Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/283

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        04         28                                    2021/ШЦТ/283   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Н.Булганчимэг,                          

Шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Нд холбогдох эрүүгийн 2109001540340 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, эмэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдарчийн хамт /иргэний үнэмлэхийн лавлагаагаар Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Онон/ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 15 дугаар гудамжны 463е тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч  Э.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн 16 дугаар гудамжны 36 тоотод хохирогч Н.Отгонбаярын Самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 854.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2109001540340 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.Отгонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-нд шилжих шөнө 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргээс шөнө такси бариад явж байхад Баянбүрдийн тойргийн тэнд нэг хүүхэн такси барих гээд гараа өргөж байхаар нь таксигаа зогсоогоод хаа хүрэх талаар нь асуухад “хаашаа ч хамаагүй явна, чи хаашаа явах юм” гэж асуухаар нь би “найзынхаа гэр рүү явж байна” гэхэд “би хамт явъя” гэхээр нь “тэгье” гэж хэлээд дагуулж яваад найз Бат-Өлзийгийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн 16-36 тоотод оршин суух найзынхаа гэр рүү дагуулаад очиж хамт хоёр шил архи хувааж уугаад байж байгаад ойролцоогоор 03 цагийн үед нөгөө хүүхэн чинь “гарч шээнэ” гэж хэлээд гараад явсан. Тэр үед бид хэд унтах гээд байж байсан. Нөгөө хүүхэн орж ирэхгүй байхаар нь өөрийнхөө гар утсаар сэрүүлэг тавих гээд гар утсаа хайхад миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь Бат-Өлзийгийн гар утсаар өөрийнхөө 90956090 гэсэн дугаар руу залгахад миний утас холбогдохгүй байсан. Миний утас Самсунг А51 маркийн гар утас байсан. Өөрийнхөө алдагдсан гар утсаа олж аваад нөгөө хүнд нь хуульд заасан хариуцлага хүлээлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-22 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9-р хороо алтайн 15-463е тоот гэрээсээ тамхи авахаар гараад Баянбүрдийн автобусны буудлын дээр байдаг ТҮЦ-рүү очиж тамхи авчхаад буцаад явж байхад машинтай үл таних залуу миний хажууд ирээд надаас “гал байна уу” гэж асуухаар нь би гал өгөөд бид хоёр танилцаад тэр залуу “манай найзынх руу хамт юм хүргэж өгчхөөд ирье” гэж хэлхээр нь би хамт явсан. Тэр залуугийн найздаа хүргэж өгөх гэж байсан зүйл нь архи байсан. Тэр залуугийн найзынх гэрт ороход найз нь гэх залуу унтаж байсан. Тэр найзыг нь сэрээгээд бид гурав хамт архи хувааж уусан. Гаднаас найз нь гэх 2 залуу орж ирээд архи хамт хувааж ууж байгаад сүүлд орж ирсэн 2 залуу нь удаагүй яваад өгсөн. Би гэрт анх ороход унтаж байсан залуугийн утсыг оролдож байгаад утсаар нь ярьж байгаад би нойл орохдоо гар утсыг нь куртикны халаасанд хийсэн байсан. Нойл орчоод буцаж гэр рүү нь ороод архи ууж байхад намайг “хоноод яв” гэхээр нь би “үгүй” гээд куртикээ аваад гараад гэр рүү явсан. Харин түүний гар утсыг авсан гэдгийг би маргааш өглөө нь гэртээ ирсэн хойноо мэдсэн. Тэр залууг утсаа авах болов уу гээд залгахыг нь хүлээсэн залгахгүй болохоор нь би Хүнсний 4-р дэлгүүрийн тэнд байх Супер ломбардад 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 200.000 төгрөгөөр барьцаанд тавсан. Тэгээд маргааш өглөө нь нэмж 200.000 төгрөг авсан. Би гар утсыг буцааж авах гэтэл намайг буцааж авсан гээд гар утас өгөөгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

 

Гэрч М.Наваан-Юндэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Э.Н гэх нэртэй хүн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн гудамжинд байрлах “Супер” нэртэй ломбардад Самсунг галакси А51 маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр барьцаанд тавьсан.  2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэмж 200.000 төгрөг авсан. Э.Н нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр барьцаанд тавьсан гар утсаа 420.000 төгрөг өгөөд буцааж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Гэрч Х.Бат-Өлзий мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай найз Отгонбаяр намайг “архинд яваад ир” гэхээр нь би архинд яваад буцаад гэр рүүгээ харьж явахад Баянбүрдийн тэнд нэг эмэгтэй такси барих гээд гараа өргөж байхаар нь би “хаа хүрэх юм” гэж асуухад “17-ийн тийшээ явна” гэхээр нь зам нэг юм байна гээд аваад явсан. Би найзын захисан архийг машиныхаа голын хайрцагт ил тавьсан байхад тэр эмэгтэй “би шартаад байна, нэг татчихъя” гэхээр нь “найз захисан юм найзаасаа асуугаад хэлье” гээд Отгонбаяр руу залгаж асуухад “дагуулаад хүрээд ир, хамт архи ууя” гэхээр нь би тэр эмэгтэйд хэлээд хамт манай гэр рүү явсан. Гэрт очоод Отгонбаяр тэр эмэгтэй хоёр архи хувааж уугаад байж байхад гаднаас манай нэг найз Чимэд нь найзтайгаа орж ирээд юм ярьж сууж байгаад гараад явсан. Удалгүй манай найз Отгонбаяртай архи хувааж ууж байсан эмэгтэй “бие засаад ирье” гэж хэлээд гараад явсан. Тэгээд буцаж орж ирээгүй. Би найз Отгонбаярын хамт гэртээ унтаад өглөө сэрээд Отгонбаярын гар утас алга болсон байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Samsung A51 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 854.100 /найман зуун тавин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

Super барьцаат зээлийн үйлчилгээний баримт /хх-ийн 69 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Э.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50, 65 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/ гэрч Б.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн 16 дугаар гудамжны 36 тоотод хохирогч Н.Отгонбаярын “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 854.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Отгонбаярын мэдүүлэг, гэрч М.Наваан-Юндэн, Х.Бат-Өлзий нарын мэдүүлэг, “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Э.Н нь эд хөрөнгө, мөнгөтэй болох гэсэн санаа зорилгоо хэрэгжүүлж хохирогч Н.Отгонбаярт мэдэгдэхгүйгээр сэм нууцаар эд хөрөнгийг нь авсны улмаас түүнд эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна. 

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Э.Ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Отгонбаяраас “...хохирлоо бүрэн барагдуулж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 86/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.Ныг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид Э.Над эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Н  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ныг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН