Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1109

 

 “Сайд Ачит” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00799 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Сайд Ачит” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Алдартбаярт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Урангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сайд Ачит” ХХК-ийн захирал Д.Оюунсүрэн би 79-62 УБТ улсын дугаартай, Тоёота Х маркийн суудлын автомашиныг 2015 оны 11 дүгээр сард бусдаас 9 000 000 төгрөгт тооцож авсан. Г.Алдартбаяр нь уг авто машиныг 8 000 000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцон 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр урьдчилгаа 2 000 000 төгрөгийг нөхөр н.Сүхболдын Хаан банк дахь 5675331392 тоот төгрөгийн данс руу шилжүүлсэн.

Хариуцагч үлдэгдэл 6 000 000 төгрөгийг дараа нь төлөхөөр тохиролцсон ч өгч чадахгүй байсан тул тэрээр “Сайд Ачит” ХХК-иас хүүтэй мөнгө зээлж үлдэгдэл төлбөрийг өгсөн. “Сайд Ачит” ХХК бол 1 хувьцаа эзэмшигчтэй, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

“Сайд Ачит” ХХК нь Г.Алдартбаяртай 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 6 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Г.Алдартбаяр нь үндсэн зээл болон хүү огт төлөөгүй.

Иймд Г.Алдартбаяраас үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээлийн хүү 900 000 төгрөг, зээлийн гэрээгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор заасны дагуу тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар буюу 3 450 000 төгрөгийн хэмжээнд тооцон нийт 10 350 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Алдартбаяр болон нэхэмжлэгч талын хооронд автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан. 

Г.Алдартбаяр нь 2015 оны 12 дугаар сард нэхэмжлэгчээс автомашин 8 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж, урьдчилгаа 2 000 000 төгрөгийг нь шилжүүлсэн. Мөн өдөр нь үлдэх 6 000 000 төгрөгийг хүүгүй зээлсэн зээлийн гэрээ үйлдэн 3 хувааж төлөхөөр тохиролцсон. Г.Алдартбаяр нь 6 000 000 төгрөгийнхөө үр шимийг хүртээгүй.

Г.Алдартбаяр болон “Сайд Ачит” ХХК-ийн хооронд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл юм.

Г.Алдартбаяр нь автомашины үлдэгдэл төлбөр 6 000 000 төгрөгийг “Сайд Ачит” ХХК, эсхүл иргэн Д.Оюунсүрэнд, хэнд нь ч өгч болно гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т зааснаар хариуцагч Г.Алдартбаяраас 6 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Сайд Ачит” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 450 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Сайд Ачит” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Алдартбаяраас 125 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сайд Ачит” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хугацаа хэтрүүлсэн алданги болох 3 450 000 төгрөгийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 4.2-т өдрийн зээл авсан зээлдэгч зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс 0.5 хувиар алданги тооцно гэсний дагуу алданги 3 450 000 төгрийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Г.Алдартбаярт өдрийн бус хэрэглээний зээл олгосон талаараа тайлбарладаг.

Мөн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээг буюу гэрээний заалтыг үгийн шууд утгаар нь тайлбарлавал дээрхи алданги тооцсон заалт нь өдрийн зээл авсан зээлдэгчид хамаарах заалт, дээрхээс дүгнэхэд хариуцагч Г.Алдартбаярт нь алданги 3 450 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж хангахаас татгалзсан нь нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэхэд хүргэж байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 4.2-т дээрх заалт байхгүй, харин 1 дүгээр зүйлийн 1.4.1 дэх заалтад үндсэн зээл болон түүний хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс 0,5 хувиар алданги тооцно гэсэн заалт байсан ба энэхүү заалтыг талууд хүсэл зоригоо бүрэн чөлөөтэй илэрхийлэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул хариуцагч Г.Алдартбаяр алданги төлөх хууль зүйн үндэслэлтэй байгаа юм.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, алдангид нэхэмжилсэн 3 450 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тусгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “Сайд Ачит” ХХК нь хариуцагч Г.Алдартбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 350 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Сайд Ачит” ХХК-ийн захирал Д.Оюунсүрэн нь иргэнийхээ хувьд өөрийн эзэмшлийн 79-62 УБТ улсын дугаартай, Тоёото Х маркийн суудлын автомашиныг хариуцагч Г.Алдартбаярт 8 000 000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцсон, Г.Алдартбаяр нь урьдчилгаанд 2 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч “Сайд Ачит” ХХК нь хариуцагч Г.Алдартбаяртай 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 6 000 000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү төлөх, гэрээний үүргээ биелүүлээгүй бол үлдэгдэл төлбөрөөс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 79-62 УБТ улсын дугаартай, Тоёото Х маркийн суудлын автомашиныг барьцаалсан гэрээг бичгээр байгуулсан ба мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгсөн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Зээлийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлсэн байна. Талууд зээлийн гэрээний 1.2 дахь хэсэгт зээлийн хүүгийн талаар тохиролцсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхтэй.

 

Дээрх зээлийн гэрээний 1.2, 1.4.1 дэх хэсэгт талууд зээлийн хүү, алданги тохиролцсон нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү тохирсон бол гэрээг бичгээр байгуулах тухай хэлбэрийн шаардлага хангасан, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах, алданги төлөх урьдчилсан нөхцлийн талаарх хуулийн зохицуулалтад тавигдсан шаардлагыг тус тус хангажээ.

 

            Шүүх зээлийн үндсэн үүрэг 6 000 000 төгрөг, зээлийн хүү 900 000 төгрөг /6 000 000*5%*3сар/ нийт 6 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Түүнчлэн мөн гэрээний 1.4.1 дэх хэсэгт талууд алдангийн талаар тохиролцсон бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байхад шүүх анхаараагүй нь буруу болжээ.

 

Анхан шатны шүүх алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.4.2 дахь заалтыг үндэслэжээ.

 

            Гэрээний 1.4.2 дахь хэсэгт “өдрийн зээл авсан зээлдэгч зээлийг буцаан төлөх хуваарь /хавсралт №1/-ийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээлийн үнийн дүнгээс 0.5 хувьтай тэнцэх алданги тооцно” гэж заасан боловч талууд зээлийн буцаан төлөх хуваарьт зээлийг сар бүр 3 удаа төлөхөөр тохиролцсон тул гэрээний 1.4.2 дахь хэсэгт заасан тохиролцоо үйлчлэхгүй юм.

 

            Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 3 450 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00799 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Алдартбаяраас 10 350 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сайд Ачит” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “125 350” гэснийг “180 550” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Сайд Ачит” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА