Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/570

 

 

2021         05          13                                      2021/ШЦТ/570

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Зөд холбогдох 2106 00000 0525 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 5 дугаар гудамжны 126 тоотод оршин суух, ам бүл 6, хадам эмээ, эцэг, эх, эхнэр, охины хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт Эын З /РД:/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.З нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Монбет” худалдааны төвийн орчимд “манай найз Баярлхагвыг зодсон хүн мөн үү” гэх шалтгаанаар насанд хүрээгүй иргэн болох Б.Сүхбатын биед халдан зодож, цохисны улмаас хохирогчийн биед духанд цус хуралт, дээд уруулд том хэмжээний язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Зийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Сүхбатын өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэ толгойн хотын төв рүү явдаг талын автобусны буудал дээр явж байсан чинь үл таних эрэгтэй “хөөе” гэж дуудаад би “яасан” гэж хэлсэн чинь уг эрэгтэй “2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр энэ газар явж байсан уу” гэж асуугаад миний баруун шанаа хэсэгт 1, уруул хэсэгт 1, дагз хэсэгт 1 удаа тус тус цохисон. Би уг эрэгтэйг мэдэхгүй, танихгүй. Миний уруул сэтэрсэн, толгой өвдөж байна, шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Баярлхагвын өгсөн: “... Би Буджав, З гэх 2 найзын хамт явж байсан. Би Буджавтай хамт юм яриад явж байсан чинь З урагшаа гүйгээд үл таних нэг эрэгтэй дээр очоод уг эрэгтэйг цохиод байхаар нь би хараад ардаас нь гүйж очоод Зийг салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Зийн яллагдагчаар өгсөн: “... Нэг залуу явж байхаар нь би тэр залууг манай найзыг зодсон хүн байх гэж бодоод гүйж очоод тэр залууд хандаж “чи манай найзыг зодсон хүн мөн үү” гэж тулган асуусан чинь миний өөдөөс янз бүрийн үг хэллэгээр доромжлоод байхаар нь уур хүрээд тэр залуугийн шанаа, эрүү орчимд нь 2 удаа цохисон. Тэгсэн чинь манай найз Баярлхагва над дээр ирээд бид хоёрыг салгасан...”гэх мэдүүлэг /хх-34/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1955 дугаартай:

  1. Б.Сүхбатын биед духанд цус хуралт, дээд уруулд том хэмжээний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23-24/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.З нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Монбет” худалдааны төвийн орчимд “манай найз Баярлхагвыг зодсон хүн мөн үү” гэх шалтгаанаар насанд хүрээгүй иргэн Б.Сүхбатын биед халдан зодож, цохисны улмаас хохирогчийн биед духанд цус хуралт, дээд уруулд том хэмжээний язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Сүхбатын өгсөн: “... миний баруун шанаа хэсэгт 1, уруул хэсэгт 1, дагз хэсэгт 1 удаа тус тус цохисон... Миний уруул сэтэрсэн, толгой өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Баярлхагвын өгсөн: “... З урагшаа гүйгээд үл таних нэг эрэгтэй дээр очоод уг эрэгтэйг цохиод байхаар нь би хараад ардаас нь гүйж очоод Зийг салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Зийн яллагдагчаар өгсөн: “... тэр залуугийн шанаа, эрүү орчимд нь 2 удаа цохисон...”гэх мэдүүлэг /хх-34/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1955 дугаартай:

  1. Б.Сүхбатын биед духанд цус хуралт, дээд уруулд том хэмжээний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23-24/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Зийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Э.Зийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Зийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Э.Зийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, насанд хүрээгүй хохирогч Б.Сүхбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Э.Зийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Насанд хүрээгүй хохирогч Б.Сүхбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Э.Зийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Э.Зөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Э.Зийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Э.Зөд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Зөд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Э.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Д овогт Эын Зийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зөд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Э.Зөд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Зөд сануулсугай.

          5. Э.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Б.Сүхбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Зөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР