| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0040/э |
| Дугаар | 2021/ШЦТ/47 |
| Огноо | 2021-04-08 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш ургийн овогт Дийн Дд холбогдох эрүүгийн 2135000370037 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ш ургийн овогт Дийн Д. Регистрийн дугаар: ОИ91051916.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн байранд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус сумын хэсгийн төлөөлөгч А.Ны хувийн эзэмшлийн Делл брендийн Ай5 7 загварын зөөврийн компьютерийн дэлгэцийг хууль бусаар эвдэж гэмтээсний улмаас түүнд 2,333,400 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч А.Ны мэдүүлэг /хх-ийн 38-45-р хуудас/, гэрч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/, гэрч А.Бын мэдүүлэг /хх-ийн 49-51-р хуудас/, гэрч О.Бийн мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/, хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга:
1. Хохирогч А.Ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед би тээврийн хэрэгсэл жолоодож явсан Баттөртэй харьцаж байтал дундаас Д гэгч нь надад хандаж “та нар суманд гарсан хулгайн хэргийг илрүүлж чадахгүй байж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бид хоёртой яагаад байгаа юм. Хулгай орсон гэх дэлгүүрийн эзэн Даваасүрэн гэгч нь намайг хулгайд хардаж байна” гэсэн зүйл надад хэлсэн юм. Мөн тухайн үед цээжин биедээ өмссөн хувцсаа тайлж газар шидээд “чамаас өшөөгөө авна, баян хүмүүсийн хэлснийг хийдэг, өөр зүйл хийж чаддаггүй” гэх зүйл надад хэлсэн тухайн үед би “Чи яагаад төрийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж, хууль ёсны шаардлага тавьж байхад хэл амаар доромжилж байгаа юм. Чиний гаргасан зөрчил, чамайг шалгах эрх надад байна” гэхэд миний урдаас орилж хашхираад гартаа барьж байсан утсыг хана руу шидэж тухайн утсаа дахин очиж аваад ажлын ширээ цохиод “Чи муу хасаг османы үлдэгдэл” гэх мэтээр хэл амаар доромжилж ширээн дээр байсан миний өөрийн эзэмшлийн Делл загварын Ай-5 нөүтбүүкийг утсаараа хоёр удаа маш хүчтэй цохисон юм. Тухайн үед хэсгийн цагдаа Бариасодод нөүтбүүкээ өгөөд асаж байгаа эсэх талаар шалгуулахад Бариасод нь нөүтбүүкийн дэлгэц хагарчихсан байна гэж надад харуулсан юм. ...Миний нөүтбүүкийн дэлгэц сольж засварлах боломжгүй. Засварлаад урд өмнөх шигээ ажиллагаатай байх талаар баталгаагүй учир би тухайн нөүтбүүкийн зах зээлийн үнэ ханш болох 2.333.400 төгрөгийн үнэлгээ гарсан байсан тул тухайн үнэлгээгээр хохирлоо барагдуулж авах болно” гэх мэдүүлэг /хх-ийн 38-45-р хуудас/,
2. Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д манай цагдаагийн байранд орилж, хамаг хувцсаа тайлж шидэж, цээж нүцгэн хэсгийн төлөөлөгч А.Ныг “Хасаг, чи яах гэж энд байгаа юм, османы үлдэгдэл, би чамаас өшөө авна, чи намайг барахгүй шүү” гэх зүйл ярьж хэлж заналхийлж байсан юм. Тухайн үед манай хэсгийн төлөөлөгч А.Н “Та яагаад төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж, хууль ёсны шаардлага тавьж байхад эсэргүүцэж хэл амаар доромжилж заналхийлж байгаа юм” гэж асуухад тухайн Д нь “Яасан ч яадаг юм” гэх зэргээр орилж хашгичиж цагдаагийн хэсгийн байранд хоёр цаг орчим танхайрсан юм. Тэгээд манай хэсгийн байрны бор өнгийн ширээг өөрийн гар утсаараа цохиж, мөн ширээн дээр байсан хэсгийн төлөөлөгч А.Ны эзэмшлийн Ай-5 загварын нөүтбүүкийг гар утсаараа хоёр удаа цохисон юм. Тухайн үед хэсгийн төлөөлөгч А.Н нь нөүтбүүкийг аваад надад өгсөн. Би нөүтбүүкийг аваад асаатал уг нөүтбүүкийн дэлгэц хагарсан нэлэнхүйдээ хөндлөн болон босоо зураас орсон ажиллах боломжгүй болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/,
3. Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Муу казак хулгайн хэргээ илрүүлж чадахгүй байж намайг энд авч ирлээ, намайг барахгүй шүү, османы үлдэгдэл гэх зэргээр хэсгийн төлөөлөгч А.Ныг дуудаж хэл амаар доромжилж байсан. Мөн хувцсаа тайлж, газар шидээд хашгичаад, гар утсаараа хэсгийн байрны бор өнгийн ширээ цохисон юм. Тухайн үед манай хэсгийн төлөөлөгч А.Н “Та яагаад төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж, хууль ёсны шаардлага тавьж байхад эсэргүүцэж хэл амаар доромжилж заналхийлж байгаа юм” гэж асуухад тухайн Д нь “яасан ч яадаг юм” гэх зэргээр орилж хашгичиж цагдаагийн хэсгийн байранд хоёр цаг орчим танхайрсан юм. Тэгээд манай хэсгийн байрны бор өнгийн ширээг өөрийн гар утсаараа цохиж, мөн ширээн дээр байсан хэсгийн төлөөлөгч А.Ны эзэмшлийн Ай-5 загварын нөүтбүүкийг гар утсаараа хоёр удаа цохисон юм. ...Уг нөүтбүүкийн дэлгэц хагарсан нэлэнхүйдээ хөндлөн болон босоо зураас орсон ажиллах боломжгүй болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/,
4. Гэрч О.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Даас мөнгө авах байсан болохоор мөнгө авах гээд асуухад өгнө гэж хэлээд 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи гаргаж ирээд “чиний мөнгийг өгнө, эхлээд энийг ууя” гэж хэлээд задлаад бид хоёр миний 81-19 УВХ улсын дугаартай машин дотор архийг хуваагаад уусан. Тэгээд бид хоёр сумын төв рүү эмийн сан орох гэж ирээд эм аваад гэр лүү харьж байтал “Лонхон уул” дэлгүүрийн гадна цагдаад баригдаж Дын хамт цагдаагийн хэсэгт ирсэн. ...Би хуулийн зүйл заалттай танилцаж өөрийн буруугаа хүлээж уучлалт гуйж байхад Д “Та нар яагаад манай суманд гарсан онц ноцтой хулгай хэргийг илрүүлж чадахгүй байна, эхлээд тэр хэргийг илрүүлчхээд иймэрхүү асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Яагаад та нар намайг хардаад байна” гэж орилоод хашгираад эхэлсэн. Хэсгийн төлөөлөгч надад “чи гараад ар гэрээсээ хүн дуудаад ороод ир” гэж хэлэхээр нь хэсгийн цагдаа Бариасодын хамт гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/,
5. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн “2021 оны 02 дугаар сарын байдлаар Dell брэндийн i5 7th generation загварын зөөврийн компьютерийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 2.333.400 /хоёр сая гурван зуун гучин гурван мянга дөрвөн зуун/ төгрөг, Dell брэндийн i5 7th generation загварын зөөврийн компьютерийн дэлгэц 620.000 /зургаан зуун хорин мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 49 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/,
6. Шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...хэсгийн төлөөлөгч А.Ныг казак гэж хэлж байсан. Мөн өөрийн гар утсаар ширээ цохиж, нөүтбүүкийн дэлгэц цохиж байсан шиг санагдаж байна. Мөн би өөрийн цээжинд байсан хамаг хувцсаа тайлаад шидсэн, үг хэлээр доромжилж байгаа бичлэгийг хэсгийн төлөөлөгч дараа нь харуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 73-76-р хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Д нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.
Шүүгдэгч Д.Д нь Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн хэсгийн байранд хэсгийн төлөөлөгч А.Ны эзэмшлийн нөүтбүүкийн дэлгэцийг гэмтээсний улмаас түүнд 2.333.400 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт болжээ.
Эд хөрөнгө гэмтээх гэдэгт эд зүйл, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан түр хугацаагаар зориулалтаар нь ашиглах хэрэглэх бололцоогүй болохыг ойлгох бөгөөд гэмтлийг засвар үйлчилгээгээр сэргээн босголтын үед анхны байдалд нь оруулж болдог.
Энэ талаар гэрч Я.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Тухайн нөүтбүүк нь дэлгэц хэсгээрээ хагарсан байх ба дэлгэцийг засварлах боломжтой. Харин их хавтангаараа хагарсан тохиолдолд засах боломжгүй” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 61-62-р хуудаст авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Д.Д нь хохирогч А.Ны эзэмшлийн нөүтбүүкийг гэмтээсэн гэж үзэж прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хохирогч нь А.Ны нь “миний нөүтбүүкийн дэлгэцийг засварлаад урд өмнөх шигээ ажиллагаатай байх талаар баталгаагүй учир би тухайн нөүтбүүкийн зах зээлийн үнэ ханш болох 2.333.400 төгрөгийн үнэлгээ гарсан байсан тул тухайн үнэлгээгээр хохирлоо барагдуулж авах болно” гэсний дагуу шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан энэ талаар шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, хохирлыг бүрэн төлж барагдуулжээ.
Шүүгдэгч Д.Д нь хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө гэмтээсэн хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогчид 2.333.400 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгчээс хохирогчийн нэхэмжилсэн 2.333.400 төгрөгийн хохирол барагдуулсан гэж хохирогч А.Нд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд мөн дээрхтэй ижил тайлбарыг хэлж тэмдэглүүлсэн байна. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Б.Дгийн “...2013 оны 6 дугаар сард манай төрсөн ахын охин Бтай танилцаж манай суманд анх ирж байснаас нь хойш Дыг таних болсон юм. Д Б нар дундаасаа 3 хүүхэдтэй бөгөөд эхнэр Б нь одоо 7 сартай жирэмсэн юм. Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд 2018, 2019 онуудад Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байсан. Д төрсөн нэг эгчтэй ба Улаанбаатар хотод амьдардаг гэсэн. Төрсөн аав, ээж, ах, эгч, дүү нар байхгүй. Эхнэр Б нь Ховд сумын эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай. Д эрүүл үедээ даруухан зантай ба согтуу үедээ догшин ширүүн болчихдог” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/, гэрч П.Бгийн “...2018 онд Дтай гэр бүл болж 0-6 насны 3 хүүхэдтэй бөгөөд одоогоор манайх Увс аймгийн Ховд сумын 1-р багт оршин суудаг юм. Нөхөр маань архи олдсон үед хэрэглэдэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнтэй таарамжгүй болчихдог юм. Нөхөр Дын нэр дээр 4 тал хашаа, 6 ханатай гэр, адуу 5, үхэр 3, ямаа 100, хонь 50 орчим малтай. Миний бие одоо 7 сартай жирэмсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/, гэрч Т.Мын “Би Д.Дыг 2012 оноос найзалж байна. Тухайн үеэс хойш найзуудын холбоо хамааралтай өдийг хүрч байгаа юм. Д аав, ээжийн талаар ямар нэг зүйл хэлж байгаагүй. Аав ээж нь байгаа эсэхийг мэдэхгүй байна. ...Д нь хааяа нэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд баяр ёслолын үеэр хэрэглэдэг, тамхи татдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/, гэрч Д.Мын “...Би Д.Дтай 2014 оноос найзалж байна. Тухайн үеэс хойш найзуудын холбоо хамааралтай өдийг хүрч байгаа юм. ...Д нь хааяа нэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд баяр ёслолын үеэр хэрэглэдэг, тамхи татдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Д.Д нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор А.Анхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 119-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Д.Д нь шүүх хуралдаанд 650 нэгж буюу 650,000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгох ялыг тодорхой хугацаанд хувааж төлөх боломжоор хангаж өгөөч, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж ажилгүй, орлогогүй болоод байгааг минь харгалзаж өгнө үү гэх саналыг гаргасан болно.
Иймд шүүгдэгчийн дээрх саналыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овогт Дийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Д нь торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН