Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0043

 

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0043

Улаанбаатар хот

 

Н.Б , П.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-У

Нэхэмжлэгч: Н.Б , П.Б нар

    Хариуцагч: ХБХГ

    Гуравдагч этгээд: “Ө” ХХН

 

    Нэхэмжлэлийн шаардлага: “ХБГХ-аас Н.Б, П.Б нарын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж архитектур төлөвлөлтийн даалгавар гаргах өгөхийг даалгах” тухай;

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0676 дугаартай

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0274/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

  1. Нэхэмжлэгч Н.Б, П.Б нараас ХБХГ-т холбогдуулан “ХБГХ-аас Н.Б, П.Б нарын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж архитектур төлөвлөлтийн даалгавар гаргах өгөхийг даалгах”-аар маргасан байна.

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 676 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг удирдлага болгон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Н.Б, П.Б нарын нэхэмжлэлтэй, ХБХГ-т холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н.Б, П.Б нарын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

 

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

 

    1. Иргэн Н.Б, П.Б нарын нэхэмжлэлтэй, ХБХГ-т холбогдох захиргааны хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0676 дугаар шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан гомдол давж заалдах шатны шүүхэд гаргаж байна.

 

    1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт иргэн П.Б, Н.Б нь өөрсдийн эзэмшлийн газарт барилга барих хүсэлт ирүүлснийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 02/4/356 дугаар албан бичгээр хариу өгөхдөө “Сүхбаатар дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Л клубын газрын асуудлыг судалж, шийдвэрлэх үүрэг бүхий захирамж гарсан ... ажлын хэсгийн хүрээнд холбогдох шийдвэр, дүгнэлт эцэслэн гарах хүртэл тус байршилд ирсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх албан бичгээр хариу өгчээ гэсэн. Хариуцагчийн гол үндэслэл болсон тайлбар нь өөрөө нийслэлийн Засаг даргын дээрх ажлын хэсэг байгуулж чиглэл өгсөн захирамж бөгөөд шүүх уг захирамжийн хэрэгжилт болон шийдвэрлэлт цаг үеийн нөхцөл байдлыг тодруулалгүйгээр зөвхөн хуульд байхгүй шаардлага тавьж Архитектур төлөвлөлтийн даалгавар батлаагүй зэргээр тайлбарласан буруутай байна.

 

    1.  Өөрөөр хэлбэл, тус нэхэмжлэгч нарын эзэмшлийн газар нь 2 улсын хооронд маргаантай асуудал байх бөгөөд уг асуудал шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд аливаа захиргааны шийдвэр гаргах нь нэхэмжлэгч болон бусад этгээдийн эрх ашигт нөлөөлөхөөр байна гэж тайлбарласан. Архитектур төлөвлөлтийн даалгавар холбогдох зөвшөөрөл олгохоос бүрэн татгалзсан шийдвэр гараагүй болно.

 

    1. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хооронд үүссэн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч нараас ХБХГ-т холбогдуулан “ХБГХ-аас Н.Б, П.Б нарын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж архитектур төлөвлөлтийн даалгавар гаргах өгөхийг даалгах”-аар маргаж, уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...өөрсдийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу буюу үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр тус газарт оффис, үйлчилгээний барилга барихаар төлөвлөн, хамтран ажиллах гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байсан ...” гэж, хариуцагчаас эс зөвшөөрч “...төлөвлөлтийн газарт Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/683 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан ... ажлын хэсэг тухайн нэгж газартай холбоотой асуудлаар судлан шийдвэр гаргахаар ажиллаж байгаа ... нэхэмжлэгч нарын эзэмшлийн газар нь 2 улсын хооронд маргаантай асуудал байх бөгөөд уг асуудал шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд аливаа захиргааны шийдвэр гаргах нь нэхэмжлэгч болон бусад этгээдийн эрх ашигт нөлөөлөхөөр байна” гэж тус тус маргасан байна.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Сүхбаатар дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг анх Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар “Ю” ХХК-д /Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг үндэслэж/ 6185 м.кв үйлчилгээний зориулалтаар олгосон ба уг газрыг тус компанийн газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлт болон холбогдох баримтыг үндэслэн нийслэлийн  Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.Б-д 2613 м.кв, П.Б-т 887 м.кв, гуравдагч этгээд “Ө” ХХН -д 2685 м.кв газрыг тус тус “үйлчилгээний зориулалт”-аар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. /1хх-ийн 35,36 дахь талд/ Энэхүү үйл баримттай талууд маргаагүй.

3. Нэхэмжлэгч Н.Б , П.Б /гуравдагч этгээд “Ө” ХХН/ нар нь  үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй газар дээрээ барилга барих зорилгоор   2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ХБХГ-т “...Сүхбаатар дүүргийн * дүгээр хороонд байрлах ... эзэмшлийн газартаа ... 3 давхар оффис, үйлчилгээний барилга барих хүсэлтэй ... өнөөдрийг хүртэл архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргах өгөхгүй байгаа тул хүсэлтийг ... шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтэд тус газраас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 02/4/356 албан бичгээр “...Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/683 дугаартай ажлын хэсэг ... газрын асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий захирамж гарсан байна. ... ажлын хэсгийн хүрээнд холбогдох шийдвэр, дүгнэлт эцэслэн гарах хүртэл ... хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.1. Тодруулбал, хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 02/4/356 дугаар албан бичигт шийдвэрлэх боломжгүй, үндэслэл болон шалтгаанаа тодорхой дурдсан байхад хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.

          3.2. Нөгөөтэйгүүр хариуцагч ХБХГ нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирсэн “архитектур төлөвлөлтийн даалгавар” гаргуулах хүсэлтийг хүлээн авах эсэх эсхүл хуульд заасан үндэслэлээр татгалзах эрхтэй.

3.3. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;” 35.3.2-д “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;” гэж,

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ”, 7.1.1-д “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол;”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан бол үндэслэл бүхий тайлбарыг шийдвэрт тусган хүсэлт гаргасан этгээдэд бичгээр өгнө.” гэж,

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, ашиглалт, эзэмшлийн газарт барилга барих асуудлыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн шийдвэрлэж, барилга барих зөвшөөрөл олгоно.”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно.”, 8.1.3-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих;” гэж тус тус заажээ.

3.4. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын 3 давхар оффис, үйлчилгээний барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулахаар хүсэлт гаргасан газар нь Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, Л клубын газрын маргаантай байгаа төдийгүй , мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03-08/2294 дүгээр албан бичиг болон уг газрын асуудлыг шийдвэрлэх Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/683 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, шийдвэр гараагүй зэрэг нөхцөл тогтоогдож буй энэ тохиолдолд хариуцагчийн татгалзсан шийдвэрийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасантай нийцсэн байна.

3.5. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд барилга барих гэж буй талбай нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр бол барилга, байгууламж барихыг хориглох зохицуулалттай, нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нар нь Барилга, байгууламж барих хүсэлт гаргахдаа холбогдох материалуудын хамт хавсаргаж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

3.6. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, ХБХГ  нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/300 албан бичгээр ажлын хэсгээс гарсан шийдвэрийн биелэлтийн талаар тодруулга авахад тус албанаас “...тус ажлын хэсгийн хүрээнд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар болон манай албаны холбогдох ажилтнууд тухайн газарт геодезийн хяналтын хэмжилт хийсэн. ... ажлын хэсгийн ...шийдвэр, дүгнэлт гараагүй ...” гэх хариуг ирүүлжээ.

        3.7. Хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй байхад энэ талаар анхан шатны шүүхээс “...Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/4/356 дугаар албан бичигт /татгалзсан шийдвэр/ хууль, түүнд нийцүүлэн гарсан хэм хэмжээний актыг ишлээгүй зөвхөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/683 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт гараагүй гэх шалтгаанаар татгалзсан нь үндэслэлгүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

 

4. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч нарын эзэмшлийн газар нь 2 улсын хооронд маргаантай асуудал байх бөгөөд уг асуудал шийдвэрлэгдэх хүртэл ... Архитектур төлөвлөлтийн даалгавар холбогдох зөвшөөрөл олгохоос бүрэн татгалзсан шийдвэр гараагүй” гэх гомдол үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.”, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсгийн “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, тэдгээрийн болон бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 27 дугаар зүйлийн 27.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б, П.Б нарын “ХБГХ-аас Н.Б , П.Б нарын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж архитектур төлөвлөлтийн даалгавар гаргах өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

                ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

                ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА