Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга М.Гэрэлтуяа,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д овогт Ц-ийн Лд холбогдох эрүүгийн 2117000250045 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 28-нд  Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Оргилуун Хайрхан ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум, Их залуу баг, ............... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Д овогт Ц-ийн Л /РД:................/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ц.Л нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэр, аймгийн төвөөс баруун урагш 21 км зайд 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13 цагийн үед “Оргилуун хайрхан” ХХК-ийн нэр дээр байх өөрийн эзэмшлийн 92-80 УБО улсын дугаартай “Nortbenz” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6  дугаар зүйлд заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн М.Мын жолоодож явсан өөрийнх нь өмчлөлийн 00-15 БЧ улсын дугаартай чиргүүл чирч явсан 12-67 ГСА улсын дугаартай “Beiben” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөж М.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, түүний өмчлөлийн 12-67 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11.615.000 төгрөгийн , мөн 00-15 БЧ улсын дугаартай чирч явсан чиргүүлд 575.000 төгрөгийн, нийт 12.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Л нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэр, аймгийн төвөөс баруун урагш 21 км зайд 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13 цагийн үед “Оргилуун хайрхан” ХХК-ийн нэр дээр байх өөрийн эзэмшлийн 92-80 УБО улсын дугаартай “Nortbenz” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6  дугаар зүйлд заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн М.Мын жолоодож явсан өөрийнх нь өмчлөлийн 00-15 БЧ улсын дугаартай чиргүүл чирч явсан 12-67 ГСА улсын дугаартай “Beiben” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөж М.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, түүний өмчлөлийн 12-67 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11.615.000 төгрөгийн , мөн 00-15 БЧ улсын дугаартай чиргүүлд 575.000 төгрөгийн, нийт 12.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ц.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр  би 12 цагийн орчимд Таван толгойгоос зөөвөрлөн ирсэн нүүрсийг Сүмбэр суманд буулгаад буцаад Таван толгой явж байгаад аймгийн төвөөс 20 орчим км зайд шороон замд  ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байхад миний урдаас буюу ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд явж байгаа ачаатай Nortbenz маркийн тээврийн хэрэгсэл гараад ирсэн. Уг замд ачаатай яваа тээврийн хэрэгсэлдээ ачаагүй тээврийн хэрэгсэл нь зам  тавьж өгөөд байдаг учраас би тухайн тээврийн хэрэгсэлд зам тавьд өгөхөөр замын зүүн талруу дарж замаас гарч өгсөн. Тэр үед тухайн тээврийн хэрэгсэл миний чиргүүл хэсгийг ирээд мөргөсөн. Тээврийн хэрэгслүүд нь булан булангаараа  наалдсан байхаар нь би буугаад тэр машины залуу дээр очиж яасан зүгээр үү гэхэд зүгээрээ хөл хавчуулагдчихлаа гэж хэлсэн. Тэр үед би өөрийн тээврийн хэрэгслийн 2м шахам хойшлуулаад тухайн залуугийн машины шил хагарсан байсан учраас татаж салгаж тээврийн хэрэгсэл дотор нь тухайн залуугийн сууж байсан суудлыг тайлж хөлийг нь гаргаж анхны тусламж үзүүлсэн. Тэр залуу хөлөө хавчуулагдсан байх үед надтай юм яриад инээгээд харин жоохон буруу ойлголцоод ийм юм болчлоо гэж байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 74-75-р хуудас/.

 

2. Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Таван толгойгоос Чойрын чиглэлд нүүрс тээвэрлээд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд  хөдөлгөөн үйлдэж байсан. Гэтэл  урдаас буюу ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд тээврийн хэрэгсэл миний буруу талаар зөрөх гээд  ороод ирсэн. Би тухайн үед зөв талаар  буюу тухайн тээврийн хэрэгслийн зүүн өөрийн мөн адил зүүн талаар зөрөх гэтэл тухайн тээврийн хэрэгсэл буруу зөрөх гээд миний урдаас яваад байсан. Би дүрэмд заагдсан талаар зөрөх гэж явсаар байгаад бид 2 мөргөлдсөн. Би өөрийн тээврийн хэрэгсэл болон чирэгчид учирсан хохирол болон өөрийн эмчилгээний зардлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

4. Гэрч Д.Санчирдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Миний нөхөр М өөрийн эзэмшлийн 12-67 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Таван толгойн уурхайгаас өчигдөр өглөө Чойрлуу ачаатай гарсан. Тэгээд өнөөдөр 12 цагийн үед Дундговь аймгийн Баянжаргалан сум өнгөрөөд явж байна гэж ярьсан. Тэрнээс хойш 14 цаг 10 минутын үед  Мын утасруу залгахад утсаа авч машинтай мөргөлдсөн байна гэж хэлсэн. Би нөгөө машиных нь жолоочтой ярьж зам заалгаад хадам аав Мөнхсайхан, ах Очирбат нарын хамт очсон. Тухайн үед манай нөхөр машиндаа хавчуулагдаад гаргасан гэчихсэн хөл нь хөдлөхгүй байдалтай байсан. Тэгээд Мыг машиндаа өргөж суулгаад Чойрлуу явж байтал өөдөөс эмнэлэг ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

5. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчим надруу  манай хүү Мын 95099604 дугаарын утаснаас нэг хүн залгаад хүү Мыг аваарт орчихлоо яаралтай ир нойлын замд Чойроос 15 км зайд байна гэсэн. Тухайн үед би хэнтэй ярьж байгаагаа мэдээгүй. Тэгтэл манай хүүгийн эхнэр Санчирдулам надруу залгаж М осолд орчихсон юм шиг байна, та цуг яваад өгөөч гэхээр нь би өөрийн эзэмшлийн 66-15 УНИ улсын дугаартай машинтай бэр Санчирдулам болон бэрийн ах Очироо гэх залуугийн хамт бид 3 хамт явсан. Бид гурвыг тухайн газар очиход хоёр Nortbenz маркийн тээврийн хэрэгсэл байсан. Хүмүүс Мыг машинаас гаргахын тулд тээврийн хэрэгслийг хөдөлгөсөн гэж байсан. Нөгөө машины жолооч болон өөр хэдэн хүмүүс миний хүүгийн машины кабиныг тайлаар татаж манай хүүг гаргахыг оролдож байсан. Тэгээд бид 3 очиж хамтдаа өргөж гаргаад миний хувийн тээврийн хэрэгсэлд суулгаад аймгийн нэгдсэн эмнэлэгрүү авч явсан. Би тухайн газарт  хүүгийн машиныг хараад үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

 

6. Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Л бид 2 Таван толгойд ажиллаж байхдаа танилцаад 2015 оны 03 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлж дундаасаа 3 хүүхэдтэй болж одоог хүртэл Орхон аймгийн Баян Өндөр суманд амьдарч байна. Миний нөхөр Л нь 1990 онд Баян Өлгий аймагт төрсөн. 2008 онд Орхон аймгийн МСҮТ-ийг гагнуурчин мэргэжлээр төгсөж 2010 оноос эхлэн Таван толгой ХХК-д өөрийн хувийн машинаар нүүрс зөөдөг ажил эрхэлж уг ажлаа одоог хүртэл хийж байгаа. Миний нөхрийн зан байдлын хувьд бусадтай нийтэч хэл амаа амархан ололцдог, аливаа зүйлд хүлээцтэй тайван ханддаг, үнэнч шудрага зантай, архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

7. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаартай дүгнэлтэд:

- М.Мын биед баруун шилбэ ясны  далд хугарал, баруун шилбэнд зулгаралт гэмтэл учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Баруун шилбэ ясны далд хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Баруун шилбэний зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6- зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

 

8. Техникийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 02/2021 дугаартай дүгнэлтэнд:

- 92-80 УБО улсын дугаартай Nortbenz  маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 дугаар зүйл заалт /Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно./-ыг зөрчсөн байна.

Харин 12-67 ГСА улсын дугаартай  Nortbenz  маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

  • 92-80 УБО улсын дугаартай  Nortbenz маркийн тээврийн хэрэгслийн

жолооч Ц.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 дугаар зүйл заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

  • Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 92-80 УБО улсын дугаартай

Nortbenz  маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Л нь зам тавьж өгөх үйлдлийг буруу гүйцэтгэснээс уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцлийг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Дүгнэлт гаргасан шинжээч Д.Доржпүрэв гэжээ. /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

9. Ашид билгүүн ХХК-ний автомашин үнэлгээний тайлан /хх-ийн 56-64 дүгээр хуудас/

 

10. Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 4-14 дугаар хуудас/,

 

11. Хохирлын тооцоо /хх-ийн 127-134 дүгээр хуудас/

 

12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.М, гэрч Д.С, Б.М нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №103 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу  шүүгдэгч Ц.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Ц.Л нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Ц.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэний улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэв. Ял шийтгэлийг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Лгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох хохирогч М.Мын өмчлөлийн 12-67 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11.615.000 төгрөгийн, мөн 00-15 БЧ улсын дугаартай чиргүүлд 575.000 төгрөгийн, эмчилгээний  зардалд 1.533.850 төгрөг, нийт 13.723.850 төгрөгийн хохирол учирснаас хохирол төлбөрт төлсөн 8 000 000 төгрөгийг хасч 5 723 850 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 123-1-6 тоотод оршин суух Тайж нар овогт Мөнхсайханы Мд олгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дамиран овогт Цэрэндоржийн Лг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дамиран овогт Цэрэндоржийн Лг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лд оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ц.Л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Лгээс 5 723 850 /таван сая долоон зуун хорин гурван мянга найман зуун тавин/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 1 дүгээр баг 123-1-6 тоотод оршин суух Тайж нар овогт Мөнхсайханы Мд олгосугай.

6. Шүүгдэгч Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулхуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Лд урьд авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.АРИУНЖАРГАЛ