Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/31

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

иргэдийн төлөөлөгч В.Ганчимэг,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Тын Бэд холбогдох эрүүгийн 2117000120024 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Тын Б /РД:ЕЙ/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1997 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын .... дүгээр баг, ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, суурь боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, урьд 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гэх,

 

Холбогдсон хэргийн талаар

яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр:

 

Яллагдагч Т.Б нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 401 дүгээр байрны орчим насанд хүрээгүй У.Мийн эд хөрөнгийг авахаар довтолж, “гар утсаа өг эсвэл мөнгө өг эсвэл эндээ үх” хэмээн заналхийлж зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж, “Iphone X” маркийн гар утсыг дээрэмдэн 900 000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 401 дүгээр байрны орчим насанд хүрээгүй У.Мийн хоолойг нь боож, хутга тулган “гар утсаа өг эсвэл мөнгө өг эсвэл эндээ үх” хэмээн заналхийлж Iphone X маркийн гар утсыг дээрэмдэн авч 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний орой 8 цаг болж байхад тамхи авах гээд гэрээсээ гарсан. Насанд хүрээгүй хохирогч төмөр замын дэлгүүрээс засмалаар зүүн тийшээ утас бариад алхаж байхаар нь би Төмөр замын дэлгүүрээс 2 дугаар сургууль хүртэл дагаж явж байгаад гар утсыг нь дээрэмдэх санаа төрөөд очоод утсаа өг гэж хэлсэн. Миний утас биш гэхээр нь халаасанд байсан хутгаа гаргаж ирээд хүзүүнийх нь ойролцоо тулгасан. Улбар шар өнгөтэй хутга тухайн үед надад байсан. Ямар нэгэн зорилгогүйгээр авч явсан. Мөн би хар өнгийн савхин бээлийтэй байсан. Тэгээд машины гэрэл гарахаар нь би айгаад зугтаасан. Тэгээд утасны кодыг гаргах гээд утас засварт өгсөн байхдаа цагдаад баригдсан. Ямар нэгэн шалтгаангүйгээр хүүхдийг дээрэмдсэн. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, утсыг нь буцаагаад өгсөн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Насанд хүрээгүй хохирогч У.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 02 дугаар сарын 04-ний орой 20 цаг өнгөрч байх үед Дэлгэрэх дэлгүүр ороод эрдэнэ шиш аваад гэр лүүгээ орох гээд байрны баруун хойд талын булан тойрсон чинь манай байрны булангаас нэг хүн гарч ирээд миний амыг дараад нөгөө гараараа миний хоолойд хутга тулгаад утсаа өг эсвэл мөнгөө өг эсвэл эндээ үх гэж хэлсэн. Би утсаа өгөхгүй гэж хэлэхэд тэр хүн миний араас зүүн гараараа мөрөн дээгүүр давуулж хоолой боох маягаар бариад баруун гартаа барьсан хутгаа миний хүзүүний орчимд тулгаад утсаа өг гээд байсан. Хутгаа миний биед бол хүргээгүй жаахан зайтай бариад зогсоод байсан. Миний баруун гартаа барьсан гар утсыг хүчээр булаагаад авсан. Тэгээд манай байрны урд талын саадан дотор чирч оруулаад хөшөөний хойд талд зогсоод боож байсан гараа тавиад халаасанд байгаа бүх юмаа гарга гэж хэлсэн. Намайг туслаарай гээд хашхирахаар миний амыг гараараа дараад дугарч чадахгүй болгоод байсан. Харанхуйд эмэгтэй хүний хөөе гэж хашхирах чимээ сонсогдоход тэр эрэгтэй босоод зугтаагаад явсан. Тэр эрэгтэй намайг зодож цохисон зүйл байхгүй. Хавсарч унагаан хоолой боохоор нь би гарыг нь хазсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Би тухайн алдсан гар утсыг Балдан засаг захаас 1100000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн эрэгтэй нь хар өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн нэг удаагийн масктай, хөх цэнхэр өнгийн богино куртиктай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн савхин бээлийтэй, 180-190 см өндөртэй, бүдүүн хоолойтой, туранхайвтар хүн байсан. Хураан авсан шар өнгийн иштэй эвхдэг хутга нь хэрэг болох үед тухайн хүн миний хүзүүний орчимд тулгасан хутга мөн байна. Гаднах шинжээр нь таньж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40-49 хуудас/

 

1.3. Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 02 дугаар сарын 04-ний орой 20 цаг 40 минутын орчимд манай ээж Бадамцэцэг над руу залгаад М лүү оч, ямар нэгэн юм болсон бололтой байна гэж хэлэхээр нь би гэрт очиход М нь ганцаараа их сандарсан байсан. Надад намайг сая дээрэмдчихлээ, утсаа дээрэмдүүлсэн гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгсний дараа М виза картаа гадаа хаячихлаа гээд хайж байхдаа тухайн хүний хаясан бээлийг олоод хажууд нь зогсож байхад цагдаа нар ирсэн. М надад дэлгүүр ороод гэртээ орох замд нь байрны булан дээр тухайн хүнтэй таарсан гэж хэлсэн. Тухайн хүн нь масктай, хар малгайтай, хөх куртиктай,  180-190 орчим өндөртэй хүн байсан гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 52-54 хуудас/

 

1.4. Шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 85 дугаар дүгнэлтэнд: У.Мийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 67 хуудас/

 

1.5. Шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтэнд: Т.Б нь урд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Т.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.Б нь өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна. Т.Бэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

Дүгнэлт гаргасан: Хянасан: Нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ, Илтгэгч: Мэдрэл сэтгэцийн их эмч Э.Энхтөр гэжээ. /х.х-ийн 78-79 хуудас/

 

1.6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 6-23 хуудас/

 

1.7. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /х.х-ийн 24-37 хуудас/

 

1.8. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын үнэ тогтоосон дүгнэлт, насанд хүрээгүй хохирогчийн төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /х.х-ийн 82, 103-104, 113 хуудас/

 

1.9. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 123, 124-125 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Т.Бийг дээрэмдэх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэдийн төлөөлөгч В.Гантуяа: Насанд хүрээгүй хүүхдэд хүйтэн зэвсэг тулгаж гар утсыг дээрмийн сэдлээр авсан тул хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх нь маш зөв байна. Гэм буруутай нь хавтаст хэргийн материалаар бүрэн дүүрэн нотлогдож байна гэсэн гэм буруугийн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан нь үндэслэл бүхий байна гэж үзлээ.  

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг дурдлаа.

 

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэнд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Т.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шунахайн сэдэлтийн улмаас үйлдэгдсэн байна.

 

ХОЁР: Шүүгдэгч Т.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Насанд хүрээгүй хохирогч У.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Алдсан гар утсаа бүрэн бүтнээр эргүүлэн хүлээн авсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40-49 хуудас/

 

2.2. Гэрч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь эхээс тавуулаа айлын дунд хүү. Сургуулиасаа гараад хөдөө мал маллаж амьдарч байгаад 2019 онд цэрэгт татагдаж алба хаасан. Эхнэр хүүхэдгүй, амьдрал зохиож байгаагүй. Хувийн зан байдлын хувьд үг дуу цөөтэй, даруу төлөв, хар ажил төрөлд сайн, хүний үгнээс гардаггүй, хүмүүжил сайтай хүүхэд. Архи дарс уугаад байдаггүй, эрүүл саруул, өсөлт бойжилт хэвийн, сэтгэцийн хувьд ямар нэгэн өөрчлөлтгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 58-59 хуудас/

 

2.3. Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь 7 дугаар ангиасаа сургуулиас гараад дараа нь оройн ангид сурч байгаад суурь боловсролын гэрчилгээ авсан. Тэгээд хөдөө мал маллаж байгаад цэрэгт явсан. Хувь хүнийхээ хувьд нээлттэй биш, бүрэг ичимхий, үг дуу цөөтэй, хүнтэй харилцах чадвар муу, хар ажил болон гэрийн ажилд сайн, тусч зантай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 60-61 хуудас/

 

2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 93-98 хуудас/

 

2.5. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс ирүүлсэн Т.Бтэй холбогдох баримт бичгүүдийн хуулбар, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийн хуулбарууд /х.х-ийн 99, 102, 106-112 хуудас/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч Т.Бэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

          Прокуророос шүүгдэгч Т.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

         

          Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн савхин бээлий 1 хос, шар өнгийн эвхэгддэг хутга 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Тын Бийг дээрэмдэх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бэд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн савхин бээлий 1 хос, шар өнгийн эвхэгддэг хутга 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ

                                                          ШҮҮГЧИД                            Б.БАТТУЛГА

                                                                                                       Т.ЭНХМАНДАХ