Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 141/ШШ2017/00076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур баг хаягаар оршин суудаг Сартуул овогт Цэгмидийн Гантулгаас ирүүлсэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой баг хаягаар оршин суудаг Х овогт Ч.А-д холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар оролцов.

Хариуцагч Ч.А-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Мөнгөн орой караоке баарны эзэн Ч.А нь 2016 оны хавар өөрийн 2 найзтайгаа ирээд сарлагийн эр үхэр-1 ширхэг, хонь-100 ширхэг /1 үхрийг 800.000 төгрөгөөр, 1 хонийг 130.000 төгрөгөөр/ бодож аваад нийт 13.800.000 төгрөгнөөс 3.500.000 төгрөгийг өгөөд одоо үлдэгдэл 10.300.000 төгрөгөө авах гэтэл утсаа салгаад зугтаад байгаа тул Ч.Ариунболдоос 10.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2016 оны 5 дугаар сард М-н хамт Г-с 130.000 төгрөгөөр бодож 100 ширхэг хонь, 800.000 төгрөгөөр бодож 1 ширхэг сарлагийн эр үхэр худалдаж авсан юм. Тухайн үед би Г-д 3.500.000 төгрөг өгсөн юм. Тэгээд хонио ачаад Тосонцэнгэл суманд ирээд М 59 хонийг нь, би 41 хонийг нь зарахаар хувааж авсан юм. Тухайн үед хонины үнэ 100.000 төгрөг болсон байсан учир би Г руу утсаар ярьж 130.000 төгрөгөөр худалдаж авч чадахааргүй боллоо, эсхүл зарсан хонины мөнгийг нь, үлдсэн хонийг нь өөрийн зардлаар хүргэж өгье гэтэл Гантулга үгүй гэж хэлсэн. Тэгээд би үлдсэн хонио 100.000 төгрөгөөр зарж борлуулсан юм. Миний бие нь эхэлж хонь авахдаа үхэрний мөнгө 800.000 төгрөг, 27 хонины мөнгө 2.700.000 төгрөг нийт 3.500.000 төгрөг өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 14 хонины мөнгө 1.400.000 төгрөгийг өгөх боломжтой байна. Үлдсэн 59 хонины мөнгийг М төлж барагдуулах ёстой гэжээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Ц.Г-н хүсэлтийн дагуу, түүний олгосон итгэмжлэлийн үндсэн дээр өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. 2016 оны 5 сард хариуцагч Ч.А нь нэхэмжлэгч Ц.Г-д 2 найзтайгаа очиж 1 ширхэг сарлагийн эр үхэр, 100 ширхэг эр хонийг зээлээр худалдаж авсан байсан. Тухайн үед 1 хонины үнийг 130.000 төгрөгөөр бодож, 1 үхрийг 800.000 төгрөгөөр бодож авсан гэсэн. 13.800.000 төгрөг өгөхөөс 3.500.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгө болох 10.300.00 төгрөгийг Ч.А-с гаргуулах хүсэлтэй байна. ... Ц.Г нь Ч.А-д л итгэл найдвар хүлээлгэж, түүнд л малаа зарсан. Тийм учраас Ч.А авсан малаа дараа нь хэнд зарж борлуулсан нь хамаа байхгүй. Ч.А-с л мөнгөө нэхэмжилж авах хүсэлтэй байна. ...М гэх хүн Ч.А-г Ц.Г-с мал авахад хамт явсан нь үнэн. Гэхдээ Ц.Г нь малаа М гэх хүнд худалдахаар ярилцаж тохироогүй. Ч.А-д худалдахаар амаар тохирсон. гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Ч.А-с худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ч.А нь 2016 оны 5 дугаар сард Ц.Г-с 1 ширхэг эр үхрийг 800.000 төгрөгөөр тооцож, 100 ширхэг эр хонийг нэг бүрийг нь 130.000 төгрөгөөр тооцож худалдан авсан ба Ц.Г-д 3.500.000 төгрөгийг өгсөн талаар зохигч талууд маргахгүй байна.

Харин хариуцагч Ч.А нь нэхэмжлэгч Ц.Г-с авсан 100 ширхэг эр хонины 59 ширхгийг М гэгчид өгсөн учир уг 59 хонины мөнгийг М төлөх ёстой, мөн тухайн үед 130.000 төгрөгөөр худалдаж авсан хонины ханш буурч 100.000 төгрөг болсон байсан учир хонины үнийг 100.000 төгрөгөөр бодож өгөх нь зүйтэй гэж маргаж байна.

Гэвч хариуцагч Ч.А нь М гэгчид 59 хонийг өгсөн талаараа болон тухайн үед эр хонины ханш буурч 100.000 төгрөгийн үнэтэй болсон талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Нөгөө талаар хариуцагч Ч.А нь худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Ц.Г-с худалдан авч, өөрийн өмчлөлд шилжүүлсэн хонийг М гэгчид дамжуулан худалдсан явдлыг Ц.Г болон М нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ нь Ч.А, М нарын хооронд үүсэх эрх зүйн харилцаа юм.

Мөн тухайн үед эр хонины ханш буурч 100.000 төгрөгийн үнэтэй болсон байсан ч Ч.А нь хонь худалдаж авах үедээ уг үнийн талаар мэдэх боломжтой байхад хонь нэг бүрийг 130.000 төгрөгөөр тооцож, хүлээн авсан байх учир хонины үнийн талаар маргаангүй, худалдаж авах хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Ч.А-с 100 ширхэг эр хонь, 1 ширхэг эр үхэр худалдан авсны үлдэгдэл үнэ болох 10.300.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Г-д олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.А-с 10.300.000 /арван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Г-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-с улсын тэмдэгтийн хураамж 179.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН