| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0042/э |
| Дугаар | 2021/ШЦТ/49 |
| Огноо | 2021-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М ургийн овогт Дийн Ад холбогдох эрүүгийн 2135000440050 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн М ургийн овогт Дийн А, 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 11-08 тоотод оршин суудаг, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар: ОЮ 89011318,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.А нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт 2021 оны 02 дугаар сарын 21-ний шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Н.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135000440050 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Н.Огийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ...Атай юм яриад сууж байсан, тухайн үед Аын машинд 500 граммын лаазтай пиво байхаар нь би уг лаазтай пивыг бариад сууж байтал нөхөр маань ганцаараа өөрийнхөө машинтай хүрч ирсэн. Манай нөхөр хүрч ирээд миний сууж байсан машины хаалгыг татаж онгойлгоод “яасан уддаг юм бэ?” гэж хэлээд над руу уурлаад миний баруун талын чих рүү гараараа нэг удаа алгадсан. Тухайн үед нөхөр маань архи уучихсан согтуу байсан. Мөн тэр орой гэртээ 2, 3 хундага архи уучихсан байсан юм. Тухайн үед нөхөр маань миний баруун талын чих рүү гараараа нэг удаа цохичихоод намайг машиндаа суулгаад тээврийн хороонд байдаг манай эгчийн гэр лүү яваад тэдний хашааг зөрөөд буцаж эргэж “Гэрэлтэй цонх” буюу дөрвөн замын уулзвар дээр байдаг хүнсний дэлгүүрийн гадна очиж зогссон юм. Тэгээд нөхөр маань машинаас буугаад дэлгүүр рүү явах үед би нөхрөөсөө айгаад машинаас буугаад зугтаад дөрвөн замын зогсоол дээр байсан цагаан өнгийн машин байхаар нь суугаад жолоочоос нь гуйж гэртээ хүргүүлсэн. Өглөө нь ажил дээр ирэхэд миний баруун талын чих дүлийрээд юм сонсогдохгүй байхаар нь би өөрийн дарга Ут “Урд шөнө нөхөр маань миний баруун чих рүү цохичихсон. Тэгээд юм сонсохгүй байна” гэж хэлэхэд дарга маань надад чөлөө өгөөд “эмчид үзүүл” гэж хэлээд явуулсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмч Отгонгэрэлд цаг авч баруун чихээ үзүүлэхэд миний хэнгэрэг хагарсан байна маргааш өндөгний хальс аваад хүрээд ир гэж хэлээд тэр өдөр амбулаторийн картад эмч бичилт хийсэн. ...надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 24-26-р хуудас/,
2. Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр айлд золголт хийж очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд тухайн өдөр би өөрийн эзэмшлийн 10-50 УВС дугаартай автомашинтай явсан учир машинаа бариулах гээд өөрийн найз Б рүү утсаар залгаж би жаахан уучихсан байна чи ирээд найздаа машин бариад өгөөч гэж хэлсэн юм. ....Тухайн үед О миний машины ар талын суудал дээр сууж байсан, харин Б машины жолоочийн суудалд, би жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж байсан. Тэгэхэд А машинаасаа буугаад Огийн сууж байсан талын хаалгаар ирэх үед О машины хаалга онгойлгоод буусан. Тэр үед А Огийн баруун талын хацар, чихний хэсэгт гараараа нэг удаа хүчтэй алгадаад Ог хэл амаар доромжилж, орилж чарлаад байсан. А нь Ог цохисны дараа би Бт “буугаач, наад хүн чинь хүн цохиод гэмтээчих вий” гэхэд Б машинаас буугаад А дээр очиход А нь орилж чарлахаа болиод А нь Ог машиндаа суулгаж аваад хөдөлсөн. Тэгээд Б бид хоёр машиндаа суугаад тэндээсээ хөдлөөд би гэртээ хүргүүлсэн. Б намайг хүргэж өгчхөөд гэр лүүгээ харьсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
3. Гэрч Г.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.О нь ажилдаа хоцорч ирэхээр нь би Огаас яагаад хоцорсон талаар асуухад нөхөр А нь өнгөрсөн шөнө архи уучхаад агсам тавьсан гэж хэлсэн. Тэгээд өдөр 11.00 цагийн үед О нь манай өрөөнд орж ирчхээд миний хэлсэн зүйлийг сонсож өгөхгүй байсан ба “өнөө өглөө миний чих рүү 2 шанага ус цацчихсан” гэж хэлсэн. Тэгээд би “нөхөр чинь зодсон юм уу?” гэхэд О нь надаас нуугаад “нөхөр намайг цохиогүй” гээд худал хэлсэн. Тэгэхээр нь би Ог урд өдөр нь нөхөр зодсон байх гэж бодоод чихээд үзүүлээд ир гэж хэлээд чөлөө өгч явуулсан. Тэгээд тэр өдөр О нь эмчид үзүүлчихээд өдөр нь ирээд надад “эмчид үзүүллээ баруун чихний хэнгэрэг хагарчихсан байна гэнэ” гэж хэлсэн. Тэгээд би “яагаад чихний чинь хэнгэрэг хагарчихсан юм” гэхэд О нь надад өнгөрсөн шөнө нөхөр маань намайг алгадсан гэж хэлсэн. Тэгээд би Од чи цагдаагийн байгууллагад хандаарай, нөхөр чинь чамайг дарамталж зодож байгаад алчихвал яах юм гэж хэлээд гаргасан..” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
4. Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэр үед Аын найз эмэгтэй машинаас буусан тухайн үед тэр эмэгтэй нөхөр нь гэх залуу эхнэр лүүгээ уурлаад юм яриад байсан ба машинд суучихсан байсан учир би юу ярьсныг сайн сонсоогүй. Тэгж байтал А надад “Буугаач ээ! Наад хоёр чинь юу болоод байгаа юм бэ?” гэхээр нь би машинаас буухад Аын найз эмэгтэйн нөхөр нь эхнэр лүүгээ хараалын үг хэлээд зогсож байснаа намайг “юу болоод байгаа юм бэ?” гэхэд тэр эрэгтэй эхнэрээ машиндаа суулгаад хөдлөөд яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “1. Үзүүлэгч Н.Огийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Баруун чихний хэнгэргэн хальсанд ургатал гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна. 5. Баруун чихний хэнгэргэн хальсны ургатал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 120 дугаартай дүгнэлт /хх-ийн 10-11-р хуудас/,
6. Шүүгдэгч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...тухайн шөнө манай эхнэр О нь найзыгаа гаргаж өгнө гэж хэлээд гарч явчхаад гэртээ орж ирэхгүй удаад байхаар нь би гарч хайж байгаад олоход эхнэр машинд пиво уугаад сууж байхаар нь миний уур хүрээд өөрийн эхнэр Н.Огийн баруун хацар шанаа орчимд гараараа нэг удаа алгадаж цохисон...” /хх-ийн 67-68-р хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.А нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь Увс аймгийн Улаангом 5 дугаар багийн нутагт 2021 оны 02 дугаар сарын 21-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Н.Ог хэл амаар доромжилж, улмаар нүүр хэсэгт цохиж хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.А хохирогч Н.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг тодорхойлсон байх бөгөөд мөн зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-үүд байхаар хуульчилжээ.
Шүүгдэгч Д.А, хохирогч Н.О нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу эхнэр нөхөр байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарна.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл гэж ...энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж хуулчилсан байна.
Иймд шүүгдэгч Д.А нь хохирогч Н.Ог сэтгэл санааны дарамт учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Д.Аээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй болох нь хохирогч Н.Огийн “...Би гэмт хэргийн улмаас биедээ гэмтэл авч хохирсон. Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх хохирол гомдол байхгүй. 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Д.Аийн бие нь өвдөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд зүрхний олдмол гажиг гэх өвчтэй гэж тодорхойлогдсон бөгөөд Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэж байгаа” /хх-ийн 26-р хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Л.Аын “...Би Д овогтой Атэй найзалж нөхөрлөөд 6 жил болж байна. Д.А нь эхнэр, 2 хүүхдийн хамт Улаангом сумын 5 дугаар багийн нутагт амьдардаг. Тэдний хоёр хүүхэд нь 5 настай, 2 настай. Д.А нь зан ааш сайтай, хүнд тусархуу, элдэв янзын ааш араншингүй залуу юм. Д.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ байдаг ба хааяа нэг хар бор ажил, барилга, газар шороо, гар аргаар алт олборлох зэрэг ажил хийдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/, гэрч Ц.Дын “...Д.А бид хоёр нагац талаараа үеэлүүд юм. Д.А нь зан аашийн хувьд ер нь боловсон зантай, гэр бүлийн суурь хүмүүжил сайтай, элдэв янзын илүү зан байдаггүй, хөдөлмөрч хар бор ажилдаа сайн, бид хоёр Улаанбаатар хотод барилга дээр хамт ажиллаж байсан ба А нь ажлаас хойш суудаггүй, ар гэрээ авч явах, үр хүүхдээ ямар нэгэн зүйлээр дутаахгүй өсгөх гэж хөдөлмөрлөдөг залуу юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт /хх-ийн 81-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Д.А нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.
Шүүгдэгч Д.А нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор Х.Энхтуул хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 111-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Д.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М ургийн овогт Дийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН