| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0526/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/550 |
| Огноо | 2021-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/550
2021 05 11 2021/ШЦТ/550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох 2106 00000 0658 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өмнөговь суманд 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа дэлгүүр ажиллуулдаг гэх, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 10 дугаар гудамжны 1969 тоотод оршин суух, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Иовогт Ций Б /РД:/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ц.Б нь 2021 оны 03 дугаар 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ-Хэ” нэртэй хүнсний дэлгүүр дотор иргэн О.Түвшинбаярын НӨАТ-ын баримт нэхсэний улмаас маргалдаж түүний нүүрэнд гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бгийн өгсөн: “... Хохирогч манай дэлгүүрт амны хаалтгүй орж ирсэн. Би хэрэг болдог өдөр худалдагч хийж байсан. Би “та амны хаалт буюу маскаа зүү” гэх шаардлагыг тавихад хүлээж аваагүй маргаан гарсан. Маргалдааны үүднээс “би чамд үйлчлэхгүй гар” гэсэн шаардлага тавихад намайг хэл амаар доромжилсон. Тухайн үед хохирогч согтуу ойлгохгүй байсан. Над руу лаазтай пиво, том савтай пиво шидсэн. Том пиво шидэхэд лангуу дээр байсан вино болон шилэн лангуу хагарсан. Би гаргахыг оролдоод түүнээс болж барьцалдаж авснаас биш нүүр лүү нь цохисон зүйл байхгүй. Би тухайн үед агсан согтуу тавьж байгаа бичлэгийг мөрдөгчид өгсөн... 133.000 төгрөгийг төлсөн... Ажлын байр дээр согтуу хүмүүс ирээд дарамтлах зүйл байдаг. Би цагдаагийн байгууллага дуудаад асуудлыг шийддэг байсан. Энэ удаад харамсалтай нь эсрэг хүний биед гэмтэл учирсан байна... Бид хоёрыг маргалдаж байхад дэлгүүрээр үйлчлүүлж байсан залуу салгасан. Салаад явж байтал араас пиво шидэхээр нь хартал амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх.34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Түвшинбаярын өгсөн: “... би 2021 оны 03 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ-Хэ нэртэй хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж, авсан барааныхаа тооцоог хийгээд, худалдагч гэх эрэгтэй НӨАТ-ын баримт өгөхгүй байхаар нь “баримтаа авъя” гэж 2-3 удаа хэлэхэд худалдагч залуу надад хандан, “зайл, НӨАТ баримт өгөхгүй” гэхээр нь би “чи яагаад намайг зайл гэдэг юм” гэхэд худалдагч залуу лангууныхаа араас гарч ирээд нүүр лүү нэг удаа цохисон. Тухайн үед миний толгой эргэн манарч, хэл ээдэрч, нүд харанхуйлсан. Тэр залуу намайг манаралтын байдалтай байх үед заамдан хоолой боож, үүдний хаалга руу чирсэн...” гэх мэдүүлэг /хх.11/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очрын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2295 дугаартай:
“1. О.Түвшинбаярын биед дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад язрал, доод зүүн 1-р шүдний эмтрэл, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Би тэр эрэгтэйд шаардлага тавихад эсэргүүцэн өөдөөс агсраад миний толгой руу нэг удаа цохихыг завдсан, тэгэхээр нь би цээж рүү нь 2-3 удаа түлхсэн ба энэ үед амнаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.41-42/,
Хохирлын баримт /хх.36-37/,
Зөрчлийн хэрэг шалгуулах тухай прокурорын албан бичиг /хх.46/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.Б нь 2021 оны 03 дугаар 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ-Хэ” нэртэй хүнсний дэлгүүр дотор иргэн О.Түвшинбаярын НӨАТ-ын баримт нэхсэний улмаас маргалдаж түүний нүүрэнд гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг болох нь:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх.34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Түвшинбаярын өгсөн: “... худалдагч залуу надад хандан, “зайл, НӨАТ баримт өгөхгүй₮ гэхээр нь би “чи яагаад намайг зайл гэдэг юм” гэхэд худалдагч залуу лангууныхаа араас гарч ирээд нүүр лүү нэг удаа цохисон. Тухайн үед миний толгой эргэн манарч, хэл ээдэрч, нүд харанхуйлсан. Тэр залуу намайг манаралтын байдалтай байх үед заамдан хоолой боож, үүдний хаалга руу чирсэн...” гэх мэдүүлэг /хх.11/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очрын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2295 дугаартай:
“1. О.Түвшинбаярын биед дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад язрал, доод зүүн 1-р шүдний эмтрэл, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бгийн яллагдагчаар өгсөн: “... тэгэхээр нь би цээж рүү нь 2-3 удаа түлхсэн ба энэ үед амнаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.41-42/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Ц.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч О.Түвшинбаярын баримтаар нэхэмжилсэн нийт 163.750 төгрөгөөс 133.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б шүүхийн шатанд нөхөн төлсөн, автомашины шатахууны зардал 30.750 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Улмаар хохирогч О.Түвшинбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Бгаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Иймд Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ш Ц.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ц.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Иовогт Ций Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ц.Бд оногдуулсан нийт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Бд сануулсугай.
5. Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 133.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч О.Түвшинбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Бгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР