Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/56

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө

Шүүгдэгч: Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дын Лд холбогдох эрүүгийн 2135000000034 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, 4 дүүгийн хамт Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Т ургийн овогт Дын Л. Регистрийн дугаар: ОО90112310

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Л нь 2021 оны 2 дугаар сарын 15-ны орой Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг 06-14 тоот хашаанд байх иргэн Г.Чын гэрээс халтар манан хөөрөг, Самсунг Жи-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Чт 1,200,000 төгрөгийн, хохирогч Ч.Бд 284,400 төгрөгийн нийт 1,484,400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135000000034 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

            1. Хохирогч Г.Чын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчим ач охин Чын хамт Улаангом сумын 12 дугаар баг, 06-14 тоот хашаанд байх гэртээ байж байхад гаднаас цоохор өнгийн хувцастай эрэгтэй хүн орж ирсэн. Уг хүн “би зам дээр цагдаагийн байгууллагаас эргүүл хийж явна” гэж хэлсэн. Архи ууж байхдаа “намайг Л гэдэг, ахмад цолтой хүн байгаа юм, та энийг насан туршдаа хадгалж яв” гээд өөрийн зүүж байсан соёотой утсан зүүлтийг хүзүүнээсээ тайлаад надад өгсөн. ...Тэгээд маргааш нь ач охин Ч гэрээ цэвэрлэж байгаад “өвөө таны хөөрөг хаана байгаа юм” гэж асуухаар би “даалиндаа байгаа биз” гэж хэлээд даалингаа үзэхэд хөөрөг байхгүй байсан ба ач охин бид хоёр хөөргөө хайж байтал “манай гэрт үлдээсэн эгчийн утас байхгүй байна” гэж ач охин надад хэлсэн. Өчигдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай гэрээс миний эзэмшлийн халтар манан хөөрөг, төрсөн охин Ч.Бгийн эзэмшлийн гар утас хулгайлагдсан байна. Миний хөөрөг мөнгөн нуухтай, улаан өнгийн чулуун толгойтой, халтар манан чулуугаар хийсэн онцлог шинж тэмдэгтэй байсан. ...Би хөөргөө бүрэн бүтэн хүлээж авсан одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 42-р хуудас/,

            2. Хохирогч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...би Ч руу залгаж “Миний гар утас байна уу? Наанаас чинь хүн манай чиглэлд явбал өгч явуулаарай” гэж хэлэхэд “утас байхгүй алга болчихсон, өвөөгийн хөөрөг мөн алга болчихсон, цагдаад дуудлага өгсөн” гэж хэлсэн. Мэдрэгчтэй, хар өнгийн гадаргуутай дэлгэцийн хамгаалалтын шилэн наалт цуурсан байдалтай, хавтасгүй кейсгүй, ямар нэгэн гэмтэлгүй гар утас байсан. Арын хэсэг нь онгойдоггүй, хар өнгийн, хажуу талаасаа сим картыг гаргадаг зориулалттай гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

3. Насанд хүрээгүй гэрч С.Чын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ойролцоогоор 19 цаг 30 минутаас 20 цагийн орчим үл таних ногоон эрээн өнгийн хувцастай эрэгтэй хүн орж ирээд “би энэ урд зам дээр эргүүлд гарч байна” гээд суусан. Тухайн хүнд би цай хийж өгсөн. Би цагдаагийн ахмад цолтой хүн байгаа юм гээд өвөөтэй ярилцаж байсан ба би багаасаа өнчин өссөн, аав ээжгүй, бага насандаа Тэс суманд амьдарсан гэж хэлээд хүзүүнээсээ “энэ миний ааваас үлдсэн зүйл” гээд хоёр зүүлтний нэгийг нь таслаад манай өвөө Д.Чт дурсгаж өгөөд насан туршдаа хадгал гэж хэлсэн. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад өвөө тухайн хүнийг даарч хөрсөн байна гээд 1 шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архийг задлаад тухайн хүнтэй хамт хуваагаад уусан. Ууж дуусаад тухайн хүнд хандаад “одоо чамд архи өгөхгүй” гэхэд тэр ах дахиад нэг архи уучихъя гээд авдар дээр байсан архинаас авсан. Тэгээд өвөө орон дээрээ хэвтэж байсан, би хажууд нь аяга таваг угааж байсан, тэр залуу гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Өвөө унтлаа гээд гэрэл унтраахад, нөгөө ах гэрээс гараад явсан. Би араас нь харахад тэр ах урагшаа куртикний хоёр талын халаасны хэсэгт гараа хийгээд явж байгаад бүдрээд унасан. ...өглөө босоод гэрээ цэвэрлээд байж байтал баруун талын орон дээр байсан Б эгчийн үлдээгээд явсан гар утас алга болчихсон байсан. ...өвөөгийн даалинд байсан хөөрөг байхгүй байсан. ...тухайн хүн эргүүл хийж хяналт тавьж байгаа атлаа өөрөө маск зүүгээгүй хувцаст нь мөрдөсгүй, ногоон өнгийн куртиктэй байхаар нь сэжиг төрөөд тухайн хүний зургийг авсан. Тухайн хүн манай өвөөгийн гэрт орж ирсний дараа өөрийгөө цагдаагийн ахмад цолтой гээд тухайн 89622225 дугаарыг хэлж байсан. Би гар утасны дугаарыг нь тэмдэглээд авчихсан. Уг дугаар луу хөөрөг гар утас хулгайлагдсаны дараа өвөөгийн гар утсаар залгаж, дуудлага хийхэд холбогдохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49, 51-р хуудас/,

4. Насанд хүрээгүй гэрч М.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ Манай эмээгийн гэрт өндөр, ногоон өнгийн куртиктэй, хар өнгийн түрийтэй гуталтай, эрэгтэй хүн орж ирсэн. Тэр ах манайд халамцуу байдалтай орж ирсэн бөгөөд “Би эргүүлд явж байна. Онцгойд ажилладаг юм. Ажиглалт хийж айлуудаар явж байна гээд манай эмээг нутгийн эгч байна гэж хэлсэн. Эмээтэй ярилцахдаа “Улаангомд ах дүү нар байхгүй, ажиллаад хоёр жил болж байгаа гэж хэлсэн. Тэр үед гаднаас Ч эгч манайд орж ирсэн ба хоёулаа энэ ахын зургийг нь дараад авчихъя, энэ ажилтай яваа мөртлөө архи ууж байна гээд ...миний Самсунг эс 7 загварын гар утсаар зургийг нь би дарсан. ...маргааш өглөө нь Ч эгч орж ирээд өвөөгийн хөөрөг, гар утас аваад явсан байна. Тэр хүнийхээ зургийг өгчих гээд миний гар утсаас өөрийнхөө утас руу шилжүүлж аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

5. Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ээж Б над руу гар утсаар яриад “Гар утсаа өвөөгийнд чинь орхичихсон байна. Тэрийг аваад Эт өгч явуулаарай” гэж хэлсэн. Би “за” гэж хэлсэн бөгөөд бид нар машинтай байсан учраас хол айлуудаар ороод золголт хийчихье гэж бодоод айлуудаар яваад оройтсон юм. Тэгээд өвөөгийнд очиж чадаагүй. Маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өвөөгийн гэрт очих гэхэд цагдаа нар ирчихсэн байна. Утас, өвөөгийн хөөрөг алга болчихсон байна гэж хэлсэн. Би үдээс хойш өвөөгийнд очиж золголт хийхээр очсон ба юу болсон талаар асуухад нэг эрэгтэй хүн ирээд харуулд гарж байгаа, албан байгууллагаас хяналт тавьж байгаа хүн гэж хэлсэн. Хүйтэнд даарч байгаа байх гээд өвөө 1 шил архи задалж хувааж уусан бөгөөд унтаад өглөө босоход хөөрөг, гар утас алга болчихсон байсан талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/,

6. Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Улаангом суманд 2 жил 3 сар ашигласан “Samsung-J6 plus” загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 284,400 /хоёр зуун наян дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг, хөөрөг 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 59 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-р хуудас/,

            7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8-р хуудас/,

            8. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12-р хуудас/,

            9. Хөөргийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16-р хуудас/,

            10. эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/,

            11. Хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23-р хуудас/,

            12. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26-р хуудас/,

            13. Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 36-р хуудас/,

            14. Шүүгдэгч Д.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...би айлд орохдоо зам дээр зогсож байгаа, ажиллаж байгаа гэж хэлж байснаа санаж байна, би өөрөө хулгай хийсэн талаар мэдэхгүй байна, би пиво уугаад согтчихсон учраас хэний гэрээр орсон талаараа юу ч санахгүй байна. Маргааш өглөө нь би тус аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд ухаан орсон бөгөөд өглөө намайг эрүүлжүүлэх байрнаас гаргахдаа манан хөөрөг 1 ширхэг, мөнгө өгсөн. Би эрүүлжүүлэх байрнаас гараад тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах С ахын гэрт очсон. Намайг тэднийд байж байхад цагдаагийн албан хаагч нар ирсэн. Би 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ногоон эрээн өнгийн өмд куртиктэй, хар өнгийн түрийтэй /хар өнгийн савхин мэт түрийтэй, дотор талдаа үстэй/ гуталтай явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/,

            -Шүүгдэгч Д.Лгийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

Гэм буруугийн болон хохирлын талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Л Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутагт 06-14 тоот хашаанд байх иргэн Г.Чын гэрээс халтар манан хөөрөг, Самсунг жи-6 загварын нийт 1,484,400 төгрөгийн үнэ бүхий гар утас, хөөрөг зэргийг хулгайлж авсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс /хэнд ч/-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл байдаг.

Шүүгдэгч Д.Л нь хохирогч Г.Ч, Ч.Б нарын гар утас, хөөрөг зэргийг эзэнд нь мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх тул “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Чт 1,200,000 төгрөг, хохирогч Ч.Бд 284,400 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь “Увс финанс Аудит” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлт, тодорхойлолт /хх-ийн 71-р хуудас/-оор нотлогдсон бөгөөд дээрх хөөргийг хохирогч Г.Чт биет байдлаар нь хүлээлгэн өгсөн /хх-ийн 20-р хуудас/, хохирогч Г.Ч хөөргөө хүлээн авсан, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хохирогч Ч.Бд гар утасны төлбар болох 290,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл тухай баримт /хх-ийн 32-р хуудас/ -ууд хэрэгт авагдсан байна.

Иймд хохирогч Г.Ч, Ч.Б нарт учирсан хохирол, хор уршгийг арилгасан, хохирогч нар ямар нэгэн гомдол байхгүй талаар мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч Д.Лгээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Л нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

            Гэрч Б.Дын “...Д.Л нь айлын ууган хүүхэд бөгөөд Тэс сумын нутагт хадам дүү Тгийн гэрт очиж сургуульд сурч байгаад 3 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Бичиг үсэг мэдэхгүй, монгол хэлээр уншиж чаддаг. Д.Л манайд амьдарч байхдаа 2014 онд Баян-Өлгий аймагт цэрэгт яваад 2015 онд ирсэн. Д нь Лгийн хойд аав учраас гэртээ очдоггүй, хааяа очихоороо удалгүй буцаад ирчихдэг юм. Л төлөв даруухан, тусархуу, хүмүүжил сайтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/, гэрч С.Бийн “...Д.Л нь архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаг, өөр ямар нэг муу зуршилгүй, биеэ зөв авч явдаг, урд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-р хуудас/-аар урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь нотлогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж, чин санаанаасаа гэмшсэн байна.

            Шүүхийн хуралдааны шатанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан болно.  

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лг 280 /хоёр зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алаг оосортой чонын соёо нэг ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Лд буцаан олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Л өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Дын Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лг 280 /хоёр зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алаг оосортой чонын соёо нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Лд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХСАЙХАН