Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Базарханд |
Хэргийн индекс | 187/2021/0225/Э |
Дугаар | 2021/ШЦТ/226 |
Огноо | 2021-04-07 |
Зүйл хэсэг | 10.6.1., |
Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/226
2021 04 07 2021/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт О-ийн З-, Г овогт С-ын М- нарт холбогдох эрүүгийн 20100 2391 0068 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч О.З, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл, шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч О.Билгүүнзаяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Лобре констракшн” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод орших суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт О-ийн З- /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр хамгааллын ажилтан мэргэжилтэй, “Лобре констракшн” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод орших суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г овогт С-ын М- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
1. Шүүгдэгч О.З нь “Лобре констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа спортын ордны ертөнцийн зүгээр зүүн хойд талд барьж буй барилгад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 “үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт” мөн энэ хуулийн 17.3 “энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна”, 17.4 “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан шалгалт авч байна.”,
мөн хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт зохион байгуулаагүй, мөн сургалтанд хамрагдаагүй, энэ талаар шалгалт өгөөгүй ажилтнаар үүрэг гүйцэтгүүлсэн,
Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалаар баталсан “Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.4.14. “Кранчин түүний туслах, засварчин, цахилгаанчин, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохиргоочин, оосорлогчийн үүрэгт ажилд мэргэжлийн сургалтад хамрагдсан хүмүүсийг томилон ажиллуулна.”, 8.4.23. “Кранчин түүний туслах, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохируулагч, засварчин, цахилгаанчин, оосорлогчийг тухайн байгууллагын тушаалаар томилж, ажиллуулна.”, 8.5.13. “Краныг эзэмшигч, ашиглагч байгууллага дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд: а) кранаар барилга угсралтын ажил гүйцэтгүүлэн үйлдвэрлэл явуулах, төсөл, ачааг хадгалж хураах, тээврийн хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүнд ачааг ачиж, буулгах технологийн картыг боловсруулж, мөрдүүлэх”, 8.5.19. Краныг ажиллаж байхад хориглох зүйлс: з) өргөж, шилжүүлж байх үед эргүүлэхдээ дэгээ эсвэл уртад нь тохирсон татуурга хэрэглэх, и) шилжүүлж байгаа ачааг гараар тэгшлэх, мөн түүнчлэн ачаа өргөсөн оосорлох хэрэгслийн байрлалыг засаж, өөрчлөх, к) барилгын цонх, тагтаар ачаа хүлээн авах тусгай тавцан, хэрэгсэл ашиглалгүйгээр ачааг оруулж гаргах гэж заасан аюулгүй ажиллагаатай холбоотой шаардлагыг хангуулаагүй, тусгай тавцан бэлдээгүй, оосорлогчийн мэргэжлийн сургалтад хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Ч.С-ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон,
2. Шүүгдэгч С.М нь “Лобре констракшн” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа спортын ордны ертөнцийн зүгээр зүүн хойд талд барьж буй барилгад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, 27.3.4. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах, 27.3.5. ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих гэж заасан үүргээ биелүүлээгүй,
Зам тээвэр барилга хот байгууллатын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалаар баталсан “Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.4.11. “Энэхүү дүрмийн 8.4.12 заалтаас бусад тохиолдолд краны дэгээнд ачааг оосорлох, өлгөх ажилд оосорлогчийг томилж ажиллуулна.”, 8.4.12. “Ачаа өргөх краны дэгээнд ачааг урьдчилан баглахгүйгээр гогцоо, рам ба шанага, сав, хөнөг, чингэлэг болон бусад савтай буюу хагас автоматаар ачааг өргөдөг хэрэгсэл бүхий үйлдвэрийн газруудад үндсэн мэргэжлийн ажилчдыг оосорлогчийн түргэвчилсэн курст суралцуулсаны дараа оосорлогчоор ажиллуулж болно. Эдгээр ажилчид нь энэ дүрмийн шаардлагыг мэргэжлийн оосорлогчдын нэгэн адил биелүүлнэ.”, 8.5.12 “Кран эзэмшигч буюу ашиглагч байгууллагын удирдлага ачааг зөв оосорлох аргачлалыг боловсруулах бөгөөд оосорлогчдыг сургасан байвал зохино.” гэж заасны дагуу оосорлогчийг томилоогүй, аюулгүй ажиллагааны дүрмийн аттестатчилах шалгалтанд ороогүй, эрхийн үнэмлэхгүй ажилтнуудаар краны ачаа оосорлогчийн ажил гүйцэтгүүлсэн буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Ч.С-ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 752 дугаартай захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 заалт болон мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгч О.З, С.М нарт холбогдох эрүүгийн 20100 2391 0068 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх ажиллагааг даруй буюу боломжит богино хугацаанд үргэлжлүүлэн явуулахаар тогтож шийдвэрлэснийг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч О.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн тал дээр маргахгүй. Манай компани 2014 онд байгуулагдаад, 2019 оны 6 дугаар сард барилга барих тусгай зөвшөөрөл авсан. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтээ дэмжиж байна.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Гэм буруу дээр маргахгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 2391 0068 дугаартай хэргээс:
1. Хэрэг учрал гарсан гэх Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Петровис Шатахуун түгээх станцын урд талд баригдаж буй барилгад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 06-09х, 10-15х, 16-17х/,
2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар өнгийн каск малгайг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тухай Мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 28х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Н-гийн хохирогчоор өгсөн:
“...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байхад 16 цагийн үед талийгаач Ч.С-тай ажилладаг гэх хүн утсаар яриад “Ч.С- барилга дээрээс уначихлаа” гэж хэлсэн. Би гэрээсээ гараад барилга дээр очиход цагдаа нар ирчихсэн, “дүүг маань нас барсан” гэж байсан.
Талийгаач дүү Ч.С-, мөн дүү Ч.М- нар барилгын компанид ажиллаж байсан, хэзээ ажилд орсоныг нь мэдэхгүй байна. Бид эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд талийгаач бол манай хамгийн бага дүү байсан юм. Талийгаач дүү эхнэр, хүүхэдгүй, ганцаараа Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд амьдардаг байсан. Дүүгийн маань ажил явдал дууссан ба компанийн зүгээс оршуулгын зардалд мөнгө төгрөг өгсөн.
...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь бидний хохиролд 49 мкв 2 өрөө байр авахаар болсон. Цайз захын хажууд баригдаж байгаа байр юм. Уг байрны дотор заслын ажил хийгдэж байгаа бөгөөд би өөрөө очиж үзсэн. Уг байранд ээж, дүү хоёрыг амьдруулахаар болсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 32-33х, 34х, 2-р хавтас 10х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.М-гийн гэрчээр өгсөн:
“...2020 оны 7 дугаар сарын дундуур “Лобре констракшн” ХХК-д арматурчинаар ажилд орсон. Манай компанийн захирлыг О.З гэдэг ба уг компани нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Буянт-Ухаа Тауэр оффисийн барилга барьж байгаа бөгөөд би өөрийн төрсөн дүү Ч.С-ын хамт ажилд орсон.
Өнөөдөр 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 09 цагийн үед дүүгийн хамт ажил дээрээ ирээд, 10 давхарт байх хэв хашмал буюу пумыг нийт ажилчдын хамт тус давхарын ирмэгүүдээр өрж тавьсан. Тэгээд 11 цагийн үеэс кранаар оосорлож доош буулгаж эхэлсэн ба тухайн үед би оосорлож буулгаж өгсөн. 12 цаг өнгөрч байхад цайндаа ороод 13 цаг өнгөрч байхад би доор үлдээд, буулгасан пумнуудыг Баяраагийн хамт автомашин дээр хураахаар болсон. Дүү Ч.С-, н.Мөнх-Эрдэнэ, н.Одхүү, н.Заяа, н.Баянбүрд нар 10 давхарт гарч ажлаа үргэлжлүүлэхээр болсон. 10 давхараас пум буулгаж ирэхээр нь Баяраа бид хоёр машин дээр очиж байсан. Тухайн үед дүү Ч.С- кранд оосорлож өгч байсан.
Тэгэхэд 16 цагийн үед Баяраа бид хоёр машин дээр гарчихсан, пумаа ачаад байж байхад машины хажууд пид гэх чимээ гарахаар нь харахад манай дүү Ч.С- газар уначихсан байсан. Би машинаас буугаад дүү дээрээ очоод, зүүн гарынх нь бээлийг тайлаад “хөөе” гээд дуудахад ямар нэгэн хариу өгөөгүй /тухайн үед би өөрийн өмсөж явсан хос бээлийг тайлаад дүүгийн хажууд тавьсан байсан/ мөн хажууд нь тулаас төмөр буюу сапуд байсан. Пум машин дээр ачиж байхад ямар ч сапуд байгаагүй. Тэгээд дүүгийн толгойноос цус гараад эхлэхээр нь 103-т дуудлага өгсөн. Удалгүй цагдаа, эмч нар ирж дүүг үзээд “нас барсан байна” гэж хэлсэн.
Манай компанийн албан ёсны хөдөлмөр, аюулгүй ажиллагааны зааварчилгааг н.Алтансарнай гэх эмэгтэй өгч байгаад 2020 оны 9 дүгээр сараас ажлаасаа гарсан ба тэрнээс хойш даамал С.М зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг. Ажилд ороход компанийн зүгээс хүн бүрд хамгаалалтын бүс, малгай, бусд зүйлийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан.
Өнөөдөр зааварчилгааг даамал С.М өгсөн. Би дүү Ч.С-, бусад ажилчдын хамт өглөө ажил эхлэхэд хамгаалалтын бүсгүй байсан. Мөн өнөөдөр бид нар пум хураах гэж байна гээд 10 давхарын олсыг тайлсан байсан. Тэгэхээр өндрийн бүс хэрэглэх зүйл байхгүй учраас тайлсан. Ч.С- анх ажилд орохдоо арматурчингаар орж байсан. Өнөөдөр дүү кранд оосорлогч хийж байсан. Даамал С.М намайг Баяраагийн хамт пумыг машин дээр ач гээд бусад ажилчдын хамт гарсан. Би дүүг унаж байхыг бол хараагүй.
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хамгаалах бүс дүү Ч.С-ын хэрэглэж байсан хамгаалах бүс биш байсан, учир нь дүү бид хоёр ажил эхлэхэд ямар нэгэн бүс байхгүй, бүсээ хувцас солих өрөөнд үлдээсэн байсан. Ажилчид энд тэнд бүсээ үлдээчихдэг, энэ хэний бүс болохыг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 35-36х, 37-38х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Батбаярын гэрчээр өгсөн:
“...Би 2020 оны 6 дугаар сараас эхлэн “Лобре констракшн” ХХК-д мужааны ахлахаар ажилд ороод Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис ШТС-ын урд байрлах уг компанийн гүйцэтгэн байрлуулж байгаа оффисын зориулалттай барилга дээр мужаанаар ажиллаж байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр барилгын ажил зогсох гээд бид нар хэв хашмалаа барилгаас буулгаж, би Далай гэх цуг ажилладаг залуутай доор машин дээр хэв хашмалыг хураагаад машин дээр байж байхад бид хоёрын хойд талд газар юм унах шиг болохоор нь цочоод эргээд харахад машин дээр цуг хэв хашмал хурааж байсан Далай “миний дүү” гээд орилоод үсэрч буугаад, газар унасан хүн рүү нэг тонгойж хараад “миний дүү” гээд орилоод, 103 руу дуудлага өгч байсан. Би араас нь машин дээрээс буугаад газар унасан хүн дээр очиход Далайгийн дүү Ч.С- гэх залуу байсан. Би ойртож очоод биед нь хүрэх гэхэд Далай уйлаад, нилээн сандарсан байдалтай “биед нь хүрч болохгүй, чи 103 руу дуудлага өгчих” гэхээр нь би өөрийнхөө 90595936 дугаарын утаснаас 16 цаг 17 минутын үед 103 руу залгаж, дуудлага өгсөн. Би газар унасан хүн рүү ойртож бол хараагүй. Би Ч.С-ын унасан газар очиход Ч.С-ын унасан газраас наад талд буюу хойд талд нь 2 алхамын зайд Сапуд төмөр буюу тулаас төмөр унасан байсан. Би тухайн үед айгаад сандарсан байсан болохоор тэр төмөрийг нь аваад, хүний хөлд тээгэлдэх байх гэж бодоод, тухайн Ч.С-ын унасан газраас баруун тийш 5 алхам орчим газар баригдаж байгаа барилгын зүүн талд буюу ёроолд аваачиж тавьсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд хамгаалалт аваад, араас нь эмч нар ирж үзэж байсан. Бид нарыг ойр хавьд нь байлгаагүй, холдож зогссон.
“Лобре консракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М гэх залуу барилгын ажлыг хариуцан ажиллуулж байсан. Барилга дээр ажиллаж байсан Хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр ажиллаж байсан н.Сарнай гэх эмэгтэй 2020 оны 8 дугаар сарын сүүлээр бие нь өвдөөд “эмнэлэгт хэвтэнэ” гэж яваад буцаж ажилдаа ороогүй. ...Тэрнээс хойш Хөдөлмөр аюулгүй байдлын инженер байхгүй байж байгаад гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа С.М гэх залуу өөрөө давхар ажиллаж байсан. ...бид нарт аман хэлбэрээр зааварчилга өгөөд яваад байсан.
...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр амаар болон бичгээр ямар нэгэн зааварчилга өгөөгүй. Ажил эрхлэх хүмүүсийн нэрс гээд гаргасан цаасыг өглөө 09:00 цагийн үед С.М захирал бид нарт ажилдаа гарахдаа гарын үсэг зураарай гээд өгсөн. Би гарын үсэг зурахад тэр цаасан дээр хүснэгт, дотор нь хүмүүсийн нэрс, он сараас өөр зүйл бичигдээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн1-р хавтас 45-46х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Одхүүгийн гэрчээр өгсөн:
“...Би 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагт ажил дээрээ ирээд, пум хурааж байсан. Тэгээд пум хурааж дуусаад дээшээ гарч, гаргалгаа боож байсан. Манай байгууллагын дэд захирал С.М үүрэг өгсөн юм. Тэгээд бид 11 давхарт ажиллаж байсан. Тэгэхэд 16 цагийн орчим цаасаа авах гэж байгаад доошоо тонгойж харахад хүн уначихсан, хүмүүс очсон байсан. Тэгэхээр нь намайг буугаад очиход Ч.С- гэх 24 настай залуу газар унасан, хажуу талд нь төрсөн ах Ч.М- нь уйлаад байж байсан. Тэгж байхад цагдаа нар ирсэн.
Ч.С- нь тухайн үед 10 давхарт пум оосорлох ажил хийж байсан. Хэн гэдэг хүн тухайн үүргийг өгсөн талаар би мэдэхгүй байна. Манай Хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан хэн гэдэг хүн байдаг талаар мэдэхгүй. Бид нар өглөө ажилд гарах бүрд манай дэд захирал С.М нь “хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын дэвтэртэй танилцаад гарын үсэг зур” гэдэг. Тэрнээс өөрөө хэлж ярьсан зүйл бол байхгүй. Өнөө өглөө бол Ч.С- бид хоёр гарын үсэг зураад гарсан. Би Ч.С-ыг доошоо унаж байхыг хараагүй. Намайг доошоо харахад хүн унасан, хүмүүс тойроод зогсож байхаар нь би буугаад очсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 50х/,
7. ШШҮХ-ийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2375 тоот актын:
ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОШ:
I. Өндрөөс уналт: Гавал, тархи, цээж, хэвлий, аарцаг, мөчдийн хавсарсан гэмтэл. Гавлын баруун зүүн, чамархай, дагз, суурь ясны хугарал. Тархины няцрал. Аалзан хальсны доорхи тархмал цус харвалт. Баруун хацар яс, хоншоор ясны цөмөрсөн, нүүрний хэлбэр алдагдсан хугарал. Хатуу тагнайн ар хэсгээрх хугарал. Доод эрүүний хоёрлосон олон сэлтэрхий үүсгэсэн хугарал. Өвчүү, баруун талын 4, 5-р хавирга, зүүн талын 6, 7-р хавирганы хугарал. Аарцаг ясны умдаг, 2 талын аарцаг, түнхний үелэмжийн салалт. Баруун атгаал чөмөгний доод хэсгийн зөрөөтэй далд хугарал. Баруун гарын шуу, богтос ясны хугарамтгай хэсгийн зөрөөтэй далд хугарал. Баруун шилбэний шаант, тахилзуур ясны дээд хэсгээрх хугарал. Баруун шагайн үений мултрал, дотор хавчаар ясны далд хугарал. Зүүн тавхайн ясны далд хугарал. Үнхэлцэг, зүрхний угийн цус хуралт. Үнхэлцэг, зүрхний хагарал, урагдал. Баруун уушгины няцрал, язрал. Зүүн уушгины уналт. Цээжний баруун хэсгийн хавирга завсрын булчингийн цус хуралт. Цээжний баруун хөндий дэх цусан хураа (850 мл). Гол судасны ар ханын язралт, гол судасны ар ханыг дагасан зөөлөн эдийн цус хуралт. Баруун бөөрний өөхлөг дэх цус хуралт. Ходоод, давсагны урагдал, хагарал. Нойр булчирхайн тасралт.
III. Зүүн бугалганы урд хэсэг дэх булчингийн тасрал. Нүүр, мөчдийн шарх, зулгаралт, цус хуралтууд.
ДҮГНЭЛТ.
1. Ч.С-ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгэээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, өндрөөс унах үед нэгэн зэрэг үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Задлан шинжилгээгээр Ч.С-ын цогцост архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.
4. Талийгаач нь 2020.11.10-ны 19.00 цагийн үед нас бараад 6 цаг орчим хугацаа өнгөрсөн байжээ.
5. Талийгаач Ч.С-ын цус, шээс, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй болно.
6. Талийгаач Ч.С- нь АВО системээр OaB (I) бүлгийн цустай байжээ.
6. Ч.С- нь дээрх амь насыг аврах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 56-64х/,
8. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ХАБ-03/21 дугаартай:
1-р асуулга. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9. /“ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг/, мөн хуулийн 3.1.20. /“үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг/ гэж томъёолсон байдаг.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Лобре констракшн ХХК-ийн барьж байгаа оффис, үйлчилгээний барилгын ажилд арматурчин ажилтнаар ажиллаж байсан Чулуунцэцэгийн Сүхбат нь ажлын байрандаа аижл үүрэг гүйцэтгэж байхдаа өндрөөс унаж осолдсон нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: 2.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: 2.1.1. /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ гэсэн заалтад хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоно.
2-р асуулга. “Лобре констракшн” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 /үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт/ мөн энэ хуулийн 17.3 /энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна/, 17.4. /Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан шалгалт авч байна./, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасныг тус тус зөрчиж, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт зохион байгуулаагүй, мөн сургалтад хамрагдаагүй, энэ талаар шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234-р тушаалаар баталсан “Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.4.14. /Кранчин түүний туслах, завсарчин, цахилгаанчин, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохиргоочин, оосорлогчийн үүрэгт ажилд мэргэжлийн сургалтад хамрагдсан хүмүүсийг томилон ажиллуулна./, 8.4.23. /Кранчин түүний туслах, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохируулагч, засварчин, цахилгаанчин, оосорлогчийг тухайн байгууллагын тушаалаар томилж ажиллуулна/, 8.5.13. /Краныг эзэмшигч, ашиглагч байгууллага дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд: а) кранаар барилга угсралтын ажил гүйцэтгүүлэн үйлдвэрлэл явуулах төсөл, ачааг хадгалж хураах, тээврийн хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүнд ачааг ачиж, буулгах технологийн картыг боловсруулж, мөрдүүлэх/; 8.5.19. Краныг ажиллаж байхад хориглох зүйлс: з) өргөж, шилжүүлж, буулгаж байгаа ачааг татаж, түлхэж чиглүүлэх. Урт ба овор ихтэй ачааг шилжүүлж байх үед эргүүлэхдээ дэгээ эсвэл уртад нь тохирсон татуурга хэрэглэх; и) шилжүүлж байгаа ачааг гараар тэгшлэх, мөн түүнчлэн ачаа өргөсөн оосорлох хэрэгслийн байрлалыг засаж, өөрчлөх; к) барилгын цонх, тагтаар ачаа хүлээн авах тусгай тавцан, хэрэгсэл ашиглалгүйгээр ачааг оруулж гаргах/ гэж заасан аюулгүй ажиллагаатай холбоотой шаардлагыг хангуулаагүй, тусгай тавцан бэлдээгүй, оосорлогчийн мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна.
3-р асуулга. “Лобре констракшн” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./ гэж заасны дагуу “Лобре констракшн” ХХК-ийн өдөр тутмын ажил үүргийг нь хуваарилдаг албан тушаалтан нь нэр бүхий ажилчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг 2020 оны 10-р сарын 12-ны өдрөөс эхлэн 2020 оны 11-р сарын 10-ны өдрийг хүртэл өгч байсан /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр/-т Ч.С- гэсэн нэрийн ард 2020 оны 11-р сарын 10-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан гэх гарын үсэг зурагдсан гэх хэрэгт авагдсан тэмдэглэл үйлдсэн байна.
...Хавтас хэрэгт авагдсан баримт “Лобре констракшн” ХХК-ийн /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр/ болон гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд ажилчид болон Ч.С- нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байсан гэж үзлээ.
4-р асуулга. Захиалагч иргэн И.Пионер нь Барилгын гүйцэтгэгч “Лобре констракшн” ХХК-тай байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20/06/08-1 дугаартай гэрээний Дөрөв. Гүйцэтгэгч талын эрх, үүрэг: 4.1. /Аюулгүй байдал болон эрүүл ахуйн тухайд/ гэх хэсэгт /гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэхдээ, гэрээт ажилд оролцох ажилчдын ХАБЭА-ыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны бусад дүрэм журмын дагуу хариуцан ажиллана. Гүйцэтгэгч тал нь барилгын талбай дээр ажиллаж буй ажилтнуудаа өдөр тутмын зааварчилгаагаар тогтмол хангаж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй/ гэж тодорхой зааж өгсөн бөгөөд гүйцэтгэгч тал болох “Лобре констракшн” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй.
...Хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд “Лобре констракшн” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан С.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/;
27.3.4. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах/;
27.3.5. /нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/; гэж заасан чиг үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.
5-р асуулга. Ч.С- нь Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалтанд ажилтнуудыг хамруулаагүй байна гэж үзлээ.
6-р асуулга. “Лобре констракшн” ХХК нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234-р тушаалаар баталсан “Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.4.11. /Энэхүү дүрмийн 8.4.12 заалтаас бусад тохиолдолд, краны дэгээнд ачааг оосорлох, өлгөх ажилд оосорлогчийг томилж ажиллуулна./, 8.4.12. /Ачаа өргөх краны дэгээнд ачааг урьдчилан баглахгүйгээр гогцоо, рам ба шанага, сав, хөнөг, чингэлэг болон бусад савтай буюу хагас автоматаар ачааг өргөдөг хэрэгсэл бүхий үйлдвэрийн газруудад үндсэн мэргэжлийн ажилчдыг оосорлогчийн түргэвчилсэн курст суралцуулсны дараа оосорлогчоор ажиллуулж болно. Эдгээр ажилчид нь энэ дүрмийн шаардлагыг мэргэжлийн оосорлогчдын нэгэн адил дагаж биелүүлнэ./, 8.5.12. /Кран эзэмшигч буюу ашиглагч байгууллагын удирдлага ачааг зөв оосорлох аргачлалыг боловсруулах бөгөөд оосорлогчдыг сургасан байвал зохино./ гэж заасны дагуу оосорлогчийг томилоогүй, аюулгүй ажиллагааны дүрмийн аттестатчилах шалгалтад ороогүй, эрхийн үнэмлэхгүй ажилтнуудаар краны ачаа оосорлогчийн ажил гүйцэтгүүлж /хавтаст хэрэгт холбогдох баримт материал авагдаагүй/ байсан байна.
7-р асуулга. “Лобре констракшн” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1 дэх заалт /ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан 2487 дугаартай “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 5.14в /Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. Барилгын талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажилд гарахыг хориглоно./ гэж заасан шаардлагын дагуу мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтнуудад /Ч.С- 2020 оны 7-р сарын 22-ны хувцас, каск, бээлий, бүс, гутал/ олгосон байна.
Харин тухайн осол болсон өдөр Ч.С- нь Хөдөлмөрийн аюулгүй бадйал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.5 /ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтаар хэрэглэх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн заалтыг зөрчиж, өндөрт захын хэсэг дээр өндрөөс унахаас хамгаалах бүсийг хэрэглээгүй /үйлдэл/ нь осолд өртөх шалтгаан болсон байна.
Мөн “Лобре констракшн” ХХК нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234-р тушаалаар баталсан Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь осол гарахад нөлөөлсөн эс үйлдэхүй болсон байна гэж үзлээ.
9-р асуулга. “Лобре констракшн” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 тоот “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай” тушаалын 1.б /Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна/-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг авч ажиллуулсан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт /ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 5.14 /Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. Барилгын талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажилд гарахыг хориглоно/. гэж заасан шаардлагын дагуу мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох гэсэн чиг үүргээ биелүүлсэн байна.
Б/ “Лобре констракшн” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан С.М нь Хөдөлмөрийн аюулүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн 7.3.3. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/;
27.3.4./хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах/ дүрмийн 8.4.1.4 /Кранчин түүний туслах, засварчин, цахилгаанчин, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохиргоочин, оосорлогчийн үүрэгт ажилд мэргэжлийн сургалтад хамрагдсан хүмүүсийг томилон ажиллуулна./, 8.4.23. /Кранчин түүний туслах, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохируулагч, засварчин, цахилгаанчин, оосорлогчийг тухайн байгууллагын тушаалаар томилж, ажиллуулна/, 8.5.13. /Краныг эзэмшигч, ашиглагч байгууллага дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд: а) кранаар барилга угсралтын ажил гүйцэтгүүлэн үйлдвэрлэл явуулах төсөл, ачааг хадгалж хураах, тээврийн хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүнд ачааг ачиж, буулгах, технологийн картыг боловсруулж, мөрдүүлэх/; 8.5.19. Краныг ажиллаж байхад хориглох зүйлс: з) өргөж, шилжүүлж, буулгаж байгаа ачааг татаж, түлхэж чиглүүлэх. Урт ба овор ихтэй ачааг шилжүүлж байх үед эргүүлэхдээ дэгээ эсвэл уртад нь тохирсон татуурга хэрэглэх; и) шилжүүлж байгаа ачааг гараар тэгшлэх, мөн түүнчлэн ачаа өргөсөн оосорлох хэрэгслийн байрлалыг засаж, өөрчлөх; к) барилгын цонх, тагтаар ачаа хүлээн авах тусгай тавцан, хэрэгсэл ашиглалгүйгээр ачааг оруулж гаргах/ гэж заасан аюулгүй ажиллагаатай холбоотой шаардлагыг хангуулаагүй, тусгай тавцан бэлдээгүй, оосорлогчийн мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь осол гарахад нөлөөлсөн /эс үйлдэхүй/ гэж үзлээ.
8-р асуулга. В/ Осолдогч Ч.С- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.5 /ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтаар хэрэглэх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн заалтыг зөрчиж, өндөрт захын хэсэг дээр өндрөөс унахаас хамгаалах бүсийг хэрэглээгүй /үйлдэл/ нь осолд өртөх шалтгаан болсон байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 81-88х/,
9. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн тухай акт” баримтууд /хэргийн 1-р хавтас 92-95х/,
10. “Лобре констракшн” ХХК-ийн “Угсралтын ажлын үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа”, ажилтны хяналтын болон мэдэгдэх хуудас баримтууд, /хэргийн 1-р хавтас 113-117х, 118-119х/,
11. “Лобре констракшн” ХХК-ийн ажиллагсдад ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон бүртгэл, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны өгсөн тухай Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтрийн хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас 122х, 132-140х, 155-158х/,
12. Хуулийн этгээдийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 6448186 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилга, хот байгуулалтын яамын БУ16-1056/19 дугаартай ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл баримтууд /хэргийн 1-рхавтас 146-147х/,
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс “Лобре констракшн” ХХК-ийн захирал О.Зтай гэрээ байгуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар одоог хүртэл ажиллаж байгаа юм. Тухайн үед манай захирал байхгүй байсан бөгөөд захиралтай утсаар “оосорлогч хийх хүн байхгүй байна, би Ч.С-тай хамт оосорлогч хийж байх уу” гэхэд “тэг тэг” гэсэн. Тэгээд би Ч.С-ын хамт оосорлогч хийж байгаад түр гаргалгаа ороож байгаа хүмүүсийг шалгаад байж байхад ийм осол болсон байсан. Осолдогч нь оосорлогч мэргэжилгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 04-05х/ болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 214х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 220х/, гэрч Д.Жалцрайсүрэн /хэргийн 2-р хавтас 16х/, гэрч Д.Сундуйжав /хэргийн 18х/ нарын мэдүүлэг,
14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Згийн яллагдагчаар өгсөн:
“...Би “Лобре констракшн” ХХК-ийн захирлаар 2020 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд манай компани нь барилгын материал худалдан борлуулах, карказ угсралтын ажлыг 16 давхар хүртэл барих зөвшөөрөлтэй бөгөөд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа спортын ордны зүүн талд оффисын зориулалттай 13 давхар барилгын ажил гүйцэтгэхээр 2020 оны 6 сарын 08-ны өдөр иргэн И.Пионер гэх хүнтэй карказ угсралтын гэрээ байгуулаад, 2020 оны 6 сарын 10-ны өдөр барилгын ажил эхэлсэн. Тухайн барилга нь 2 давхар хүртэл баригдсан байсан. 2020 оны 6 сарын 11-ний өдөр хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын ажилтнаар С.Мөнх-Эрдэнийг ажиллуулахаар тушаал гаргаж, ажилд авч гэрээ байгуулсан юм. 2020 оны 11 сарын 10-ны өдөр манай компанийн арматурчин ажилтай Ч.С- нь баригдаж байгаа барилгын 10 давхараас унаж нас барсаныг мэдсэн. Би осол болдог өдөр бол барилга дээр байгаагүй. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Ажилчдыг ажилд гаргаж, ямар ажил хийлгэх талаар би амаар зөвлөгөө хийдэг. Би бол өөрөө хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын сургалтанд хамрагдсан зүйл байхгүй. Тухайн үед мөнгө санхүүгийн боломж байхгүй, ажил зогсож байсан болохоор оосорлогч мэргэжилтэй хүн ажиллуулж чадаагүй нь миний буруу. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 243-244х/ болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 222х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 229х/, гэрч М.Бадамын мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 12х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.М, О.З нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1. “Лобре констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.З нь иргэн И.Пионертэй 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Барилгын ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ”-ий дагуу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа спортын ордны ертөнцийн зүгээр зүүн хойд талд баригдаж буй Оффис, үйлчилгээний барилгын каркас угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 “үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт” мөн энэ хуулийн 17.3 “энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна”, 17.4 “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан шалгалт авч байна.”,
мөн хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт зохион байгуулаагүй, мөн сургалтанд хамрагдаагүй, энэ талаар шалгалт өгөөгүй ажилтнаар үүрэг гүйцэтгүүлсэн,
Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалаар баталсан “Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн
- 8.4.14. “Кранчин түүний туслах, засварчин, цахилгаанчин, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохиргоочин, оосорлогчийн үүрэгт ажилд мэргэжлийн сургалтад хамрагдсан хүмүүсийг томилон ажиллуулна.”,
- 8.4.23. “Кранчин түүний туслах, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохируулагч, засварчин, цахилгаанчин, оосорлогчийг тухайн байгууллагын тушаалаар томилж, ажиллуулна.”,
- 8.5.13. “Краныг эзэмшигч, ашиглагч байгууллага дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд: а) кранаар барилга угсралтын ажил гүйцэтгүүлэн үйлдвэрлэл явуулах, төсөл, ачааг хадгалж хураах, тээврийн хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүнд ачааг ачиж, буулгах технологийн картыг боловсруулж, мөрдүүлэх”,
- 8.5.19. Краныг ажиллаж байхад хориглох зүйлс: з) өргөж, шилжүүлж байх үед эргүүлэхдээ дэгээ эсвэл уртад нь тохирсон татуурга хэрэглэх, и) шилжүүлж байгаа ачааг гараар тэгшлэх, мөн түүнчлэн ачаа өргөсөн оосорлох хэрэгслийн байрлалыг засаж, өөрчлөх, к) барилгын цонх, тагтаар ачаа хүлээн авах тусгай тавцан, хэрэгсэл ашиглалгүйгээр ачааг оруулж гаргах талаар хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,
2. Шүүгдэгч С.М нь “Лобре констракшн” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах”, 27.3.4. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах”, 27.3.5. “ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих” гэж заасан үүргээ биелүүлээгүй,
Зам тээвэр барилга хот байгууллатын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалаар баталсан “Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн
- 8.4.11. “Энэхүү дүрмийн 8.4.12 заалтаас бусад тохиолдолд краны дэгээнд ачааг оосорлох, өлгөх ажилд оосорлогчийг томилж ажиллуулна.”,
- 8.4.12. “Ачаа өргөх краны дэгээнд ачааг урьдчилан баглахгүйгээр гогцоо, рам ба шанага, сав, хөнөг, чингэлэг болон бусад савтай буюу хагас автоматаар ачааг өргөдөг хэрэгсэл бүхий үйлдвэрийн газруудад үндсэн мэргэжлийн ажилчдыг оосорлогчийн түргэвчилсэн курст суралцуулсаны дараа оосорлогчоор ажиллуулж болно. Эдгээр ажилчид нь энэ дүрмийн шаардлагыг мэргэжлийн оосорлогчдын нэгэн адил биелүүлнэ.”,
- 8.5.12 “Кран эзэмшигч буюу ашиглагч байгууллагын удирдлага ачааг зөв оосорлох аргачлалыг боловсруулах бөгөөд оосорлогчдыг сургасан байвал зохино.” гэж заасныг тус тус хэрэгжүүлэн ажиллаагүй зөрчсөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр барилгын талбайд бетон арматурчин ажилтай Ч.С- нь оосорлогч дохиочингийн ажлыг гүйцэтгэж, улмаар барилга дээрээс унаж, биедээ “...Гавал, тархи, цээж, хэвлий, аарцаг, мөчдийн хавсарсан гэмтэл. Гавлын баруун зүүн, чамархай, дагз, суурь ясны хугарал. Тархины няцрал. Аалзан хальсны доорхи тархмал цус харвалт. Баруун хацар яс, хоншоор ясны цөмөрсөн, нүүрний хэлбэр алдагдсан хугарал. Хатуу тагнайн ар хэсгээрх хугарал. Доод эрүүний хоёрлосон олон сэлтэрхий үүсгэсэн хугарал. Өвчүү, баруун талын 4, 5-р хавирга, зүүн талын 6, 7-р хавирганы хугарал. Аарцаг ясны умдаг, 2 талын аарцаг, түнхний үелэмжийн салалт. Баруун атгаал чөмөгний доод хэсгийн зөрөөтэй далд хугарал. Баруун гарын шуу, богтос ясны хугарамтгай хэсгийн зөрөөтэй далд хугарал. Баруун шилбэний шаант, тахилзуур ясны дээд хэсгээрх хугарал. Баруун шагайн үений мултрал, дотор хавчаар ясны далд хугарал. Зүүн тавхайн ясны далд хугарал. Үнхэлцэг, зүрхний угийн цус хуралт. Үнхэлцэг, зүрхний хагарал, урагдал. Баруун уушгины няцрал, язрал. Зүүн уушгины уналт. Цээжний баруун хэсгийн хавирга завсрын булчингийн цус хуралт. Цээжний баруун хөндий дэх цусан хураа (850 мл). Гол судасны ар ханын язралт, гол судасны ар ханыг дагасан зөөлөн эдийн цус хуралт. Баруун бөөрний өөхлөг дэх цус хуралт. Ходоод, давсагны урагдал, хагарал. Нойр булчирхайн тасралт.” бүхий хүнд гэмтэл авсан, уг хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Түүнчлэн тухайн осол хэрэг гарахад амь хохирогч буюу осолдогч Ч.С- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.5 /ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтаар хэрэглэх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн заалтыг зөрчиж, өндөрт захын хэсэг дээр өндрөөс унахаас хамгаалах бүсийг хэрэглээгүй /үйлдэл/ нь осолд өртөх шалтгаан болсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хэргийн нөхцөлд “Лобре констракшн” гүйцэтгэх захирал, шүүгдэгч О.З, мөн компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан С.М нар нь үйлдвэрлэлийн ажлын байранд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах үүргээ зөрчиж, хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн хөдөлмөрлөх нөхцөл, аюулгүй ажиллагааг ханган ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүй, ажлын байранд гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, аюулгүй ажиллагааны дүрэм, журам мөрдүүлээгүй, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх талаархи Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, МNS4969:2000 Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэмд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тус тус гэм буруутай байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл “Лобре констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.З, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан С.М нар нь хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өөрийн хариуцан ажиллаж буй үйлдвэрлэлийн ажлын /барилгын талбайд/ талбайд гарч болзошгүй аюул, эрсдэлийг урьдчилан тооцож, энэ талаар аюулгүй ажиллагааны журам сахин хангуулах арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй нь тухайн үйлдвэрлэлийн байранд ажилтаны амь нас хохирсон осол хэрэг гарсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч О.З, С.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал болон бусад зардалд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч нар нь нөхөн төлсөн болох нь хууль ёсны төлөөлөгч Ч.Н-гаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “...Дүүгийн маань ажил явдал дууссан ба компанийн зүгээс оршуулгын зардалд мөнгө төгрөг өгсөн. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь бидний хохиролд 49 мкв 2 өрөө байр авахаар болсон. Цайз захын хажууд баригдаж байгаа байр юм. Уг байрны дотор заслын ажил хийгдэж байгаа бөгөөд би өөрөө очиж үзсэн. Уг байранд ээж, дүү хоёрыг амьдруулахаар болсон.” /хэргийн 1-р хавтас 32-33х, 34х, 2-р хавтас 10х/ гэсэн мэдүүлэг баримтаар тогтоогдсон тул эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих өөр баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч О.З, С.Мөнх-Эрдээ нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт хэргийн 1-р хавтас 220, 229 дугаар талд авагдсан ба энэ нь тэднийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.
Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч О.З, С.М нар нь анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн баримттай болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр С.Мөнх-Эрдэнийг 01 /нэг/ жилийн хугацаагаар, О.Зг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад тус тус зааснаар О.З, С.М нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд С.Мд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар, О.Зд “Лобре констракшн” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулах эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хасаж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн каск малгай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, шүүгдэгч О.З, С.М нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ш овогт О-ийн З-, Г овогт С-ын М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр С.М-ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар, О.Зг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад тус тус зааснаар О.З, С.М нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд С.Мд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар, О.Зд “Лобре констракшн” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулах эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хасаж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар О.З, С.М нар нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг тэдгээрт анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн каск малгай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт О.З, С.М нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.З, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД