Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 170

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багт оршин суух, Дамдинсүрэнгийн Пүрэвсүрэнд холбогдох

Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 633.716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Дамдинсүрэн овогтой Пүрэвсүрэн нь Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалт, Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын дагуу хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах болсон тул Дамдинсүрэн овогтой Пүрэвсүрэнгийн мөнгөн төлбөр болох 633.716 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-нд төлүүлэхээр мэдэгдэх хуудас өгөхөд уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул иргэн Дамдинсүрэн овогтой Пүрэвсүрэнгээс дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Пүрэвсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын нэхэмжилсэн 633.716 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард төлж барагдуулна. Ямар нэгэн маргаангүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасанцог шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хугацааг хүлээн зөвшөөрөв гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын Цэргийн штаб нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 633.716 төгрөгийг гаргуулахаар Дамдинсүрэнгийн Пүрэвсүрэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Дамдинсүрэнгийн Пүрэвсүрэн нь нэхэмжилсэн 633.716 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасанцог мөн хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул  шүүх эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах талаараа дурдаагүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 19.661 төгрөгний тал хувь буюу 9.831 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 633.716 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч  Дамдинсүрэнгийн Пүрэвсүрэн /ДС89042019/ нь 633.716 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард багтаан төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 19.661 төгрөгний тал хувь буюу 9.831 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

                     

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ц.ҮЙТҮМЭН