Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

 

 

      

 2021        05            06                                      2021/ШЦТ/132

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                   

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Пгийн Бд холбогдох эрүүгийн 2138000000153 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Бийг  хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай

учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бийн өгсөн: “...Би тэр өдөр ноолуур өгөх гэж ирсэн юм. Оройтоод ноолуур авах хүн олдохгүй байсан юм. У гэх залууд ноолуур авч байгаа хүн зааж өгөөч гэхэд голын эргийн тэнд хүнд өгсөн. Тэгээд таксины жолоод архи зарна гэхээр нь 3 шил архи авсан. З гэх ахынд очиж архиа уугаад дараа нь юу болсныг санадаггүй. Би өглөө нь гараад явсан. Надад дараа нь юу болсон талаар Хөдөө гарсны дараа Байгаль эгч залгаад хүн зодсон юм уу цагдаад дуудагдсан байна гэхээр нь яараад аймаг руу орж ирсэн.... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”  гэх мэдүүлэг болон эрүүгийн 2138000000153 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 23-01 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Мийн толгой хэсэгт цохиж, газарт унагааж хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, дух, баруун зүүн дээд, доод зовхи, зүүн, баруун хацар, хамрын нуруу, цээж, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун нүдний алимын салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 

Хохирогч М.Мийн  өгсөн:  “ ...Тухайн өдөр ОЗ манай үлдээсэн байсан хивс, телевиз, аккумлкятор 3-ыг манай аваад ирээч гэхээр .... хүргэж өгсөн. Гэрт нь ОЗ эхнэртэйгээ гэртээ байсан.  ... гаднаас хоёр дээлтэй хүн орж ирсэн ирээд цай уугаад сууж байгаад нэг нь өврөөсөө гурван шил архи гаргаж ирж ширээн дээр тавьж уухаар болсон тэгээд бид нар хоорондоо танилцаад, нөгөө авчирсан архинаас нь хуваалцаж ууцгаасан эхний шилтэй архи дуусаад хоёр дахь шилтэй архийг задлаад удаагүй байхад Б гэж танилцсан залуу ахаа хоёюулаа гэрээс гаръя гэхээр нь би яах гэж байгаа юм бол шээх гэж байгаа юм болов уу? гэж бодоод дагаад гарсан чинь гараад байшингийн үүд хэсэгт намайг шууд нүүр лүү нэг удаа цохих шиг болсон тэгээд би ухаан алдсан байсан ухаан алдсан байхад жаал зодсон байсан.  Би өглөө нь ОЗгийн гэрт сэрэхэд бүх бие нил өвчин өндийж чадахгүй байсан мөн хоёр нүд хавдаж тагларсан байсан би ОЗгийн эхнэрээс хэн намайг ийм болтол зодчихвоо гэсэн чинь Б чамайг дагуулж гараад зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Гэрч Ц.Мгийн өгсөн: “...Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг Халуун ус гэх нэртэй газар хаваржиж байгаа юм. .. Мөрөнд орж ирээд ноолуураа тушаагаад Хөх толгойд байрлах гэртээ очсон... Хивс зардаг Мээс худалдаж авсан хивсийг Мэ гэрт авчирч өгсөн. Мэд цай чанаж өгч байхад гаднаас нөхрийн хамтаар Б, У гурав орж ирсэн. Эд нар ирэхдээ л архитай ирсэн. Архи гаргаж ирээд ууцгаасан. Мэ ч гэсэн архинаас цуг уугаад сууж байхад тэд нар хоорондоо ярилцаад л сууж байсан. Б, Мийг гаръя ах нь гээд дагуулаад гэрээс гарсан. Би гарахад шээхээр л гарч байгаа юм байна гэж бодож байтал гаднаас Мэ орж ирэхдээ хамар амнаас нь цус гоожчихсон орж ирсэн. Мийн хамрын цусыг нь цэвэрлэж өгөөд цагдаад мэдэгдсэн. .... Тэр үеэр Б гараад зугтаачихсан...Манай гэрт Мэ, У нар унтаад өглөө болж байхад гаднаас Б хальт гэрт орж ирээд гарсан. Тэгээд өглөөний 08 цагийн үед цагдаагаас залгаад өчигдрийн асуудал юу болсон бэ? Одоо манай алба хаагч очих гэж байгааг хэлсэн. Удаагүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Тэр үед Мийн эхнэр ч ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/

Гэрч Д.Аы өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед ОЗ гэж айлд хивс машины аккумлятор хоёр аваачиж өгөхөөр өөрийнхөө машинтай явсан юм. ... Тэгээд санаа зовоод байн байн залгаад байхад утас нь холбогдохгүй байсан тэгсэн шөнө 03 цаг өнгөрч байхад танихгүй дугаараас манай нөхөр залгаад би хүнд зодуулчихлаа гэж ярихаар нь хаана вэ? би очиж авах уу гэсэн чинь би Озаягийнд байна хаягийг нь мэдэхгүй байна гэхээр нь хажууд чинь хүн байхгүй байгаа юм уу? хүн байвал яриул гэсэн чинь ОЗгийн эхнэр бололтой хүүхэн утас авахаар нь юу болсон талаар асуусан чинь архи ууж байгаад хоёр залуу орж ирээд нэг нь нүдчихлээ гэж байсан.  ... 08 цагийн үед ОЗгийн эхнэрийн утас руу залгаад миний нөхөртэй яриулаад өгөөч гэсэн чинь яриулсан нөхөр утсаар чи хүрээд ирээч, миний хоёр нүд юм харахгүй байна, толгойгоо даахгүй байна гэхээр нь өглөө үүр цайсан байсан учраас гэрийнх ойролцоо дэлгүүрийг асууж байгаад таксигаар ОЗгийнд очиж нөхрөө авсан. Нөхрөөсөө  хэн зодсон талаар асуухад хамт архи жжу байсан нэг залуу  гэрээс гаргаж  ирээд

 зодсон гэж  байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

Гэрч Ч.ОЗгийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөө гэрээсээ эхнэрийн хамтаар мотоциклтой ноолуураа тушаахаар аймгийн төв рүү орж ирсэн. ... Мээс хивс худалдаж авсан юм. Мийг гэрт хивс хүргэж өгөөрэй гэж хэлээд гэр лүүгээ явсан. ..Хүүгээ аваад гэртээ харчихсан байхад Мэ хивс авчирч өгсөн. Мэд эхнэр цай чанаад сууж байхад гаднаас Б, У хоёр ирж ирсэн. Тэр хоёр өврөөсөө хараа нэртэй архи гаргаж ирээд бид дөрөв уусан. ...Эхнэртэйгээ олон хүний дэргэд хэрэлдээд яахав гэж бодоод гэрээсээ гарч яваад ахындаа очиж унтсан. Намайг гэрээсээ гарахад Б, У, Мэ, эхнэр нар гэрт үлдсэн. Намайг байхад бол гэрт ямар нэгэн хэрүүл, зодоон цохион бол болоогүй. Тэгээд ахындаа унтаж байгаад маргааш өдрийн үдээс хойш босоод эхнэртэй ярихад хөдөө гэр лүүгээ явчихсан байсан. Эхнэрийн араас хүний унаанд суугаад гэртээ харьсан. Эхнэр надад хэлэхдээ Б, Мийг ах гараад ирээч гэж гэрээс дуудаж гаргаад зодчихсон гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр цагдаад дуудлага өгсөн гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

Гэрч Х.Тын өгсөн: “...2021 оны 04 сарын 09-ний орой 20 цаг өнгөрч байхад Бийн хамт ОЗ гэж айлд очсон очсон чинь гэрт нь Мэ, ОЗ түүний эхнэр тэгээд нэг жижиг хүүхэд байсан.  Б бид хоёр 3 шил архи авсан байсан тэр архиа тэднийд хувааж ууцгаасан би тухайн үед архи ууж байгаад толгой өвдөөд байхаар нь тэдний таампарт хэсэг унтаж байгаад босч ирээд баз Мягаагийн руу явж очиж унтсан. Өглөө нь 08 цаг өнгөрч байхад ОЗгийнд очиход зодоон цохион болсон байдалтай байцгааж байсан. Мэ гээд ахын эхнэр хүүхэд хоёр нь ирцэн байсан... Хүнд зодуулсан гээд нүүр ам нь хавдсан байдалтай байсан. ОЗгийн эхнэр Б зодсон гэж ярьцгааж байсан. Тухайн үед Б байхгүй байсан ОЗ ч байхгүй байсан эхнэртэйгээ маргалдаад явсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаартай: “М.Мийн биед хамар ясны хугарал, зүүн ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, дух, баруун зүүн дээд доод зовхи, зүүн баруун хацар, хамрын нуруу, цээж, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. М.Мийн биед үүссэн хамар ясны хугарал, зүүн ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтлүүд нь тус тусдаа бусад хэсгийн цус хуралт зулгаралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 39 тал/,

Гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Б-ийн гэрчээр өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хөдөө гэрээсээ эхнэрийн хамтаар мотоциклтой ноолуураа тушаахаар аймгийн төв рүү орж ирсэн. ... Утай уулзаад ноолуур авч байгаа хүн дээр очиж ноолуураа тушаасан. Ноолуур худалдаж авсан хүн дүү нар архи худалдаж авбал байгаа шүү гэж хэлэхээр нь 3 шил 0.75 литрийн хэмжээтэй хараа нэртэй архи авсан. Тэгээд шууд ОЗ ахынд очихоор явсан. ОЗ ахын очиход ОЗ ах эхнэр хүүхэдтэйгээ, Мэ гээд ах байсан. Тэгээд авч очсон архи бид нар ууж эхэлсэн. Тэгээд архи ууж байхад гадаа гарснаа ч санахгүй, хүнтэй маргалдаж, хүн зодсоноо ч сайн мэдэхгүй байгаа юм. Маргааш өглөө нь босоод тэнгэр муудсан байхаар нь хөдөө гэр лүүгээ гарахаар явсан. Хөдөө гэртээ хариад байж байхад төрсөн Б утсаар залгаад ярихдаа: Хүнд гар хүрч хүн зодсон байна. Даруйхан буцаж орж ирж нөгөө хүнтэйгээ уулз гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь хэнтэй маргалдаж зодох болсныг бодож санахад гэрээс гараад хашааны дотор Мэ ахтай маргалдаад, түүнийг гараараа цохиод байснаа санаж байгаа юм. Би архи хэтрүүлэн хэрэглэж хүн цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгоод байна...” гэх мэдүүлэг/ хх-ийн 32 тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би урд өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ болсон явдлыг бүгдийг нь ярьсан, одоо нэмж ярих зүйл байхгүй...Би хүлээн зөвшөөрч байна миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд

хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Мийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.Бийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч П.Б-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч  М.Мийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч П.Бийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 23-01 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Мийн толгой хэсэгт цохиж, газарт унагааж хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, дух, баруун зүүн дээд, доод зовхи, зүүн, баруун хацар, хамрын нуруу, цээж, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун нүдний алимын салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.Мэ нь эмчилгээний зардалд  2000000 төгрөгийг нэхэмжилсэн ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг хохирогч М.Мэ ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч П.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулан, эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх-ийн 67 тал/, гэм хорын хохирлыг арилгасан байна. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч  П.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч П.Бийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 51, 65 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, эхнэр Батбаярын Лхагважаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч  П.Б нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багт оршин суудаг,  малчин,  өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч П.Бийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Б нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Пгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Бийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн

хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч П.Б нь төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН