Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 19

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                       Хэргийн индекс: 114/2018/0036/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүгч З.Энхтуяа, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч А.Э,  нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн   шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох

НэхэмжлэлийнО.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нарт газрын хянан баталгааны дүгнэлт олгохоос татгалзсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт  хянан баталгааны дүгнэлт олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгуулах тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:                 Ч.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                          Б.З

Иргэдийн төлөөлөгч                                                            А.Э нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч  бид Дархан сумын 14,15  багийн нутаг дэвсгэр, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 400-753 мкв талбай бүхий газруудыг Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан журмын дагуу буюу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/246 дугаар захирамжийн үндсэн дээр өмчлөгч болсон. Дархан-Уул аймаг дахь Захиргааны байгууллагын дараах албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас газар өмчлөгч бидний эрх зөрчигдөж байна.

Тодруулбал: Дархан-уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын хууль бус үйл ажиллагааны тухай

Нэхэмжлэгч бид хүчин төгөлдөр буй газар өмчлөх эрхээ Улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулахаар холбогдох баримт бичгийг бүрдүүлэн аймгийн газрын албанаас Газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг авахаар хандсан боловч Дархан-Уул аймгийн газрын албаны даргын 2018 оны 04-р сарын 25-ны өдрийн №317 тоот бичгээр “...хянан баталгааны хуудас гаргаж өгөх боломжгүй...” гэж татгалзсан хариу өгсөн.

Газрын албаны даргын газар өмчлөгч бидэнд газрын хянан баталгааны дүгнэлтийг олгохоос татгалзсан үйл ажиллагааг бид хууль бус гэж үзэж байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/246 дугаар захирамжийн үндсэн дээр 100 гаруй иргэн захирамжид заасан байршилд газар өмчлөгч болсноос тэдгээр 100 гаруй иргэдээс зөвхөн бид 8 иргэдээс бусдад нь газрын хянан баталгааны дүгнэлт олгож, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг. Нэхэмжлэгч бидний газар өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэлээр цуцалсан, хүчингүй болгосон аливаа шүүхийн болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, газар олгосон шийдвэр хүчин төгөлдөр байхад Газрын албаны дарга нь төрийн албан хаагчийн хувьд хууль тогтоомжид зааснаар бидний өмчлөх эрхийг хүндэтгэн газрын хянан баталгааны дүгнэлтийг олгох ёстой байтал зөвхөн биднийг ялгаварлан гадуурхаж байгаа нь Үндсэн хууль зөрчөөд зогсохгүй, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан зарчимд нийцээгүй хууль бус үйлдэл гэж үзэж байна. Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалан газар өмчлөгч бидний Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан эрх зөрчигдсөөр байгаа тул ийнхүү шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас  шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх нэхэмжлэгч бүхий иргэдийн газрын Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Э-ын 2016 оны 07 дугаар  сарын 06-ны өдрийн А/246 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна. Энэхүү Засаг даргын захирамж нь анхнаасаа Монгол улсын игэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт “...Гэр бүлийн хэрэгцээний газар”, 5 дугаар зүйлийн  5.1.2 “...  аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө,

 

хэсэгчилсэн төлөвлөгөө,...сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил...” зарчмын үндэслэл, 17 дугаар зүйлийн 17.1-д “...газар өмчлүүлэхдээ тухайн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийнэ. 17.3-д “... газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт нь газар өмчилж авсан иргэнд эрх бүхий байгууллагаас олгосон эд хөрөнгийн эрхийн улсны бүртгэлийн гэрчилгээний салшгүй хэсэг байна.” гэж заасныг зөрчин хянан баталгаа хийгдээгүй газарт иргэдэд газар өмчлүүлсэн. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 173 дугаар тогтоолоор 21 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх байршил, хэмжээ, зориулалтыг баталсан. Дархан-Уул аймгийн Дархан сумын энэхүү маргаантай газарт шинэ байршил, хэмжээ зэргийн талаар газар өмчлүүлэхээр төлөвлөгөөнд тусгаагүй болно. Зөвхөн Орхон, Хонгор, Шарын голын сумдуудад шинээр өмчлүүлэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 32 дугаар тогтоолоор тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсан.

Нэхэмжлэгчийн шаардлагад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, өмчлөгч нарын өмчилж авсан газарт хамаарах хянан баталгааны дүгнэлт олгохыг даалгаж байгаа нь тайлбарын зөвшөөрөхгүй байх үндэслэлийн 1-д тусгасан хэсгээс харахад хууль бус захирамж“-ын дагуух газар нь заагдсан байршил нь төлөвлөгөөнд тусгагдаагүй, хянан баталгааны хугацаа дууссан гэх зөрчлүүдтэй байхад “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт” гаргуулахыг шаардаж байгаа нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт “... хууль дээдлэх, шударга бус” төрийн албаны зарчмууд, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3 дахь заалтууд Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор заасан “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах,... хуульд нийцээгүй шийдвэр гаргах” заалтуудыг шууд зөрчих тул өмнөх шат шатны шүүхэд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 317 дугаар албан бичигт “хянан баталгааны дүгнэлтийн хуудас гаргаж өгөх боломжгүй” гэж тусгасан болно.

Хэрэв тус байгууллага нь шийдвэр гарган энэхүү хянан баталгааны дүгнэлтийг гаргаснаар Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэх мэт олон эрх зүйн баримтуудыг зөрчсөн хууль бус  үйл ажиллагаа болно. Хэдийгээр төрийн албан хаагч нар ард түмэнд төрийн үйлчилгээг хүргэх хуультай байдаг ч хууль бус, зөрчилтэй шийдвэр, захирамжийг хангахгүй байх нь хуульд өөрт нь заасан шударга ёсны үйлдэл мөн. Төрийн албаны тухай хуульд тусгаснаар зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлнэ гэж заасан.

  Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт “... газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг эрх бүхий мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлт гаргана” заасныг баримталбал 2016 оны аймгийн Засаг даргын А/246-д захирамжид дээрх нэхэмжлэгч эрх бүхий иргэдэд олгосон газрын байршил нь өмчлөлийн зориулалтаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хянан баталгаа хийгдээгүй хууль зүйн үндэслэлгүй учир тус газраас олгохгүй байгаа нь эс үйлдэхүй биш харин хуулийг сахиж буй үйлдэл. Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 дах хэсэгт “... газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газарт төлөвлөгөөт хянан баталгааг 5 жилд нэг удаа хийхээр заасан”. Одоо олгуулахыг хүсээд байгаа хянан баталгааны 1999 оны дүгнэлт 2004 онд хугацаа нь дууссан тул олгох боломжгүй гэв.

 

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зөв гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан  “нэхэмжлэгч  О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б  нарт газрын хянан баталгааны дүгнэлт олгохоос татгалзсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт  хянан баталгааны дүгнэлт олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт  даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/175 дугаар захирамжаар О.Ц, Ч.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О нарт Дархан сумын 15 дугаар багт Хүрээлэнд тус бүр 700м2 газар, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/237 дугаар захирамжаар Э.Б-д Дархан сумын 14 дүгээр багт Онготын 4-29 тоот 700м2 газрыг тус тус эзэмшүүлэхээр, мөн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай А/246 дугаар захирамжаар нэхэмжлэгч О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нарын эзэмшиж байгаа газрыг нь өмчлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Дээрх захирамжуудаар нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх болон өмчлүүлэхээр шийдвэрлэснийг аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О нарын 2 дугаар хавсралтаар Э.Б-ийн газар  эзэмших  эрхийг, мөн  Засаг  даргын  2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/438 дугаар захирамжаар  О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нарын газар өмчлөх эрхийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Дээрх аймгийн Засаг даргын А/437, А/438 дугаар захирамжийг эс зөвшөөрч 21 иргэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул тус шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг дарга 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр  А/81 дүгээр захирамж гаргаж, дээрх захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгосноор 21 иргэний газар эзэмших, өмчлөх эрх нь сэргээгдсэн бөгөөд уг хэргийн нэхэмжлэгч болох  О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нар  энэхүү шийдвэрт хамаарч байгаа болно. Хариуцагчийн зүгээс аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/246 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамж нь хууль бус Дархан сумын 14, 15 дугаар багийн тухайн газруудад Газрын төлөв байдал чанарын хянан баталгаа хийгдээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэгж талбарын хувийн хэрэгт хадгалагдаж буй ”Гэр хороололын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт”-ийг нэхэмжлэгч нарт  олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/175, 7 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/237, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай А/246 дугаар захирамжуудыг үндэслэн нэхэмжлэгч 8 иргэдтэй  иргэнд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, тухайн захирамжууд хүчин төгөлдөр үйлчлэлтэй байх бөгөөд шүүхээс баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлээр 8 иргэний газар өмчлөх эрхийн хувийн хэрэгт ”Гэр хороололын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт” авагдсан хадгалаастай байгаа нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, шүүхээс газрын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 8 иргэний газар өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т ”Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”,  Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино”, 7 дугаар зүйлийн 7.1.1-д “ард түмэнд үйлчлэх”, 37 дугаар зүйлийн 37.1.12-т “ ...төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх” гэх зохицуулалтаас үзвэл төрийн албан хаагч нь төрийн албаны дээрх зарчим болон журмыг баримтлан ажиллахаар байна.

Гэтэл хариуцагч байгууллагаас газар өмчлөгч 21 иргэний 13 иргэнд ”Гэр хорооллын газрын төлөв байдал,чанарын улсын хянан баталгааны дүгнэлт”-ийг гарган өгснөөр тэдгээр 13 иргэн 2017 оны 10,11 дүгээр саруудад газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулан авсан нь нотлох баримтаар тогтоогдож байхад нэхэмжлэгч О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нарт ”Гэр хороололын газрын төлөв байдал,чанарын улсын хянан баталгааны дүгнэлт”-ийг   олгохоос татгалзсан үйлдэл нь Үндсэн хуулийн  тэгш байдал, хууль дээдлэх зарчимтай  нийцээгүй, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт нь газар өмчилж авсан иргэнд эрх бүхий байгууллагаас олгосон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний салшгүй хэсэг байна” гэж заасны дагуу газар өмчлөгч иргэдийн газар өмчлөх, болон газрыг улсын бүртгэлд бүртгүүлэх, үл хөдлөх эд хөрөнгөтэй болох эрхийг зөрчсөн  байх тул  нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон  

 

                                                                       ТОГТООХ нь:

 1. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нарт газрын хянан баталгааны дүгнэлтийг олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож,  газрын хувийн хэрэгт авагдсан “Гэр хороололын газрын төлөв байдал,чанарын улсын хянан баталгааны дүгнэлт”-ийг нэхэмжлэгч нарт олгохыг хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт  даалгасугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд  зааснаар  шүүхийн  шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй

болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                   Ц. БАЙГАЛМАА

                                                                                                   З.ЭНХТУЯА