| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2021/0030/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/34 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/34
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга М.Гэрэлтуяа,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт Г-ын Нд холбогдох эрүүгийн 2117000230049 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 05-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн ............. тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Х. овогт Г-ын Н /РД:............../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Н нь согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 128 дугаар байранд хамтран амьдрагч Б.Нтэй маргалдан түүний хоолойг боох, нүүр болон гар хөлрүү нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Н нь согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 128 дугаар байранд хамтран амьдрагч Б.Нтэй маргалдан түүний хоолойг боох, нүүр болон гар хөлрүү нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 02 дугаар сарын 16-ны үеэр шиг санагдаж байна. Гэртээ байсан архийг ганцаараа уусан юм тэрнээс болоод Б.Нтэй маргалдсан. Эхнэр Б.Н чи энд байсан архи уучихлаа гэж томорхоор нь би гэртээ архи уучих мэдэлгүй юм уу гэж хэлээд гараад явсан. Тэгээд гэрээсээ гарч яваад Дэлгэрэх дэлгүүрийн үүдэнд найзтайгаа таараад 1 шил архи уугаад 23 цагийн үед гэртээ орж ирсэн. Тэгсэн Б.Н намайг архичин хаагуур яваад ирэв, зайл гэсэн. Тэгэхээр нь би хаашаа зайлдаг юм гэр орондоо байна гээд орон дээрээ хэвттэл чи муу архичин уусан газраа очиж хоно гээд үстээд татаж унагаасан. Тэгээд би урдаас нь түлхсэн чинь газар унасан. Тэгээд би унтаад өгсөн байсан нэг сэрсэн чинь цагдаа ирчихсэн, цагдаад намайг зодсон гэж хэлээд байж байсан. Б.Нгийн хоолойг боосон зүйл байхгүй, Нг түлхэж гарын бугалга булчин хэсгээс нь гараараа базаад түлхсэн санагдаж байна. Цохисон зүйл байхгүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22,71-72-р хуудас/
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр Н бид 2 хөдөө явчихаад ирсэн юм. Тэгээд гэртээ ирээд гэрт байсан архийг Н ганцаараа уусан. Би нөгөө өрөөнд бие өвдөөд даралт ихсээд байна гээд хэвтэж байтал Н өрөөнд орж ирж хөнжил хуу татаж аваад миний дотоож болон цамцыг ураад цамцаар миний хоолойг боосон. Тухайн үед миний амьсгал боогдоод болиоч гэж гуйхад Н боохоо больсон. Тэгээд нөгөө өрөөнд Н архи ууж байгаад буцаж орж ирээд эрхтэнээ гаргаад энийг хөх, чиний аланд би хутга шаана, чи хүн болгонтой шаалцдаг хөгийн авгай гэж хэлээд миний өөдөөс шүлсээ хаяад намайг доромжлоод банзал авгай мэдрэл муутай авгай гээд байсан. Би чамайг авгайгаа гэж бододгүй, өөр юм төсөөлөөд хүслээ хангадаг гэх зэргээр хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эмнэлэг орж нүдний эмчид үзүүлэхэд яаралтай хот яв гэж хэлсэн. Тэгээд орой нь гэртээ ирчихээд байж байтал эгч Лхамаа гэртээ ирж хоол ид гэж дуудсан. Тэднийд хоол идчихээд хүүхдээ гэртээ үлдээсэн байсан болохоор санаа зовоод гэртээ ирсэн. Тэгтэл 22-23 цагийн үед Н согтуу орж ирчихээд намайг доромжилоод байхаар нь би шөнийг яаж өнгөрөөнө дөө, бас зодох байх гэж бодоод хөнжилдөө орж байгаад цагдаа дуудсан. Цагдаа ирээд Нг аваад явсан. Маргааш нь эмнэлэгээр явж байгаад гэртээ ирсэн чинь Н эрүүлжүүлэхээс ирчихсэн байсан... 2 жилийн өмнө миний нүдийг цохиж байсан. Жилийн өмнө толгойруу сандлаар цохисон. Энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр нүүрэн тус газар гараараа цохисон. Энэ үйлдлийн улмаас нүүр улайж урагдсан. 02 сарын 16-ны өдөр намайг хүчирхийлж боох үед гар хөл хөхөрсөн. Өчигдөр орой миний давсагруу тохойлдсон. ” гэх мэдүүлэг /хх 11-15-р тал/,
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би Сүмбэр сумын 3 дугаар баг Цахиуртын 3-1 тоотод гэртээ байж байтал манай дүү Н эмнэлэг дээр явж байна гээд утсаар ярьсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Н зодоод нүдний даралт ихэссэн юм байх, зодоогүй юм байхгүй гэж хэлсэн. Тэгээд 15 цагийн үед манай гэрт ирээд хувцасаа тайлаад суухад зүүн гар нь хөх алаг болчихсон байсан. Манай дүү Б.Н Балданзасаг дах дээр махны ченж хийдэг юм тэгсэн нэг залуутай хардсан гэж байсан. Тэгснээ нэг дээшээ хар, нэг доошоо хар гээд эрхтэнээ гаргаад хөх гээд байсан гэсэн. Манай дүүгийн хүүхдүүд надруу залгаад Н ахыг гэрлүү орохооргүй болгомоор байна, ээжийг зодоод байна цагдаатай очиж уулз гэж хэлсэн. Манай дүү Чойрт нэг хүүтэйгээ байдаг тэр нь оюун санааны хомсдолтой болчихсон одоо группт байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,
Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Б.Н нь нөхөр болох Г.Н намайг зодоод гэж хэлж байсан тэрнээс зах дээр бид нарын хажууд зодож байсан зүйл байхгүй. Хамгийн сүүлд цагаан сарын үеэр нүд нь улайсан байхаар нь асуухад Н цохисон, эмнэлэгт үзүүлсэн чинь харвалт өгсөн байна гэж хэлж байсан. Би Г.Нд хандаад чи цагаан сараар эхнэрээ зодоод байхдаа яадаг юм гэхэд үгүй ээ би цохиогүй, эмнэлэг харвалт өгсөн байна гэж хэлсэн гэж байсан. Б.Н нь нөхөр Г.Нгээ согтуу ирээд агсан тавиад намайг цохиод гэж ярьдаг. Тэрнээс бид нар нүдээр харсан зүйл байхгүй. Мөн нүдэнд ил харагдах гэмтэл шарх харагддаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Тухайн өдөр олон нийтийн цагдаа Г-ийн хамт Сүмбэр сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сүмбэр сумын 1 дүгээр баг 128 дугаар байранд агсан тавиад байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход хаалгаа Н. гэх эмэгтэй тавьж өгөөд гэрлүү нь орсон. Тухайн үед нөхөр Н. нь буйдан дээр унтаж байсан. Эмэгтэй Н.гаас юу болсон талаар асуухад намайг байнга хэл амаар доромжлоод хацарлуу цохисон, энэ хүнийг аваад яв гэж байсан. Би тэгэхээр нь гэртээ унтаж байгаа хүнийг авч явмааргүй байна, таныг зодоод байгаа бол цагдаагийн хэлтэсрүү авч явъя, хэрэв зодож хүчирхийлдэг бол өргөдөл гомдлоор хандаж болно. Намайг ирэхэд энэ хүн унтаж амарч байна, миний нүдэнд агсарсан зүйл харагдахгүй байна энэ хүнийг эрүүлжүүлэх шаардлага байна уу гэхэд цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хонуулна гэсээр байгаад өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Тухайн өдөр эргүүлийн цагдаа д/а Б.Сын хамт Сүмбэр сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сүмбэр сумын 1 дүгээр баг 128 дугаар байранд агсан тавиад байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход хаалгаа Н. гэх эмэгтэй тавьж өгөөд гэрлүү нь орсон. Юу болсон алаар асуухад гэртээ агсан согтуу тавиад хэл амаар доромжлоод байна, мөн гарлуу цохисон гээд зүүн гарын бугалга хэсэгт нь хөхөрснийг заан харуулж байсан. Архи уухаараа байнга хэл амаар доромжилж зоддог гэж хэлж байсан. Нөхөр болох Г.Нг сэрээгээд юу болоод байгаа талаар асуухад Б.Н машинд байсан тамхи нуучихаад өгөхгүй болохоор нь би хэдэн үг хэлсэн өөр юм болоогүй гэж байсан. Жоохон юм болохоор цагдаа дуудчих юм гэж байсан. Тэгтэл Б.Н нь чи цагдаа дуудахаар худлаа унтаа биздээ хүн хэл амаар доромжилж зодчихоод гэж хэлж байсан. Тэгээд Г.Нг цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2012 онд манай ээж Б.Н Ховд аймгийн гаралтай Г.Н гэх хүнтэй танилцаж хамтран амьдрах болсон. Хааяа намайг очихоор Г.Н гэх хүн нь архи уусан таардаг. Тэр хоёрын хоорондын харилцааг би сайн мэдэхгүй хааяа ээж Г.Н архи уудаг, уухаараа хэл амаар доромжлоод байдаг, ажил дээр нь очоод хэл амаар доромжилдог гэж утсаар надад хэлж байсан удаа бий. Яг хэдэн онд гэдгийг нь санахгүй байна Б.Н надад 2-3 удаа Г.Н нь согтуу үедээ хэл амаар доромжлоод байна, гараараа нүдрүү цохисон өшиглөсөн, толгойруу цохисон, хамгийн сүүлд бол толгой нүдний хавьцаа цохисон гэж хэлж байсан. Ер нь бол манай ээж байнга ингэлээ тэглээ гээд яриад байдаггүй хааяа ярихдаа Н уугаад байна, хэцүү байна, салах юмсан гэж ярьдаг түүнээс өөрөөр нэг их юм яриад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,
Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Б.Н эгч нөхөр болох Г.Нг хөлрүү өшиглөлөө, гарлуу цохилоо, шөнөжин унтуулсангүй гэж ярьж байсан гэхдээ ил харагдах шарх гэмтэл харагдаж байгаагүй. Г.Н ах Н. эгч чинь хиймэл шүдээ намайг цохиж хугалсан гэж худлаа ярьсан шүү дээ гэж хэлж байхыг нь би сонсож байсан. Хааяа Г.Н ах архи уусан байдалтай зах дээр орж ирдэг, агсан согтуу тавьж байгаагүй. Б.Н эгч сүүлийн үед аашлаад уурлаад байдаг болсон байна лээ, худлаа ярьдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Б.Н 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ирж нүдний даралтаа ирж үзүүлсэн. Нүдний даралт гэсэн оношинд нь ямар нэгэн гэмтлийн гарал бол байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,
Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Г.Н бол хамтын ахуй амьдралын төлөө зүтгэж яваа эр хүн юм. Б.Н бол өөрөө мөнгөний төлөө явсаар байгаад бүх зүйлийг л мөнгөөр шийддэг эмэгтэй байгаа юм. Миний мэдэхээр Б.Н нь Г.Нг хоёр ч удаа цагдаад барьж өгөөд өөрөө мөнгийг нь төлөөд гаргаад авчихаж байсан. Манай дүү архи дарс уучихаад хүнтэй маргаж муудаад байдаг хүн биш. Г.Нг уугаад ирэхээр нь жаахан маргалдангуутаа цагдаад бариад өгчихдөг юм билээ. Б.Н бол миний дүүг зарцалж хөдөлмөрийг нь мөлжиж ахуй амьдралаа авч явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/,
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаартай дүгнэлтэд:
- Б.Нгийн биед зүүн хацарт, зүүн бугалганд, баруун шилбэнд тус тус цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 56-р тал/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтын хуулбар, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн хуулбар /хх-ийн 88-92, 98-102-р тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-р тал/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Н, гэрч Д.Г. Н.Э, Ц.Т, Г.Н. Б.А, Б.Мөнхбаяр нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №87 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Г.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 2117000230049 дугаартай хэрэгт битүүмжилсэн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид нөхөн төлөх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г-ын Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ