Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/55

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

            Шүүгдэгч: Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Тын Ад холбогдох эрүүгийн 2135000000040 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, дүүгийн хамт Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Тын А, РД:ОН72102371.

                           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.А нь Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Жамцаа гэх нэртэй газарт буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд 2020 оны 12 дугаар сарын сүүлээр зөвшөөрөлгүйгээр 1.2631 м.куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэсэн, улмаар улсын номер дугааргүй, Саняа загварын цэнхэр өнгийн мотоциклоор тээвэрлэсний улмаас байгаль экологид 839.942 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.А улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тус аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Жамцаа гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг юм. 2020 онд Түргэн сумын Жамцаа гэх газарт мод бэлтгэх эрх олгоогүй. Хэрэглээний болон түлшний мод бэлтгэх талбай тусгаарлалтыг Түргэн сумын Олзод, Зүрхэн гэх газруудад хийсэн юм. 2020 онд Түргэн сумын иргэн Т.А нь мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл аваагүй. Мод бэлтгэх эрхийн бичиг заавал авсны дараагаар мод бэлтгэх ёстой. Мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авахгүйгээр түрүүлж мод бэлтгэж болохгүй. …Ааас зохих зөвшөөрөлгүй, улсын тусгай хамгаалалттай газраас бэлтгэсэн 1.2631 метр куб шинэс модны нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээ 839,942 төгрөгийг нэхэмжилж байна. Одоогоор А нь хохирлоо төлөөгүй байна. Мөн миний бие Улаангом сум руу автомашинаар 2 удаа ирж буцсан шатахуун болох 20 литр бензиний төлбөр болох 34,600 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55, 58-р хуудас/,

 

2. Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сард Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Жамцаа гэх газраас Т.А нойтон шинэс мод бэлтгэсэн талаар мэдэхгүй. Хэзээ бэлтгэсэн нь тодорхойгүй мод Т.Аын ойролцоо байсан бөгөөд тухайн модыг Т.А нь мотоциклоор зөөж гэрийнхээ гадна буулгасан. Т.А нь тухайн модоор малын хашаа барьсан. Т.А нь 2020 оны 12 дугаар сард гэрийнхээ ойролцоо байх уулын ташууд бэлдээд хаясан байсныг би үзсэн. Т.Ад мод бэлтгэх тусгай зөвшөөрөл байсан эсэхийг мэдэхгүй. Харин миний өөрийн малыг Т.А малладаг бөгөөд би өөрийнхөө мотоциклийг Т.Ад өгч малаа эргүүлж байгаарай гэж өгсөн. Би хааяа Аын гэрт очиж тусалж малыг нь эргүүлж өгдөг юм. Т.Аын мод зөөсөн мотоцикл бол минийх бөгөөд би 2020 оны намар эрт түүнд өгсөн юм. Т.Аын гэрт очиход мал руу чоно дайраад байна, модоор хашаа баримаар байна, чи надад хашаа барилцаад өгөөч гэж гуйхаар нь Т.Ад тусалж модоор хашаа барилцаж өгсөн. Т.А хэдэн мод зөөж ирснийг мэдэхгүй. Ямартай ч зөөж ирсэн мод нь малын данхар бариад хүрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,

 

3. Гэрч К.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сараас хойш Т.Аын туслах малчнаар ажиллаж байна. Т.А мод хаанаас бэлтгэснийг мэдэхгүй. Харин Жамцаа гэх газарт байсан хашааг 2020 оны 12 дугаар сард барьсан. Т.А нь тухайн модыг гэрийн ойролцоо байх модон дотроос мотоциклоор зөөсөн юм. Тухайн модыг хэнтэй хэзээ тайрсныг би мэдэхгүй. Т.А нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,

 

4. Гэрч Т.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.А нь миний төрсөн ах юм. 2020 оны 12 дугаар сарын эхээр манай өвөлжөөний хажуугийн Жамцаа гэх нэртэй газраас шинэс мод бэлтгэсэн. Тухайн үед А нь ганцаараа бэлтгэсэн бөгөөд би тухайн модоор нь хашаа барихад тусалсан. Т.Ад мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй. Тэр модыг ах маань ганцаараа бэлтгэсэн бөгөөд Бын цэнхэр өнгийн мотоциклоор өвөлжөөний буйр луу зөөсөн. Түлшний болон хэрэгцээний мод хаанаас бэлтгэдэгийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,

 

5. Гэрч Ж.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Түргэн сумын 1 дүгээр багийн иргэн Т.А нь 2020 онд мод бэлтгэх тусгай зөвшөөрөл аваагүй юм. 2020 онд Түргэн сумын шинэс мод бэлтгэх талбай тусгаарлалтыг Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Олзод, Зүрхэн гэх газарт хийсэн. Жамцаа гэх газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй. Жамцаа гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/,

 

6. 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн “1. Уг мод бэлтгэсэн N49054015.7, Е091020048.4 солбицолд орших Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Жамцаа гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдаж байна. 2. Тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд хамаарах бөгөөд мод бэлтгэж болохгүй. 3. Мод нийтдээ 1.2631 метр куб болж байна. 4. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь Шинэс мод байна. 5. Дээрх мод нь хэрэглээний мод байна. 6. Уг мод нь нойтон амьдрах чадвартай мод байжээ. 7. 1.2631 метр куб шинэс модны нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээ 839,942 төгрөг болж байна” гэх 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-83-р хуудас/,

 

7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-23-р хуудас/,

 

8. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-33-р хуудас/,

 

9. Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-38-р хуудас/,

 

10. Мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолууд /хх-ийн 34, 39-р хуудас/,

 

11. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 46-47-р хуудас/,

 

12. Шинжээчийн “2020 оны 12 дугаар сарын байдлаар хуучин сүх 5,000 төгрөг, хуучин аварга хөрөө 10,000 төгрөг, 1 жил 6 сар ахуйн хэрэгцээнд ашигласан “Sanya” загварын мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1,062,500 төгрөг, нийт 1,077,500 төгрөг болохыг тодорхойлов” гэх 89 дугаартай дүгнэлт /хх-ийн 89-р хуудас/,

 

13. Шинжээчийн “2021 оны 3 дугаар сарын байдлаар 1.2631 метр куб хэмжээтэй модны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 113,679 төгрөг болохыг тодорхойлов” гэх 95 дугаартай дүгнэлт /хх-ийн 96-р хуудас/,

 

14. Шүүгдэгч Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Түргэн сумын 1 дүгээр багийн нутагт төрсөн дүү Хын хамтаар мал маллаж амьдардаг. Манай өвөлжөө Түргэн сумын Жамцаа гэх газарт байдаг. Манай өвөлжөөнд ямар нэг малын хашаа байдаггүй юм. 2020 оны 12 дугаар сарын эхээр манай бог мал руу чоно дайраад хэд хэдээр нь хонь ямаа бариад байхаар нь би ер нь нэг данхар хашаа барьж авахгүй бол болохгүй юм байна гэж бодоод Жамцаа гэх газрын ойгоос 46 ширхэг нарийн залуу модыг тайрч уртаар нь бэлтгэсэн. Би тухайн үед мод бэлтгэх эрхийн бичгийг авдаг байсныг мэдэхгүйгээр зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу байсан. Би ганцаараа 46 ширхэг модыг бэлтгэсэн. Манай гэрт миний төрсөн дүү Х болон туслах малчин Эрдэнэцэцэг нар байсан. Мод бэлтгэдэг өдөр Х малаа хариулахаар явсан. Харин Эрдэнэцэцэг гэрт байсан. Жамцаа гэх газрын ой нь манай өвөлжөөнөөс холгүй байдаг. Би бэлтгэсэн 46 ширхэг нарийн модыг хөрөөгөөр тайрч унагаж, сүхээр цагаалж бэлтгээд гэр лүүгээ Бын цэнхэр өнгийн мотоциклоор тээвэрлэж хүргэсэн. Мод унагааж, цагаалах, тээвэрлэх ажлыг би өөрөө ганцаараа хийсэн. Ямар нэг хүн оролцоогүй. Би бэлтгэсэн модоороо өвөлжөөндөө малын данхар хашаа барьсан. Харин хашаа барилцахад Б гэх залуу ганц нэг мод хадалцаж өгөөд гэр лүүгээ явсан. Хашааг бол би өөрөө л барьсан. Би Бын мотоциклийг 2020 оны 11 дүгээр сард авсан байсан. Бын бог мал манайд байдаг болохоор Б надад мотоциклоо малаа эргүүлж бай гэж өгсөн. Би мод бэлтгэхдээ зөвшөөрөл авдаг гэдгийг мэддэггүй байсан учраас ийм үйлдэл хийсэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 107-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.А нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Аын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгоно.

Мөн Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Жамцаа” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хамаардаг болох нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 118 тоот албан бичиг /хх-ийн 113-114-р хуудас/ болон шинжээчийн 01 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Т.А 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Жамцаа” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр 1.2631 метр куб нойтон шинэс модыг бэлтгэж, тээвэрлэн экологи эдийн засагт 839,942 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 839,942 /найман зуун гучин есөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-83-р хуудас/-ээр тогтоогдсон.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 12-т “Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, ...байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж тус тус хуульчилжээ.

            Түүнчлэн цаашилбал Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд ойн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 839,942х3=2,519,826.00 /хоёр сая таван зуун арван есөн мянга найман зуун хорин зургаа/ төгрөгөөр илэрхийлэгдэнэ.

            Шүүгдэгч Т.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ 2,519,826.00 /хоёр сая таван зуун арван есөн мянга найман зуун хорин зургаа/ төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын 100900013040 тоот дансанд Төрийн банкаар дамжуулан төлсөн /хх-ийн 148-р хуудас/ байна.

            Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Улаангом суманд 2 удаа ирж Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр ирэх буцахдаа зарцуулсан 34,600 төгрөг нэхэмжилснийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Түргэн сумын ЗДТГазрын Төрийн сангийн дансанд тушаасан байх тул шүүгдэгч Т.Ааас гаргуулах хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болно.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч Т.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нь эрх бүхий албан тушаалтнаас олгосон зөвшөөрлийн дагуу мод бэлтгэдэг гэдгийг мэдэх боломжтой, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж мод бэлтгэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүй тул хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч хувийн байдлыг тогтоосон дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

            Гэрч С.Дийн “Би Т.Аыг танина. ...Т.А нь архи тамхи хэрэглээд байдаггүй. Түргэн сумын Жамцаа гэх газарт өвөлждөг. Тэрээр 200 гаруй сарлагтай, 800 орчин шийр малтай байх. Өмнө нь ямар нэг хэрэг төвөгт орж байгаагүй. 2019 онд сумын сайн малчин болж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/, гэрч А.Нын “Би Т.Аыг ерөнхийдөө бол танина. А нь өөрийн гэсэн эхнэр, хүүхэдгүй, гэр бүлгүй, төрсөн дүү Хын хамтаар амьдардаг. Нутаг усандаа мал хөрөнгөтэй айлын тоонд ордог. Нэр төр сайтай, зан аашийн хувьд хүнд тусархуу, ер нь бол гүндүүгүй монгол эр хүн юм. Хүн очоод хоолны ганц мал өгөөч гээд гуйхад өгөөд л явуулдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110-р хуудас зэрэг нотлох баримтууд болно.

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Т.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.Ад мэдэгдэж, хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

            Бусад хариуцлагын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

            Шүүгдэгч Т.Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Саняа” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэл /мотоцикл/ нь Г.Бын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Б, шүүгдэгч Т.А нарын мэдүүлгээр нотлогдож байна.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл /мотоцикл/-ийг хурааж авах боломжгүй тул шинжээчийн 89 дугаартай дүгнэлтээр үнэлэгдсэн 1,062,500 төгрөгийг шүүгдэгч Т.Ааас гаргуулахаар шийдвэрлэв.

            Мөн шүүгдэгч нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 46 ширхэг шинэс модоор малын хашаа, саравч /данхар/ зэргийг барьж ашигласан бөгөөд тэрхүү малын хашаа, саравч нэгэнт эд зүйл болж ашиглагдаж байгаа тул хураан авах боломжгүй гэж үзэж тухайн модны зах зээлийн үнэлгээ болох модны үнэ 113,679 төгрөгийг шүүгдэгч Т.Ааас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Саняа маркийн улсын дугааргүй мотоциклийн болон 46 ширхэг шинэс модны үнийг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн тул мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аварга хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, байгаль экологи, ойн санд учирсан хохирол 2,519,826 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 34,600 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхээр тогтов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б ургийн овогт Тын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Аыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.Ад мэдэгдэж, хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Саняа маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл /мотоцикл/-ийн үнэ 1,062,500 төгрөг, 46 ширхэг шинэс модны үнэ 113,679 төгрөг, нийт 1,176,179 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.

            6. Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, байгаль экологи, ойн санд учирсан хохирол 2,519,826 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 34,600 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аварга хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

            8. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Саняа маркийн улсын дугааргүй мотоцикл, 46 ширхэг шинэс модыг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН