Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/217

 

 

 

 

 

 

 

  

   2021            04           05                                      2021/ШЦТ/217                                

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч овогт Р-гийн Э-д холбогдох эрүүгийн 21100 0385 0189 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1958 оны 5 дугаар сарын 13-ны Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ч овогт Р-гийн Э- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Р.Э нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хххх тоот гэртээ хамтран амьдрагч Ш.Цтой маргалдан чихэн тус газарт нь гараараа алгадаж, түүний биед “...зүүн чихний ар хэсгийн цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, сонсгол бууралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                             

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Р.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Тухайн өдөр цагаан сарын юмаа цуглуулаад 500 грамм архи аваад, түүнийгээ уучихаад өглөө босоход манай хүн үглэж, үглэж байснаа намайг алгадахаар нь би зөрүүлээд алгадчихсан. Би энэ хүнтэй 24 жил амьдарч байна. Өмнө нь нэг ч удаа гар хүрч үзээгүй, санаатай хийсэн үйлдэл бол биш, хийсэн хэргээ хүлээж байна.

Одоо “нэг хэсэгтээ тайван амьдаръя” гээд бид хоёр салсан, тусдаа амьдарч байгаа. Эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Бид хоёр зээ охинтойгоо амьдардаг, охины ээж АНУ-д ажиллаж амьдардаг тул бид нар өсгөж хүмүүжүүлсэн юм. Зээ охин маань бие муутай тул би охиндоо тэтгэврээсээ сард 500.000 төгрөгийг өгдөг. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 21100 0385 0189 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Цын хохирогчоор өгсөн:

“...Манай нөхөр Р.Э нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө зээ охин Шатарын хамт хүнсний материал цуглуулаад гэртээ буюу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн 45-8 тоот гэртээ ирсэн. Гаднаас ирэхэд манай нөхөр эрүүл байсан, тэгээд гаднаас архи авчирч гэртээ уугаад маргалдаж байгаад унтсан.

2021 оны 02 дугаар сарын 08-ны өглөө Р.Эд “цагаан сар болох гэж байна” гэхэд “би танай гэрээс явлаа, чамаар идэж уухаа заалгахгүй” гэхээр нь “явах гэж байгаа бол яваа” гэж хэлэхэд уурлаад, миний зүүн чих рүү цохисон ба би цохилтонд нь саваад орон дээр унасан. Бид хоёр хамтран амьдраад 24 жил болж байна, албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй, дундаасаа хүүхэдгүй. ...Зодуулсандаа маш их гомдож байна. Р.Эгаас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х/,

 

2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1430 дугаартай:

1. Ш.Цын биед зүүн чихний ар хэсгийн цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, сонсгол бууралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 25-26х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Р.Эгийн яллагдагчаар өгсөн:

“...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр би хүнсээ цуглуулчихаад гэртээ ирэхдээ 1 шил 0.5 литрийн савалгаатай архи авчраад, ганцаараа уугаад унтсан. Маргааш өглөө нь босоод ирэхэд эхнэр Ш.Ц үглээд яншаад байхаар нь жоохон маргалдсан. Тэгж байтал манай эхнэр намайг алгадахаар нь зөрүүлээд зүүн хацар луу нь нэг удаа алгадсан юм.

Тэгэхэд чихэн дээр нь таарсан юм шиг байгаа юм. ...Би эмэгтэй хүнд гар хүрсэндээ маш их гэмшиж байна, өөрөөсөө ч ичиж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, эхнэрээсээ уучлалт гуйсан. Одоо бид хоёр хэвийн харилцаатай байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 42х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 43х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 45х/, шүүгдэгч Р.Эгаас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 54х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Р.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Ш.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нэхэмжлэл гаргаагүй, улмаар Р.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 54х/ 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай Прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар эрүүгийн 21100 0385 0189 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Эгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Р.Э нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хххх тоот гэртээ “архи уулаа гэж үглэж яншлаа” гэсэн шалтгаанаар хамтран амьдрагч Ш.Цэрэндолготой маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний зүүн чихэн тус газарт гараараа алгадаж, эрүүл мэндэд нь “...зүүн чихний ар хэсгийн цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, сонсгол бууралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Ш.Цын: “...2021 оны 02 дугаар сарын 08-ны өглөө Р.Эд “цагаан сар болох гэж байна” гэхэд “би танай гэрээс явлаа, чамаар идэж уухаа заалгахгүй” гэхээр нь “явах гэж байгаа бол яваа” гэж хэлэхэд уурлаад миний зүүн чих рүү цохисон ба би цохилтонд нь саваад орон дээр унасан. ...Зодуулсандаа маш их гомдож байна. Р.Эгаас нэхэмжлэх зүлй байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1430 дугаартай:

1. Ш.Цын биед зүүн чихний ар хэсгийн цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, сонсгол бууралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 25-26х/ болон шүүгдэгч Р.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 37х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Ш.Цын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...зүүн чихний ар хэсгийн цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, сонсгол бууралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Р.Э түүний чихэн тус газар гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Р.Эгийн дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байна.  

 

Хэргийн шүүгдэгч Р.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Р.Эг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Р.Эгийн биед учирсан “...зүүн чихний ар хэсгийн цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, сонсгол бууралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Энэ хэргийн хохирогч Ш.Ц нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй.” хэмээн мэдүүлж, /хэргийн 19х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

 

Иймд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэх ба хохирогч нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Р.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 43х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт Р.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Ц нь “гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

                                                      

                                                                            ТОГТООХ нь:

 

1. Ч овогт Р-гийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Р.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Ц нь “гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Р.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД