Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 171

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багт оршин суух, Шаарийбуугийн Идэрмөнхөд холбогдох

Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 521.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Шаарийбуу овогтой Идэрмөнх нь Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалт, Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын дагуу хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах болсон тул Шаарийбуу овогтой Идэрмөнхийн мөнгөн төлбөр болох 521.750 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-нд төлүүлэхээр мэдэгдэх хуудас өгөхөд уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул иргэн Шаарийбуу овогтой Идэрмөнхөөс дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Идэрмөнх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шаарийбуу овогтой Идэрмөнх миний бие 1987 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлүүлэх шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авч улмаар цэргийн штабын хошууч Г.Баасанцогтой уулзаж төлбөр төлөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөр тохиролцсон. Иймд цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр болох 521.750 төгрөгийг тохиролцсон хугацаандаа төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасанцог шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Энэ хугацааг хүлээн зөвшөөрөв гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын Цэргийн штаб нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 521.750 төгрөгийг гаргуулахаар Шаарийбуугийн Идэрмөнхөд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Шаарийбуугийн Идэрмөнх нь нэхэмжилсэн 521.750 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасанцог мөн хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул  шүүх эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах талаараа дурдаагүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 16.302 төгрөгний тал хувь буюу 8.151 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 521.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч  Шаарийбуугийн Идэрмөнх /ДС87122710/ нь 521.750 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 16.302 төгрөгний тал хувь буюу 8.151 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

                     

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                       Ц.ҮЙТҮМЭН