| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0055/э |
| Дугаар | 2021/ШЦТ/54 |
| Огноо | 2021-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т ургийн овогт Тын Пд холбогдох эрүүгийн 2135000000060 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Тын П, 1984 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар: ОА84042618.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн нутагт 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүн тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч О.Нын мэдүүлэг /хх-ийн 9-14-р хуудас/, гэрч О.Мын мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/, гэрч Г.Дгийн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, гэрч Э.Сын мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/, гэрч Т.Сын мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 145 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,
шүүгдэгч Т.Пгийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нь дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэрч А.Тийн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас, гэрч Б.Гын мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, шүүгдэгч Т.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-58-р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга:
1. Хохирогч О.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр найз болох Т.Пгийн гэрт Т.П, Э, С нартай “Эдэн” нэртэй 0.75 литрийн нэг шил архи хувааж ууцгаасан юм. Тэгээд С бид хоёр Т.Пгийн гэрээс гараад “Дэвших туруун” нэртэй хүнсний дэлгүүр ороод зогсож байтал Ц.П, Т.П, Б нар хүрээд ирсэн юм. Тэгээд дэлгүүрээс гараад У гэх залуугийн автомашинд суугаад явж байгаад Т.П бид хоёр ямар нэгэн зүйлээс болж хоорондоо маргалдсан. Тэгээд С бид хоёр машинаас буугаад зам дээр зогсож байсан чинь нэг машин ирэхээр нь зогсоосон чинь Т.Пгийн эхнэр О явж байхаар нь зогсоогоод түүний машинд суугаад тэдний гэрт ирээд машинаас буугаад гэр лүү орох гэж байтал Т.П гэрээсээ гарч ирээд намайг барьж аваад шууд миний эрүүг хутгаар зүсчихсэн юм. Тэгэхээр нь би эрүүгээ гараараа дараад Угийн машинд суугаад эмнэлэг дээр хүргүүлсэн юм. Тэгээд мэс заслын эмч үзээд миний эрүүнд 8 ширхэг оёдол тавьсан юм. Тэгээд эмнэлэгт хэвтэж байтал манай эхнэр ирсэн юм. ...Надад учирсан хохирлыг Т.П төлж барагдуулсан. Би Т.Птэй эвлэрсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 14-р хуудас/,
2. Гэрч О.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед Б, Т.П, Д /У/ бид нар Б гэх хүний худгаас ус авах гээд очсон юм. Тэгээд би буугаад саванд ус хийгээд сууж байтал нөгөө хэд “дэлгүүр орчихоод хүрээд ирье” гэж хэлээд яваад өгсөн юм. Тэгээд удалгүй тэд хажуудаа С, Н хоёрыг дагуулчихсан ирсэн. Тэгээд машинд савтай усаа тавиад бид “Шанд туруун” нэртэй колонк орж бензин аваад Ныг гэрт нь хүргэж өгөхөөр явахад Н би гэр лүү орохгүй гэж хэлээд машин дотор Б, П хоёртой маргалдаад байсан юм. Тэгээд П “чи одоо боль, хэрүүл маргаан битгий үүсгээд бай” гэж хэлсэн чинь үгэнд нь орохгүй агсам согтуу тавиад машины хүрд хэсгийг татаад П ахыг заамдаж аваад байсан учраас гудамжинд зогсоод П, Н хоёр машинаас буусан. Тэгээд маргалдаж байгаад заамдаж аваад хоорондоо зодолдох гэж байтал С автомашинаас буугаад тэр хоёрыг салгаад Ныг аваад үлдсэн юм. Тэгэхээр нь бид нар шууд Пгийн гэрт очоод гэрт нь ороод сууж байтал удалгүй П ахын эхнэр Отэй хамт С, Н хоёр хамт хүрээд ирсэн юм. Тэр үед О эгч одоо боль гэж хэлээд орохоор нь би гэрээс гарахад Нын амнаас цус гарч байсан юм. Тэгээд П ах баруун гартаа бор өнгийн иштэй хутга барьчихсан зогсож байсан юм. Харин Нын эрүүнээс цус гарч байсан юм. Тэгээд О эгч нөхрийгөө дагуулаад гэр лүүгээ яваад орохоор нь би араас нь яваад орсон чинь Д, О хоёр П ахын гэрт байсан хутгыг булааж авах гээд оролдож байсан юм. Тэгэхээр нь би Дг дагуулж гараад Ныг аваад эмнэлэг рүү явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
3. Гэрч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 18-ны өглөө би ээжтэйгээ хамт хөдөөнөөс орж ирчхээд Пгийн гэрт очиж тэнд нэг шил архи уучхаад Птэй хамт хөдөө “Элсний хаяа” гэх газар луу Бын гэр лүү явсан юм. Тэгээд 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр П, Б, М бид нар хөдөөнөөс сум руу орж ирээд худгаас ус авах гээд худаг дээр очсон юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд яваад байсан учраас зарим зүйлүүдийг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд машин дотор С, Н хоёр ороод ирчихсэн сууж байсан бөгөөд Н, П хоёр маргалдаж байсан юм. Тэгээд машин зогсоод Н, П хоёр маргалдаад машинаас буугаад нэг нэгийгээ заамдаж аваад зодолдох гэхээр нь С буугаад салгасан юм. Тэр үед С Ныг бариад авахаар нь П жолоо бариад шууд гэр лүүгээ явсан юм. Тэгээд би Пгийн гэр лүү ороод зүүн талын орон дээр очоод хэвтсэн юм. Тэгэхэд гэнэт гадна хүмүүс маргалдаад орилоод байхаар нь би гэрээс гарсан чинь Нын эрүү хэсгээс нь цус гарч байхаар нь юу болсон бэ гэж асуугаад би Маар өөрийнхөө машиныг бариулаад Ныг аваад эмнэлэг рүү явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
4. Гэрч Э.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Н, Э нарын хамтаар Ц.Пгийн гэрт очсон юм. Тэнд хоол унд идэж уугаад “Эдэн” нэртэй 0.75 литрийн нэг шил архи хувааж ууцгаасан юм. Тэгээд тэдний гэрээс гарах гэж байгаад Батбямба руу залгаж хүрээд ир гэж дуудсан юм. Тэгээд Батбямба ирэхээр нь түүний автомашинд суугаад Нын гэрийн гадна машинаас буусан юм. Тэгээд “Дэвжих туруун” хүнсний дэлгүүр ажиллаж байхаар нь Н бид хоёр явж очоод нэг шил архи аваад зогсож байсан чинь араас Т.П, Ш, О.М, Б нар Угийн автомашинтай хүрээд ирэхээр нь тэр машинд суугаад Бийн худаг дээр очиж тэнд нэг шил архи гаргаж задалж тойруулсан юм. Тэгээд архиа ууж сууж байгаад тэнд нэг шил архи гаргаж задалж тойруулсан юм. Тэгээд архиа ууж сууж байгаад Н, П хоёр маргалдаад эхэлсэн. Юунаас болж маргалдсан гэдгийг сайн санахгүй байна.Тэр хоёр маргалдаж байгаад хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь тэр хоёрыг салгаад нөгөө хүмүүсийг явуулчихаад Н бид хоёр зам дээр зогсож байтал нэг машин хүрээд ирэхээр нь зогсооход Т.Пгийн эхнэр О байсан юм. Тэгээд би “энэ хоёр хоорондоо маргалдаж зодолдсон, Ныг гэрт нь хүргээд өг” гэж хэлээд машинд суусан юм. Тэгэхэд Н би танай гэрт очиж Т.П ахаас уучлалт гуйна гэж хэлээд тэдний гэр лүү явсан юм. Яваад очиход Т.Пгийн хашаан дотор М, Б, У нар байсан. Н тэдгээр хүмүүс дээр яваад очихоор нь би араас нь машинаас буугаад очиход Нын эрүүнээс цус гарч байсан. Харин Т.П гартаа хутга барьчихсан зогсож байсан юм. Тэгэхээр нь Ныг Угийн машинд суулгаад эмнэлэг рүү авч явсан юм. Тэгээд эмнэлэг дээр байж байтал араас Нын эхнэр болон цагдаа нар ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,
5. Гэрч Т.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эмнэлэг дээр очиход тус сумын иргэн О.Н гэх хүн ирчихсэн байсан бөгөөд тухайн хүний эрүүнээс цус гоожсон байдалтай байхаар нь үзэхэд доод уруул нь хөндлөн зүсэгдсэн 8 см урттай цус гарсан шарх байсан юм. Тэгээд би амин чухал үзүүлэлтийг нь үзээд, шарханд зургаан оёдол тавьж боолт хийгээд зөвлөгөө өгөөд ажиглаж хонуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “1. Үзүүлэгч О.Н-н биед гэмтэл тогтоогдлоо. 2. Эрүүний урд хэсэгт зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний 23 цагт үүсчихсэн байсан талаар Баруунтуруун сум дундын эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн байна. 5. Эрүүний урд хэсэгт зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Дээрх гэмтэл биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байна. 7. О.Н-н биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх гэмтэл тогтоогдоогүй. 8. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 145 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/,
7. Шүүгдэгч Т.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд Н урдаас хоёр гараа өргөчихсөн орилоод хүрээд ирэхээр нь би хутга барьж байсан гараараа дээш өргөх үед Нын эрүүн тус газарт нэг удаа зүсэгдсэн юм. Би хохирогч О.Нд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж уучлалт гуйж эвлэрсэн байгаа. Би дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, гаргасан үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58, 60-р хуудас/,
8. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8-р хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн нутагт 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүн тус газар нь хутгаар зүсэж гэмтэл учруулсан хэргийн үйл баримт болжээ.
Хохирогчийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.П нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн хохирол гомдлыг бүрэн барагдуулсан хохирогч О.Нын гаргасан тодорхойлолт /хх-ийн 80-р хуудас/ баримт хэрэгт авагдсан байна. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч А.Тийн “...Т.П нь 1984 онд айлын дунд хүү болон мэндэлсэн. Одоо тус сумын 2 дугаар багийн нутагт хувиараа хөдөлмөр эрхэлж, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. ...Пгийн зан байдлын хувьд хүнтэй эвтэй харилцдаг, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, ааш зангийн хувьд төлөв даруу зан араншинтай хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, гэрч Б.Гын “...Би Т.Пгийн хүргэн ах нь байгаа юм. П нь хүнтэй их зөв харьцдаг, эвтэй, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай төлөв даруухан зантай хүн юм” гэх мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Т.П нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор А.Анхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 88-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна.
Шүүхийн хуралдаанд улсын яллагч өмнө гаргасан прокурорын саналаа бүрэн дэмжсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Т.П нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Тын Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.П нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Т.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН