөөлөгчийн зүгээс жолоочийн гэм буруу нь тогтоогдоогүй. Амь хохирогч нь цусандаа 3.6, шээсэндээ 3.5 промиль спиртийн агууламж илэрсэн буюу өөрийгөө удирдан жолоодох чадваргүй явж байсан. Жолоочийн гэм буруу нь тогтоогдоогүй учраас цагаатгах ёстой гэсэн байр суурьтай байна” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу, хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар хүсэлтүүд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүхийн шатанд шинжээчид тавьсан үндэслэлүүд бүрэн хангагдаж, анхан шатны шүүхээр энэ асуудлыг  шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүх хуралдаанд оролцоод шүүхэд энэ байдлаар тайлбар гаргаж байгаа нь ойлгомжгүй юм. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг дүгнэж, нотлох баримтуудыг дүгнэж шийдвэр гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ял шийтгэл хөнгөдсөн гэдэг асуудал нь анхан шатны шүүхийн дүгнэж байгаагаар Г.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, амь хохирогчийн гарцгүй газраар гарсан нөхцөл байдлуудыг дүгнэж ял шийтгэлийн хувьд 1 жил 10 сарын хорих ял оногдуулсан нь бодит байдалд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Х нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 04.00 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “BSB” дэлгүүрийн урд замд “Ниссан Блюүбёрд” загварын 05-91 УБН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Бг автомашинаар мөргөж, амь насыг хохироосон, ийнхүү зам тээврийн осол гаргаж гэмт хэрэг үйлдсэн атлаа осол гарсан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Г.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би шууд тоормос гишгэхэд хурд саарсан боловч явсаар байгаад тэр хүнийг мөргөсөн. Би айж сандраад зогсолгүй шууд цаашаа зугтаасан. Нэг мэдэхэд гэрийн гадна ирсэн байсан. Би даатгалаас 5.000.000 төгрөг өгснийг хохирогчид өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /2 дугаар хавтаст хэргийн 1-12 дугаар хуудас/,

иргэний хариуцагч Б.Өсөхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Г.Х надад хүн мөргөчихсөн гэж хэлсэн. Г.Ход тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг өгөөгүй бол осол болохгүй байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 1-12 дугаар хуудас/,

гэрч Ч.Мандуулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгтэл цаанаас хурдтай автомашин гарч ирээд хохирогчийг мөргөсөн. Хохирогчийг алхаж байхад нь мөргөсний дараа хурдаа сааруулаад, шууд цаашаа зугтаасан. Хохирогч мөргүүлээд хэд эргээд ойролцоогоор 10 метр зайд шидэгдсэн.” /2 дугаар хавтаст хэргийн 1-12 дугаар хуудас/,

гэрч Г.Одбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тухайн тээврийн хэрэгсэл ойролцоогоор 80-90 км цаг, түүнээс ч хурдтай байж магадгүй хурдтай ирээд талийгаачийг мөргөсөн. Тоормос гишгээгүй. Талийгаачийг мөргөсөн автомашин их хурдтай явж байсан бөгөөд талийгаач 10 метр орчим газар шидэгдсэн. Тэгээд тухайн тээврийн хэрэгсэл зугтаасан.” /2 дугаар хавтаст хэргийн 1-12 дугаар хуудас/,

гэрч Д.Отгонхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Таксины жолоочид “яасан хурдан явдаг юм бэ, жаахан аяархан явж болдоггүй юм уу” гэж хэлээд утсаар яриад явж байтал жолоочийн хажууд сууж байсан залуу “хөөе” гээд орилох шиг болсон чинь жолооч нь “хүн дайрчихлаа” гээд хурдаа нэмээд яваад өгсөн. Тэгээд хорооллын эцэс “Е-март” дэлгүүрийн хажууд явж байхад нь “би буумаар байна, намайг буулгаач” гэхэд “чи бууж болохгүй” гээд хурдаа нэмээд хорооллын хойд замаар яваад бичил хорооллын автобусны буудал өнгөрөөд зүүн гар тийш эргээд цэнхэр байрны хажууд байдаг гаражнуудын хооронд орж зогссон. Би “одоо буумаар байна” гэхэд “чи юу ч хараагүй шүү, хэнд ч хэлэхгүй биз дээ” гээд асуугаад байсан. Ойролцоогоор 90 км цагийн хурдтай явж байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/,

шинжээч Б.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Жолооч зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэсэн бол ямар ч тохиолдолд тоормосны мөр гарна. Гэтэл тухайн осол болсон газар бүрэлдэхүүн очиж хэмжилт, хэргийн газрын үзлэг хийхэд ямар ч тоормосны мөр байгаагүй. Хурд саарсан тохиолдолд талийгаачийн биед ийм хэмжээний гэмтэл үүсэхгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 1-12 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины зулайн орой хэсгийн хатуу хальсан доорхи цочмог цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, суурийн хэсгийн дух, үнэрлэхүйн мэдрүүлийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорхи цус харвалт, бага тархины баруун зүүн мөчрийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун зүүн хажуугийн ховдлуудын цус нэвчилт, гавлын орой болон суурь яснуудын шугаман болон цөмөрсөн хугарал, зулай, дагзны хуйх, гавлын оройн шар хальс, баруун чамархайн булчинд цус хуралт, баруун дунд чөмөгний зөрүүтэй хугарал, зүүн уушигны угт цус хуралт, дух, баруун хөмсөг, баруун хацар, баруун бугалга, тохой, сарвуу, бугуй, өвдөгт зулгаралт, зүүн мөр, цээж, баруун даланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн мөргөгдөх, унах, доргих, олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх тархины гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай. Талийгаачийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь тархины битүү гэмтлүүдийн улмаас нас баржээ” гэх 99 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас/,

“...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь харьцуулах загварт ирүүлсэн 05-91 УБН улсын дугаартай, саарал өнгийн “Ниссан Блюүбёрд” загварын автомашины зүүн урд хэсгийн эх гэрэл, далбаа, бамбааны хэсгүүд мөн байна.” гэх 585 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 147 дугаар хуудас/,

Замын цагдаагийн албаны “Ниссан Блюүбёрд” загварын 05-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ганболд овогтой Хүрэлболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 167-168 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Г.Хын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Хын гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ял оногдуулж, биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил 10 сар хорих ялаар тогтоосон нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Тухайн зам тээврийн осол болоход амь хохирогч С.Б нь архи ууж согтуурсан үедээ гарц, гарамгүй газраар /явган хүний гарц 107 метрт байсаар атал/ зам хөндлөн гарч Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгч хөндлөн гарна”, 3.9 дэх заалт “Явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг тус тус хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг Замын цагдаагийн албаны 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтээр тогтоосон байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Ц. ОЧ