Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/230

 

 

 

 

 

 

 

  

   2021            04           08                                      2021/ШЦТ/230                                

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Т.Мижиддорж /томилолтоор/, хохирогч М.М, шүүгдэгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А овогт Ц-ийн Э-т холбогдох эрүүгийн 21100 0461 0223 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1959 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 61 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 2, нөхөрийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, А овогт Ц-ийн Э- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Э нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19-35 тоотод иргэн М.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг маажиж, биед нь “...нүүр, зүүн бугалгад зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                             

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би хүүгийнхээ хүүхдийг “сохор бол” гэж хэлээгүй, энэ хүн хүүхдээ өдөржингөө утсаар тоглуулаад байхаар нь “хараа нь муудна” гэж хэлдэг байсан. Миний хувьд ачийгаа 8 жил харсан. Телевиз үзэж, утсаар тоглоод, шөнө хүүхдээ 12 гэж унтуулдаг болохоор нь “хараа нь муудлаа” гэж хэлдэг байсан. Би хүүгээ тэгж хэлэх хүн биш.

Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг би учруулсан. Өнгөрсөн 12 дугаар сард манай бэр найзуудтайгаа нийлж хүүд маань “ээжийгээ зайлуул, аль эсвэл би өөрөө зайллаа” гэж хэлсэн байсан. Манай хүү цалингаа аваад баяр болж байна гээд надад нэг шил архи авч өгөхөөр нь би уугаад согтуудаа ийм асуудал гаргасан байсан. Гэхдээ хүүхдийн “нүд нь муудлаа” гэж хэлсэн болохоос биш “сохорно” гэж хэлээгүй. Хүүхэд телевиз үзэж, утас ухаад байхаар нь хэлэхэд миний хамар руу цохисон. Цус их гарсан.

Тухайн үед надад утас байхгүй болохоор би хэлээгүй, хамар руу цохиход нь би эргүүлээд цохих гэж байгаад урт ургасан байсан хумсаараа нүдний доогуур нь маажсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Урьд гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна. Би өндөр насны тэтгэврээс өөр орлогогүй. Гэхдээ учруулсан хохирлыг боломжоороо баримтын дагуу төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би Турк Улс руу 2 жилийн хугацаагаар явсан нь үнэн. Манай хадам ээж архи уудаг хүн байсан. “Баяр болох гэж байна” гээд 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш тасралтгүй 4 хоног архи уусан. Би 02 дугаар сарын 09-нд гэртээ зурагт авсан ба тэгэхэд “чи ямар баян юм, ямар баяр болоод зурагт авсан юм” гээд байсан. Би хадмынхаа хамарт огт хүрээгүй, манай нөхөр мэдэж байгаа. Зурагт түс тас хийгээд явахаар нь очиход архи ууж байсан. Би хүүтэйгээ гал тогооны өрөөний хаалгыг түгжээд суухад мөн л түс тас хийх чимээ гарч, зурагтын дуу гарах шиг болоод, “зурагтын чимээ гарсан уу” гэж хүүгээсээ асууж гарсан. Тэгэхэд энэ хүн миний хүүг “чи муу ээжтэйгээ сохор болоод хөтлөлцөж явахыг нь харна“ гээд байсан. Манай хүүхэд “эмээ ямар муухай юм бэ” гэж хэлсэн.

Би аргаа бараад хадам аавд “хадам ээжийг цагдаад өглөө” гэж хэлээд цагдаа дуудсан. Хадам эгчид нүүр рүү маажсан талаар бас хэлсэн. Манай нөхөр буйдангийн өмнө сэрүүн хэвтэж байсан. Манай хүү “аавыг цагдаад битгий өгөөрэй, эмээ л таныг гэмтээсэн” гэж хэлсэн болохоор энэ хүнийг цагдаад өгсөн.

Нөхрийг “архи битгий уу” гэж зөндөө хэлсэн. Манай нөхөр, ээж хоёр 4 хоног тасралтгүй уусан. Би нөхрийг засрах байх гэж гэж зөндөө бодсон, одоо надад хэлэх үг алга. Би нүүрнийхээ сорвийг арилгуулмаар байна. Миний нүүрэн дээр 3 см хиртэй хумсаараа урсан. Эмнэлгээр явж үзүүлсэн боловч “хумсны сорви 100 хувь арилахгүй” гэж хэлсэн. Лазер эмчилгээний нэг удаагийн оролт нь 35.000-40.000 төгрөгийн хооронд байдаг юм байна лээ. Доод тал нь 10 түүнээс дээш удаа эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай гэсэн. Одоогоор бодитой хийлгэсэн эмчилгээ байхгүй байна. Би 35.000 төгрөгөөр тооцож хохиролд 5.0 сая төгрөг нэхэмжлэх тооцоо гарч байна. Эмч нар хараад “чиний энэ сорви шинэ сорви болохоор амар арилахгүй, хугацаа хэрэгтэй” гэж хэлсэн. Хадам ээжийн хувьд архи уугаагүй эрүүлдээ бол их сайхан эмээ, согтуудаа бол шал өөр хүн болдог. Би сард нийгмийн даатгал төлөөд 600.000 төгрөгийн цалин гар дээрээ авдаг. Манай хүү 8 настай, би одоо хадам ээж, нөхрөөсөө тусдаа байр түрээслэн амьдарч байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 21100 0461 0223 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.М-ын хохирогчоор өгсөн:

“...Манай хадам ээж Ц.Э нь нөхөр Д.П-гийн хамт гэртээ буюу хххх тоотод 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 4 хоног архи уусан. Хүү бид хоёрыг унтуулаагүй ба агсан согтуу тавьсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай хүүхдийг “чи сохор болоод ээжтэйгээ жаргаж амьдрахыг чинь харна” гэж хараасан, урьд өмнө нь манай хүүг “архичин болоорой, гуйлгачин болоорой” гэж их хараадаг байсан.

Тэгэхээр нь би хадам ээжид “та одоо болиоч” гэхэд “чи муу, миний гэрээс зайл” гээд миний нүүрийг маажсан. Тэгээд хоёр гарыг маань чимхээд ар нуруу луу ваартай цэцэг авч шидсэн. Тэгэхээр нь би хүүхдээ аваад гал тогоо руу зугтаагаад орсон ба манай нөхөр Д.П- тэр үед хараад хэвтэж байсан байж ээждээ үг хэлээгүй. Би нөхөртөө “танай ээж намайг ийм болтол зодож байхад ядаж босоод үг хэлж болдоггүй юм уу” гэхэд “яав л гэж, наадах чинь эдгэнэ” гэхээр нь би цагдаа дуудсан. Би гоо сайхнаараа хохироод байна, манай хүүхэд хүн чанга дуугарахаар салганадаг болчихсон байна лээ. ...Миний хохирлыг барагдуулаагүй ба утсаар манай нөхөр ярихдаа “ганц хумсны сорвинд үхлээ юу” гэж байна лээ. Би эмчилгээний зардалд нийт 5.0 сая төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х, 16-17х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.П-гийн гэрчээр өгсөн:

“...Манай эхнэр М.М нь Турк Улс руу яваад 2 жил гаран ор сураггүй алга болчихсон. Тэр хойгуур нь манай ээж хүүг маань харж өсгөсөн. Тэгээд гэнэт нэг өдөр эхнэрийн эгч над руу залгаад “Багануураас ирж эхнэрээ ав” гэхээр нь очиж авсан. Манай эхнэр ер нь манай ээжтэй болон надтай таарамж муутай байдаг, янз янзаар л амьдрах гэж үзлээ, бүтдэггүй юм. Тэгээд ээж, эхнэр хоёрын хооронд жижиг саажиг асуудлаар хуучны хэрүүл маргаан байдаг. 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би цалингаа аваад, ээждээ баяр болж байгаа юм чинь гээд ойр зуурын юм болон нэг шил архи аваад өгчихсөн юм. Тэгэхэд ээж нөгөө архиа ганцаараа уугаад, эхнэр тэр хоёр хоорондоо хэрэлдсэн байсан. Би тухайн үед унтаж байсан болохоор сайн анзаараагүй. Сэрээд харахад манай эхнэрийн нүүр урагдчихсан, харин ээжийн хамар хөндүүртэй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1558 дугаартай:

1. М.М-ын биед нүүр, зүүн бугалгад зулгаралт, цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 35-36х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Э-ийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад хүү маань ажлаасаа ирсэн, ирэхдээ цалин буусан гээд нэг шил архи бариад ирсэн. Тэгээд би өнөөхийг нь ганцаараа уугаад согтоод бэр охин М.Мд гомдсон гомдлоо хэлэхэд М.М надтай хэрэлдэж байгаад миний хамар луу цохисон. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад би М.Мын нүүрийг маажаад хаячихсан юм. Би “нүдгүй сохор бол” гэж хараагаагүй, согтуудаа “хүүхдээ 22 цаг болтол зурагт үзүүлээд унтуулахгүй, сохор болгох гэж байгаа юм уу” гэж уурласан. Миний хүүхдээ бодож хэлсэн сэтгэлийг минь ингэж мушгиж муухайгаар намайг хэлсэнд гомдож байна, манай хүүтэй хамтран амьдарч чаддаггүй юм байгаа биз, намайг ингэж болохгүй байх. Би бүхэл бүтэн 2 жил хүүхдийг нь харж хандаж байхад ингэж хандаж байгаад гомдож байна. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 49х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 60х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 65х/, шүүгдэгч Ц.Эээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 71х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 71х/ 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг шүүгдэгчид танилцуулан Ц.Эт холбогдох эрүүгийн 21100 0461 0223 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Эийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Э нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19-35 тоотод иргэн М.Мтай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрийг маажиж, биед нь “...нүүр, зүүн бугалгад зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч М.Мын: “...Манай хадам ээж Ц.Э нь нөхөр Д.П-гийн хамт гэртээ буюу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 19-35 тоотод 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 4 хоног архи уусан. Хүү бид хоёрыг унтуулаагүй ба агсан согтуу тавьсан.

Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай хүүхдийг “чи сохор болоод ээжтэйгээ жаргаж амьдрахыг чинь харна” гэж хараасан, урьд өмнө нь манай хүүг “архичин болоорой, гуйлгачин болоорой” гэж их хараадаг байсан. Тэгэхээр нь би хадам ээжид “та одоо болиоч” гэхэд “чи муу, миний гэрээс зайл” гээд миний нүүрийг маажсан. Тэгээд хоёр гарыг маань чимхээд ар нуруу луу ваартай цэцэг авч шидсэн. ...Би гоо сайхнаараа хохироод байна. ...Миний хохирлыг барагдуулаагүй ба утсаар манай нөхөр ярихдаа “ганц хумсны сорвинд үхлээ юу” гэж байна лээ. Би эмчилгээний зардалд нийт 5.0 сая төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х, 16-17х/,

- гэрч Д.П-гийн: “...2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би цалингаа аваад, ээждээ баяр болж байгаа юм чинь гээд ойр зуурын юм болон нэг шил архи аваад өгчихсөн юм. Тэгэхэд ээж нөгөө архиа ганцаараа уугаад, эхнэр тэр хоёр хоорондоо хэрэлдсэн байсан. Би тухайн үед унтаж байсан болохоор сайн анзаараагүй. Сэрээд харахад манай эхнэрийн нүүр урагдчихсан, харин ээжийн хамар хөндүүртэй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1558 дугаартай:

1. М.Мын биед нүүр, зүүн бугалгад зулгаралт, цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 35-36х/ болон шүүгдэгч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 49х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч М.Мын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан “...нүүр, зүүн бугалгад зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.Э түүний нүүрийг маажиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Ц.Эийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоогдсон байна.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Тухайн хэргийн нөхцөлд хохирогч М.Мын биед учирсан “...нүүр, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн хохиролд, харин учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

Хэргийн хохирогч М.М нь нүүрээ маажуулснаас үүссэн сорви зулгаралтыг эмчлүүлэхэд лазер эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай бөгөөд нэг удаагийн оролт нь хэмжээнээс хамаарч 30.000-50.000 төгрөг, 10-15 удаа давтан эмчилгээ хийлгэж байж уг сорви зулгаралт эдгэрэх боломжтой гэж гоо сайхны эмч, эмнэлгийн байгууллагаас зөвлөсөн тул цаашид хийгдэх эмчилгээний зардалд тооцож 5.0 сая төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах Сувд арьс гоо заслын эмнэлэгтэй онлайн харилцсан мэдээлэл болон “Derma Esthtic эмнэлгийн зөвлөгөөний хуудас, фото зургийн үзүүлэлт баримтыг /хэргийн 53-58х/ хэрэгт хавсаргуулахаар өгсөн бөгөөд дээрх зөвлөгөөний дагуу хохирогч нь эмчилгээ үйлчилгээг бодитоор хийлгээгүй байна.

 

Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй тухайн нөхцөлд хохирогч М.Маас бодитой хийлгэсэн эмчилгээний зардлын талаар баримт хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй, уг нэхэмжилж буй 5.0 сая төгрөг нь цаашид хийгдэх эмчилгээний зардал гэх тул шүүх эмчилгээ үйлчилгээний зардал нэхэмжилсэн хохирогчийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хэлэлцэхгүй орхиж, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.М шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардал төлбөртэй холбоотой нэхэмжлэлд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 65х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон өндөр настай, тэтгэвэрт байдаг түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.   

 

Энэ хэрэгт Ц.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

                                                         ТОГТООХ нь:

 

1. А овогт Ц-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн хор уршигт тооцон цаашид хийгдэх эмчилгээний зардалд 5.0 сая төгрөг гаргуулахыг хүссэн хохирогч М.Мын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг нэхэмжлэлд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

5. Энэ хэрэгт Ц.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД