Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 18

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                            Хэргийн индекс 114/2018/0035/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Гомдол гаргагч Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б-ийн дүгнэлттэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.О-д холбогдох

 

         Прокурорын “Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.О-ийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 0063467 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

                  Прокурор                                                                Н.Д оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б-ийн шүүхэд гаргасан дүгнэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Болсон үйл явдлын тухайд 2018  оны 7 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, Хөтөл хороололд 7 настай Б.А гадаа тоглож байгаад 04 квт-ын агаарын шугамны цахилгаан утас барьж тогонд цохиулж, хоёр гар нь түлэгдсэний улмаас түүний биед хөнгөн хохирол учирсан. Эрх бүхий албан тушаалтан уг зөрчилд холбогдуулан “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хяналт шинжилгээ, аюулгүй ажиллагааны хэлтсийн техник, ашиглалт, хэмжих хэрэгсэл, хариуцсан мэргэжилтэн Х.Б-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эрх бүхий албан тушаалтан хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж заасан байхад холбогдогч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохгүйгээр тус компанийн хяналт шинжилгээ, аюулгүй ажиллагааны хэлтсийн техник, ашиглалт, хэмжих хэрэгсэл хариуцсан хяналтын мэргэжилтэн Х.Б-ийг холбогдогчоор тогтоож мэдүүлэг авч, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үйлдсэн  хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэснийг зөрчиж холбогдогч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийг шийтгэлээс чөлөөлсөн нь буруу. Хэдийгээр холбогдогч Х.Б-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан “зөрчлийг илрүүлэх, арилгуулах, таслан зогсоох хариуцлагыг дээшлүүлэх” үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа хэдий ч хуулийн дээрх заалтаас үзэхэд компанийг хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм.

Иймд  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, эрчим хүчний хяналтын улсын ахлах байгцаагч Б.О-ийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 0063467 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагаас харьяаллын дагуу шилжүүлсэн Дархан сумын Малчин баг, Хөтөл хороололд 7 настай Б.А нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 0.4 квт-ын агаарын шугамын утас барьж гэмтсэн гэх 1678 дугаартай гомдол мэдээллийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт цахилгаан эрчим хүч түгээх үйл ажиллагааг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК гүйцэтгэдэг тул тус компанид холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх явцад зөрчил гарсан гэх газар очиж үзэхэд Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг, Хөтөл хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийн шугам сүлжээний 43 дугаар тулгуурын цахилгаан дамжуулах кабель шугамын 2 утас тасарч газарт унасныг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК засварлаж, ашиглалтын хэвийн байдлыг хангуулсан, гэмтсэн хүүхдийн биеийн байдал хэвийн болсон, хоёр гар нилээн сорви тогтсон байсан.

Тус Хөтөл хорооллын цахилгаан хангамжийн шугам сүлжээ тоноглолын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №39/2015 тоот Улсын комиссын актаар байнгын ашиглалтад хүлээн авч, ашиглалтыг  “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д хариуцуулсан байна.

 “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан Цахилгаан дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 16.3.1 дэх заалт “Тухайн нутаг дэвсгэрт энэ хуульд заасан шаардлагыг хангасан хэрэглэгчийн шугам, тоног төхөөрөмжийг цахилгаан, дулаан түгээх шугам, тоног төхөөрөмжид холбох”, 16.3.6 дахь хэсэгт “Түгээх сүлжээг ашиглах, засвар үйлчилгээ хийх, өргөтгөх” үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг шалгах явцад цахилгаан түгээх сүлжээний ашиглалтын байдалд хяналт тавих үүргийг тус компанийн гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 150 тоот тушаалаар баталсан “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийх журмын 3.6, 4.1-4.6, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн техник ашиглалт, хэмжих хэрэгсэл хариуцсан хяналтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байрны үндсэн чиг үүргийн 1-д зааж, ““Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хяналт шинжилгээ, аюулгүй ажиллагааны хэлтсийн техник ашиглалт, хэмжих хэрэгсэл хариуцсан хяналтын мэргэжилтэнд хариуцуулсан нь хэрэгт хавсаргасан нотлох баримтуудаар нотлогдсон.

Тус компанийн техник ашиглалт, хэмжих хэрэгсэл хариуцсан хяналтын мэргэжилтэн Хуяг овогтой Б нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт  заасан “Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч”-ийн аль нь ч биш бөгөөд зөвхөн компанийн баталсан журмыг мөрдөж ажиллах үүрэг бүхий албан тушаалтан байсан.

Иймд тус компанийн техник ашиглалт, хэмжих хэрэгсэл хариуцсан хяналтын мэргэжилтэн Х. Бд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 500000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан.

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.О би өөрийн гаргасан шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байна.

Харин Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ч.Б нь 1818000339 дугаартай зөрчлийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хянахдаа нэхэмжлэлд дурьдсан асуудлыг огт хөндөж тавиагүй. Үүний дараа 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан прокурорын 15 дугаартай дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдээгүй, холбогдох албан тушаалтанд хүргүүлэхгүйгээр шууд Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.

Энэ дүгнэлттэй 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирж танилцсан болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.О-д холбогдуулан “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 0063467 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай  прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Прокурор дүгнэлтийн үндэслэлээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж зааснаар  холбогдогч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ”  ХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоогоогүй, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 5-д “Зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээс чөлөөлсөн нь буруу гэж тайлбарлаж байна.

           Хариуцагч Мэргэжлийн хяналтын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.О нь Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1818000339 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг  явуулан “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 0063467 дугаар шийтгэлийн хуудсаар “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хяналт шинжилгээ, аюулгүй ажиллагааны хэлтсийн техник ашиглалт, хэмжих  хэрэгсэл хариуцсан хяналтын мэргэжилтэн Х.Б-ийг хяналт тавьж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолт, дотоод хяналт шалгалтын журам зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, холбогдогч Х.Б нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийн торгуулийг төлсөн болох нь 0063467 дугаар шийтгэлийн хуудас, банкны кассын орлогын баримтаар нотлогдож байна.

            Гэвч хавтаст хэрэгт авагдсан Зөрчлийн хэрэг нээх тухай 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10-07-005/77 дугаартай тогтоол болон хэргийн материал танилцуулсан 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10-07-005/77 тоот тэмдэглэл зэрэгт хариуцагч нь “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгасан болох нь дээрх тогтоол, тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг томилоогүй, томилох тогтоол үйлдээгүй, хэргийн материалыг хуулийн этгээдэд танилцуулаагүй, Х.Баттөрд зөрчлийн хэрэг үүсгээгүй атлаа холбогдогчоор татаж шийтгэл оногдуулсан үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж, 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэснийг тус тус зөрчсөн.

            Зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд нь зөрчлийн хэрэг нээх тогтоолд дурьдсан зөрчлийг хуулийн этгээд, хүний аль холбогдогчид хамаарах эсэхийг шалган тогтоох, хэнд холбогдох үйлдэл нь тогтоогдохгүй хариуцлагаас чөлөөлсөн эсэхээ тодорхой зааж шалгаж шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “хуульд заасан үндэслэл, журмын дагуу ...зөрчлийн хэрэг нээх”, 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, 1.10-т “хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах”, 3.5 дугаар зүйлийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” тогтоох гэж заасан бүрэн эрхийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлэхээр байна.

            Мөн дээрх зөрчлийн хэрэгт “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийг холбогдогчоор татаж зөрчлийн хэрэг нээсэн боловч ямар үндэслэлээр хариуцлагаас чөлөөлсөн нь тодорхойгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 5-д “Зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасантай нийцэхгүй байна.

 Гэхдээ хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэхийг зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаагаар нэг мөр шалган тогтоож шийдвэрлэх ба энэ ажиллагааг Захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гарах хүртэл  Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 0063467 дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хариуцагчаас захиргааны шинэ акт гараагүй тохиолдолд дээрх шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3, 106.3.11 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                      ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын  прокурор Ч.Б-ийн дүгнэлтийг хангаж, дахин шинэ акт гарах хүртэл хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.О-ийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 0063467 дугаар шийтгэлийн хуудсыг 1/нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6-д зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор хариуцагч шинэ захиргааны акт гаргаагүй бол Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.О-ийн үйлдсэн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 0063467 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113. зүйлийн 113.2-т зааснаар Прокурорын дүгнэлт гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

                 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 З.ЭНХТУЯА

 

.