Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/229

 

 

 

 

 

 

 

  

   2021            04           08                                      2021/ШЦТ/229                                

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Т.Мижиддорж, хохирогч Р.О, шүүгдэгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Ж-ийн С-д холбогдох эрүүгийн 21100 0158 0131 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт амьдрах, Хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан баривчлах ялыг хорих ялд багтаан биечлэн эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар тогтоосныг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт Ж-ийн С- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.С нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хххх тоотод оршин суух иргэн Р.О-ийн гар утасны дугаарыг “Халуухан дагина” гэх фейсбүүк хаягт “Санхүү авна, дуудлагаар үйлчилнэ, 35 настай царайлаг бүсгүй, утас 91хххх66” гэх утгатайгаар байршуулж хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.     

                                             

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Би “Халуухан дагина” гэх нэрээр фейсбүүк группт пост тавьсандаа харамсаж байна.

Би хохирогчийг манай нөхөртэй хамт байгаа гэж бодоод, “энэ хүнтэй таарамжгүй байдалд ороосой” гэж бодож пост тавьсан. Манай нөхөр гэр бүлээс гадна харилцаа тогтоодог, хохирогчтой дотно харилцаатай гэдгийг манай аав хамт явж байгааг нь хараад надад хэлснээр би мэдсэн. Би гэм буруугаа ойлгож байгаа. Одоо нөхрөөсөө салсан, тусдаа амьдарч байгаа. “Наранцэцэг Бямбажав” гэдэг нь манай ээжийн фейсбүүк хаяг байгаа юм.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Р.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Шүүгдэгч Ж.С-д гүтгүүлж энэ асуудал үүссэн. Би энэ хүнийг яллах гэж биш дахин нэг гэр бүл хэрүүл зодоонгүй, үр хүүхэд өнчрүүлэхгүй байгаасаа гэж хүсэж өгч байна.

Би энэ эмэгтэйн нөхрийг танихгүй, миний хүүхэд шиг насны хүүхдүүд. 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “чи фейсбүүкийн од болмоор байна уу” гэж над руу мессеж бичихдээ хүний амнаас гарамгүй үгээр хэлж доромжилсон. Фейсбүүк хаягийг нь блоклосон байсан боловч би аргагүйн эрхэнд блокноос гаргаад нөхөрт нь “танай эхнэр гэх хүн намайг ингэж гүтгээд байна” гэхэд нөхөр нь “та шүүхэд өг, ямар ядаргаатай юм” гэж хэлсэн.

Би нөхрөөс нь “эхнэрийнхээ нэр хаяг, регистрийн дугаарыг өгөөч” гэж гуйж байж авч цагдаад гомдол гаргасан. Ж.С надаас “нөхрөө авъя, банзал хүүхэн минь” гэсэн. Би хань ижилтэй хүн, юу гэж тийм муухай зүйлийг хийх юм бэ. Үнэхээр их гомдолтой байна. Нэр төрөө сэргээхийн тулд Иргэний шүүхэд хандана. Би үр хүүхдээсээ ичиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 21100 0158 0131 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.О-ийн хохирогчоор өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын эхээр байх Гурвалжин гүүр даваад байдаг “Агар” нэртэй фитнес дээр бэлтгэлээ хийж байхад “Уянга Уянга” гэх нэртэй фейсбүүк хаягаас над руу “чи манай нөхөртэй явалдаад байна, би 3 хүүхэдтэй, одоо нэг нь гэдсэнд байна. Чи муу янхан банзал” гэж чат бичиж доромжилсон.

Би тухайн эмэгтэйн нөхөртэй фейсбүүк дээр найзууд байсан, гэхдээ уг залууг танихгүй, харж байгаагүй хүн байсан. Тэгээд “чи намайг ямар хүнтэй хардаад байгаа юм бэ” гэхэд надад нөхрийнхөө нэрийг “Т Т” гэж хэлсэн. Надад “чи ямар ч холбоогүй юм бол блок хийгээч” гэхээр нь блоклосон. Тэгээд байж байхад 2020 оны 10 дугаар сарын эхээр “Зоё Зоё” гэх хаягаас над руу дахин чат бичиж “нөхрөө авъя” гэж намайг есөн шидээр доромжилсон.

Би “Т Т” гэх залууд “танай эхнэр намайг чамтай хардаад, элдэв янзаар доромжлоод байна, манай хүүхэд болон ах руу чат бичиж, намайг янхан банзал, хүүхэдтэй хүнтэй явалдсан гэж чат бичсэн байна” гэхэд “манай эхнэр байнга тэгээд байдаг юмаа, миний фейсбүүк хаяг дахь бүх эмэгтэй хүмүүс рүү чат бичээд байдаг юм” гэж хэлсэн. Дараа нь дахиж хэлэхэд “ямар ядаргаатай юм бэ, та цагдаад өгөөгүй юм уу” гэж хэлсэн.

2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр над руу дахин чат бичиж “фейсбүүк од болгоно” гэж хэлээд 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Нууцлалтай садар групп” гэсэн нэртэй группт “Санхүү авна, мөн дуудлагаар үйлчилнэ, 35-тай царайлаг бүсгүй” гээд миний утасны 91хххх66 гэсэн дугаарыг бичээд пост оруулсан байсан.

Тэгээд миний гар утас руу маш их хүмүүс залгаж “байр нь бэлэн юм уу, ямар үнэтэй юм бэ, дуудлагаар үйлчилдэг гэлүү” гээд залгасан. Шөнийн 02 цагаас үүрийн 05 цаг болтол хүмүүс залгасан. Өглөө 07 цагт мөн нэг хүн залгаж “постын дагуу залгаж байна” гэхээр нь миний утсыг фейсбүүкт тавьсан гэдгийг мэдсэн.

Би хуулийн дагуу хэргийг шийдвэрлүүлмээр байна, ямар ч шалтгаангүйгээр намайг ингэж гүтгэж, нэр хүндэд минь халдаж, цахим орчинд худал мэдээлэл тараасанд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ү.Алтаншагайн гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө эхнэр Р.Оийн хамт гэртээ унтаж байхад манай эхнэрийн гар утас шөнө 2 удаа дуугарсан. Тэгээд манай эхнэр “юу яриад байгаа юм бэ” гээд утсаа тасалсан. Хэсэг хугацааны дараа дахин утас дуугарахад манай эхнэр надад гар утсаа өгсөн ба би утсыг нь авч ярихад нэг эрэгтэй хүн “ямар үнэтэй юм бэ” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ, хэнтэй яриад байгаа юм бэ” гээд тасалсан.

Тэгтэл манай эхнэрийн утасны дугаарыг фейсбүүк дээр “Санхүү авна” гэсэн утгатай пост дээр тавьчихсан байсан. Ямар учиртайг нь эхнэрээсээ асуухад “нэг охин намайг хүүхэд шиг маань хүнтэй хардаад байна, хардсандаа ийм групп дээр дугаарыг маань тавьчихсан байна” гэхээр нь “наадах чинь дэндэж байна, устгуул” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Т-ын гэрчээр өгсөн:

“...Би Р.О гэх хүнийг танихгүй ээ, зүгээр л фейсбүүкийн найзууд байгаа юм. Би зурган дээр нь 2 удаа лайк дарчихсан чинь манай эхнэр намайг тухайн эмэгтэйтэй хардаж эхэлсэн. Би тухайн үед эхнэртээ “би энэ эмэгтэйг танихгүй, чи яагаад намайг хардаад байгаа юм бэ” гэхэд манай эхнэр ер ойлгохгүй байсан.

Би эхнэрээсээ 2020 оны 6 дугаар сард салсан ба хүү дээрээ ирэн очин байдаг. Р.О гэх хүн надад фейсбүүкээр “энэ танай эхнэр мөн үү, намайг ингээд доромжилж гүтгээд байна” гэж байсан. Би “та цагдаагийн байгууллагад хандаж шийдүүл” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х/,

 

4. “Наранцэцэг Бямбажав” гэх фейсбүүк хаягаас хохирогч Р.От ирсэн гэх мессежийг хуулбарлан буулгасан баримтууд /хэргийн 40-53х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.С-ийн яллагдагчаар өгсөн:

“...Би тухайн эмэгтэйг нөхөр М.Т-атай хардсаны улмаас гар утасных нь дугаарыг “Санхүү авна, 35-тай царайлаг бүсгүй” гээд “Нууцлалтай садар групп” гэх нэртэй групп дээр байршуулсан юм. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 64х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 68х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 80х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 71-75хх/, шүүгдэгч Ж.Сэс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 90х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ж.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 90х/ 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг шүүгдэгчид танилцуулан Ж.Сд холбогдох эрүүгийн 21100 0158 0131 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.С-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.С нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хххх тоотод оршин суух иргэн Р.Оийг өөрийн нөхөр М.Т-атай хардаж, улмаар түүний гар утасны дугаарыг фейсбүүкийн “Халуухан дагина” гэх нууцлалтай садар групп хаягт “Санхүү авна, дуудлагаар үйлчилнэ, 35 настай царайлаг бүсгүй, утас 91хххх66” гэх утгатайгаар байршуулж иргэний нэр төрийг гутаасан агуулга бүхий бодит үнэнд нийцээгүй, илт ташаа мэдээллийг цахим хаягт байршуулж тараасан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох”-оор хуульчлан зохицуулсан.

 

“Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт байхаар хуульчлагдсан. 

 

Монгол улсын Үндсэн хуулийн Арван долоодугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Монгол улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн сахиж, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд иргэн нь Монгол улсын Үндсэн хуулийн дагуу өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй хэдий ч мөн хуулийн Арван долоодугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй байна.

 

Хүний нэр төр нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бол алдар хүнд нь тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч, түншлэгчээс өгч буй үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж байдаг.

 

Шүүгдэгч Ж.С-ийн  олон нийтийн цахим сүлжээг /фэйсбүүк/ ашиглан хохирогчийн хамаатан садан, ажлын хамт олон гэх зэргээр түүний фэйсбүүкийн найзуудад харагдахаар ““Санхүү авна, дуудлагаар үйлчилнэ, 35 настай царайлаг бүсгүй, утас 91хххх66” гэсэн илт худал мэдээллийг өөрөө зохиож “Халуухан дагина” гэх нууцлалтай садар группийн фейсбүүк хаягт байршуулж тараасан нь хохирогч Р.Оийн нэр төрийг гутаасан агуулгатай байх тул шүүгдэгчийг хохирогчийн нэр төрд халдсан худал мэдээлэл тараасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ж.С-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.  

 

Иймд шүүгдэгч Ж.С-ийн хохирогч Р.Оийн хүний нэр төрд халдаж, олон нийтийн сүлжээ /FACEBOOK/ ашиглан олон нийтэд илт худал мэдээлэл тараасан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Ж.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Ж.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төрд халдсан илт худал мэдээлэл тараасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Р.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...гомдолтой” хэмээн мэдүүлж /хэргийн 10-11х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Ж.С нь урьд ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 68х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 71-75х/ тус тус хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэх боломжгүй юм.

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Ж.Сд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Энэ хэрэгт Ж.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

                                                             ТОГТООХ нь:

 

1. Ш овогт Ж-ийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Сд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Ж.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Р.О нь гэмт хэргийн хохирол хор уршигт баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, “гомдолтой” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ж.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД