Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/544

 

                                            

 

  2021        05         11                                      2020/ШЦТ/544

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч Н.Цогбадрах,

Хохирогч Ц.Сүхбат, түүний өмгөөлөгч М.Батмөнх /ҮД:1828/,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал /ҮД:0236/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох 2006 00000 2755 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн Улаанбаатар хотод 1983 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хоол үйлдвэрлэлийн техник технологич мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг гэх, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 58 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бийн О /РД:/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.О нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Сүхбатын хэвлийн тус газарт хутгалж хэвлийн өмнөд ханаар нэвтэрч бүдүүн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хураа /500 мл/ бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Огийн өгсөн: “... Би Сүхбаттай амьдраад 10 жил болж байна. Бид хоёр 2020 оны 07 дугаар сараас хойш байнга маргаантай байдаг болсон. Сүхбат архи уугаад байнга гар хүрдэг. Тухайн өдөр архи уугаад хүний биед гэмтэл учруулсан нь миний буруу. Би маш их харамсаж байна... 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш Сүхбат байр түрээсэлдэг айлын ахтай нийлж архи уугаад байсан. Хадам ээж бид хоёртой цуг амьдрахаар ирсэн байсан. Би 2-3 хоног дуугүй байсан. Хамт ууж байсан хүн нь гэрт орж ирэхээр нь би мэндэлтэл “хүнтэй юм ярилаа” гэж хэлээд алгадсан. Би гэртээ харилаа гэхэд хадам ээж “миний охин битгий яв, наадах чинь согтуу байна. Эрүүл болохоор нь би загнаад өгье” гэж хэлсэн. 10 дугаар сарын 08-ны өглөө босоод чи олон хоног уулаа гэж хэлээд би өөрөө пиво авч уусан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Сүхбатын өгсөн: “... Би гурван өдөр архи уусан гэдэг нь үнэн. Би найзтайгаа нэг өдөр, доод айлын ахтай нэг өдөр, гэртээ ганцаараа нэг өдөр архи уусан. Би үлдсэн архиа үлдээгээд унтаад буцаж босож ирж уугаад тасарсан. Манай ээж болон эгчийн хүүхэд ирсэн байсан. Бид нар хуушуур хийж идээд байж байтал доод айлын ах дуудсан. Би ганцаараа архи уугаад дараа нь айлын ахтай архи уугаад тасарсан. Би тэр өдөр яаж гэртээ орсон гэдгээ санахгүй байна. Намайг айлын ах оруулж өгсөн байсан. Нэг мэдэхэд цус гарсан байсан. Би цусаа хараад ухаан алдаж унасан. Миний гэдэсний хүйсийн ойролцоо хутгалсан байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3-16/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.7-8/,

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1098 дугаар Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх.40-41/,

Өвчний түүх /хх.44-56/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Сүхбатын өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд би өөрийн хамтран амьдрагч Б.Отай өрөө түрээслэн амьдарч байхдаа 0.75 литр, 05 литр шилтэй хараа архи хувааж уугаад Б.О “чи сүүлийн 2 хоног тасралтгүй архи уулаа” гэж уурлаад бид хоёр маргалдсан. Тэр үед Б.О нь гэрт байсан хутга аваад миний хэвлий хэсэгт 2 удаа хатгасан. Тэгэхдээ би тухайн үед их согтуу байсан болохоор зарим үйлдлийг санахгүй байна... ер нь манай хамтран амьдрагч Б.О архи уусан болон уурласан үедээ өөрийгөө хутгаар зүсэж гэмтээдэг. Миний санаж байгаагаар нэг удаа заазуураар толгойгоо өөрөө зүсэж байсан... гэх мэдүүлэг /хх.16-18/,

“... манай хамтран амьдрагч Б.О нь худал мэдүүлсэн байна. Хэрэг гарах үед би архи уусан байсан гэхдээ Б.Ог цохиж зодсон зүйл байхгүй. Харин ч намайг гэртээ унтаж байхад Б.О согтуу “босооч” гээд миний толгой бие рүү өшиглөөд байхаар нь би босож ирээд “чи яагаад хүн унтуулахгүй байгаа юм бэ” гээд маргалдсан, гэхдээ зодолдсон зүйл байхгүй. Гэнэт Б.О “чи сүүлийн 2 хоног архи уулаа” гээд хутга аваад намайг зогсож байхад хэвлий хэсэгт 2 удаа хатгахад миний хэвлий хэсгээс цус гараад тогтохгүй байхаар нь хойшоо унахад Б.О гартаа барьж байсан хутгаа ширээ лүү шидчихээд өөрөө гараад цагдаа дуудсан...”  гэх мэдүүлэг /хх.171-172/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Баярмаагийн өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ганцаараа амьдарч байгаа... 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад манай яг дээд талын өрөөнд байх эхнэр нөхөр хоёр маргалдаж байгаа чимээ сонсогдож байсан. Гэхдээ яг юу гэж хэлж байгаа нь тод сонсогдохгүй байсан. Хэсэг хугацаанд чимээгүй болчхоод байсан. Тэгээд 23 цаг 30 минутын үед дээд айлын эмэгтэй 2 давхраас бууж ирээд манайд орж ирээд надад хандаж “утсаа өгөөч эгчээ, утсаар чинь дуудлага өгье” гэсэн. Би түүнд утсаа өгтөл тэрээр 102, 103 тоот утсанд залгаж “нөхөртэйгөө муудалцаад янз бүрээр хэлээд байхаар нь хутгалчихлаа” гэж хэлж байсан. Тэгээд хаягаа хэлж чадахгүй болохоор нь би 102-ын цагдаад хаягаа зааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч болон хохирогчийн хувийн байдлын талаар гэрч Ц.Энхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх.23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Орхонтуулын өгсөн: “... төрсөн дүү Б.Ог согтуу байхад нь харж байгаагүй. Хүмүүс над руу залгаад Б.О агсам согтуу тавиад дийлдэхгүй байна гэхээр нь утсаар ярихаар зүгээр ярьдаг...” гэх мэдүүлэг /хх.178-179/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Цэцэгмаагийн өгсөн: “...Сүхбат согтуу унтаад өгсөн чинь Б.О “чи бос” гээд толгой руу нь өшиглөөд, цохиод байхаар нь би “миний охин одоо боль согтуу хүнийг унтуул” гэсэн чинь Б.О “танай хүүхэд архи ууж болдог, би яагаад болохгүй” гээд уурлаж байгаад гар утсаараа өөрийн ээж рүү залгаад “хадам ээж ирчихсэн, манайх хоол хийх махгүй байна” гээд худлаа яриад ээжээсээ мөнгө аваад өөрөө дэлгүүр орж пиво авч уугаад улам агсам тавиад Сүхбатыг унтаж байхад нь дахиад цохиод байхаар нь миний даралт ихсээд би зээ охин Солонгыг дагуулаад такси бариад охины гэрт очсон ...” гэх мэдүүлэг /хх.174-175/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч болон хохирогчийн хувийн байдлын талаар гэрч М.Баярмандахын өгсөн мэдүүлэг /хх.189-190/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11947 дугаартай:

“1. Ц.Сүхбатын биед хэвлийн өмнөд ханаар нэвтэрч, бүдүүн гэдэс, чацархай гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий цус хураа /500 мл/ бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “Хүнд” зэрэгт хамаарна.

4. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарнагэх дүгнэлт /хх.34-36/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Огийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нийтийн байранд хамтран амьдрагч Ц.Сүхбаттай архи согтууруулах ундаа хэрэглэсэн тэр үед манай хамтран амьдрагч Ц.Сүхбат намайг “янхан гичий” гээд доромжлоод, миний толгой хэсэгт гараараа цохихоор нь би ууртаа гэрийн ширээн дээр байсан цэнхэр иштэй хутга аваад Ц.Сүхбатын хэвлий хэсэгт хоёр удаа хатгахад Ц.Сүхбатын хэвлий хэсгээс их хэмжээний цус гараад тогтохгүй байхаар нь би айгаад би өөрөө цагдаа, түргэн дуудсан, удалгүй түргэний эмч ирээд Ц.Сүхбатыг шууд гэмтлийн эмнэлэгт авч явсан...” гэх мэдүүлгүүд /хх.26-27,76-77/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.61/,

Хохирогч Ц.Сүхбатын хүсэлт /хх.88/,

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл /хх.141-143/,

Зөрчлийн талаарх цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх.231-232/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.О нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Сүхбатын хэвлийн тус газарт хутгалж хэвлийн өмнөд ханаар нэвтэрч бүдүүн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хураа /500 мл/ бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3-16/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.7-8/,

Өвчний түүх /хх.44-56/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Сүхбатын өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд би өөрийн хамтран амьдрагч Б.Отай өрөө түрээслэн амьдарч байхдаа 0.75 литр, 05 литр шилтэй хараа архи хувааж уугаад Б.О “чи сүүлийн 2 хоног тасралтгүй архи уулаа” гэж уурлаад бид хоёр маргалдсан. Тэр үед Б.О нь гэрт байсан хутга аваад миний хэвлий хэсэгт 2 удаа хатгасан...”  гэх мэдүүлэг /хх.16-18/,

“... намайг гэртээ унтаж байхад Б.О согтуу “босооч” гээд миний толгой бие рүү өшиглөөд байхаар нь би босож ирээд “чи яагаад хүн унтуулахгүй байгаа юм бэ” гээд маргалдсан, гэхдээ зодолдсон зүйл байхгүй. Гэнэт Б.О “чи сүүлийн 2 хоног архи уулаа” гээд хутга аваад намайг зогсож байхад хэвлий хэсэгт 2 удаа хатгахад миний хэвлий хэсгээс цус гараад тогтохгүй байхаар нь хойшоо унахад Б.О гартаа барьж байсан хутгаа ширээ лүү шидчихээд өөрөө гараад цагдаа дуудсан...”  гэх мэдүүлэг /хх.171-172/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Баярмаагийн өсгөн: “... 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад манай яг дээд талын өрөөнд байх эхнэр нөхөр хоёр маргалдаж байгаа чимээ сонсогдож байсан. Гэхдээ яг юу гэж хэлж байгаа нь тод сонсогдохгүй байсан. Хэсэг хугацаанд чимээгүй болчхоод байсан. Тэгээд 23 цаг 30 минутын үед дээд айлын эмэгтэй 2 давхраас бууж ирээд манайд орж ирээд надад хандаж утсаа өгөөч эгчээ утсаар чинь дуудлага өгье гэсэн. Би түүнд утсаа өгтөл тэрээр 102, 103 тоот утсанд залгаж нөхөртэйгөө муудалцаад янз бүрээр хэлээд байхаар нь хутгалчихлаа гэж хэлж байсан. Тэгээд хаягаа хэлж чадахгүй болохоор нь би 102-ын цагдаад хаягаа зааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11947 дугаартай:

“1. Ц.Сүхбатын биед хэвлийн өмнөд ханаар нэвтэрч, бүдүүн гэдэс, чацархай гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий цус хураа /500 мл/ бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “Хүнд” зэрэгт хамаарна.

4. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарнагэх дүгнэлт /хх.34-36/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Огийн яллагдагчаар өгсөн: “... би ууртаа гэрийн ширээн дээр байсан цэнхэр иштэй хутга аваад Ц.Сүхбатын хэвлий хэсэгт хоёр удаа хатгахад Ц.Сүхбатын хэвлий хэсгээс их хэмжээний цус гараад тогтохгүй байхаар нь би айгаад би өөрөө цагдаа, түргэн дуудсан, удалгүй түргэний эмч ирээд Ц.Сүхбатыг шууд гэмтлийн эмнэлэгт авч явсан...” гэх мэдүүлэг /хх.74-75/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Огийн өгсөн “... би энэ хэргийг санаатай үйлдээгүй...” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгчийн сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй, эргэлзээтэй гэсэн агуулгатай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэрэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Б.Огийн болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр хохирогч Ц.Сүхбатын биед хөнгөн гэмтэл учруулсан өөрт нь, ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Б.Огийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Ог холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэж үйлдсэн” хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Хохирогч Ц.Сүхбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Огаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Иймд Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Огийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Од 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн байнга архидан согтуурдаг зүй бус нөхцөл байдлаас шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.Огийн холбогдсон гэмт хэрэгт оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахыг шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэж байх боловч шүүгдэгч гэм буруугийн хэлбэрийн талаар маргаж байх тул уг хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

          Б.Ог 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 120 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 23.5 см урттай хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Бийн Ог  “Хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Од 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Од оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.          

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ог урьд нь цагдан хорьсон 120 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 23.5 см урттай хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          8. Хохирогч Ц.Сүхбат нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Огаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР

                                  ШҮҮГЧИД                        Д.МӨНХТУЯА

     М.ТҮМЭННАСТ