Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Нямзаяа,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т нар овогт Дын Гт холбогдох эрүүгийн 2117000000048 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Т нар овогт Дын Г /РД:ЕЙ/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, Г аймгийн С сумын .... дүгээр баг, ..... тоотод оршин суух, ...... ажилтай, бүрэн дунд боловсролтой, нярав, нягтлан мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхэд, ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 54-2 тоотод 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хамтран амьдрагч Ө.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний дух, зүүн нүдний гадна булан, доод зовхи, зүүн хацар, уруулын баруун булан, хүзүү, баруун чих зэрэг газар нь хумсаараа маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Д.Г нь согтуургаар 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 54-2 тоотод хамтран амьдрагч Ө.Этай гал түлэх асуудлаас болж маргалдаж улмаар хумсаараа маажиж түүний духанд, зүүн нүдний гадна буланд, доод зовхинд, зүүн хацарт, уруулын баруун буланд, хүзүүнд, баруун чихний орчмоор зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Мартын баярыг найз нарын хамт айлд тэмдэглээд шөнө гэртээ ирээд гэрт хүн авчирлаа гэж хэлэхэд Э уурласан. Мөн гэр хүйтэн байсан учраас галаа түлэхгүй яасан юм бэ гэж хэлснээс болж бид хоёр маргалдсан. Э миний цамцнаас зуураад, гараа далайхад нь намайг цохих гэж байна гэж бодоод хоёр удаа маажсан. Би Эы биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогч Ө.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө бид хоёр хэдэн гэр бүлийн найзуудтайгаа уулзаад гэрт ирээд гэр сэрүүхэн байсан учир гал түлэх түлэхгүй гэх шалтгаанаас болоод л муудалцсан. Д.Г нь гал түл сэрүүхэн байна гэж хэлээд би цогтой байна дээрээс нь нүүрс хийе гээд тэрнээс болоод маргалдаад эхэлсэн. Г гэрт байсан шилэн аяга шидээд мөн нүүрний хэсэгт 2-3 газар хумсаараа маажсан байсан. Би хэдэн удаа маажсан талаар санахгүй байна. Би энд байвал хэрүүл тасрахгүй юм байна гэж бодоод гараад явсан. Миний нүүрний хэсэгт л маажсан бусдаар ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Өмнө нь ийм үйлдэл гаргаж байгаагүй. Тухайн үед архи уусан байсан учраас л ийм зүйл болсон гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-29 хуудас/

 

1.3. Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 05 цагийн орчимд манай дүү Э цээж нүцгэн, гуталгүй, бусдад зодуулсан байдалтай манай гэрт орж ирээд дуугарч чадахгүй байхаар нь би эмнэлгийн байгууллагад хандсан. Э нь нүүр болон цээжин хэсэгтээ маажуулсан гэмтэлтэй байсан. Эмнэлэгт үзүүлээд явж байх үед гэр бүлийн хүн болох Гтэй муудалцаж маргалдсан талаар ярьсан. Ямар шалтгаанаас маргалдсан талаар яриагүй. Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34-35 хуудас/

 

1.4. Шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 109 дүгээр дүгнэлтэнд: Ө.Эы биед духанд, зүүн нүдний гадна буланд, доод зовхинд, зүүн хацарт, уруулын баруун буланд, хүзүүнд, баруун чихний орчмоор зулгаралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021 оны 03 дугаар сарын 08-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 22-23 хуудас/

 

1.5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  согтолтын зэрэг  тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 6-9, 10-11 хуудас/

 

1.6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид торгох ял оногдуулах тухай прокурорын санал /х.х-ийн 75-78, 83 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэнд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

  Шүүгдэгч Д.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Ө.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад ямар нэгэн санал гомдолтой зүйл байхгүй. Г нь уг нь төлөв даруу дуугай хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-29 хуудас/

 

2.2. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г нь ааш зан даруу төлөв, хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-33 хуудас/

 

2.3. Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г нь Э гэх хүнтэй хамтран амьдраад 4-5 жил болж байгаа. Даруу төлөв тогтуун ааш араншинтай, ямар нэгэн цагдаа шүүх гэх асуудал гаргаж хэрүүл, зодоон хийж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/

 

2.4. Иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн “Монгол шуудан” үйлчилгээний газрын даргын тодорхойлолт /х.х-ийн 67-69 хуудас/

 

2.5 Д.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 70 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Гийг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Прокуророос шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Д.Г нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т нар овогт Дын Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БАТТУЛГА