Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/48

 

 


 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И ургийн овогт Сгийн Мод холбогдох эрүүгийн 2135000000046 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, И ургийн овогт Сгийн М, 1993 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 507 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар: ОН 93080214.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.М нь Увс аймгийн Улаангом суманд хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ж.Гийг Улаангом сумын 11 дүгээр багаас 2 дугаар багийн нутагт байрлах гэрт нь хүргэх үедээ Ж.Гийн автомашин дотор нь гээсэн Самсунг А50 загварын, хар өнгийн хамгаалалттай гар утсыг гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл гэж мэдсээр байж завшиж түүнд 702,306 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ж.Гийн мэдүүлэг /хх-ийн 8-14-р хуудас/, гэрч Ж.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/, гэрч Б.Оийн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Ц.Өгийн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай дүгнэлт /хх-ийн 34, 42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга:

1. Хохирогч Ж.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улаангом сумын 11 дүгээр багт байрлах Хөдөлмөрийн дээд сургуулийн хажууд байх 12 айлын байрнаас өөрийн эзэмшлийн “Самсунг А50” загварын гар утсаа авч гараад “Бэл булаг” төвийн урд талын таксины зогсоолоос такси бариад Улаангом сумын 2 дугаар багт байх гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод утсаар ярих гэтэл утсаа олоогүй. Би бодохдоо таксинд унагаачихсан байх гэж бодоод маргааш буюу 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө гар утсаа хайгаад “Бэл булаг” төвийн урд талын таксины зогсоол ороод таксины жолооч нартай уулзахад миний утас олдоогүй. 2021 оны 3 дугаар сарын 02-ны орой 00 цагийн үед найз Зоригоотой уулзаад “Өгөөж” төвийн караоке орж дуулж дуусаад караокеноос гарч алхаад “Бэл булаг” төвийн урд талын таксины зогсоолоос такси бариад найзыгаа гэрт нь хүргэх замд таксины жолооч “чи самсунг А50 загварын гар утсаа гээсэн үү?” гэж надаас асуухаар нь би “гээсэн” гэж хэлэхэд “миний таньдаг М гэх залуу чиний утсыг олж авсан байна лээ” гэж хэлсэн. “Тухайн гар утсан дээр чиний зургууд байсан, би Мг наадах гар утсаа буцаагаад өгчих гэж хэлэхэд М би энэ утсыг зарна гэж хэлсэн” гэж надад хэлсэн. Би 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр М гэх залууг хайгаад гэрт нь очиж уулзахад “Миний машинд нэг утас байсан. Тэгээд өөртөө хэдэн сар байлгаж байгаад эзэн нь олдохгүй болохоор танихгүй хүнд 100,000 төгрөгөөр зарсан” гэж хэлсэн. Тэгээд надад “шинэ утас авч өгнө” гэж хэлсэн. Тэгээд би 2 хоногийн дараа залгахад “ямар утас вэ” гээд байсан. Тэгээд 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр би М гэх залуу руу яриад “миний утасны хохирол барагдуул” гэж хэлэхэд М гэх залуу “би хэдэн төгрөг өгөх вэ?” гэхэд нь би “500,000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгээд М гэх залуу “надад бэлнээр 350,000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-14-р хуудас/,

2. Гэрч У.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өлзий-Оршихын гэрт очоод буцаад явахдаа түүний төрсөн дүү Мын гэрт орсон. Тэдний гэрт түүний эхнэр нь хүүхдүүдийн хамтаар байсан бөгөөд надад гар утас оллоо гэж үзүүлсэн ба би харахад миний таньдаг Г гэх залуугийн гар утас байна гэж хэлсэн. Би таньдаг учраас миний таньдаг сагсан бөмбөг тоглодог залуугийн гар утас байна гэж хэлсэн. Тухайн гар утас нь Самсунг А50 загварын цэнхэр өнгийн артай, дэлгэцтэй мэдрэгчтэй гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

3. Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэдэн сарын хэдэн гэдгийг нь санахгүй байна. Миний нөхөр С.М шөнөжин таксинд явж байгаад гэртээ ирээд машинаа цэвэрлэж байгаад машин дотор унагаачихсан байсан гээд хар өнгийн гар утас олж авлаа гээд гэрт авч орж ирсэн. Би тухайн гар утасны маркийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

4. Гэрч Ц.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би С овогтой М гэгчээс Самсунг А50 засварын гар утас худалдаж авсан эсхүл дэлгэцийн кодыг гаргаж өгсөн талаар тодорхой санахгүй байна. М нь 2020 онд намайг утас загварын газартаа ажиллаж байхад олон удаа ирж гар утас засварлуулж байсан. Миний санаж байгаагаар Жи-2, ЭлЖи гэх мэтийн олон төрлийн гар утас засварлуулж байсан юм. Би 2020 онд Самсунг А50 загварын гар утас сэлбэгт авч байсан. Хэвийн ажиллагаатай Самсунг А50 загварын гар утас худалдан авч байсан байж магадгүй, дэлгэц бүтэн бол үнэтэй авдаг, дэлгэц хагарсан бол хямдхан үнээр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

5. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн “...Самсунг А50 загварын гар утас 699,306 төгрөг байна” гэх 73 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/,

6. 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн “...Самсунг А50 загварын гар утасны кэйс 3,000 төгрөг байна” гэх 82 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/,

7. Шүүгдэгч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын эхээр байх өөрийн эзэмшлийн “Тоёота витз” загварын 58-50 УВХ улсын дугаартай автомашинаар ажлынхаа хажуугаар таксинд явдаг байсан юм. Би өөрөө 2018 онд Дашваанжил гэх нэртэй газны газарт түгээгч хийдэг юм. Ажил дээрээ ээлжид гарч байхдаа машиндаа цэвэрлэгээ хийж байтал миний машины жолоочийн эсрэг талын урд суудал доор нэг гар утас байсан. Тэгээд маргааш нь ээлжээс буугаад гэртээ очоод эхнэртээ хэлсэн. Тэгээд 7-8 дугаар сард байх манай гэрт ирж хоол цай идээд явдаг байсан Гантулга ирэх үед ийм гар утас олж авлаа гээд хэлж байсан байна юм. 2020 оны 8 дугаар сарын сүүлээр байх манай гэрт танихгүй 1 залуу ирээд “Чамд А50 загварын гар утас байна гэнэ. Надад үнэ тохироод зарчих гэхээр нь би хэдээр авах юм гэхэд тэр залуу 200,000 төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за хамаагүй 180,000 төгрөг өгөөд ав” гээд өгөөд явуулсан. Тэгээд 2021 оны 3 дугаар сарын эхээр Г гэдэг хүн гар утсаар яриад “хаана байна тантай уулзах гэсэн юм” гэхээр нь “би ямар учиртай юм” гэхэд “уулзаж байгаад хэлье” гээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй манай гэрт нэг залуу такситай ирээд “Би таны машинд А50 загварын гар утас орхисон” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Өө тиймүү, тэр үед миний машин дотор гар утас байсан. 8 сар хүртэл хүн нь олдохгүй болохоор нь нэг залууд 180,000 төгрөгөөр зарчихсан гэж үнэнээ хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/ зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.

Шүүгдэгч С.М нь Увс аймгийн Улаангом суманд хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ж.Гийг Улаангом сумын 11 дүгээр багаас 2 дугаар багийн нутагт байрлах гэрт нь хүргэхдээ машинд нь үлдээсэн “Самсунг А50” загварын, хар өнгийн хамгаалттай гар утсыг гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл гэж мэдсээр байж завшиж түүнд 702,306 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт болжээ.

Гээгдэл эд хөрөнгийг завших гэдгийг өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон эд зүйлсийг бусдынх гэдгийг мэдсээр байж захиран зарцуулж, завшихыг ойлгоно.

Дээрхээс харахад хохирогч Ж.Г нь өөрийгөө хянах чадваргүй буюу архидан согтуурсны улмаас гэртээ хүргүүлсэн таксинд /машинд/ өөрийн эзэмшлийн гар утсаа орхиж буусан /гээгдүүлсэн/, шүүгдэгч С.М тухайн гээгдүүлсэн утсыг олж авч өөрийн эзэмшилд байлгаж байгаад бусдын эд зүйл гэдгийг мэдсээр байж завшсан үйлдэл байна.

Хохирогчийг хаана, ямар хаягаар хүргэж өгсөн гэдгийг мэдсээр байж эсхүл цагдаагийн газарт мэдэгдэх үүргээ биелүүлэн буцааж өгөх боломж бололцоо байсаар байхад өөрийн эзэмшилд байлгаж, улмаар тухайн эд хөрөнгийг захиран зарцуулж, ашиг хонжоо олох гэсэн нийгэмд аюултай, гэм буруугийн шууд санаатай үйлдэл юм. 

Хохирогчийн эд зүйлд учруулсан гэмтэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг нь бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 73 дугаартай дүгнэлтээр хохирогчид 699,306 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогчид 699,306 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгчээс хохирогчийн нэхэмжилсэн 400,000 төгрөгийн хохирол барагдуулсан гэж, хохирогч Ж.Гд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд мөн хохирлоо бүгдийн төлүүлж авсан гэж тэмдэглүүлсэн байна. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч С.Мгийн “...Завхан аймгийн Завхан дээд сургуулийн эдийн засгийн ангид сурч байгаад 2 дугаар дамжаанаасаа ар гэрийн гачигдлаар сургуулиас гарсан. Тэгээд 2018 онд эхнэр Оюунтөгөлдөртэй гэр бүл болсон. Одоо эхнэр, 2 хүүхдийн хамтаар Улаангом сумын 10 дугаар багт оршин суудаг, ар гэр амьжиргааны түвшингийн хувьд эхнэр нь ажилгүй, манай дүү өөрөө Дашваанжил газ гэх нэртэй газарт түгээгч хийдэг. М нь хүнтэй нийтэч, эелдэг зөөлөн харьцдаг. Хүнд их тусархуу, ямар нэгэн хорт зуршил байхгүй, архи тамхи хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, гэрч Б.О “Би С.Мтой 2018 оны 9 дүгээр сард гэр бүл болж байсан. Манай нөхөр М нь эцэг эхээс тавуулаа бөгөөд дээрээ 2 эгчтэй, 1 ахтай, 1 дүүтэй айлын 4 дэх залуу байгаа юм. Бага насаа аав, ээжийн гар дээр өсөж цэцэрлэг, сургуульд сураад 2012 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн М нь хүнтэй их яриа хөөрөөтэй, их нүүрэмгий, хүнтэй эвтэй харьцдаг, архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. Ажилд хичээнгүй, нэг ажил хийхээрээ уг ажлаа заавал дуусгаж байж амардаг. Манай нөхөр одоо Дашваанжил газ гэх газарт түгээгч хийж байгаа. 24 цагаар гараад 72 цаг амардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч С.М нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор А.Анхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 96-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүнээс олсон ашиг орлогыг ...ойлгоно, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” тус тус заасан.

            Шүүгдэгч С.М нь гээгдэл эд хөрөнгийг завшиж, бусдад 180,000 төгрөгөөр худалдан захиран зарцуулсан болох нь гэрч Б.Оийн “...Манай нөхөр С.М нь олж авсан гэх гар утсаа эзэн нь олдохгүй болохоор нь 180,000 төгрөгөөр зарчихсан гэж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, шүүгдэгч С.Мын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.   

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Моос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 180,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч И ургийн овогт Сгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч С.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Моос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 180,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

           

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН