Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 619

 

С.Дуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/06793 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Дуламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Өлзийцэцэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 60 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Дулам,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Дулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Өлзийцэцэг нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр надтай зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 8 000 000 төгрөгийг нэмж зээлж, өмнө авсан 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээ сунгаж 16 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш удаа дараа мөнгө шилжүүлж байсан бөгөөд нийт 13 500 000 төгрөг болсон ингээд надад өгөх ёстой үндсэн төлбөр болон хүү алдангийг нийтэд нь тооцож 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 43 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Иймд энэ гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөр 43 000 000 төгрөг, хүү 8 600 000 төгрөг, алданги 21 500 000 төгрөг, нийт 73 000 000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс алдангийг багасгаж 8 400 000 төгрөгөөр тооцож нийт 60 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Өлзийцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Дуламаас 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Энэ зээлийнхээ хүүнд 2 680 000 төгрөг төлсөн. Ингээд 2015 оны 5 дугаар сарын 20-нд дахин 8 000 000 төгрөг зээлж, өмнөх 8 000 000 төгрөгтэйгээ нэгтгэж 16 000 000 төгрөгиин зээлийн гэрээ байгуулсан. Иймд өмнөх зээлийн үлдэгдэл 7 720 000 төгрөг, алданги 3 860 000 төгрөг, нийт 11 860 000 төгрөгийг төлнө гэж үзэж байна. 2015 оны 5 сард байгуулсан 16 000 000 төгрөгийн зээлэнд хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 5 дугаар сарын 23-нд 4 500 000 төгрөг, 5 дугаар сарын 27-нд 3 400 000 төгрөг, 5 дугаар сарын 28-нд 400 000 төгрөг, 5 дугаар сарын 29-нд 200 000 төгрөг, нийт 8 500 000 төгрөг зээлсэн. Уг 8 500 000 төгрөг дээр 11 860 000 төгрөг, 5 дугаар сарын 20-ны өдөр 16 000 000 төгрөг гэж байгуулж шилжүүлж авсан 8 000 000 төгрөг, нийт 28 360 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. 43 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөнөөр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болдог. 43 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдахад зээлдүүлэгч 43 000 000 төгрөгийг шилжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Өлзийцэцэгээс 41 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Дуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Өлзийцэцэгээс 365 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Дуламд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Өлзийцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дараах үндэслэлээр шийдвэрт гомдол гаргаж байна.

Д.Өлзийцэцэг миний бие С.Дуламаас нийт 29 500 000 төгрөг зээлж авсан байдаг. Зээлийн хүүнд 2 680 000 төлсөн. Миний бие С.Дуламаас мөнгө зээлж аваад өөрийн эрхэлж байсан худалдаагаа өргөжүүлэх гэсэн боловч дам дамандаа хүнд залилуулж санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байгаа билээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 16 000 000 төгрөгөөс хүү алданги тооцож их хэмжээний мөнгө төлөхөөр шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Миний бие анх авсан мөнгөндөө хуулийн дагуу хүү алданги тооцуулж 34 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Өлзийцэцэгт холбогдуулан нэхэмжлэгч С.Дулам гаргасныг хариуцагч 28 360 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 8 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан ба хариуцагч Д.Өлзийцэцэг нь зээлийн хүүнд 2 680 000 төгрөг төлсөн болох нь Төрийн банкин дахь нэхэмжлэгч С.Дуламын дансны хуулгаар тогтоогдож байна.

/хэргийн 21, 34-35 дугаар тал/

 

Мөн талууд 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 16 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулж, өмнөх 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 8 000 000 төгрөг дээр нэмж 8 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч зээлж авсны үндсэн дээр байгуулсан гэж зохигчид тайлбарлаж байгаагаас үзэхэд 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгаж, нэмж 8 000 000 төгрөгийг зээлдүүлж, нийт 16 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа талуудын үүссэн гэсэн анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцно.

 

Харин талууд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 43 000 000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээний үнийн дүнд өмнөх 2 зээлийн гэрээний 16 000 000 төгрөг багтаж, мөн нэмж хариуцагч шилжүүлэн авсан гэж тайлбарласан 8 500 000 төгрөг нэмэгдэж, нийт 24 500 000 төгрөгийг нэхэмжлэгч бодитойгоор хариуцагчид шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн нэр дээрх Хаан болон Төрийн банкны дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд харин үлдэх хэсэг болох 18 500 000 төгрөгийг бодитой шилжүүлсэн талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн хүү 4 800 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн хүү 4 900 000 төгрөг, нийт хүү 9 700 000 төгрөг, мөн дээрх 2 гэрээгээр талууд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсны дагуу нийт 17 100 000 төгрөгийн алданги болж байгаагаас нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулахаар шаардсан хүү 8 600 000 төгрөг, алданги 8 400 000 төгрөгийн хэмжээгээр тооцож, нийт 41 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэхэсгт зааснаар хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хариуцагчид бодитой шилжүүлсэн 24 500 000 төгрөгт, тэдгээрийн гэрээгээр тохиролцсон, нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр хүү, алдангийг анхан шатны шүүх тооцсон нь дээрх хуулийн заалтуудад нийцэж байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/06793 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Өлзийцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

     

                                        ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                              С.ЭНХТӨР