Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/39

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Т.Түмэнжаргал, 

шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч С.Ганбат,

шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний талаар санал бичиж, гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Харнууд овогт Э-ын Ө, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний талаар санал бичиж, гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн И овогт О-ийн Ц нарт  холбогдох 2017001320050 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 17-нд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хангамжийн нярав, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, ......... ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Х............ овогт Э-ын Ө /РД: ....................../

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 27-нд Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар баг, ........... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, И овогт О-ийн Ц /РД: ................./

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэн дотор 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчим О.Цтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, толгойгоороо мөргөх, унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Яллагдагч О.Ц нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн гудамжинд 2020 оны 07 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим Э.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу өмнө нь нүүрэн тус газар гараараа цохих, толгойгоороо мөргөх, газар унагаах зэргээр зодсон үйлдэлд дургүйцэн улмаар түүний нүүрэн тус газар нь зүүн гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэн дотор 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчим О.Цтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, толгойгоороо мөргөх, унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч нь О.Ц нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн гудамжинд 2020 оны 07 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим Э.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу өмнө нь нүүрэн тус газар гараараа цохих, толгойгоороо мөргөх, газар унагаах зэргээр зодсон үйлдэлд дургүйцэн улмаар түүний нүүрэн тус газар нь зүүн гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1. Шүүгдэгч Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр эгчийнхээсээ гараад явж байгаад Зараагийн эгнээнд 12 цагийн үед О.Ц, С.Э нартай таарсан. Тэгээд Э бид 2 манай эгчийнхрүү яваад Ц үлдсэн. Э бид 2 манай эгчээс 9000 төгрөг аваад Ганзам дэлгүүрээс 0,5 литрийн Хараа архи аваад хорихын 75-р байрны ард очиж уусан. Тэгтэл Ц хорихын 75-р байрны шийдэн дээр хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Ц 9000 төгрөгөөр Дэлгэрэх дэлгүүрээс 0,5 литрийн Хараа архи аваад 2-р сургуулийн хажууд очиж уусан. Тэндээсээ Сүмбэр гарден ороод найз Мтай уулзаж 10 000 төгрөг аваад Ц, Э 2-г хиам ундаанд явуулаад ирэхээр нь яасан удаан явдаг юм гээд газраас чулуу аваад шидтэл оноогүй. Тэгсэн Ц уурлаад байхаар нь 1 алгадаад 1 мөргөсөн. Ц арагшаа ухарч байгаад унаад цаашаа гүйгээд явчихсан. Тэгээд би Чойрын эгнээнд байх гэрлүүгээ алхаж байтал Ц, Мы утасруу залгаад нүдний шилээ авья хаана байна гэхээр нь Зараагийн эгнээнд явж байна гэтэл одоо очлоо байж бай гэсэн. Тэгтэл 20-30 минутын дараа Ц 5-6 хүүхэд дагуулчихсан байсан байх тухайн үед гадаа харанхуй болсон байсан. Тэр үед би 5-6 хүүхэд байсан болохоор газраас 2 гартаа чулуу барьсан байсан нүдний шилийг нь өгчихөөд чулуугаа хаяад алхаж байтал Цийн ах эгч 2 ирсэн. Ц нь миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохихоор нь би Цийг заамдаад барьж авсан тэр үед Э нь намайг 1 удаа өшиглөсөн. Тэгсэн хажуунаас нь Ц орж ирээд намайг газар унагаад намайг 1 өшиглөсөн. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 123-14-р хуудас/

 

2. Шүүгдэгч О.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед Эын хамт ус аваад гэрлүүгээ явж байгаад Э.Өтай таарсан. Тэгээд Ө Эыг аваад явсан. Би Б.Бий хамт Сүмбэр сумын 1 дүгээр баг Хорихын 75 дугаар байрны сагсны талбай дээр 15-16 цагийн үед очиход Э, Ө нар архи уусан байдалтай байсан. Э.Ө намайг архи аваад өг гэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлэхэд яаж олох нь хамаагүй архи авч өг гээд байсан. Тэгээд би өөрт 8000-9000 төгрөг байсныг Өд өгөөд Б.Б, Э.Ө, С.Э бид 4 Төмөр замын дэлгүүр явсан. Э.Ө ганцаараа дэлгүүр орж архи аваад гараад ирсэн ба бид дөрөв 2 дугаар сургуулийн сааданд очсон. Ө намайг архи уу гэхээр нь би шинжилгээ хийлгэж байгаа уухгүй гэсэн. С.Эт архинаасаа аягалж өгсөнийг Э Өын нүдийг хариулж байгаад газар асгаж байсан. 17 өнгөрч байхад Б гэрлүүгээ яваад Э бид хоёрыг муривал дараа таараад зодно гээд байсан болохоор Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнрүү цуг явсан. Тэгээд Сүмбэр гарден дээр М гэх эмэгтэйтэй таарсан бөгөөд Ө тэр эмэгтэйгээс 10000 төгрөг аваад Э бид хоёрыг дэлгүүр яваад хиам талх аваад ир, цаг харлаа шүү гэсэн. Э бид хоёрыг дэлгүүр яваад ирж байхад  Ө хурдан яваач гээд газраас чулуу аваад шидэх үед миний баруун хөлийн шагайг оносон. Э Өруу гүйгээд очсон бөгөөд би наанаас нь алхаад очтол Ө намайг ямар бааштай пизда вэ гэж хэлээд миний нүүрэн тус газар алгадсан тэр үед миний нүдний шил газар унасан. Дараа нь дахиад нүүрэн тус газар цохиод татаж ирээд нүүрлүү толгойгоороо мөргөхөд миний хамраас цус гарсан. Тэгээд хамраа дараад зогсож байхад Ө дахиад намайг цохих үед би тэнцвэр алдаад арагшаа газар унасан. Ө өөдөөс ирэхээр нь би босоод зугтаасан. Сүмбэр гардений хойд талд байх барилгачдын гэрт очоод утсыг нь гуйж найзуудтайгаа яриад дуудсан. Тухайн үед миний хамар эвгүй болоод битүүрээд амьсгалж болохгүй, гар халуу дүүгээд хавдчихсан байсан. Э над дээр ирээд бид 2 Өаас миний нүдний шилийг авах гээд 21 цагийн орчимд Сүмбэр сумын 2 дугаар баг Дэнжрүү өгсөж байхад Б өөдөөс ирээд бид гурав Зараагийн эгнээнд очсон. Тухайн үед Ө ганцаараа байсан санагдаж байна 2 гартаа чулуу барьчихсан байсан. Би очоод та намайг яаж байгаа юм бэ, би шилээ авья гэхэд Ө намайг заамдаад чи өөрөө маяглаа биздээ гээд гудамжны харанхуй хэсэгт аваачсан. Цамцны захаар хоолой боосон байсан учраас би амьсгалж чадахгүй байхад миний нүүрлүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалаад зүүн гараараа Өыг цохисон, нүдний шилгүй болохоор хаана цохисныг мэдэхгүй байна. Ө тэнцвэр алдах үед нь дэгээдээд унагаасан.  Тэгээд зугатааж байх үед манай ах Т.Э, Т.О нар ирээд юу болсон гэхээр нь миний нүдний шилийг Ө авчихсан, намайг дээрэлхээд байдаг хүн гэж хэлсэн. Тэгээд намайг ах эгч 2 машиндаа суулгаад эмнэлэг явсан... гэсэн мэдүүлэг. / хх-ийн 14-24, 135-136-р хуудас/

 

3. Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 15-16 цагийн үед манай найз Ц бид 2 худгаас ус авах гээд Сүмбэр сумын 2 дугаар баг Өгөөмөрийн ар талын эгнээнд явж байтал Ө гэдэг залуу цагаан өнгийн Приус 30 маркийн машинтай явж байгаад манай найз бид 2-той таараад бид 2-г нааш ир гэж дуудсан. Тэгэхээр нь манай найз бид 2 очсон чинь намайг машинд суучих гэсэн. Тэгээд манай найз Ц явж байсан газраа үлдээд би Өын машинд суугаад төмөр замын 5 давхарт очсон. Тэнд Өын эгчийнд ундаа аваачиж өгчихөөд машиныг төмөр замын 5 давхарын байрны гадаа орхиод Ө бид 2 Ганзам дэлгүүрлүү явсан. Уг дэлгүүрт очоод Ө намайг дагуулж ороод Хараа нэртэй 0,5 литрийн архи худалдаж авсан. Тэгээд дэлгүүрээс гараад хорихын 75-р байрны тэнд очоод зогссон бөгөөд дэлгүүрээс авсан архиа задлаад намайг аягал гээд архиа надад өгсөн. Тэгээд би архийг нь аягалаад Өд өгсөн чинь Ө архиа уусан. Надад архи аягалж өгөөд намайг уг архийг уу гэсэн. Тэгэхээр нь би уг архийг уугаад шууд бөөлжсөн бөгөөд одоо архи уухгүй гэж хэлсэн чинь үлдсэн архийг Ө ганцаараа уусан. Тэгээд Ө Цийг утсаар дууд гэж хэлээд би утсаараа Црүү залгаад хорихын 75-р байрны энд хүрээд гэж дуудсан. Удалгүй Ц ирсэн чинь Ө нь Цийг архи авч өг пизда минь гэж хэлсэн чинь Ц архины мөнгө гээд 9500 төгрөгийг Өд өгсөн. Ц бид 2-г дагуулаад төмөр замын Дэлгэрэх дэлгүүрт очоод бид 2-г дэлгүүрийн гадаа байж бай гэж хэлчихээд дэлгүүрлүү ганцаараа ороод Хараа нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи аваад гэрч ирсэн. Тэгэхээр нь Ц бид 2 Өд хандаж бид 2 одоо гэрлүүгээ явлаа гэсэн чинь та 2-г гэрлүү чинь явуулахгүй, орой болтол та 2 намайг дагаж явна гэж дарамталсан. Тэгээд уг газраас гараад 2-р сургуулийн сааданд очоод дэлгүүрээс авсан архиа дахиж аягалаад тэр архинаас намайг уу гээд уухгүй бол ална гэж дарамтлаад байхаар нь би Өыг хуураад надад аягалж өгсөн архийг газар асгасан чинь уурлаад архи уусангүй асгачихлаа гэж хэлээд үлдсэн архиа ганцаараа уусан. Тэгээд Ө утсаараа 1 хүнтэй яриад Сүмбэр гарденд уулзахаар болоод Ц бид 2-г дагуулаад явсан. Тэнд очоод байж байтал 1 залуухан эмэгтэй ирсэн. Тэгсэн Ө өлсөөд байна гэсэн чинь нөгөө эмэгтэй мөнгө өгөөд Сүмбэр гардены хойд талын дэлгүүр ороод 10 минутын дотор талх хиам аваад ир, ирэхгүй бол ална шүү гэсэн. Тэгээд Ц бид 2 дэнжийн Андууд дэлгүүр ороод талх байхгүй байхаар нь хиам аваад очсон чинь ӨӨ бид 2-г гүйгээд яв гээд хашгирахаар нь бид 2 алхаад явж байтал Ө чулуу аваад шидсэн чинь Цийн хөлрүү оносон. Тэгтэл Ц хөлөө бариад Ө дээр хиамыг нь аваачиж өгсөн. Тэгтэл ямар удаан явдаг пизданууд вэ гээд  баруун гараараар Цийн нүүрлүү 2-3 удаа алгадсан тэгэхээр нь би тэр 2-н голоор ороод салгасан чинь намайг түлхээд Цийг заамдаад өөрлүүгээ татаад толгойгоороо мөргөөд, нүүрлүү нь өвдөглөөд, нүүрлүү нь цохисон. Тэгсэн чинь Ц зугтаасан чинь Ө араас нь хөөгөөд гүйцээгүй бөгөөд Ц Сүмбэр гарденгийн ойролцоо байсан гэрт очсон. Тэр үед Ө буцаад над дээр ирээд намайг ална гээд цохих гээд байхаар нь би зугатаагаад Сүмбэр гарденруу орсон. Манай найз Ц хараа муутай бөгөөд нүдний шилгүй бол маш бүдэг хардаг юм. Бас Өаас зугатааж байх үед хөлдөө өмссөн углаашаа гээсэн байсан бөгөөд надруу хүний утсаар залгаад миний нүдний шил байхгүй гадаа харанхуй болсон тул би юм харахгүй, явж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Цийн байгаа газар очтол нүдний шилгүй нүүр нь цус болсон, хөл нүцгэн зогсож байсан. Тэгтэл Ө манай найзын нүдний шилийг аваад Зараагийн эгнээний тийшээ алхаж байсан бөгөөд Цийн ах эгчтэй хамт Өын араас очиход Ө гартаа чулуу барьчихсан зогсож байсан бөгөөд Ө Цийг гараараа цохиод хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би найзыгаа өмөөрсөн чинь надруу дайрсан тэр үед Цийн ах эгч нар намайг салгасан. Тэр үед Цийн гарын 2 хуруу нь хойшоо эргээд хугарчихсан нүүр нь цус болчихсон байсан бөгөөд яаралтай эмнэлэгрүү явсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-37-р хуудас/

 

4. Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 6-р цэцэрлэгийн талбай дээр тоглож байтал Ц ангийн чатаар залгасан байсан би эхлээд аваагүй, дараа нь дахиад залгахаар нь автал Ц-ийн нүүр нь цус болчихсон байсан би юу болсон талаар асуухад Ө намайг зодсон. Нүдний шил аваад явчихсан гэхээр нь би Насанбатын хамт Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд Цэдээтэй уулзсан. Тухайн үед Э Ц хоёр байсан бөгөөд бид 2 Сүмбэр сумын 2 дугаар баг Зараагийн эгнээнд Өаас Цийн нүдний шилийг авах гээд дээшээ явж байгаад Бтэй таарсан. Тэгээд Зараагийн гудманд нилээн ойртоод Э утсаар Өтай яриад Цийн нүдний шилийг авья гэж ярьсан. Тэгээд Зараагийн эгнээнд очиход Ө өөдөөс ирж байсан. Ц Э 2 Өтай тулж уулзсан. Б, Насанбат бид 3 ард нь үлдээд зайнаас харж байсан. Тэгээд Ц Ө 2 зодолдсон. Тухайн үед Ц Өыг цохиж байгаа харагдсан. Ө Цийг зөрүүлээд нэг удаа цохиж байгаа харагдсан. Э Өын 1 удаа өшиглөж байгаа харагдсан. Тэгтэл Цийн эгч нь ирээд салгасан... гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 /

 

5. Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би хөдөө мал дээр байдаг юм. Манай хүү Ц Говьсүмбэр аймагт манай төрсөн эгч Оийн гэрт байсан юм. 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай дүү О надруу залгаад Ц хүнд зодуулсан байна хамар болон гар нь хугарсан байна, Улаанбаатар хотруу яаралтай явж үзүүл гэсэн гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чойрт ирж хүүтэйгээ уулзахад хамар болон баруун гартаа боолт хийлгэсэн шохойдуулсан байдалтай байсан. Бие өвдөөд унтаж чадахгүй байна гэж байсан. Би яагаад гэмтсэн талаар асуухад Өд зодуулсан гэсэн. Улаанбаатар хот явж эмчид үзүүлэхэд хагалгаанд ор гэсэн санхүүгийн асуудлаас болж хагалгаанд орж чадахгүй байна. Ер нь Ө Цийг 9-р ангиас нь эхлээд дарамтлаад мөнгө төгрөг нэхдэг байсан байна... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-38/

 

6. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай компани Говьсүмбэр аймгийн Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнд тохижилтын ажил хийж байгаа юм. 2020 оны 07 дугаар сарын 21-ний орой харуй бүрий болж байхад Сүмбэр гарден дотор байрлаж байгаа ажилчидын гэрт нэг өндөрдүү биетэй туранхай залуу орж ирээд намайг хүн зодчихлоо утсаа өгөөч гэсэн. Тэгээд тэр залуу утсаар найзуудыгаа дуудаад байсан. Тэр залуугийн хамраас нь цус гарсан байсан. Тэр залуу хэлэхдээ нутгийн таньдаг ахад зодуулчихлаа эвгүй гар байдаг юмаа гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 62-3 дугаар хуудас/

 

7. Гэрч Т.М  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2 хүүхдээ салхиулуулаад Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнрүү явж байтал Ө надруу залгаад мөнгө байна уу идэх юм авах гэсэн юм гэхээр нь би Сүмбэр гарден дээр уулзья гэсэн. Ө 17 цагийн үед Ц болон нэг танихгүй залуугийн хамт ирсэн. Ө надаас 10000 төгрөг аваад Цийг найзтай нь дэлгүүрлүү идэх юманд явуулсан. Ө 10 минутанд яваад ирээрэй гэж байсан. Тэр 2 залууг буцаад ирж байхад Ө тэр хоёрлуу хурдан яваач гээд чулуу аваад шидсэн. Шидсэн чулуу нь газар 2-3 ойгоод Цийн хөлийг оносон. Тэгтэл Ц хөлөө дараад сууж байгаад надад яагаад агсан тавиад байгаа юм гэж ууралсан. Ө ах нь чамд агсан тавиагүй тоглоомоор чулуу шидээд оночихлоо  ш дээ гээд тэр 2 маргалдсан. Ө Цийн нүүр хавьд толгойгоороо нэг удаа мөргөөд гараараа нэг удаа цохисон. Ц арагшаа ухарч байгаад модны нүхэнд тээглээд унасан. Босож ирээд зугтаагаад явсан. Цийн нүдний шил газар унасан байхаар нь би аваад хүүхдийн тэрэгний карманд хийсэн. Тэгээд би 2 хүүхдээ салхилуулж байгаад Өын хамт Зараагийн эгнээрүү явж байтал утас дуугараад Ц шилээ авья гэсэн. Би Зараагийн эгнээнд ирээд авчих гэсэн. Ө би нүдний шилийг нь өгчихье гээд надаас авсан. Би гэрлүүгээ алхаад явж байтал Өын хажууд нэг цагаан өнгийн машин ирээд хашаад зогссон. Машинаас нилээн олон залуучууд бууж ирээд 1 залуу нь Өыг цохиод авсан. Би буцаж ирээд салгасан... гэх мэдүүлэг /хх 65-66 хуудас/

 

8. Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Э, Ц нар Өыг дагаад Сүмбэр гарден явсан, би өвөөгийнхөө гэрт очихоор дэнжрүү явж байтал Ц надруу видео калл хийгээд би Өд зодуулчихлаа чи гэрээр ороод хувцас аваад ир гэсэн Цийн нүүр л нил цус  болсон харагдсан. Тэгээд би Цийн эгчийн гэрт нь очоод Цийн хувцасыг автал эгч нь  яах гэж байгаа юм гэхээр нь Ц аваад ир гэсэн гэж хэлсэн. Эгч нь зодоон хийгээд байгаа юм уу гээд асуугаад байсан. Тэгээд Цтэй Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнгийн хойно уулзсан... гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дүгээр хуудас/

 

9. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 224 дугаартай дүгнэлтэд:

- Э.Өын биед баруун чамархайд шарх, баруун хөмсөгт зулгарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хавирганы нуманд зулгаралт гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг  хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 99-100 дугаар хуудас/

 

10. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 222 дугаартай дүгнэлтэд:

- О.Цийн биед тархи доргилт, баруун 4-5-р шивнүүрийн хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын зүүн хэсэг, хүзүү, баруун хөлийн тавхайн дээд хэсэгт зэлгэрэлт гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан шинжээч эмч, Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 105-106 дугаар хуудас/

 

12. Шүүгдэгч Э.Өын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дугаар хуудас/

 

13. Шүүгдэгч О.Цийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 183 дугаар хуудас/

 

14. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар, яаралтай тусламжийн хуудасны хуулбар, Хос Б нүдний эмнэлгийн эмчийн үзлэгийн хуудасны хуулбар /хх-ийн 153-159, 162-163,165-169 хуудас/

 

15. Хохирлын тооцоо /хх-ийн 185-195 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн С.Э, Э.Д, Б.М, Т.М, Т.О, Б.Б, Э.Ө, У.Н, Т.О нарыг мэдүүлэг болон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 222 дугаартай дүгнэлт,  Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 224 дугаартай дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Э.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Цийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Э.Ө, О.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэлийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч Э.Ө гэмт хэргийн улмаас бусдад учирсан төлбөр болох 2 208 155 төгрөгийг бүрэн барагдуулсан, шүүгдэгч  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Харнууд овогт Э-ын Өыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Их догшин овогт О-ийн Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            Шүүгдэгч О.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч О.Цэд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Э.Ө, О.Ц нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Ө, О.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө, О.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.АРИУНЖАРГАЛ