Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/36

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Х.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн  17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д овогт Х-н У-т холбогдох эрүүгийн 2017002020043 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 27-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, “” ХХК-д эрхлэгч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Г аймгийн С сум,  дугаар баг, Найрамдал хотхоны .................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Д овогт Х-н У /РД: .................../ 

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Х.У нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-д эрхлэгчээр ажиллаж байхдаа тус эмийн сангаар үйлчлүүлж Хаанбанкны 5990200288 тоот данстай картаар төлбөр тооцоо хийсэн иргэн Д.Д-ын данснаас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 28 625 төгрөг, 11 дүгээр сарын 11-ний өдөр 143 272 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 144 560 төгрөг, нийт 316 457 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдэж 316 457 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Х.У нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Эм Импекс Концерн ГС” ХХК-д эрхлэгчээр ажиллаж байхдаа тус эмийн сангаар үйлчлүүлж Хаанбанкны 5990200288 тоот данстай картаар төлбөр тооцоо хийсэн хохирогч Д.Д-ын данснаас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 28 625 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 143 272 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 144 560 төгрөг, нийт 316 457 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдэж Д.Д-д 316 457 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Х.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах Монгол Эм Импекс ГС ХХК-д ажил үүргээ гүйцэтгэж байхад нэг махлаг ах орж ирсэн. Худалдан авалт хийгээд тооцоогоо хийхдээ картаар тооцоо хийсэн. Тухайн үед картны 16 оронтой тоог цээжилсэн. Үйлчлүүлэгчийг гарсны дараа тоглоомоо тоглосон. Д-ын 16 оронтой тоог ашиглаж худалдан авалт хийх оролдлого хийсэн байгаа. Эхний оролдлого амжилтгүй гэж гарч ирсэн. Тэгээд дахин өөр худалдан авалт хийх товчийг дарахад амжилттай болон амжилтгүй гэсэн бичиг аль нь ч гар ирээгүй учраас дахин товчийг дарсан гэв.

 

1.2. Шүүгдэгч Х.У мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн ажил болох М-д ажиллаж байх үед 18 цагийн орчимд үйлчлүүлэгч орж ирж эм худалдан авсан худалдан авалтын төлбөрийг виз карт ашиглан тооцоог хийсэн. Виза картыг би авч карт уншигч пос машинд уншуулан худалдан авагч иргэнээр нууц дугаарыг нь өөрөөр нь хийлгэсэн. Тухайн виза картыг авч зурах үедээ би картын 16 оронтой дугаарыг мөн нууц дугаарыг тус тус цээжилсэн. Үйлчлүүлэгч худалдан авалт хийгээд гарсны дараа би өөрийн ажлын компьтерт байх WPO гэх цахим тоглоомны худалдан авах цэснээс худалдан авалт хийх зорилгоор тухайн худалдан авагчийн виза картын дугаар болон нууц үгийг ашиглаж худалдан авалт хийхийг оролдоход тухайн худалдан авалт гэсэн багц амжилтгүй болсон. Дахин өөр багцнаас худалдан авалт хийхийг оролдох үед гэнэт ямар нэгэн хариу ирэлгүй тухайн хэсэг байхгүй болчихсон. Тэр үед гайхаад тухайн хэсгээс дахин худалдан авалт хийх үйлдлийг хийхэд эмийн санд үйлчлүүлэгч ороод ирсэн. Би үйлчлүүлэгчид үйлчилж дуусаад дахин компьютерийг харахад худалдан авалт хийгдсэн байсан. Би тухайн WPO гэх цахим тоглоомыг хөгжүүлэх зорилгоор худалдан авалт хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

 

1.3. Хохирогч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах Тумбааш дэлгүүрийг ажиллуулдаг юм. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө унтаж байгаад сэрээд хартал миний 5990... дугаартай данснаас 28 625 төгрөг зарлагадаад гарчихсан байсан. Тэгэхэд нэг их анзаараагүй орхисон. Маргааш өглөө мөн адил сэрээд харахад миний данснаас 143 272 төгрөг зарлагадаад гарчихсан байсан. Маргааш нь мөн адил 144 560 төгрөг зарлагадаж гарсан. Миний данснаас гараад байгаа уг мөнгө нь ямар нэгэн тоглоомын данс руу ороод байгаа юм шиг байгаа юм. Өөрөөр би уг мөнгийг ямар нэгэн хүн хүү шилжүүлсэн зүйл огт байхгүй. Дээрх зарлагуудын утгыг харахад эхнийх нь MICROSOFT STORE MSBILL.INFO, дараагийнх 3C6586 STEAMGAMES.COM 42595 Humburg, сүүлийнх 20.11.10 438054******8466 5AA6H6 гэсэн утгаар гарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

...Миний алдсан мөнгө 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буцаалт хийгдэж миний дансанд орж ирсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг 20 дугаар хуудас/,

 

1.4. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Бид 2 ажиллах үедээ өдөр өдрөөр ээлжилдэг учраас хамт гардаггүй юм, тийм учраас сайн мэдэхгүй байна. Хааяа нэг У-ыг ээлжтэй үед ажлаар ороход ажлын тооцооны компьютерт тоглоом оруулчихсан харагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

1.5. Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай банкны харилцагч Д.Д нь өөрийн 5990... тоот дугаарын данснаас 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 12-ны өдөр 28 625 91, 143 272 86, 144 560 59 төгрөг тус тус өөрөө гүйлгээ хийгээгүй үед гарсан гэх гомдол бүртгэгдэж байсан тул манай хаанбанкны зүгээс харилцагчтай холбогдож уг 3 гүйгээг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус тус мөнгөн дүнгээр маргаантай гүйлгээ гэх утгаар манай төв Хаанбанкны салбараас буцаалтыг хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

1.6. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Х.У-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Х.У нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Х.У нь цахим тоглоомонд донтсоноос болж шунахайн сэдэлтээр үйлдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Х.У-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Х.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

У нь төлөв даруу, зөөлөн, хүмүүжил сайтай хүүхэд, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг. Ер нь хүний үгээр хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

2.2. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

У нь миний мэдэхээр гайгүй даруухан томоотой залуу... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

2.3. Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Даруу, төлөв, дуугай, хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй хүн... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

2.4. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

У нь багадаа хичээлдээ сайн, хичээл зүтгэлтэй хүүхэд байсан. Одоо ч гэсэн ажил даалгаад өгөхөд сайн хийдэг. Даруу төлөв дуу цөөтэй хүүхэд... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

2.5. Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Их зөөлөн сэтгэлтэй, даруухан хичээл номондоо сайн илүү дутуу муу зан байхгүй. Ямар нэгэн асуудал үүсгэдэггүй хүүхэд... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

2.6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

2.7. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ЗШ/02 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 84 дүгээр хуудас/,

 

2.8. Шүүгдэгч Х.У-ын Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт  гаргасан хүсэлт /хх-ийн 100 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Иймд шүүгдэгч Х.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-т оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоов.

 

Шүүгдэгч Х.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Х.У нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.                                   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Х-н У-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-т оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Х.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.У нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ